2012
Үргэлж төвд нь
долдугаар 2012


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Үргэлж төвд нь

Зураг
Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф

Дэлхийн олон хуанлид долдугаар сар нь жилийн дунд үеийг тэмдэглэдэг. Юмсын эхлэл болон төгсгөлийг баяр ёслол болгон тэмдэглэхэд дунд үе нь ажиглагдалгүй үлдэх нь олонтоо тохиолддог.

Аливаа юмны эхлэл нь шийдвэр гаргаж, төлөвлөгөө боловсруулах хийгээд эрч хүч оргилсон үе байдаг. Төгсгөл нь үйл ажиллагаа суларч нэг бол дууссан эсвэл амжилтгүй болсон үе байдаг. Гэвч бид юмсыг зохих ёсоор үнэлж, өөрсдийгөө төвд нь тавьж харснаар амьдралыг илүү сайн ойлгох төдийгүй илүү утга учиртай амьдарч чадна.

Номлолын ажлын төвд

Би залуу номлогчдод номлолын ажлын гол цөм нь тэд өөрсдөө гэдгийг үргэлж хэлдэг. Тэд номлолд ирээд ганцхан хонож байгаа эсвэл маргааш нь номлолоосоо чөлөөлөгдөөд харих байсан ч ялгаагүй өөрсдийгөө ямагт номлолын ажлын төвд байгаа гэж бодохыг би тэднээс хүсдэг байлаа.

Шинэ номлогчид туршлагагүйгээсээ болоод үр өгөөжтэй зааж чадахгүй гэж боддог байж магадгүй. Энэ шалтгаанаас болж тэд үгээ итгэл дүүрэн зоригтойгоор хэлэхээ хойшлуулдаг. Номлолоо дуусгаж байгаа туршлагатай номлогчид номлолынхоо дараа хийх зүйлээ төлөвлөх талаар дутмаг байж мэднэ.

Тэд ямар ч нөхцөлд, хаана ч үйлчиллээ гэсэн үнэн гэдэг бол Их Эзэний номлогчдын өдөр бүр хийдэг тоо томшгүй олон сайн зүйлсийн үр жимс байдаг. Тэднийг үргэлж номлолын ажлын төвд байгаагаар харах нь Их Эзэний эдгээр итгэлтэй төлөөлөгчдөд урам зориг, эрч хүч хайрладаг. Зөвхөн бүрэн цагийн номлогчдод төдийгүй бид бүгдэд ч мөн ийм байдаг.

Бид үргэлж төвд нь байдаг

Мөнхийн хэтийн төлөвт гардаг өөрчлөлт нь өнгөцхөн төдий зүйл биш. Бид үргэлж орон зайн төвд байдаг нь маргашгүй үнэн юм. Хэрэв бид байгаа газраа газрын зураг дээрээс харвал дөнгөж эхэнд байна шүү дээ хэмээн бодож магадгүй. Гэвч бид илүү ойртож харвал том газар нутгийн төвд нь байж ч болно.

Газар нутгийн хувьд ийм байдаг бол цаг хугацааны хувьд бас л ийм байдаг. Бид өөрсдийгөө амьдралынхаа эхэнд эсвэл төгсгөлд байна хэмээн бодож болно. Гэвч мөнх амьдралын хувьд бид хаана байгаагаа тунгаан бодох юм бол Есүс Христийн төгс золиослол хийгээд Цагаатгалын ачаар бидний сүнс цаг хугацаа болон хэмжилт хийх бидний чадвараас үл хамааран үүрд мөнх орших болно. Бид үнэхээр амьдралын аяныхаа төвд нь байгаагаа олж мэдэх болно.

Эцэг эхийнхээ шарилын хөшөөг засъя гэсэн бодол саяхан надад төрлөө. Шарилын газар он цагийн уртад гандаж гундсан байв. Тэдний үлгэр жишээч амьдралыг дурсаад би шинэ хөшөө босгох хэрэгтэй юм байна гэж бодсон. Амьдралын тодорхой хугацааны бэлгэдэл---хөшөөн дээрх төрсөн болон нас барсан он сар өдрийн хоорондох зураасыг хартал үй олон дурсамж миний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэлээ. Зүрх сэтгэлийн эдгээр эрхэм нандин дурсамжууд эцэг эхийн минь болон миний амьдралын дунд үе дээр тогтож байлаа.

Нас болон амьдарч байгаа газраас үл хамааран бидний амьдралд болж өнгөрдөг зүйлсийн хувьд бид үргэлж төвд нь байдаг. Юу ч боллоо гэсэн бид үйл явдлын төвд үүрд байх болно.

Үйл явдлын төвд байх найдвар

Тийм ээ, амьдралд эхлэл, төгсгөл заавал байдаг ч эдгээр нь мөнх амьдрал дахь дунд үеийн зөвхөн эхлэл, төгсгөлийг л харуулдаг. Бид эхлэлд эсвэл төгсгөлд байна уу, хөгшин эсвэл залуу байна уу хамаагүй Их Эзэнд үйлчлэх чадварыг маань хязгаарладаг бодол санааг хойш тавьж, амьдралаа төвхнүүлэх боломжийг Түүнд олговол Их Эзэн Өөрийн зорилгыг хэрэгжүүлэх зэмсэг болгон биднийг ашиглаж чадна.

Дууллыг зохиогч “Энэ бол ЭЗЭНий зохиосон өдөр юм. Үүнд хөгжилдөн баярлацгаая” (Дуулал 118:24) хэмээн өгүүлжээ. Aмюлек бидэнд “Энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун, энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм” (Aлма 34:32; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн сануулсан. Нэгэн яруу найрагч “Үүрд мөнх нь үй олон одоогийн зүйлсээс бүрдэнэ” хэмээн бичжээ.1

Үргэлж төвд байх гэдэг нь ажил үйлс хэзээ ч дуусахгүй, итгэл найдвар хэзээ ч алга болдоггүй, ялагдал хэзээ ч эцсийнх байдаггүй гэсэн үг юм. Бид ямар нөхцөлд, хаана байгаа нь хамаагүй мөнхийн эхлэл болон төгсгөл бидний өмнө ээлжлэх болно.

Харин бид үргэлж төвд нь байдаг.

Эшлэл

  1. Эмили Дискенсон, “Forever—is composed of Nows,” The Complete Poems of Emily Dickinson, эмхтгэсэн Toмас Х.Жонсон (1960), 624.

Энэ захиасыг заах нь

Ямар нэг зүйлийг эхэлж, дуусгаж байдаг ч тэд “үргэлж төвд нь” байдгийг очиж заадаг гэр бүлтэйгээ ярилцахаар төлөвлө. Өнгөрсөн үеэсээ салж, дараагийн үйл ажиллагаа буюу төслийг хүлээхгүйгээр одоогийнхоо ажил үйлсийг бүх хүчээ дайчлан хийхэд гэр бүлийн гишүүдийг дэмж. Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд ямар нэг зүйлийг гэр бүлээрээ санаачлан хэрэгжүүлэхээр сонгож, зорилгоо биелүүлж дүгнэх өдрийг товлохыг та уг гэр бүлд зөвлөж болно.

Зургийг: Шатрсток компани © Shutterstock

Их Эзэний ургац, Марилий Б.Кампбелл; чимэглэлийг Браян Бийч