2011
Аврагч—гарамгай багш
2011 оны нэгдүгээр сар


Аврагч гарамгай багш

Бид Христийн үгс буюу судрууд дээр найрлаж, Түүний нэгэн адилаар тэдгээрийг бусдад зааж, тэднийг хүчирхэгжүүлэхэд ашиглах ёстой.

Зураг
Elder Jay E. Jensen

Есүс Христ Эцэгийнхээ удирдлагаар тоо томшгүй олон гараг ертөнцийг бүтээсэн юм. Тэр бол Хуучин Гэрээний Бурхан, агуу Иехова байлаа. Тэрээр мөнх бус эх Мариа, Бурхан Мөнхийн Эцэг хоёрын дундаас төрсөн юм. Тэр бол дэлхий дээр амьдарч байсан хүмүүсээс хамгийн аугаа нь юм. Тэрээр “намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэхээр”(Иoхан 4:34) ирснээ хэлжээ.

Түүний захиас болон үйлчлэл нь Тэр бол Есүс Христ, Бурханы Хүү, амлагдсан Мессиа мөн гэдгийг огтхон ч эргэлзээгүйгээр тунхагладаг байлаа.

Тэрбээр сургаалдаа Хуучин Гэрээний судруудаас олонтаа эш татаж, үйлчлэлдээ бэлтгэх, нүгэл хилэнц, уруу таталтыг эсэргүүцэх, өнгөрсөн үеийн бошиглогчдод хүндэтгэл үзүүлж, тэдний үнэн болохыг нотлохдоо судруудыг ашигладаг байлаа. Бид эцэг эх, удирдагч, багшийн үүргээ биелүүлэхийн тулд судруудыг илүү үр өгөөжтэйгөөр ашиглахад Түүний үлгэр жишээнээс сурч болно. Тэрээр бүх зүйлд, түүний дотор гарамгай багш байхад төгс үлгэр жишээ үзүүлдэг байлаа.

Үйлчлэлдээ бэлтгэсэн нь

Их Эзэн дэлхийд ирэхдээ бидний нэгэн адил оюун ухаан нь марталтын хөшгөөр хаагдсан байсан ч мөн бидний адилаар ач ивээлээрээ өсөн хөгжиж байлаа (С ба Г 93:11–17-г үз). Тэрээр Тэнгэрлэг Эцэгээсээ болон мөнх бус багш нараас суралцдаг байв. (Иoхан 8:28; 12:49-ийг үз). “Христ Хөвгүүнд хууль болон судруудыг сайн заадаг байсныг тэр үеийн иудейчүүдийн амьдралын тухай бидний мэдлэг нотолдог билээ. Учир нь тэр үед энэ нь нийтлэг зуршил болсон байв. Тэрээр судалж суралцах замаар мэдлэг эзэмшиж, залбирал, тунгаан бодолт, ажил хөдөлмөрөөр мэргэн ухаантай болсон юм” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеймс И.Талмейж (1862–1933) хэлжээ.1

Түүнийг бага наснаас нь эхлэн олон түмэнд үйлчилж эхлэх хүртэл нь бидний мэддэг цорын ганц түүх бол Тэр 12 настайдаа ариун сүмд ер бусын мэргэн ухаан, мэдлэг, чадвараа харуулсан явдал мөн. “Гурван өдрийн дараа [Иосеф, Мариа хоёр ] Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ” (Лук 2:46). Энэ шүлэгт бас багш нар Есүсийг сонсож, Түүнээс асуулт асууж байсныг Иосеф Смитийн Орчуулга тодруулсан юм.

Үйлчлэлээ эхлэхээс өмнө Тэрээр мэдлэгээрээ өсч байсны жишээ нь 1829 онд Хайрум Смитэд өгсөн зөвлөгөө юм: “Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл, мөн тэгвэл хэл чинь чөлөөтөй байх болно; тэгээд, хэрэв чи хүсэх аваас, миний Сүнс мөн миний үг, тийм ээ, хүмүүнийг итгүүлэх Бурханы хүч чамд байх болно ”(С ба Г 11:21).

Бид ч үйлчлэлээ эхлэхдээ уг үйлчлэл нь шинэ дуудлага, шинэ үүрэг (эцэг эхийн гэхчлэн) байна уу, эсвэл зүгээр л гэр бүлийн үдшийн хичээл байна уу ялгаагүй, заавар, сүнсний удирдамж авахын тулд судруудыг судалж болно.

Нүгэл хилэнц, уруу таталтыг эсэргүүцсэн нь

Есүсийг үйлчлэлийнх нь эхэнд чөтгөр уруу татсан юм. Гурван уруу таталтаас хоёр нь эргэлзээ төрүүлэх үгсээр, “Хэрэв чи Бурханы Хүү мөн юм бол”(Maтай 4:3, 6) гэж эхэлсэн байдаг. Аврагч Сатаныг эсэргүүцэхийн тулд Хуучин Гэрээний гурван судрыг (шүлэг 4, 7, 10) эш татан, “бичигдсэн байдаг …” гэжээ.

Аврагч бас судрын жишээнүүдээр дамжуулан нүгэл хилэнцийг хэрхэн даван туулахыг дагалдагчдадаа заасан байдаг. Нүгэл хилэнцийг эсэргүүцэх болон уршигт үр дагавруудыг нь даван туулахыг Гарамгай Багш хүмүүст заахдаа: “Шүүлтийн өдөр Содом ба Гоморрагийн газар нь тэр хотоос [Түүний сайн мэдээг эсэргүүцдэг хүмүүсээс] илүү тэвчмээр байх болно” (Maтай 10:15) хэмээн Хуучин Гэрээний шастираас эш татжээ.

Бид Бурханы үгийг дуулгавартай дагавал энэ нь заяамал хамгаалах хүчтэй юм: “Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд тэднийг давамгайлах нь ч үгүй ” (1 Нифай 15:24).

Өнөө үед Сатаныг эсэргүүцэхэд ашигладаг миний дуртай судруудын нэг бол: “Миний мэлмий та нарын дээр байна. Би та нарын дунд байна” (С ба Г 38:7) гэсэн шүлэг юм. Энэ нь “хэн ч мэдэхгүй” гэсэн худал үгийг үүрд байхгүй болгодог.

Өнгөрсөн үеийн бошиглогчдыг хүндлэх нь

Аврагч эртний бошиглогчдыг хүлээн зөвшөөрч, тэдний үгсээс эш татдаг байлаа. Энэ эрин үед Тэрээр “[Иосеф Смитийн] үгсийг нотлохын тулд ариун бошиглогчдод хандах ёстойг” (С ба Г 35:23) Сидней Ригдонд зарлиг болгосон билээ.

Аврагч Хуучин Гэрээний бошиглогчдын тухай гэрчилж, тэднийг хүндэтгэдгээ харуулахын тулд Ноаг дурдсан байдаг (Maтай 24:37–38); Aбрахам (Лук 16:22–31-ийг үз; Иoхан 8:56–58); Aбрахам, Исаак, Иaков (Maтай 8:11); Moсе (Иoхан 5:46); Дaвид (Лук 6:3); Елиа (Лук 4:25–26-г үз); Исаиа (Лук 4:16–21; Иохан 1:23-ыг үз). Тэр бас өөрийнхөө үеийн хүн Иохан Баптистыг хүндэлж, дэмждэг байлаа (Maтай 11:7–11-ийг үз).

Аврагч Уулан дээрх номлолоороо Хуучин Гэрээний бошиглогчид болон Өөрийнх нь тухай тэдний сургаал хоорондоо чухал холбоотойг харуулсан юм. Энэ нь Ерөөлүүдийн өгүүлбэрүүд хоорондоо нягт холбоотойг харуулдаг (Maтай 5:3–11-ийг) мөн Исаиа 61:1–3-ыг үз.2

Бид өнгөрсөн үеийн болон одоогийн бошиглогчдыг хэн бэ гэдгийг санан, тэдний сургаал бол Их Эзэний үг, Түүний хүсэл учраас тэдэнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй (С ба Г 68:4-ийг үз). Бид судруудаас заахаар бэлтгэхдээ зааж байгаа хүмүүстэйгээ холбогдох зарчмуудыг залбирч, эрж хайх ёстой.

Бусдыг хүчирхэгжүүлдэг байсан нь

ЭЗЭНий амьдрал дахь онцгой чухал захиас бол “амийн талхны” тухай сургаал юм (Иохан 6-г үз). Энэ нь түүний зарлиг болон судруудыг хэрэглэх нь бидэнд ч хамааралтайг харуулж байна.

Тэрээр энэ захиасыг өгөхөөс нэг өдрийн өмнө шаргуу ажиллаж, 5,000 хүнийг хооллон, улам олон дагалдагчидтай болсон билээ (Иoхан 6:5–14-ийг үз). Энэ болон бусад олон гайхамшиг нь хүмүүсийг Түүнд итгэхэд хөтлөгдөхөд нь хангалтгүй байсан болохоор Тэрээр Өөрийгөө хэн болохыг амийн талхны тухай сургаалд ил тодоор тунхагласан юм. Энэ номлол Түүний Төлөөлөгчдийг, ялангуяа Петрийг сургахад тусалжээ. Түүний гэрчлэл бат бөх болсон юм (63-71-р шүлгийг үз).

Гарамгай багш Хуучин Гэрээний үйл явдал болох амийн талхны тухай номлолыг ашиглажээ:

“Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй; харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн.

“Тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм” (Иoхан 6:32–33; мөн Eгипетээс Гарсан нь 16-г үз).

Үүнд тэд хариулахдаа, “Энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач” (Иoхан 6:34) гэжээ.

Түүний хариуд Бурханы Хүү болох Өөрийнхөө тэнгэрлэг мөн чанарыг сүнслэг бэлэгтэй хүмүүст илчилсэн юм: “Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй” (Иoхан 6:35).

Аврагч Цагаатгал болон ариун ёслолын талх, усны бэлгэдлийг нэгтгэсэн дараах бурханлиг сургаалыг тунхагласан юм: “Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй” (Иoхан 6:53).

Энэ номлол Петрийг хүчирхэгжүүлснийг бид мэднэ. Иймээс тэр, “Та бол Христ, амьд Бурханы хүү мөн гэдэгт бид итгэцгээсэн мөн таньж мэдэцгээсэн” (Иoхан 6:69) хэмээн гэрчилсэн байдаг. Амийн талхны тухай сургаал бидэнд холбогдоно. Учир нь бид өөрсдийгөө болон өрөөл бусдыг хүчирхэгжүүлэхийн тулд ариун судруудыг уншиж, судлан, эш татсанаар Есүс бол Христ гэдэгт баттай итгэх болно.

Судрыг гүйцэлдүүлсэн нь: Ялгуусан ирэлт

Их Эзэн Иерусалимд ялгууснаар ирсэн нь: “ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ”(Дуулал 118:26; мөн Maрк 11:9–10-ыг үз) гэсэн судрыг Тэрээр мэддэг байсан бөгөөд амьдралд хэрэгжүүлсний баталгаа үл шаардах нотолгоо байлаа. Тэрбээр “Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун: … Хаан чинь чам уруу: … илжиг унан очиж байна” (Зехариа 9:9; мөн Maтай 21:4–5-ыг үз) гэсэн бошиглолыг гүйцэлдүүлэн Иерусалим уруу илжиг унаж очжээ.

Түүний мөнх бус үйлчлэлийн эхэн үеэс Гетсеманий Цэцэрлэг, загалмай, хоосон булш хүртэл Есүс Христ эртний судар, Өөрийн үйлчлэл, гайхамшгууд болон захиасуудаараа дамжуулан Тэр бол амлагдсан Мессиа байсныг нотлон харуулсан юм.

Есүс Гетсеманий Цэцэрлэгт, “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус харин Таны хүсэл биелэгдэг” (Лук 22:42) хэмээн залбирсан билээ. Түүний хүлцэнгүй дуулгавартай байдал, хязгааргүй цагаатгагч золиослолыг гүйцэлдүүлсэн тухай энэхүү тунхаглал нь Тэр бол Бурханы Хүү, энэ дэлхий дээр амьдарч байсан буюу цаашид амьдрах бүхнээс хамгийн агуу багш гэдгийг гэрчилж байна.

Судрууд Есүс Христийн тухай гэрчилж, заадаг. Бид судруудыг шимтэн судалсан үед Түүнийг бас: “Эдгээр үгс нь хүмүүсийнх буюу хүнийх биш, харин минийх гэдгийг та нар гэрчлэх ёстой” (С ба Г 18:34) гэсэн Түүний дуу хоолойг мэдэх болно. Би юуны өмнө эхнэр, гэр бүлийнхээ бусад гишүүдтэй судруудыг шимтэн судалсан үед Сүм дэх миний үйлчлэл илүү үр өгөөжтэй байдгийг мэднэ.

Би судруудад дуртай. Судрууд Бурханы үг гэдгийг би гэрчилж байна. “Бурханы үгийн хүч” бидний заадаг хүмүүст “их нөлөө” (Aлма 31:5) үзүүлэхийн тулд Аврагчийн нэгэн адил гэр орондоо, дуудлагат ажилдаа бүгдээрээ судруудаас заацгаая.

Эшлэл.

  1. Жеймс Э.Талмейж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл. (1916), 112.

  2. Toмас A.Веймент, “Jesus’ Uses of the Psalms in Matthew,” Frank F. Judd and Gaye Strathearn, eds., Sperry Symposium Classics: The New Testament, (2006), 137–149-ийг үз.

“Би бол амийн талх байна: Над уруу ирдэг хүн өлсөхгүй. Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй.”

Амийн талх, Крис Янг © 2004 IRI

Гурван өдрийн дараа Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ.”

Зүүн талд: Aавын минь ажил хэрэг, Харри Андерсон, Долоо дахь өдрийн адвентист Сүмийн зөвшөөрлөөр нийтлэв; баруун талд: гэрэл зураг чимэглэлийг Maттью Рейер © IRI; Есүс Назарын Синагогт, Грег Өүлсон, Лео Бьюс, Агнетт Бьюс нарын зөвшөөрлөөр нийтлэв.

“Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун: … Хаан чинь чам уруу: … илжиг унан очиж байна.”

Ялгуусан ирэлт, Уолтер Рейг © 2009, хуулбарлаж болохгүй; Роберт А.МкКейний зураг чимэглэл, зураг чимэглэлийг Крейг Даймонд © IRI