Судрууд
Моронай 8


Бүлэг 8

Бяцхан хүүхдүүдийн баптисм бол хилэнцэт жигшүүрт үйл—Бяцхан хүүхдүүд Цагаатгалын улмаас Христээр амьд—Итгэл, наманчлал, номхон даруу байдал, мөн зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанар, Ариун Сүнсийг хүлээн авч, мөн эцсээ хүртэл тэвчих нь аврал тийш удирддаг. Ойролцоогоор МЭ 401–421 он.

1 Миний эцэг Мормоны, Моронай надад бичиглэсэн захидал оршвой; мөн энэ нь намайг тохинуулалд дуудагдсаны дараа, удалгүй надад хандан бичигдсэн юм. Мөн ийм байдлаар тэрээр надад хандан бичсэн билээ, өгүүлсэн нь:

2 Моронай, хайрт хүү минь, Их Эзэн Есүс Христ чамайг анхааран ханддагт, мөн өөрийн тохинуулалд, мөн ариун ажилдаа чамайг дуудсанд би үлэмж баяснам.

3 Тэрбээр өөрийн хэмжээлшгүй сайн сайхан мөн ач ивээлээр, эцсийг хүртэл түүний нэрэнд итгэх итгэлийн тэвчээрээр чамайг хадгалаасай хэмээн, Бурхан Эцэгт түүний Ариун Хүүхэд, Есүсийн нэрээр би үргэлж залбиран, чамайг залбиралдаа үргэлж анхаардаг билээ.

4 Мөн эдүгээ, миний хүү, намайг үлэмж гашуудуулж буй түүний талаар би чамд ярья; учир нь та нарын дунд маргалдаанууд гарч байгаа нь намайг шаналгаж байна.

5 Учир нь, хэрэв би үнэнийг мэдсэн аваас, бяцхан хүүхдүүдийн чинь баптисмын талаар та нарын дунд маргалдаан байгаа юм байна.

6 Мөн эдүгээ, хүү минь, та нарын дундаас энэхүү ноцтой алдаа зайлуулагдахын тулд чамайг хичээнгүйлэн хөдөлмөрлөөсэй хэмээн хүснэ би; учир нь, энэхүү зорилгын улмаас би энэ захидлыг бичиж байна.

7 Учир нь та нарын талаар эдгээр зүйлийг би олж мэдэнгүүтээ л энэ хэргийн талаар Их Эзэнээс лавлалаа. Мөн Ариун Сүнсний хүчээр Их Эзэний үг надад ирж, хэлсэн нь:

8 Өөрийн гэтэлгэгч, өөрийн Их Эзэн, мөн өөрийн Бурхан болох Христийн үгсийг сонс. Болгоогтун, би дэлхийд зөв шударгыг үйлдэгчдийг бус, харин нүгэлтнүүдийг наманчлалд дуудахаар ирсэн билээ; эрүүлд эмчийн хэрэгцээ үгүй, харин өвчтэй тэдэнд хэрэгтэй; иймийн тул, бяцхан хүүхдүүд эрүүл, учир нь тэд нүгэл үйлдэх чадваргүй юм; иймийн тул Адамын зүхэл нь тэднээс надаар зайлуулагдсан болой, тиймээс тэр нь тэдний дээр хүчгүй болой; мөн хөвч хөндөх хууль надаар эцэс болсон юм.

9 Мөн энэ маягаар Ариун Сүнс надад Бурханы үгийг мэдүүлсэн буюу; иймийн тул, хайрт хүү минь, та нар бяцхан хүүхдүүдэд баптисм хүртээх нь Бурханы өмнөх ноцтой элэглэл болохыг би мэднэ.

10 Болгоогтун дараах зүйлийг чи заах болно гэдгийг би чамд хэлье—Хариуцлага хүлээх мөн нүгэл үйлдэх чадвартай тэдэнд наманчлал мөн баптисмыг; тийм ээ, эцэг эхчүүдэд наманчилж мөн баптисм хүртэн, мөн бяцхан хүүхдүүдийнхээ адил өөрсдийгөө даруухан болгох ёстой, тэгвэл тэд бүгд бяцхан хүүхдүүдийнхээ хамт аврагдах болно гэдгийг заагтун.

11 Мөн тэдний бяцхан хүүхдүүдэд наманчлал ч, бас баптисм ч огт хэрэггүй болой. Болгоогтун, нүглийн ангижралд хүргэх зарлигуудыг биелүүлэхийн тулд наманчлалын үр дүнд баптисм хүртдэг.

12 Харин бяцхан хүүхдүүд бүр дэлхийн үүслээс Христээр амьд; хэрэв тийм бус аваас, Бурхан нь ялгаварлагч Бурхан, мөн түүнчлэн хувирамтгай Бурхан, мөн нүүр тал харагч болно; учир нь хэчнээн олон бяцхан хүүхэд баптисмгүйгээр нас нөгчсөн билээ!

13 Иймийн тул, хэрэв бяцхан хүүхдүүд баптисмгүйгээр аврагдаж чаддаггүй бол, тэд эцэсгүй тамд одсон байх ёстой болно.

14 Болгоогтун би та нарт хэлнэ, бяцхан хүүхдүүдэд баптисм хэрэгтэй хэмээн боддог тэр нь гашуудлын гүнд мөн алдсын хүлээст байгаа буюу; учир нь түүнд итгэл, найдвар, мөн төгс хайр ч үгүй болой; иймийн тул, тэрбээр уг бодолдоо үхвээс, тэрбээр там руу явах ёстой.

15 Учир нь Бурхан баптисмын улмаас нэг хүүхдийг авардаг, мөн нөгөө нь баптисм хүртээгүй тул эрсдэх ёстой хэмээн бодохын ёс бус нь аймшигтай юм.

16 Энэ маягаар Их Эзэний замуудыг гажуудуулдаг тэдэнд халаг, учир нь тэд наманчлахгүй аваас тэд мөхөх болно. Болгоогтун, би Бурханы эрх мэдэлтэй учир зоригтойгоор ярьж байна; мөн би хүний юу хийж чадахаас үл айна; учир нь төгс хайр бүх айдсыг зайлуулдаг.

17 Мөн би үүрдийн хайр болох төгс хайраар дүүргэгдсэн; иймийн тул, бүх хүүхдүүд миний хувьд адил юм; иймийн тул, би бяцхан хүүхдүүдийг төгс хайраар хайрладаг; мөн тэд бүгд адилхан мөн авралыг хүртэгчид бөлгөө.

18 Учир нь Бурхан бол ялгаварлагч Бурхан биш, мөн хувирамтгай нэгэн бишийг; харин тэрбээр бүх үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд өөрчлөгдөшгүйг би мэднэ.

19 Бяцхан хүүхдүүд наманчилж чадахгүй; иймийн тул, Бурханы цэвэр ариун нигүүлслийг тэдэнд үгүйсгэх нь аймшигт ёс бус явдал мөн, учир нь түүний нигүүлслийн улмаас тэд бүгд түүгээр амьд юм.

20 Мөн бяцхан хүүхдүүдэд баптисм хэрэгтэй хэмээн хэлэх тэр нь Христийн нигүүлслийг үгүйсгэж, мөн түүний цагаатгалыг болон түүний гэтэлгэлийн хүчийг үл ойшоож буй хэрэг.

21 Тэдэнд халаг, учир нь тэд үхлийн, тамын, мөн төгсгөлгүй тарчлалын аюулд байна. Би үүнийг зоригтойгоор хэлнэ; Бурхан надад зарлиг болгосон юм. Тэдгээрийг сонс мөн анхаарал тавь, эсвээс тэдгээр нь Христийн шүүлтийн суудалд та нарын эсрэг зогсох болно.

22 Учир нь болгоогтун бүх бяцхан хүүхдүүд, мөн түүнчлэн хуульгүй орших тэд бүгд Христээр амьд юм. Учир нь гэтэлгэлийн хүч хуульгүй тэд бүгдэд хамаардаг; иймийн тул, буруутгагдаагүй тэр нь, өөрөөр хэлбэл буруутгал дор эс орших тэр нь наманчилж чадахгүй; мөн тийм нэгэнд баптисм ямар ч тусгүй юм—

23 Харин энэ нь Бурханы өмнөх элэглэл бөгөөд Христийн нигүүлслийг, мөн Ариун Сүнсний хүчийг үгүйсгэж, мөн үр шимгүй үйлүүдэд найддаг юм.

24 Болгоогтун, хүү минь, энэ зүйл тохиох учиргүй; учир нь наманчлал нь буруутгал дор буй мөн зөрчигдсөн хуулийн зүхэл дор буй тэдний төлөө юм.

25 Мөн наманчлалын анхны жимс бол баптисм юм; мөн зарлигуудыг биелүүлэхийн тулд итгэлээр баптисм хүртдэг; мөн зарлигуудыг биелүүлэх нь нүглүүдийн ангижралыг авчирдаг;

26 Мөн нүглүүдийн ангижрал нь номхон даруу байдал мөн зүрх сэтгэлийн хүлцэнгүй байдлыг авчирдаг; мөн номхон даруу байдал болон зүрх сэтгэлийн хүлцэнгүй байдлын улмаас Ариун Сүнсний айлчлал нь ирдэг, тэрхүү Тайтгаруулагч нь найдвар болон төгс хайраар дүүргэх буюу, тэрхүү хайр нь бүх гэгээнтнүүд Бурхантай хамт орших эцсийг ирэх хүртэл залбиралд хичээнгүй байснаар тэсдэг болой.

27 Болгоогтун, хүү минь, хэрэв ойрын үед би леменчүүдийн эсрэг явахгүй бол, би чамд дахин бичих болно. Болгоогтун, энэ үндэстний буюу нифайчуудын ард түмний бардамнал, тэд наманчлахгүй аваас, тэднийг устгалд хүргэж байна.

28 Тэдэнд наманчлал ирээсэй хэмээн тэдний төлөө залбир, хүү минь. Гэвч болгоогтун, Сүнс тэдэнд нөлөөлөхийг хичээхээ больсон болов уу хэмээн айна би; мөн уг нутгийн энэ хэсэгт тэд Бурханаас ирэх бүх хүч болон эрх мэдлийг унагахаар бас эрэлхийлж байна; мөн тэд Ариун Сүнсийг үгүйсгэж байна.

29 Мөн ийм агуу нэгэн мэдлэгийг эсэргүүцсэний дараа, хүү минь, бошиглогчдоор хэлэгдсэн бошиглолуудыг, мөн түүнчлэн Аврагчийн маань өөрийнх нь үгсийг гүйцэлдүүлэн тэд удахгүй мөхөх ёстой.

30 Хүү минь, би чамд дахин бичих хүртэл, эсвээс чамтай дахин уулзах хүртэл салах ёс гүйцэтгэе. Амен.