2012
Бидний өвийн хүч нөлөө
долдугаар 2012


Бидний өвийн хүч нөлөө

Бригам Янгийн Их Сургууль дээр 1980 оны 8-р сарын 3-нд болсон галын дэргэдэх ярилцлага дээр хэлсэн үгнээс. Англи хэлээрх бүрэн эхийг http://speeches.byu.edu-оос үзнэ үү.

Зураг
Ахлагч Л.Том Перри

Анхдагчдын итгэл аль ч үед хэрэгтэй байсан шигээ өнөөдөр ч хэрэгтэй байна.

Би анхдагчдын түүхүүдийг сонсоод үргэлж сэтгэл догдолдог билээ. Намайг бага байхад эмээ маань зэргэлдээ хаалганд амьдардаг байв. Эмээ найман настай байхдаа хээр талын ихэнхийг явганаар туулсан гэдэг. Эмээгийнхээ дэргэд олон цаг сууж, яриаг нь сонсох үед тэрээр анхдагчдын гайхалтай түүхүүдээр намайг гайхан бишрүүлдэг байж билээ.

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) бол миний шүтэн биширдэг онцгой баатруудын нэг юм. Аливаа асуудалд өгсөн түүний хариулт голыг нь олсон, оновчтой бөгөөд үргэлж хүмүүст ашиг тусаа өгдөг байлаа. Гэгээнтнүүдийг өрнөд рүү удирдах үеийн түүний өөдрөг сэтгэл, урам зоригийг би гайхан биширдэг.

Европоос шинэ хөрвөгчид Ютад шилжиж ирэх зардал хүч хүршгүй болсон үед гэгээнтнүүд гар тэргээр ачаагаа түрж, уудам хээр талыг туулж болох юм гэсэн санаа Ерөнхийлөгч Янгд төрсөн ажээ. Хүмүүс агуу зориг хатуужил, амьдрах чадвартайгаа харуулан, алс хол газрыг явган туулж, Солт Лейк хотод ирэх нь зөвхөн зардал хэмнэх төдийгүй, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх давуу талтайг Ерөнхийлөгч Янг олж харсан байлаа. Тэрбээр ийн хэлжээ:

“Тэргээ түрж цуваагаар явах нь үхэр тэргээр явснаас хурдан байх болно гэдэгт бид итгэлтэй байна. Саах хэдэн сайн үнээ, хүнсэнд хэрэглэх махны хэдэн үхэр авч явах хэрэгтэй. Гарз хохирол, эрсдэл ихтэй энэ аянд саад бэрхшээл, гай зовлон, өвчин эмгэг зайлшгүй тохиолдоно. Бид ах эгч нараасаа олныг нь хүнд хүчир аяны үед алдаж мэдэх ч гэгээнтнүүд энэ бүхнийг амжилттай даван туулах болно.

Бид дээрх зөвлөгөөг газар дээр нь хэрхэн хэрэгжүүлж болохыг магадлахын тулд итгэлтэй бөгөөд туршлагатай хүмүүст зохих заавар өгч, тэднийг илгээхээр төлөвлөж байна. Иймд ирэх жил аян замд гарахаар зэхэж буй гэгээнтнүүд хээр талыг ачаагаа түрж явганаар туулах болно гэдгийг ойлгог. Өөр ямар ч арга байхгүй тохиолдолд тэдэнд [Цагаачлалын Тасралтгүй] сангаас тусламж үзүүлэх болно.”1

1856–1860 онд хэдэн мянган Гэгээнтэн тэрэгтэй ачаа хөсгөө гараараа түрж, 1,300 бээр (2,090 км) газрыг амжилттай туулжээ. Зөвхөн хоёрхон баг—Вилли болон Мартины багууд өвөл эрт орсон цасанд боогдож, аянаа амжилттай дуусгаж чадаагүй юм. Ерөнхийлөгч Янг тэднийг аврахад онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр 1856 оны аравдугаар сарын ерөнхий чуулганыг гай зовлон тохиолдсон эдгээр Гэгээнтнүүдэд туслахад бүхэлд нь зориулсан юм. Зовж зүдэрсэн гэгээнтнүүдэд туслахын тулд сар байтугай долоо хоног ч хүлээлгүй үтэр түргэн хөдлөхийг тэрээр ах нарт зааварлажээ. Цасанд боогдож, амь нас нь хутганы ирэн дээр байгаа Гэгээнтнүүдэд туслахын тулд дараагийн өдөр буюу даваа гарагт дөрвөлсөн морин тэрэг нэлээд хэдийг аян замд гарахад бэлэн болгохыг тэрээр хүссэн юм. Тэгээд юу болсныг харъя.

Туслах эхний баг ердөө маргааш нь буюу даваа гарагт аян замд гарчээ. Tусламжийн эхний баг хүрч ирэхэд Виллигийн багийнхан хэчнээн их баярлан, сэтгэл догдолсныг дүрслэхийн аргагүй юм. Багийн ахмад Вилли цөөхөн хүнтэй бүлгээ орхин, тусламжийн цувааг угтахаар нэг хүнтэй хамт явсан ажээ.

Түүхийн баримтад өгүүлсэн нь: Ахмад Виллиг явснаас хойш гурав дахь өдрийн орой алс тэртээх толгодын цаагуур нар үзэсгэлэнтэйеэ жаргах үеэр манай буудлаас чанх баруунтаа нэг жижигхэн гүвээн дээр дөрвөн моринд хөллөсөн, бүтээлэгтэй ачаатай нэлээд хэдэн морин тэрэг биднийг чиглэн ирж явлаа. Энэ мэдээ өвсөнд ассан түймэр лүгээ адил тэр дорхноо буудал даяар тархаж, орноосоо босч чадах бүхэн тэднийг харахаар олноороо гадаа гарчээ. Тэд хэдэн минутын дараа цувааг нэлээд ойртсон үед итгэлт ахмад нь цувааны түрүүнд ирж явааг харжээ. Баярлан хашгирах чимээ буудлыг тэр чигт нь доргиож, нүүрэндээ үрчлээтэй, наранд борлосон хүдэр чийрэг эрс нулимс урсган уйлж, бяцхан хүүхдүүд юу болоод байгааг сайн ойлгохгүй, зарим нь баярласандаа дэвхцэн бүжиглэж байлаа. Ах нарыг буудалд хүрч ирэхэд баяр хөөрөөр дүүрч эгч нар тэднийг тэврэн дахин дахин үнсэж байлаа. Ах нар ярьж ч чадахгүй, хэсэг хугацаанд чимээгүйхэн мэгшин уйлав. … Гэвч удалгүй сэтгэл хөдлөл арай намдаж, хүмүүс гар барин мэндэлж, ийнхүү ховорхон тохиох Бурханы адислал гэнэт тэдэн дээр юүлэгдсэнд баяр талархлын үгс урсган, даруухнаар залбирч эхэллээ!”2

Бат бөх гэр бүлүүдийг төлөвшүүлэх нь

Нэгдсэн Улсын өрнөд хэсэгт болон дэлхийн бусад хэсэгт улс нийгэмдээ их хувь нэмэр оруулсан, одоо оруулж байгаа бат бөх гэр бүлүүдийг бий болгон төлөвшүүлсэн уламжлал нь эдгээр хүчирхэг анхдагчдаас эхлэлтэй юм.

Хэдэн жилийн өмнө би Солт Лейкийн бүсэд дөрвөн дэлгүүр нээсэн жижиглэнгийн худалдааны компаний ивээн тэтгэсэн зоогонд уригдсан. Жижиглэнгийн худалдааны туршлагатай хүний хувьд би шинэ зах зээлд нэг зэрэг дөрвөн дэлгүүрийг яасан зоригтой нээж байгаа юм бэ хэмээн нэг ширээнд сууж байсан компаний ерөнхийлөгчөөс асуув. Түүний хариулт яг миний бодож байсан шиг байлаа. Түүний компани Нэгдсэн Улсын бүх том хотуудын бүсэд хүн амын судалгаа хийсэн гэж тэр хэллээ. Тэр компани залуу гэр бүлүүдэд үйлчлэх их дэлгүүр нээхэд хамгийн их боломжтой газрыг эдгээр бүсүүдээс тогтоох зорилго тавьсан гэнэ. Эхэн үеийн анхдагчдын зорьж ирсэн нутаг Солт Лейкийн бүс улс орон даяар хийсэн судалгаанд тэргүүн байр эзэлсэн ажээ.

Тус компаний хийсэн судалгаа Солт Лейкийн бүс дэх ажиллах хүч хэр үнэнч шударга, хөдөлмөрч болохыг бас тогтоосон гэнэ. Анхдагчдын өв энэ бүс нутагт гурав дахь, дөрөв дэх үеийнхэнд нь уламжлагдан ирснийг харж байгаа биз дээ.

Гэвч саяхан ирсэн статистикийн мэдээг үзээд би балмагдав. Өнөөдөр Нэгдсэн Улсад бүх хүүхдийн дөнгөж 7 хувь нь эцэг нь ажил хийдэг, эх нь гэртээ үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг нэг буюу түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд өсөн хүмүүжиж байгаа ажээ.3 Уламжлалт гэр бүл алга болж байгаагийн уршигт үр дагаврыг бид өдөр бүр харж байна. Хүчирхийлэлд өртсөн эхнэрүүд, бие бялдрын болон бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхдүүд, сургуулийн сурагчдын бүдүүлэг зан авир, өсвөр үеийнхний дундах гэмт хэрэг, гэрлээгүй залуу эмэгтэйчүүдийн жирэмслэлт, үр хүүхэд, ач зээ нарынхаа зулай үнэрлэлгүй өтөлж байгаа хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байна.

Гэр бүл бол нийгмийг аврах үндсэн газар гэдгийг бошиглогчид бидэнд анхааруулсаар байгаа билээ.4 Залуу эрэгтэй, эмэгтэй хоёр бие биедээ хайр сэтгэлтэй болж гэрлэснээр төлөв төвшин гэр бүл аяндаа бий болдоггүй. Энэхүү өв нь анхдагчдын гэр оронд хэвшил болон тогтсон итгэл бишрэл, эрэлхэг зориг, сахилга бат, чин үнэнч зүрх сэтгэл зэрэг гэр бүлийг бат бөх болгодог үнэт зүйлс юм. Анхдагчид цөлийг цэцэглэж буй сарнай лугаа адил болгосон шиг бид тэдний үнэт зүйлс болон уламжлалыг өвлөн авч хэрэгжүүлбэл амьдралаа өөд татаж чадна. Тийм ээ, анхдагчдын итгэл аль ч үед хэрэгтэй байсан шигээ өнөөдөр ч хэрэгтэй. Бид энэхүү өвийг эдүгээ шинээр нээж ойлгох хэрэгтэй байна. Бид энэ өвийг зааж, үүгээр бахархан, хойч үедээ хадгалж үлдээх хэрэгтэй.

Бид маш их адислагдсан хүмүүс! Анхдагчдын тухай бидний мэдлэг хийгээд ойлголт үүрэг хариуцлагыг дагуулдаг. Aмерикийн агуу гольф тоглогч Арнольд Пальмер, “Ялалт биш, харин ялах хүсэл бүх зүйл мөн” хэмээн хэлсэн гэдэг. “Ялах хүсэл” гэгч хэчнээн агуу үг билээ.

Бурханаас хүүхдүүддээ өгсөн бүх бэлгээс хамгийн агуу нь болох мөнх амьдралын бэлгийг олж авах хүсэлтэй байхыг Бурхан бидэнд соёрхох болтугай. Бурханаас Өөрийн хүүхдүүд бидэнд соёрхсон агуу бэлгүүдийг мэдэж, өөрсдийн чадавхийг ойлгон, бидэнд уламжлагдаж ирсэн өвийг судлан мэдэж, хөгжүүлэх бэлгээр Тэр биднийг адислах болтугай. Бурхан амьд, Есүс бол Христ, Түүний зам биднийг мөнх амьдрал өөд хөтлөх болно гэдгийг би хүндэтгэлтэйгээр гэрчилж байна.

Эшлэл

  1. Бригам Янг, B.H.Roberts, A Comprehensive History of the Church, 4:85.

  2. Жoн Числет, A Comprehensive History of the Church, 4:93–94.

  3. Population Reference Bureau, www.prb.org/Articles/2003/TraditionalFamiliesAccountforOnly7PercentofUSHouseholds.aspx-ийг үз. 1980 онд энэхүү захиасыг тараах үед энэ нь 13% байсан.

  4. Жишээ нь, Toмас С.Монсон, “Heavenly Homes, Forever Families,” Лиахона, 2006 оны 6-р сар, 66–71; Спенсер В. Кимбалл, “Home: The Place to Save Society,” Ensign, 1975 оны 1-р сар, 3–10.

Гар тэрэгтэй анхдагчид, Минерва Teйчерт © IRI, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Эфрейм Ханкс Мартины бүлэг дээр хүрч ирсэн нь, Кларк Келли Прайз, хуулбарлаж болохгүй; гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд, Коди Белл