2012
Амар амгалангийн ундарга
долдугаар 2012


Бид Христийн тухай ярьж байна

Амар амгалангийн ундарга

Би тохиолдсон уй гашууг эс хайхран Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэл найдвараар хүч чадал олж, гутарч цөхрөөгүй юм.

Ууган хүү минь ослоор нас барсан тэр өдөр зүрх шимширч, уй гашууд автаж билээ. Гэвч Аврагчийн цагаатгагч хүч элэг эмтрэм уй гашууг даван туулахад туслах болно гэдгийг би мэдэж байсан ба үүнд найдвар тавьж байсан юм. Нөхөр бид хоёрт адислал өгөөч гэж гэрийн багш нараасаа гуйлаа. Ингэснээр бидэнд хүч чадал өгөгдөх болно гэдгийг би мэдэж байсан. Биднийг сэтгэлийн зовлонтой үед ганцааранг нь орхихгүй гэдгийг Аврагч амласан билээ (Иохан 14:18-ыг үз). Энэ амлалт биелэгдэнэ, Аврагч амласандаа заавал хүрнэ гэдэгт би бат итгэлтэй байсан юм.

Аврагч бол “уй гашуугийн хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн” (Исаиа 53:3) хэмээн Исаиа заасан. Хэрэв бидэнд хэн нэгэн тусалсан бол Аврагч л тусалсан хэрэг. Хэрэв Тэр биднээс уй гашууг тэр дор нь зайлуулчих юм бол өсөлт хөгжилт, ухаан сууж туршлагажих явдал байхгүй гэдгийг би бас мэдэж байлаа.

Зүрх шимшрэм уй гашуу тохиолдсон ч би Аврагчаас ундаргатай амар амгаланг үргэлж мэдэрдэг (1 Нифай 20:18-ыг үз). Онцгой хүнд хэцүү хором, өдөр, тэр ч байтугай долоо хоногуудад Түүний амар амгалан миний уйтгар гунигийг арилгадаг. Ийм амар амгаланг би зөвхөн хэрэгтэй үед л гуйдаг. Мөнх бус амьдралын бартаат аяныг бид ганцаараа даван туулахыг Тэнгэрлэг Эцэг хүсдэггүй.

Хүүгийн минь алтан амийг авч одсон ослын тухай бодох бүрт Хуучин Гэрээний дараах шастир санаанд минь орж ирдэг:

“Бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.

Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй” (Даниел 3:17–18; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Энд хамгийн чухал хэсэг нь “Хэдийгээр тэгэхгүй байсан ч” гэсэн үгс юм. Бид юу ч тохиолдлоо гэсэн итгэлтэй хэвээр байх ёстой. Тэнгэрлэг Эцэг миний хүүг аюултай замаас зайлуулж чадах байсан ч тэгсэнгүй. Энэ нь бидний сэтгэлийг ариусгаж, бид тэнгэр дэх гэртээ Түүнд очиход бэлтгэгдэх болно, ингэснээр бүх юм сайн сайхан болно гэдгийг Тэр мэдэж байжээ. Гэвч энэ нь бид ерөөсөө гашуудаж, уйлахгүй байх хэрэгтэй гэсэн үг биш. Уй гашуу бидний хайрын илрэл хэдий ч, зүрх сэтгэлийг шархлуулах ёсгүй.

Хөшигний хоёр талд байгаа хүмүүст бидний өгч чадах хамгийн сайн бэлэг бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэл найдвараар улам хүчирхэгжиж, алхам бүрд нулимс мэлмэрч байлаа ч үргэлж урагш ахих явдал юм. Учир нь “булшинд ялалт гэж үгүй, мөн үхлийн гашуун нь Христээр залгигдсан юм” (Moзая 16:8) хэмээн бидэнд амласан билээ. Нэгэн цагт “Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина” (Исаиа 25:8).

© Getty Images-ийн гэрэл зураг