2011
Номлолын шинэ ерөнхийлөгчид итгэлийнхээ ачаар адислагдав
2011 оны Арванхоёрдугаар сар


Номлолын шинэ ерөнхийлөгчид итгэлийнхээ ачаар адислагдав

Зургадугаар сард номлолын 128 шинэ ерөнхийлөгч болон тэдний эхнэр үүрэгт ажлаа эхлэхээр мордохынхоо өмнө заавар хүлээн авахаар АНУ-ын Ютагийн Провод уригдлаа.

2011 оны зургадугаар сарын 22-26-ны өдрүүдэд болсон дөрвөн өдрийн семинарыг Ерөнхийлөгч Томас С.Монсон нээж үг хэлэхдээ, “Та бүхэн Сүмийн хамгийн итгэлтэй гишүүдийн дундаас шилэн сонгогдсон бөгөөд эдүгээ Их Эзэний ургацын талбай уруу явах боломж та бүхэнд нээгдээд байна. … Та бүхний дуудагдсан номлолын талбараас илүү анхилуун сайхан үнэртэй, арвин их сарнай цэцэг ургуулдаг ямар ч талбайг би мэдэхгүй” гэжээ.

Дэлхийн 22 орноос ирсэн гэр бүлийн эдгээр хосууд 18 оронд үйлчлэх болно. Тэдний боловсролын төвшин өөр өөр ч адил нийтлэг зүйл бас тэдэнд бий.

Шинээр дуудагдсан номлолын ерөнхийлөгчид болон тэдний эхнэрүүд үйлчлэлдээ бэлтгэхийн тулд эд материалын болон сүнсний хувьд золиослол хийсэн ч итгэлийнхээ адислалуудыг бараг л тэр дороо харжээ.

Ямар золиослол хийдэг вэ?

Номлолын ерөнхийлөгчөөр үйлчлэх гурван жилд сорилт бэрхшээл, сэтгэл хөдөлгөм сүнслэг үйл явдал аль аль нь тохиолддог. Гэр бүлийн олон хос энэхүү дуудлагад бие сэтгэлээ бүрэн зориулдаг учраас гэр орны өмнөх амьдрал, ажил төрлөө цаашид хэвээр үргэлжлүүлдэг билээ.

Мэргэжлийн ажлаа орхих нь зарим тохиолдолд санхүүгийн хохиролд хүргэдэг. Сүм номлолын ерөнхийлөгчдөд багаахан хэмжээний тэтгэлэг олгодог ч, номлолын ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт ихэвчлэн уг тэтгэлэг дээр өөрсдийнхөө мөнгийг нэмж хэрэглэдэг.

АНУ-ын Хавай дахь Лайед оршин сууж байсан Маркус Мартинс, түүний эхнэр Мириан Мартинс хоёрыг Бразилын Сан Пауло Хойд Номлолд үйлчлэх дуудлага хүлээн авахад нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд, зохих хэмжээгээр золиослол хийх хэрэгтэй ч, хэтэрхий их золислол хийхгүй байхыг тэдэнд зөвлөжээ.

Мартинсынхан гэртээ харьж, энэхүү саналыг хүлээн авахад хүрэлцэхүйц мөнгийг хэрхэн олж болохыг мэдэхийн тулд залбирсан гэнэ. Тэд байгаа бүхнээ зарав. “Бид байгаа юм бүхнээ ганцхан өдөр зарж чадсан нь адислал мөн. Энэ бол бидэнд тохиолдсон гайхамшиг” гэж Мартин эгч хэллээ.

Хүн бүхэн санхүүгийн золиослол хийх шаардлагагүй байж болох ч, номлолын ерөнхийлөгч бүр эхнэрийнхээ хамт ямар нэг байдлаар санхүүгийн золиослол хийх итгэлийн сорилттой тулгарах болно.

АНУ-ын Аризон мужийн Таксоны Гари, Рамела Расмуссен нар Японы Сендай Номлолд үйлчлэх дуудлага хүлээн авснаар зургаан хүүхэд, 23 ач зээ нараа орхин явах болсон ажээ.

“Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдэд маань надаас илүү сайн анхаарал халамж тавина гэдгийг би мэдэж байна. Бид үйлчлэхээр дуудагдсандаа баяртай байна. Бас энэ нь хүүхдүүдэд маань агуу адислал болно гэж бодож байна” гэж Расмуссен эгч хэллээ.

Номлолын ерөнхийлөгч болон түүний хамтрагчаар үйлчлэх дуудлага хүлээн авсан олон хүн золиослол хийх хүсэл эрмэлзэлтэй байдаг.

Аль нэг зүйл нь нэг хүнд маш хэцүү байхад нөгөө хүнд хэцүү биш байдаг учраас золиослол гэж чухам юу юм бэ гэдгийг би заримдаа эргэцүүлэн боддог” гэж ерөнхийлөгч Мартинс ярилаа. “Бид амьдралдаа Их Эзэнийг нэгдүгээрт тавих ёстой, Их Эзэний төлөө бүхнийг хийж, хаашаа ч гэсэн явах ёстой гэж … олон удаа заалгасан шүү дээ. Иймээс бид золиослол хийхдээ нөхцөл байдлынхаа тухай бодох ёсгүй. … Золиослол бол онцгой боломж; байгаа бүхнээ золиосолно гэдэг нэр төрийн хэрэг юм.”

Бэлтгэлтэй байх нь

Номлолын ерөнхийлөгчид эхнэрийнхээ хамт номлолын үүрэгт ажлаа эхлэхээс өмнө материаллаг болон сүнслэг байдлын олон бэлтгэлийг хангадаг. Номлолын ерөнхийлөгчид ихэвчлэн зургаан сарын өмнө дуудагддаг ч, зарим үед бэлтгэл хангах цаг богинохон байдаг. АНУ-ын Ютагийн Эдений Брент Скотт, Анн Скот нар номлолын ерөнхийлөгчдийн семинараас ердөө долоохон хоногийн өмнө, үйлчлэлээ эхлэхээс хоёрхон сарын өмнө Канадын Торонто Номлолыг тэргүүлэхээр дуудагдсан ажээ.

Тэд найз нөхөд, гэрийнхэндээ энэ тухай хэлж, гэр орноо зохицуулан, гарын авлагуудыг судалж, CD сонсон, сүнслэг байдлын бусад бэлтгэлүүдийг хангажээ. Гэвч тэд хамгийн үр өгөөжтэй бэлтгэлээ Номлогчийн Бэлтгэлийн Төв дэх семинараас хангасан гэнэ.

“Энд бид чухамдаа сүнслэг мэдлэгийн эх булгаас шимтэн хүртсэн юм. Их Эзэнд үйлчлэхээр золиослол хийсэн хүмүүстэй хамт байж, бошиглогчид, үзмэрчид, илчлэгчдээр заалгана гэдэг … бидний амьдралд тохиолдох хамгийн агуу үйл явдлуудын нэг үнэхээр мөн” хэмээн ерөнхийлөгч Скотт ярив.

Мэргэн ухаанд суралцсан нь

Зургадугаар сард болсон дөрвөн өдрийн семинарын төгсгөлд номлолын ерөнхийлөгчид болон тэдний гэргий нар Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын нэлээд хэдэн гишүүний захиасыг сонсож, сүнслэг байдлын тэжээл хүлээн авлаа.

“Бид тэдний заахыг сонсоод Их Эзэн бидэнтэй хамт байж, бидний төлөө санаа тавьж байсныг, энэ ажил бол Түүнийх гэдгийг, эдгээр хүмүүс бол Түүний үйлчлэгчид гэдгийг, Аврагчаа төлөөлөн номлол хийх онцгой боломж бидэнд тохиосныг мэдэрч байлаа” гэж Скотт эгч өгүүлэв.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассел М.Нелсон номлолын ерөнхийлөгчид болон тэдний эхнэрүүд үүрэгт ажлаа амжилттай биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

“Та бүхэн бие бялдар, оюун санаа, сүнслэг байдлаараа эрүүл саруул байж, Есүс Христийн сургаалаас суралцаж, заан, амьдралд хэрэгжүүлэх үйлсдээ амжилт олох болтугай. Та бүхэн гишүүдийн хүч чадлыг ашиглах чадвартай байж, ёслолуудад анхаарал төвлөрүүлэн, Их Эзэн болон Сүмийн гишүүд, түүнчлэн та нарт итгэмжлэл хүлээлгэн даатгасан гайхамшигт номлогчидтой нэг байна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Шинээр дуудагдсан номлолын ерөнхийлөгчид номлолын талбарыг зорихоосоо өмнөхөн АНУ-ын Ютагийн Прово дахь Номлогчийн Бэлтгэлийн Төвд дөрвөн өдрийн сургалтанд суулаа.

© IRI