2011
Алдагдагсад ба олдогсод
2011 оны Арванхоёрдугаар сар


Алдагдагсад ба олдогсод

Хэрэв бидний өдөр тутам гаргадаг шийдвэрүүд бидний мөнхийн хувь тавилантай холбоогүй бол бид замаа амархан алддаг.

Роберта Тюилиму 30 хүрэхийнхээ өмнөхөн аз жаргалгүй байгаагаа ойлгосон гэнэ. Тэр гурван хөөрхөн хүүхэдтэй, хүүхдүүдийнхээ аав Даниел Нипайд хайртай байсан ч Роберта, Даниел хоёр гэрлээгүй ажээ. Даниел Сүмийн гишүүн биш, харин Роберта сүмд тогтмол явдаг байснаас хойш олон жил өнгөрчээ.

Тэрээр жаахан охин, Шинэ Зеландын Аукландад эцэг эхтэйгээ долоо хоног бүр сүмд явдаг байхдаа ариун сүмд гэрлэхийг үргэлж мөрөөддөг байсан ч ариун сүмийн гэрлэлт түүнээс даанч хол байлаа. Тэрээр мөнхийн зорилгоо ганцхан удаагийн шийдвэрээр орхиогүй ажээ. Энэ нь түүний өдөр тутам гаргадаг жижигхэн шийдвэрүүдээр дамжин алгуураар гүйцэлдсэн урт удаан үйл явц байлаа.

Хоорондоо холбоогүй шийдвэрүүд

Робертагийн хувьд сайн мэдээний замаас анх удаа гажих үед гаргасан нэг шийдвэр бусдаас онцгой байдаг ажээ. Бусад нэлээд олон шийдвэр түүнийг мөн энэ замд оруулсан юм шиг санагдах хэдий ч тэр шүү. Роберта өсвөр насандаа гэрийн ажлаа хийх гэж нэг, хоёр долоо хоног сүмд явдаггүй байж. “Энэ тэр үед байж л болох өчүүхэн зүйл шиг санагддаг байсан нь сонин шүү” гэж тэр хэллээ.

Хоёр долоо хоног сүмд явахгүй байсны дараа дараачийн долоо хоногт явахгүй байх нь түүнд бүр ч амар байсан гэнэ. Хэдэн долоо хоног болоод сүмд ирдэг байсан нь сүүлдээ хэдэн сар болоод нэг ирдэг болов. Түүнийг 18 хүрэхэд найз нар нь бямба гарагийн шөнө орой болтол шөнийн клубт явахыг ятгасан гэнэ. Энэ нь ням гарагт сүмд очиход нь бүр ч том саад болсон аж. Энэ бас түүнийг архи уудаг болгожээ.

“Энэ нь зөв биш гэдгийг би мэдэж байсан ч, хэрэв хүсэх л юм бол тэр дороо больж чадна гэж боддог байж билээ” гэж тэр ярилаа. Би гаргасан шийдвэрээ зөв гэж бодохыг хичээдэг байв.”

Тэрээр ариун сүмд ороход харшлах байдлаар амьдарч байсан ч Даниелтай танилцсаныхаа дараа түүнийг Шинэ Зеландын Хамилтон Ариун сүмийн газар дээр аваачиж, тэнд гэрлэх хүсэлтэй байгаагаа түүнд ярьсан гэнэ.

“Энэ бол миний очихыг хүсдэг газар гэдгийг би мэддэг байсан” гэж тэр хэллээ. Гэвч буруу шийдвэр гаргах бүрд дараагийн удаа буруу шийдвэр гаргах нь улам хялбар болсоор түүнийг хүссэн зорилгодоо хүрэхээс нь улам холдуулж байлаа. Удалгүй роберта, Ханиел хоёр хамт амьдрах болов

“Миний хүсдэг зүйл, зөв гэдгийг нь мэддэг зүйл, миний гаргадаг шийдвэрүүд хоорондоо ямар ч холбоогүй болсон юм” хэмээн тэр ярилаа. “Би ирээдүйг огт бодолгүй зөвхөн өнөөдрөөр л амьдардаг байлаа. Шийдвэр гаргахдаа энэ нь намайг юунд хүргэхийг боддоггүй байлаа.”

Их Эзэн алдагдагсдыг эрдэг

Роберта хүрэхийг зорьсон газраасаа хэчнээн ч холдлоо гэсэн тэрээр их Эзэний хувьд алдагдаагүй юм. Даниел, Роберта хоёр үүнийг тэр үед мэдээгүй ч, “алдагдсаныг хайж, аврахаар” (Лук 19:10) ирсэн Сайн Хоньчин тэднийг байнга хайсаар байсан юм.

Роберта түүнийг ариун сүмийн газар дээр аваачсан үеийнх шиг, бас Робертагийн аав хүүхдүүдийг нь адисалсан үеийнх шиг тийм байдлаар Сүнс Даниелд нөлөөлсөн ажээ. Тэд хэдэн удаа шилжин нүүсэн ч нүүх бүрдээ номлогчидтой тааралдаж, үе үе тэдэнтэй ярилцдаг байсан гэнэ.

Тэгээд 2006 онд дахин шилжсэний дараа тэд сургуулийнхаа хуучин найз нар, Сүмийн идэвхтэй гишүүд Дан Натан, Лиза Натан нартай тааралджээ. Даниел, Роберта хоёр Натаныхны тойргийн нутаг дэвсгэрт шилжин ирсэн байлаа.

Сүмд хамт очъё гэсэн Лизагийн урилгыг Роберта гурван долоо хоног хүлээн аваагүй аж. “Би өөрийнхөө байдлыг тайлбарлахыг хүсээгүй. “Харин хүүхдүүдээ Хүүхдийн Хэсэгт явуулахаар шийдсэн” гэж тэр ярилаа.

Даниел, Роберта хоёр удалгүй удалгүй номлогчидтой дахин уулзлаа. Даниел сүмд явж эхлэхэд Сайн мэдээний зарчмуудын нэг сайн багш өөрчлөлт гаргаж чадсан гэнэ. Айлчлагч багш нар сар бүр тэднийд ирдэг болов. Тэр ч байтугай гэр бүлийн энэ хос нэгэн онцгой цугларалтын үеэр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднартай уулзсан гэнэ.

“Бидэнд тусалсан өдий төдий сайн хүмүүсийг” Бурхан бэлтгэсэнийг Роберта өөрсдийн туршлагаас харсан ажээ.

Зам мөрөө хянагтун

Тэнгэрлэг Эцэг хүмүүсээр дамжуулан олон янзын арга замаар Даниел, Роберта хоёрт “[өөрсдийн] зам мөрөө хянах” (Хаггаи 1:7) боломжийг олгосон ажээ. Харин тэд аливаа ахиц дэвшил гаргахаасаа өмнө “[өөрийн] замыг Эзэнд даатгах” (Дуулал 37:5) ёстой байлаа.

“Миний зам мөр Түүнийх биш (Исаиа 55:8–9-ийг үз) гэдгийг би мэдэж байсан ч, энэ хоёр замыг хэрхэн холбохоо мэдэж чадаагүй юм” гэж Роберта ярив.

Хаашаа явахыг, эсвээс сүнслэг утгаараа бол очих газартаа хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ шийдэхийг номлогчид Даниел, Роберта хоёроос хүссэн үед эргэлт гарсан ажээ.

Эцэстээ бидний хүсч байгаа зүйл бол Түүний зам биднийг удирдах тэр газарт байх явдал гэдгийг шийдээд Түүний замыг дагахад юу хийх ёстойгоо хайж эхэлсэн” гэж тэр ярилаа.

Роберта өнгөрсөн үед гаргадаг байсан буруу шийдвэрүүдээ дараагийн саруудад гаргахгүйн төлөө ажиллаж, арав гаруй жилийн өмнө орхисон тэр замдаа эргэн оржээ. Роберта өсвөр насандаа жижиг шийдвэрүүдээр сайн мэдээний замаас эргэсэн шигээ өчүүхэн жижиг юм шиг санагдах зүйлсийг өдөр бүр хийснээр мөнөөх замдаа эргэн орсон юм.

“Хувийн болон гэр бүлийн залбирал, судар унших, хүүхдүүдээ сүмд дагуулж очих, чадах чинээгээрээ бусдад туслах зэрэг энгийн зүйлсийг өдөр бүр хийдэг болсноор Тэнгэрлэг Эцэг бидний төлөө санаа тавьж, бидний залбирлыг сонсдогийг би мэдэрч чадсан. “Манай гэр бүл одоо аз жаргалтай болсон” гэж Роберта ярилаа.

Эдгээр жижиг шийдвэрүүд нь том шийдвэр гаргах болсон үед нь Даниел, Роберта хоёрыг хүчирхэгжүүлж, тэдэнд тусалсан ажээ. Тэд гэрлэхээр шийдсэн гэнэ. Тэгээд бараг жилийн дараа Даниел, Роберта хоёр номлогчидтой уулздаг болж, гэр бүлтэйгээ үүрд хамт байх хүсэл нь Даниелыг баптисм хийлгэхэд хөтөлжээ.

Эцэст нь, тэд өдөр тутам хийдэг зүйлсээ ирээдүйд болох зүйлстэй нийцүүлэхийн төлөө хоёр жил хичээн чармайсны эцэст Даниел, ариун сүмд лацдан холбуулж, Робертагийн хүүхэд ахуй үеийн мөрөөдөл биелжээ.

Одооноос мөнхийн ирээдүйгээ бодож амьдар

Даниел, Роберта хоёр өөрсдийн замаар явах уу, эсвэл Түүний замаар явах уу гэдгийг өдөр бүр шийдэх боломжтой байсан нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний хэсэг юм. Эдүгээ гэр бүлийн энэ хос өдөр тутмын сонголтууд нь тэднийг хааш нь хөтлөхийг сайн мэддэг болжээ.

Өдөр тутмын шийдвэрүүдийг мөнхийн хувь тавиланд нь хэрхэн нөлөөлөхийг бодолгүйгээр гаргавал замаа алдах нь хэчнээн амархан болохыг тэд өөрсдийн туршлагаас ойлгосон ажээ. Гэвч нэгэн цагт эргэсэн замдаа буцаж орж болдгийг мэдсэндээ мөн талархалтай байдаг гэнэ.

“Эргэж ирэхэд бидэнд тусалсан хүмүүстэй аяллынхаа туршид бид хоёр тааралдаж байлаа. Энэ хүмүүсээр Их Эзэн бидний амьдралыг адисалсан юм. Тэрбээр надад хайртай, намайг эргэж ирээсэй хэмээн хүсдэгийг би мэднэ. Их Эзэн намайг Сүмээс холдон хөндийрсөн бүхий л хугацаанд мартаагүй” гэж Роберта ярив.

Сайн хоньчны хайр, цагаатгагч золиослолын ачаар “хилэнцтэн нь өөрийн замаа орхиод … Эзэн уруу эргэхэд, түүнийг Тэр өрөвдөнө … . Учир нь Тэр өгөөмрөөр уучилна” (Исаиа 55:7).

Эдүгээ Нифайнхан байхыг хүсдэг тэр газар дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн чармайж байна. “Энэ амьдралд зөвхөн одоо гэдгээс илүү чухал байдгийг ойлгосон үед энэ зүйл сонголтуудыг чинь өөрчилнө” гэж Даниел хэллээ.

Адам К. Өүлсоны гэрэл зураг

Шинэ Зеландын Хамилтоны Ариун сүмийн гэрэл зургийг Майкл МкКонки © IRI