2025
Та нарын ирээдүйн төлөө өгөх тусламж ба удирдамж
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Та нарын ирээдүйн төлөө өгөх тусламж ба удирдамж

Амьдрал үргэлж та нарын төлөвлөгөөний дагуу явдаггүй ч Их Эзэнд найдах нь амьдралыг тань илүү сайхан болгож өөрчлөх болно.

асуултын тэмдэгтэй хүн ба замын тэмдэг

Заримдаа дэлхий тодорхойгүй зүйлсээр дүүрэн мэт санагдаж болно. Та нарын ирээдүйд юу тохиолдох бол гэж та нар бодож байж магадгүй. Би ч бас ингэж мэдэрч байсан.

Би 16 настай байхдаа эцэг эхийн хамт Сүмд орсон юм. Тэр үед би их ичимхий хүүхэд байлаа. Сүмд нэгдсэний дараа би өөртөө итгэлтэй болсон. Би хэн болохоо, хаанаас ирснээ, яагаад энд байгаагаа, энэ амьдралын дараа хаашаа явахаа мэдэж авсан.

Би амьдралдаа юу хийхээ нарийн тодорхой мэдэхгүй ч илүү сайхан ирээдүй өөд хөтлөх тусламж, удирдамж байдгийг тэгэхэд ухаарсан юм.

Та нарт ч энэ нь мөн адил юм!

Бошиглогчоос ирэх удирдамж

Бошиглогч, ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг (1895–1985) 1975 онд Өмнөд Солонгост айлчлах үед би 17 настай байлаа. Би түүнийг 400 орчим солонгос өсвөр үеийнхэн дуу хоолойг нь сонсохоор цугларсан цуглаан дээр харж билээ.

Ерөнхийлөгч Кимбалл багаасаа хэрхэн өдөр бүр судар судалж, залбирдаг байснаа хуваалцсан. Тэрээр эн тэргүүнд тавих зүйлээ тодорхойлохын ач холбогдлын талаар ярьсан. Тэрээр бидэнд семинарт явж, номлолд болон мөнхийн гэрлэлтэд бэлтгэж, авралын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэрээр мөн гэрчлэлээ хуваалцсан.

Бошиглогчийн үгс бодол санааг минь гэгээрүүлсэн юм. Би ахлах сургуульд сурч байсан ч, хичээлдээ сонирхолгүй байлаа. Би спортод дуртай байсан! Боломж гарвал хөл бөмбөг тоглож, хичээлээ хийхийн оронд ихэнхдээ тоглодог байв. Би сайн сурагч байгаагүй. Бошиглогчийг сонссоныхоо дараа би хөл бөмбөг тоглох дуртай хэвээр байсан ч, зарим эн тэргүүнд тавих зүйлүүдээ тогтоохоор шийдсэн юм.

Би хичээл хийхийн тулд чадах бүхнээ хийх болно. Би номлолд үйлчилж, ариун сүмд лацдан холбогдож, аз жаргалтай гэр бүлтэй болно. Ийм сайхан ирээдүйг бий болгохыг хүсвэл, юу ч тохиолдсон бошиглогчийг дагах хэрэгтэй гэдгийг би мэдэж байлаа.

Та нарт бүхий л боломж байж, сорилтуудтай тулгарах ч, амьд бошиглогчдын өгдөг удирдамжийг дагах юм бол та нар алзахгүй.

Тодорхой бус номлол

Би номлолд үйлчлэх шийдвэр төгс байсан ч Өмнөд Солонгост цэргийн алба заавал хаах ёстой байдаг. Ахлах сургуулиа төгсөөд олон залуу цэрэгт явж, албан үүргээ биелүүлж, тэр даруй боловсрол эзэмшиж, ажилд ордог байв. Номлолын үйлчлэлд дахиад хоёр жилээ өгөх нь хэцүү байлаа. Тухайн үед цөөн хэдэн солонгос ахлагч байдаг байсан.

Би 19 нас хүрээд амлалтаа биелүүлж, номлолынхоо өргөдлөө бэлдэж, илгээв. Би Солонгосын Бусан номлолд үйлчлэхээр дуудагдав. Жилийн дараа би цэргийн албанд татагдлаа. Номлолоо зогсоохоос өөр аргагүй болсондоо би маш их гунигтай байв.

Гурван жилийн дараа цэргийн албаа дуусгах үед надад номлолоо дуусгаагүй мэт санагдаж билээ. Хүн бүр л надад “Чи аль хэдийн номлолд үйлчилсэн. Их Эзэн чиний нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа тиймээс нэг жил үйлчлэх нь асуудал биш.”

Би семинарын сайн найзаасаа яах ёстойгоо асуув. Тэр намайг номлолдоо дахиад нэг жил үйлчлэх болно гэдгийг мэдэж байгаагаа хэлсэн юм. Түүний итгэл надад илүү их үйлчлэх итгэлийг өгч, урам зориг өгч билээ. Би номлолынхоо хоёр дахь жилд Солонгосын Сөүл номлолд үйлчилсэн. Би номлолоо дуусгахдаа 25 настай байлаа. Хожим нь би өнөөх найзтайгаа гэрлэж, бид Хавайн Лаиэ ариун сүмд лацдан холбуулсан.

Бүх зүйл төлөвлөснөөр тань болохгүй ч та нар давгүй байх болно гэдгийг энэ туршлагаас би ойлгож авсан юм. Та нарын төлөвлөгөө, зорилго Их Эзэний хүсэлд нийцэж байвал Тэрээр амьдралын шийдвэрүүдэд тань туслах болно.

Сайн сайхан ирээдүй боломжтой

Хэдийгээр би хүүхэд байхдаа ямар амьдралаар амьдрахаа мэдэхгүй байсан ч сүнслэг зүйлийг нэгдүгээрт тавих нь зөвхөн энэ амьдралд төдийгүй ирэх амьдралд ч амжилтад хүрэх түлхүүр гэдгийг ойлгосон юм.

Чи баптисм хүртэхдээ Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан. Та нар хүлээн авсан сүнслэг өдөөлтүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлбэл Ариун Сүнс та нарыг хамгаалж, зөв замаар явахад чиглүүлнэ. Мөн та нар тайтгарал, амар амгаланг мэдрэх болно.

Та нар ирээдүйдээ бэлтгэхдээ дараах зүйлсийг санаж яваарай:

  • Судраас судал.

  • Үргэлжлүүлэн залбир.

  • Бошиглогчийг дага.

  • Үргэлж Их Эзэнд найд.

Би та нарын насан дээр байхдаа Түүний зан чанар, шинжүүдийн тухай мөн хэрхэн Түүнтэй илүү адилхан болж болох талаар сурсан юм. Тэр бол төгс. Би энэ амьдралдаа Түүнтэй бүрэн дүүрэн адил болж чадахгүй ч чадах бүхнээ хийж, ингэснээр илүү сайн хүн болсон.

Би Есүс Христ амьд гэдгийг мэднэ. Түүний ачаар би ирээдүйдээ агуу их итгэлтэй болсон, та нар ч бас чадна!