2011
Тэнгэр элчүүдийн оршихуйд
2011 оны нэгдүгээр сар


Номлолын талбараас

Тэнгэр элчүүдийн оршихуйд

Намайг бүрэн цагийн номлогчийн онцгой адислал хүртэх үед гадасны ерөнхийлөгч маань хэрэгцээтэй цагт тэнгэр элчийн оршихуйг мэдэрч, тэрээр хамгаалах болно гэдэг амлалт надад өгсөн юм.

Би 2003 онд баруун Африкийн Айвори Кост дахь номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр дуудагдсан. Миний ойлгосноор тэр улсад байнга иргэний дайн болсоор байгаа ч хоёр тал хэсэг хугацаанд галаа зогсоохоор тохиролцсоныг олж мэдээд тайвширсан байлаа. Тэгээд ч онцгой адислал аваад бүр ч тайвширсан. Гадасны ерөнхийлөгч надад үйлчилж байхдаа тэнгэр элчийн оршихуйг мэдэрч, тэрээр хэрэгцээтэй үед маань хамгаалах болно хэмээх амлалтыг өгсөн. Хэрэв дуулгавартай байх аваас гэртээ аюулгүй буцаж ирэх болно гэж надад амласан юм.

Номлолын маань эхний сард номлолын ерөнхийлөгч биднийг бэлтгэлтэй байхыг зөвлөв. хот Абиджан хот дахь байрандаа бид гурван өдрийн хүнсний хэрэгцээ, ус хадгалдаг байсан ба цуглааны үеэр гэнэт тэмцэл тулаан гарах юм бол юу хийх хэрэгтэй тухай сургалтыг хүлээн авч байв.

2004 оны арваннэгдүгээр сарын 4-нд босогчид гал зогсоох гэрээгээ эвдэхэд бид нэлээд цочирдов. Манай номлолын удирдагчид оройн зургаан цагаас хойш хөл хорилоо. Дараагийн өдөр нь биднийг хичээл зааж байх үед гэнэт бөмбөг дэлбэрэх чимээ сонсогдлоо. Тэр даруйд залбирал хэлж хичээлээ дуусгаад, гэр бүлийнхнийг Мормоны Номын нэг бүлгийг унших даалгавар өгөөд, шалавхан гүйн гарлаа. Хамт байдаг нөгөө хоёр номлогч маань биднийг ирсний дараахан байрандаа ирэв. Номлолын ерөнхийлөгчийн зөвлөхүүд утасдаж, сүмдээ явахгүй эсвэл хоол хүнс авахаар гарахгүй, ер нь ямар ч зүйл тохиолдсон гэрээсээ гарахгүй байх хэрэгтэйг хэлэв. Бид хэсэг францын энхийг сахиулагчид агаарын тулаанд амиа алдсан тул Францчууд цэргийн нисэх буудал уруу нь довтолж, Айворийн жижиг агаарын хүчийг сүйтгэсэн гэдгийг мэдлээ. Үүний хариуд нийслэлийн хэмжээнд асар том бослого үймээн болов.

Хэдэн мянган эсэргүүцэгчид гудамжаар дүүрч, урт хутга эргүүлэн, франц дэлгүүрүүдийг дээрэмдэн тонож, францчууд амьдарч болох орон гэрийг дайран сүйтгэж байв. Цонхоороо бид хүчирхийлэл даамжирсныг харж байлаа. Бидэнд аюул тулгарсныг мэдэж байв. Учир нь бид цагаан арьстан.

Арваннэгдүгээр сарын 7-ны ням гарагийн үдээс хойш орилох, буудалцах, дэлбэрэх чимээ шуугианы дунд бид байрандаа дөрвүүлхнээ ариун ёслолын цуглаанаа хийлээ. Гурван өдрийнхөө хүнснээс талх, усыг түгээн хүртсэний дараа хоорондоо судар болон гэрчлэлээ хуваалцлаа. Би Сургаал ба Гэрээ 84:88-г уншив: “Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.” Судар уншиж байхдаа би гадасны ерөнхийлөгчийнхөө өгсөн адислалын тухай бодож, аюулгүй байх болно гэдгээ мэдэж байв.

Бид байрнаасаа нэг долоо хоног гарсангүй. Тойргийн удирдагчид болон гишүүд бидэн дээр ирж, хоол хүнс зөөж байв. Нэг гишүүн бидний мессежийг авч, гэр бүлүүдэд маань и-мэйл бичин, одоохондоо бид аюулгүй байгааг тэдэнд мэдэгдэж байлаа. Эдгээр гишүүдийн тусламж үнэхээр гайхамшигтай! Энэ үеэр гэр бүлийнхэн болон дэлхий дахины сүмийн гишүүд бидний аюулгүй байдлын төлөө залбирч байсан юм. Гэр бүлийнхэн маань залбирахад намайг сайн байх болно гэсний баталгаа болох амар амгаланг тэд мэдэрчээ.

Арваннэгдүгээр сарын 12-ны Баасан гарагт бидний нүүлгэн шилжүүлэлт эхэллээ. Хэдийгээр бусад дүрвэгсэд гэмтэж, хохирол амссан тухай бид сонссон ч Айворийн сүмийн гишүүд биднийг Абиджаны гудамжуудаар дагуулан явж, хамгаалалтыг даван, Английн элчин сайдын байранд аюулгүйгээр ирсэн. Дараа нь Английн зэвсэгт хүчнийхэн намайг болон хоёр ахлагчийг тус улсаас нүүлгэн шилжүүлж буйг мэдээн дээрээс харснаар, гэр бүлийнхний маань залбирал хариулагдсан юм. Харанхуй шөнөөр гишүүд африкийн бус номлогчдыг номлолын байранд хүргэж ирсэн байв. Тэндээс тэднийг Италийн агаарын зэвсэгт хүчнийхэн Ганад авчирч, бид нэгдсэн.

Улс орон даяар олон арван гадаадын иргэд уруу хийх дайралт болж байсан ч зэвсэгт бослогын үеэр нэг ч номлогч гэмтээгүй бөгөөд нэг ч номлолын байр хохирол амсаагүй. Учир нь бид номлолын ерөнхийлөгчийнхөө зөвлөгөөг сонссон. Эсэргүүцлийн тэмцэл гарах үед бид гэртээ аюулгүй байсан. Бидэнд шаардлагатай амь зуулгын зүйлс байлаа. Бидэнд цэрэг зэвсгийн хамгаалалтаас илүүтэй Их Эзэний хамгаалалт байсан.

Биднийг нүүлгэн шилжүүлэх үед, бидний ариун ёслол хүртэж байсан тэр Ням гарагийн үдээс хойш эсэргүүцэгчийн нэг бүлэг манай байр уруу довтлох гэж байсныг би олж мэдсэн юм. Нэг хөрш маань, “Тэд францчууд биш!” гэж хашгирсан ч тэд явахгүй байгаад л байсан аж. Эцэст нь өөр нэг хөрш маань “Тэд номлогчид!” гэж орилоход эсэргүүцэгчид таран явжээ. Би дахин “миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” гэсэн үгсийг санаж, гадасны ерөнхийлөгчийнхөө амлалтын дагуу амьдарч байгаагаа ойлгосон юм. Бошиглол бүрэн биелэлээ олдгийг би харсан.Эшлэл:

Чимэглэлийг Ричард Халл