2011
Талархалтай байхыг сонгох нь
2011 оны Арванхоёрдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Талархалтай байхыг сонгох нь

Зураг
Ерөнхийлөгч Хенри Б.Айринг

Тэнгэр дэх бидний Эцэг юм бүхэнд талархалтай байхыг бидэнд зарлиг болгосон билээ (1-р Tесалоник 5:18-ыг үз). Мөн бид хүлээн авсан адислалуудынхаа төлөө талархаж байхыг Тэрбээр биднээс хүсэн хүлээдэг (С ба Г 46:32-ыг үз). Түүний бүх зарлиг биднийг аз жаргалтай болгохын төлөө байдгийг, бас зарлигуудыг зөрчих нь зовлон зүдгүүр рүү хөтөлдгийг бид мэднэ.

Тиймээс бид аз жаргалтай байж, зовлон зүдгүүрээс зайлсхийхийн тулд чин сэтгэлээсээ талархалтай байх ёстой. Талархал, аз жаргал хоёр хоорондоо холбоотой болохыг бид амьдралаасаа хардаг билээ. Амьдралд хүнд сорилт тохиолдсон үед бүх зүйлд талархалтай байх нь амаргүй ч бид бүхэн талархлын мэдрэмжтэй байх хэрэгтэй. Өвчин, санаа сэтгэлээр унах, хайртай хүмүүсээ алдах нь бидний амьдралд үе үе тохиолддог. Гай зовлон бидэнд зориулан Бурханы бэлтгэсэн адислалуудыг олж харан, тэдгээрийн төлөө талархалтай байхыг хэцүү болгодог.

Гэхдээ үнэн хэрэгтээ бид өөрсөддөө тохиолдсон сайн зүйлсийг талархалтайгаар хүлээж авдаггүйгээс адислалаа тоолоход хэцүү байдаг билээ. Бид орон гэргүй, идэх хоолгүй болж, элгэмсэг сэтгэлт анд найз нар, гэр бүлээ алдсан үед эдгээр эрхэм үнэт зүйлстэй байхдаа л талархалтай байх минь яав даа гэж халагладаг.

Хамгийн гол нь, бид хүлээн авдаг олон агуу адислалуудынхаа төлөө, тухайлбал Есүс Христийн төрөлт, Түүний Цагаатгал, амилалтын амлалт, гэр бүлтэйгээ хамт мөнх амьдрах боломж, сайн мэдээг санваар болон үүний түлхүүрүүдийн хамт Сэргээсний төлөө зохих ёсоор талархалтай байх нь заримдаа хэцүү байдаг. Бид гагцхүү Ариун Сүнсний тусламжтайгаар эдгээр адислалууд бидэнд болон бидний хайртай хүмүүст ямар учир холбогдолтой болохыг ойлгож чадна. Зөвхөн ингэсэн тохиолдолд л бид бүх зүйлд талархалтай байж, талархалгүй байснаараа Бурханыг гомдоохоос зайлсхийж чадна.

Бидэнд амьдралын хүнд сорилтууд дунд ч адислалуудаа тод томруунаар олж харахад Бурхан Ариун Сүнсний хүчээр туслахын төлөө залбирах ёстой. Тэрбээр Сүнсний хүчээр бидэнд соёрхогдсон адислалуудыг таньж, тэдгээрийн төлөө талархалтай байхад тусалж чадна. Надад хамгийн их тусалсан зүйл бол “Таны нэрийн өмнөөс миний тусалж болох хэн нэгэнрүү намайг чиглүүлнэ үү?” хэмээн Бурханд хандан залбирч гуйсан явдал юм. Өөрийн хүлээж авсан адислалуудыг тод томруунаар олж харах нь бусдыг адислахад Бурханд тусалж байгаа хэрэг юм.

Өмнө нь миний таньдаггүй байсан гэр бүлийн хос намайг эмнэлэг дээр хүрч ирнэ үү гэж хүссэн үед миний нэгэн залбирал хариулагдаж билээ Би эмнэлэг дээр очоод өрөөсөн гарт минь л багтах өөдсийн чинээхэн хүүхдийг олж харлаа. Төрөөд хэдхэн долоо хоносон атлаа тэр охин өдий төдий мэс засал хийлгэсэн байв. Бурханы энэхүү бяцхан хүүхдийн амийг аврахын тулд зүрх, уушгинд нь бүр илүү хүнд мэс засал хийх хэрэгтэйг эмч нар эцэг эхэд нь ярьсан ажээ.

Би эцэг эхийнх нь хүсэлтээр тэр хүүхдэд санваарын адислал өглөө. Миний адислалд бяцхан охин илүү урт удаан амьдрах болно гэсэн амлалт багтсан юм. Бид адислал өгснөөсөө илүү их чин сэтгэлийн талархлыг өөрөө хүлээн авч билээ.

Бид бүгд Тэнгэрлэг Эцэгийнхээ тусламжтайгаар үлэмж их талархлыг мэдэрч чадна. Бидний нөхцөл байдал, амьдрал ахуй ямар ч байлаа гэсэн адислалуудаа илүү тод томруунаар олж харахад туслахыг Түүнээс гуйж болно. Тэр өдөр миний зүрх сэтгэл, бие махбод өмнө нь хэзээ ч байгаагүйгээр гайхамшигт талархлыг мэдэрсэн юм. Бурханы болон бидний эргэн тойрон дахь сайн санаат хүмүүсийн нинжин сэтгэлийн гайхамшгийн улмаас хүүхдүүддээ ирсэн үй олон адислалын төлөө тэр өдөр би харих замдаа баярлан талархаж явлаа.

Хамгийн гол нь, санаа зовон түгшүүрлэсэн тэр эцэг эх хоёр болон өөрийн амьдралд Цагаатгал үйлчилсний төлөө би баярлан талархсан юм. Би тэдний нүүр царайнд, бүр аймшигт сорилтын үед ч итгэл найдвар, Христийн цэвэр хайр гэрэлтэж байхыг хардаг байсан. Итгэл найдвар, хайр энэрлийг мэдрэх боломжийг Цагаатгал олгох болно гэдгийг өөртөө илчлэхийг та Бурханаас хүсэх юм бол үүний нотолгоог мэдэрч чадна гэж би бодож байна.

Аврагчийн төрөлтийг тэмдэглэдэг жилийн энэ үеэр бид бүгд Бурханд хандсан залбирлаар талархлаа илэрхийлж, бусдад үйлчлэх удирдамж чиглэлийг Түүнээс хүсэж болно. Бурхан Эцэг бидэнд Хүүгээ өгсөн бол Есүс Христ бидэнд бүх бэлгүүдээс хамгийн агуу нь болох Цагаатгалыг өгсөн юм (С ба Г 14:7 -г үз).

Залбирлаар дамжуулан талархал илэрхийлэх нь эдгээр адислалуудаас гадна бусад олон адислалын ач холбогдлыг ойлгож, талархагч зүрх сэтгэлийн энэхүү бэлгийг хүлээн авах боломжийг олгодог билээ.

Амгалан шөнө, Лиз Лемон Свиндл, хувилж болохгүй