2011
Эртний үлгэр жишээ, орчин цагийн амлалтууд
2011 оны нэгдүгээр сар


Эртний үлгэр жишээ, өнөө үеийн амлалтууд

Болзох надад хэзээ ч хялбар байгаагүй ч би итгэлтэй байдлын тухай судрын үлгэр жишээнүүдээс хүч тэнхээг авдаг.

Надад олуулаа байх зугаатай байдаг болохоор болзоонд би дургүй байв. Номлолд гарахаасаа өмнө хэзээ ч болзож байгаагүй тул хоёр жилийн дараа буцаж ирэхэд болзох ямар ч туршлагагүйгээ би мэдэрлээ.

Түүнээс хойш арван жилийн дараа миний патриархын адислалд амлагдсан ямар нэгэн зүйл—гэрлэхийн тул өөрийн “хийж чадах бүхнээ” (2 Нифай 25:23) хийхийг хичээсэн ч—амжилт олсонгүй. Заримдаа би хэн нэгнийг олж чадахгүй юм байна гэж бодон сэтгэлээр унаж, ялангуяа хэцүүхэн мөчүүдэд залбирахдаа уйлан: “Надад туслаач. Би юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэдэг байв.

Саяхан би судруудын үлгэр жишээнээс жинхэнэ амар амгаланг олсон юм. Дараах гурван түүх Тэнгэрлэг Эцэг ба Түүний төлөвлөгөөнд итгэхэд минь үнэхээр хүчтэйгээр нөлөөлсөн.

Египетийн Иосеф: Бурхандаа итгэл, найдвартай үлд

Иосеф 17 насандаа хүчээр гэрээсээ холдож, цөөхөн хүн түүний шашны итгэлийг ойлгох харийн нутагт хаягдсан. Саад бэрхшээлийг үл харгалзан тэрээр сайн чанараа алдалгүй өөрийн эзэд, Бурхандаа итгэлтэй байсан (Эхлэл 37; 39–41-г үз). Тэр 13 жилийн турш ар араасаа цуврах хүнд нөхцөл байдалд орж байлаа. 30 нас хүртлээ байсан шорон, түүний хүнд хүчир ажилд нухлагдсан боолын амьдралаас ч хэцүүхэн мэт санагдаж байв.

Би заримдаа Иосеф хэзээ нэгэн цагт Бурхан намайг мартжээ эсвэл хэчнээн удаан боолчлогдох юм бол гэж бодлогоширч эсвэл үүнээс хэзээ нэгэн цагт хагацна гэж боддог байсан болов уу гэж гайхан боддог. Амьдралдаа өмнө нь зүүдэлж байсан зүүд нь Иосефт (Эхлэл 37:5–11 –г үз) гэрэлт ирээдүйн төлөөх итгэл найдварыг өгдөг байсан болов уу гэж гайхдаг.

Яг л Иосефын ээж Рахелыг дурсан санасан шиг (Эхлэл 30:22), мэдээж Бурхан Иосефыг дурсан санадаг байсан. Иосеф таагүй нөхцөл байдлуудад ч ивээгдэхээр адислагдсан байсан. Бурханаасаа урваж, зүхэхийн оронд Иосеф гайхамшигтай итгэлийг үзүүлсэн. Түүний үр дүнд тэр агуу ихээр адислагдсан билээ.

Бид зовлон цөхрөлдөө гашуудан уйлж, магадгүй аль эрт бидэнд зориулагдсан Бурханы адислалуудаас холдуулагдахаар уруу татагдаж болно. Гэвч итгэл найдвартай үлдэх нь агуу адислалуудыг авчирна, яг л Иосефт өгөгдсөн шиг. Итгэл маань бидний хүссэнчлэн шагнагдахгүй байсан ч тэрхүү итгэлээ хөгжүүлэх нь биднийг аз жаргалтай амьдрахад тусална.

Иосефын туршлага нь Бурханы агуу хүч, мэргэн ухааны гэрчлэл юм. Олон жилийн турш Иосефын хүч чармайлт юунд ч хүргэсэнгүй. Харин Бурханы гараар дамжин Иосеф шоронгоос суллагдаж, Фараоны баруун гарын хүн (Эхлэл 41:41–43-г үз) болдог. Иосеф ийм зүйлийг урьдчилан харж эсвэл агуу боломжуудыг урьдаас мэдэрч байсан болов уу?

Заримдаа бид ямар нэгэн зүйлийг гүйцэлдүүлэх гэж маш их хичээдэг. Гэвч бидний хүч чармайлт ямар ч агуу байсан үүргээ гүйцэлдүүлж чаддаггүй. Тэнгэрлэг Эцэг бидний итгэл, дуулгавартай байдлын дагуу санаснаас маань ч ихээр адисална гэдгийг би мэднэ. Хэрэв би Иосеф шиг хамгийн хүнд хэцүү үед—Их Эзэний цаг үед—сайн төрх байдалтай, ухаалаг байх юм бол Тэр “Өөрийн ариун мутрыг” (Исаиа 52:10) үзүүлэх болно. Нөр хөдөлмөр маань дэмий үрэгдэхгүй. Тэрээр биднийг дурсан санах болно. Тэрээр байнга мэдэж байх ба хэрэв бид итгэлтэй байх аваас хүн бүрт зориулан хадгалсан сайн зүйлс Түүнд бий.

Абрахам: Бүхнээс илүүтэй Бурхандаа хайртай

Хэдэн жилийн өмнө хэн нэгэнтэй болзож байгаад болих нь асар их сэтгэл зовоосон асуудал байлаа. Аль эртнээс гон бие байгаадаа сэтгэл зовниж байсан миний хувьд, надад тохирох хүн олдоно гэдэгт эргэлзэж байв.

Гэвч удалгүй Исаакыг золиослохыг зарлигдуулсан Абрахамын түүх санаанд минь орсон юм (Эхлэл 22:1–14-г үз). Абрахам бид хоёр хоёул хайртай нэгнээ өгөх тушаал авсан мэт санагдлаа. Мэдээж, миний туршлага Абрахамынхтай харьцуулахад юу ч биш боловч түүнийг дагах ёстойг энэ туршлага надад зааж буйг би олж мэдсэн юм.

Абрахам Сара нар хүүтэй болохыг маш удаан хүлээсэн билээ. Исаакын төрөлт ид шид байсан ба Абрахамд “Исаак дотор чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ” (Еврей 11:18) гэж хэлсэн. Гэсэн ч Их Эзэн Исаакыг золиослохыг Абрахамд зарлигласан. Хэрэв Исаак золиослогдох юм бол Абрахамын удмынхан гэж хэрхэн “нэрлэгдэх” билээ?

Үүнийг мэдэж байсан ч—Их Эзэн хэрхэн—Өөрийн амлалтыг сахихыг мэдээгүй ч Абрахам дуулгавартай байсан. Хүүгээ гэсэн хайр нь агуу байсан ч түүний хариу үйлдэл Их Эзэндээ бүхнээс илүү хайртайг нь харуулсан. Яг үүнтэй ижил зүйлийг хийхийг биднээс хүссэн (C ба Г 101:4–5-г үз) ба бидний итгэлтэй байдлын төлөө агуу амлалт (Maтай 24:13-г үз) бий. Үерхэл маань төгсгөл болоход надад маш хэцүү байлаа. Гэрлэнэ гэдэг амлалт хүлээн авсан болохоор үерхлээ орхиод явах яг л амлалтаа гүйцэлдүүлэлгүй орхиж байгаа юм шиг л санагдаж байв. Гэсэн ч амлалт маань найдвар өгч, дахин үзээд алдахад мөн Тэнгэрлэг Эцэгтээ бүхнээс илүү хайртайгаа харуулахад минь тусалсан.

Абрахамын итгэлтэй байдал зөвхөн түүний хүүгийн амиар бус мөн тоолшгүй их баялаг, бусад адислалуудаар шагнагдсан билээ (Эхлэл 22:15–18-г үз). Биднээс хүсэх золиослолуудыг хийж, Түүнд хайраа үзүүлснээр бид ч мөн шагналыг хүртэх болно. Энэ нь бидний итгэлийн сорилтонд чухал юм.

Захариа: Бурханы амлалт бодит гэдэгт итгэ

Хэрэв өөрсдөө хүсч, итгэлтэй байх юм бол мөнхийн гэрлэлтээр адислагдах болно гэсэн амлалт шиг Их Эзэний бидэнд өгдөг амлалтууд хэзээ, хэрхэн биелэгдэхийг бид мэдэхгүй. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф энэ логик зөрчлийн тухай заахдаа “тэр бүү хэл бидний эргэн тойрны бүх юмс [бидний] итгэлийг үгүйсгэхэд бид ямар нэгэн зоригтой шийдвэр гаргах шаардлагатай үе байх болно” гэсэн.1

Захариа ба түүний эхнэр Элизабет амьдралынхаа турш хүүхэдтэй болохын төлөө итгэлтэйгээр залбирч, хүлээдэг байсан. Эцэст нь Захариа дээр тэнгэр элч ирж, түүний хөгшин болсон эхнэр жирэмсэлж, Аврагчийн замыг бэлтгэх хүүхэд гаргах болно гэж амладаг. Энэ нь Захариад ойлгомжгүй байсан ч үнэхээр агуу адислал байлаа. Хэдийгээр тэнгэр элч үүнийг тунхагласан ч Захариа “Би үүнийг хэрхэн мэдэх билээ?” гэж асуудаг. (Лук 1:18).

Захариагийн адил бидний хүсэл тэмүүлэл—эсвэл амлагдсан амлалтууд—итгэмээргүй бүтэшгүй мэт санагдаж, “Бурханд бүх зүйл боломжтой” (Maтай 19:26) гэдгийг бид мартдаг. Захариагийн туршлага надад Тэнгэрлэг Эцэгийн хамгийн агуу амлалтууд бодит бөгөөд Тэрээр үргэлж амлалтандаа хүрдэг гэдгийг сануулсан юм.

Зөвхөн Иосеф, Абрахам, Захариагийн түүхүүд нь итгэлийг минь бэхжүүлж, надад найдварыг өгсөн түүхүүд бус. Итгэл нь Их Эзэний надад амласны дагуу итгэлтэй байхыг минь сануулсан тоолшгүй олон хүмүүсийн тухай судрын баримтууд бий. Их Эзэн үргэлж Өөрийн амлалтуудыг сахидаг гэдгийг дурдаагүй судрын бүлгийг олоход хэцүү. Энэ ойлголт надад ирээдүйдээ итгэх агуу найдварыг өгдөг.

Эшлэл

  1. Диетер Ф.Угдорф, “Итгэл найдварын хэмжээлшгүй их хүч” Лиахона, 2008 оны арваннэгдүгээр сар, 23.

Чимэглэлийг Жефф Ворд