Судрууд
Моронай 7


Бүлэг 7

Их Эзэний амралтад орох урилга тунхаглагдав—Чин эрмэлзэлтэйгээр залбир—Христийн Сүнс сайныг хилэнцтээс ялгаж мэдэх чадварыг хүмүүст олгодог—Сатан, Христийг үгүйсгэхийг мөн хилэнц үйлдэхийг хүмүүст ятгадаг—Бошиглогчид Христийн ирэлтийг илчилдэг—Итгэлээр гайхамшгууд үйлдэгдэж мөн тэнгэр элч нар тохинуулдаг—Хүмүүс мөнх амьдралд найдан, төгс хайраас зууран барих ёстой. Ойролцоогоор МЭ 401–421 он.

1 Мөн эдүгээ Моронай би, итгэл, найдвар, мөн төгс хайрын талаар ярьсан өөрийн эцэг Мормоны үгсээс цөөн хэдийг бичье; учир нь шүтлэгийн газар болгохоор тэдний барьсан синагогт тэдэнд зааж байхдаа тэрээр хүмүүст энэ маягаар ярьсан ажээ.

2 Мөн эдүгээ Мормон би, та нарт хандан ярья, хайрт ах дүү нар минь; мөн Бурхан Эцэг, мөн бидний Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр, мөн түүний ариун тааллаар, түүний надад өгсөн дуудлагын бэлгийн учир, би энэ удаа та нарт ярих нь зөвшөөрөгдсөн билээ.

3 Иймийн тул, би сүмийнх болох та нарт, Христийн амгалан дөлгөөн дагалдагчид болох та нарт, мөн энэ цагаас хойш та нар тэнгэрт түүнтэй амрах болтлоо, Их Эзэний амралтад орж чадахаар хангалттай найдварыг олж авсан та нарт ярья.

4 Мөн эдүгээ ах дүүс минь, та нар хүмүүсийн үрстэй хамт амгалан дөлгөөн алхдагийн тань учир, та нарын талаар би эдгээр дүгнэлтэд хүрэв.

5 Учир нь тэдний үйлүүдээр та нар тэднийг мэдэх болно хэмээсэн Бурханы тэрхүү үгийг би санаж байна; учир нь хэрэв тэдний үйлс сайн байх аваас, тэгвэл тэд ч түүнчлэн сайн бөлгөө.

6 Учир нь болгоогтун, хүмүүн нь хилэнцэт байваас сайн болох түүнийг үйлдэж чадахгүй гэж Бурхан хэлжээ; учир нь хэрэв тэр бэлэг өргөж, эсвээс Бурханд залбирлаа ч, тэрбээр үүнийг чин эрмэлзэлтэйгээр хийхгүй аваас, энэ нь түүнд ямар ч ашиггүй байх болно.

7 Учир нь болгоогтун, энэ нь түүний хувьд зөв шударга хэмээн тооцогдохгүй.

8 Учир нь болгоогтун, хэрэв хилэнцэт нэгэн бэлэг өгвөөс, тэр үүнийгээ дурамжхан үйлддэг; иймийн тул энэ нь түүний хувьд уг бэлгийг өөрөө авч үлдсэнтэй нэгэн адил тооцогддог; иймийн тул тэр Бурханы өмнө хилэнцэт хэмээн тооцогддог бөлгөө.

9 Мөн түүнчлэн үүний нэгэн адилаар хэрэв тэр залбирахдаа зүрх сэтгэлийн чин эрмэлзэлтэйгээр бус аваас, энэ нь хүмүүнд хилэнцэт хэмээн тооцогдох ажгуу; тийм ээ, мөн энэ нь түүнд ямар ч ашиггүй, учир нь Бурхан тийм хэнийг ч хүлээн авдаггүй.

10 Иймийн тул, хилэнцэт хүмүүн нь сайн болох тэрийг хийж чаддаггүй; бас тэрбээр сайн бэлэг ч өгөхгүй.

11 Учир нь болгоогтун, гашуун эх булаг сайн усыг өгч чадахгүй; бас сайн эх булаг нь гашуун усыг өгдөггүй; иймийн тул, чөтгөрийн зарц хүн Христийг дагаж чадахгүй; мөн хэрэв тэрбээр Христийг дагавал тэр чөтгөрийн зарц байж чадахгүй.

12 Иймийн тул, сайн бүх зүйл Бурханаас ирдэг; мөн хилэнцэт тэр нь чөтгөрөөс ирдэг; учир нь чөтгөр бол Бурханы дайсан, мөн үргэлж түүний эсрэг тулалддаг, мөн нүгэл үйлдэхэд, мөн хилэнцэт тэдгээрийг үйлдэхэд үргэлж урьж мөн татдаг буюу.

13 Гэвч болгоогтун, Бурханых болох тэр нь үргэлж сайныг үйлдэхэд урьж мөн татдаг; иймийн тул, сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар өдөөгдсөн байдаг.

14 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, та нар хилэнцэт болох тэр нь Бурханаас хэмээн, эсвээс сайн мөн Бурханаас болох тэр нь чөтгөрөөс байдаг хэмээн бодохгүй байхыг анхаарагтун.

15 Учир нь болгоогтун, ах дүүс минь, та нар сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд шүүх чадвар нь та нарт өгөгдсөн билээ; мөн та нар төгс мэдлэгээр мэдэж болохын тулд шүүх арга нь тодорхой байдаг, өдрийн гэрлийг шөнийн харанхуйгаас ялгах нь амархан байдаг лугаа буюу.

16 Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрд, тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг; иймийн тул, би та нарт шүүх аргыг үзүүлье; учир нь Христэд итгэхэд ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно.

17 Гэвч хилэнцтийг хийхийг мөн Христэд үл итгэхийг, түүнийг үгүйсгэхийг, мөн Бурханд эс үйлчлэхийг хүмүүст ятгах юуг боловч, тэгвэл та нар энэ нь чөтгөрөөс гэдгийг нь төгс мэдлэгээр мэдэж болно; учир нь чөтгөр энэ маягаар ажилладаг, тодруулбал тэрбээр сайныг хийхийг хүмүүнд ятгадаггүй, үгүй, хэнд ч үгүй; бас түүний элч нар ч гэсэн адил; бас түүнд өөрсдийгөө харьяалуулах тэд ч үүний адил буюу.

18 Мөн эдүгээ, ах дүүс минь, түүгээр шүүж болох гэрлийг, Христийн гэрэл болох тэрхүү гэрлийг та нар мэдэх учир, буруугаар шүүхгүй байхаа мэдэгтүн; учир нь та нар шүүх тэрхүү шүүлтээрээ түүнчлэн шүүгдэх болно.

19 Иймийн тул, ах дүүс минь, та нар сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тул Христийн гэрлээр шаргуу судлахыг би та нараас гуйя; мөн хэрэв та нар сайн зүйл болгоноос зууран барьж, мөн үүнийг үл шүүмжлэх аваас, та нар гарцаагүй Христийн хүүхэд байх болно.

20 Мөн эдүгээ, ах дүүс минь, та нар сайн зүйл болгоноос зууран барих нь хэрхэн боломжтой байх вэ?

21 Мөн эдүгээ би ярина хэмээсэн тэрхүү итгэлийн тухай ярья; мөн та нар сайн юм болгоноос зууран барьж болох арга замыг та нарт би хэлье.

22 Учир нь болгоогтун, үүрдээс үүрдэд оршдог учир Бурхан бүх зүйлийг мэддэг, болгоогтун, тэрбээр Христийн ирэлтийн талаар хүмүүсийн үрсэд тохинуулуулахаар; мөн Христээр сайн юм болгон ирэхийг мэдүүлэхээр тэнгэр элч нарыг илгээсэн болой.

23 Мөн түүнчлэн, Христ ирэх болно хэмээн Бурхан өөрийн амаар бошиглогчдод тунхагласан билээ.

24 Мөн болгоогтун, тэрбээр хүмүүсийн үрсэд сайн болох зүйлсийг тунхагласан олон янзын аргууд байсан; мөн сайн бүх зүйл Христээс ирдэг; өөрөөр бол хүмүүс нь унасан байсан, мөн тэдэнд ямар ч сайн зүйл ирэх аргагүй байсан билээ.

25 Иймийн тул, тэнгэр элч нарын тохинууллаар, мөн Бурханы амнаас гарсан үг бүрээр, хүмүүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж эхэлсэн юм; мөн тийн тэд итгэлээр, сайн юм болгоноос зууран барив; мөн энэ нь Христийн ирэлт хүртэл тийн байсан болой.

26 Мөн түүнийг ирсний дараа ч хүмүүс түүнчлэн түүний нэрэнд итгэх итгэлээр аврагдсан юм; мөн итгэлээр, тэд Бурханы хүүхдүүд болно. Мөн Христ амьд нь гарцаагүйн адил тэрбээр эдгээр үгийг бидний эцэг өвгөдөд ярьсан, үүнд хэлрүүн: Та нар хүлээж авах болно хэмээн итгэх итгэлтэйгээр, миний нэрээр Эцэгээс гуйх, сайн болох юм юу боловч, болгоогтун энэ нь та нарт хийгдэх болно.

27 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, Христ тэнгэр өөд дээшлэн одсон учраас, мөн хүмүүсийн үрсийн дээрх өөрийн нигүүлслийн эрхийг Эцэгээсээ нэхэхээр Бурханы баруун мутар талд суулаа гээд гайхамшгууд байхаа больсон гэж үү?

28 Учир нь тэрбээр хуулийн шаардлагуудыг хангасан, мөн тэрбээр өөрт итгэлтэй тэд бүгдийн дээр эрхтэй; мөн түүнд итгэлтэй тэд сайн зүйл болгоноос зууран барих болно; иймийн тул тэрбээр хүмүүсийн үрсийн байр суурийг өмгөөлдөг; мөн тэрбээр мөнхөд тэнгэрт оршдог.

29 Мөн тэрбээр үүнийг хийлээ гээд, хайрт ах дүү нар минь, гайхамшгууд байхаа больсон гэж үү? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; бас тэнгэр элч нар ч хүмүүсийн үрсэд тохинуулахаа больсон нь үгүй.

30 Учир нь болгоогтун, тэнгэр элч нар нь хүчит итгэлтэй мөн гуйвшгүй оюун бүхий тэдэнд бурханлаг байдал бүрээр өөрсдийгөө үзүүлэхээр, түүний зарлигийн үгийн дагуу тохинуулахаар түүнд харьяалагддаг.

31 Мөн хүмүүсийг наманчлалд дуудах нь, мөн хүмүүсийн үрстэй түүний хийсэн, Эцэгийн гэрээнүүдийн ажлыг хийж мөн гүйцэлдүүлэх нь, Их Эзэний сонгогдсон тээгчид түүний тухай гэрчлэлийг хуваалцаж болохын тулд Христийн үгийг тэдэнд тунхагласнаар хүмүүсийн үрсийн дунд замыг бэлтгэх нь тэдний тохинууллын алба юм.

32 Мөн эдгээрийг хийснээр, Их Эзэн Бурхан үлдсэн бусад хүмүүс Христэд итгэлтэй байж болох замыг бэлтгэдэг, түүний хүчний дагуу Ариун Сүнс тэдний зүрх сэтгэлд байр эзэлж болохын тулд буюу; мөн Эцэг өөрийн хүмүүсийн үрстэй хийсэн гэрээнүүдийг энэ маягаар улируулан тохиолгодог.

33 Мөн Христ хэлсэн байдаг: Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд зүйтэй болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно.

34 Мөн тэрбээр: Газар дэлхийн хязгаарууд та нар бүгд аврагдаж болохын тулд та нар наманчлагтун, мөн надад ирж, мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, мөн надад итгэлтэй байгтун хэмээн хэлдэг.

35 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, хэрэв та нарт миний ярьсан эдгээр зүйл үнэн байх аваас, мөн тэдгээр нь үнэнийг Бурхан эцсийн өдөр хүчтэйгээр мөн агуу сүр жавхлангаар та нарт үзүүлэх болно, мөн хэрэв тэдгээр нь үнэн аваас гайхамшгуудын үе дууссан гэж үү?

36 Эсвээс тэнгэр элч нар хүмүүсийн үрсэд үзэгдэхээ больсон гэж үү? Эсвээс тэрбээр Ариун Сүнсний хүчийг тэднээс харамласан гэж үү? Эсвээс тэр, цаг хугацаа үргэлжлэн байхад, эсвээс газар дэлхий оршсоор байхад, эсвээс үүний гадаргуу дээр аврагдаж болох нэг хүн байхад тэгнэ гэж үү?

37 Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; учир нь итгэлээр гайхамшгууд үйлдэгддэг бөлгөө; мөн хүмүүст итгэлээр тэнгэр элч нар үзэгдэж мөн тохинуулдаг юм; иймийн тул, хэрэв эдгээр зүйл байхаа больсон бол хүмүүсийн үрсэд халаг болог, учир нь энэ бол итгэлгүйн улмаас, мөн тиймийн тул бүгд дэмий хэрэггүй болой.

38 Учир нь Христийн үгсийн дагуу, түүний нэрэнд итгэлтэй бус аваас ямар ч хүн аврагдаж чадахгүй; иймийн тул, хэрэв эдгээр зүйл байхаа больсон гэвэл, тэгвэл итгэл ч түүнчлэн үгүй болжээ; мөн хүмүүний байдал аймшигтай болой, учир нь тэд гэтэлгэл хийгдээгүй мэт байх болно.

39 Гэвч болгоогтун, хайрт ах дүү нар минь, би та нарын талаар илүү сайн дүгнэлтэд хүрэв, учир нь номхон даруу байдлынхаа улмаас Христэд итгэх итгэл та нарт байгаа хэмээн би дүгнэв; учир нь хэрэв та нар түүнд итгэлгүй аваас, тэгвэл та нар түүний сүмийн хүмүүсийн дунд тоологдох нь тохиромжгүй билээ.

40 Мөн тэрчлэн, хайрт ах дүү нар минь, би та нарт найдварын талаар яримаар байна. Та нар найдвар үгүй бол хэрхэн итгэлийг олж чадах билээ?

41 Мөн та нар юуны төлөө найдах билээ? Болгоогтун та нар Христийн цагаатгалын, мөн түүний амилалтын хүчээр мөнх амьдралд босгогдоход найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь та нар түүнд итгэлтэйн учир, амлалтын дагуу болой.

42 Иймийн тул, хүмүүн итгэлтэй байх аваас тэрээр найдварыг агуулах нь гарцаагүй; учир нь итгэлгүйгээр ямар ч найдвар байж чадахгүй.

43 Мөн тэрчлэн, болгоогтун би та нарт хэлнэ, тэр хүлцэнгүй, мөн зүрх сэтгэлдээ даруу байхгүй аваас, түүнд итгэл болон найдвар байх аргагүй.

44 Хэрэв тийм аваас, түүний итгэл болон найдвар нь үр дүнгүй, учир нь хүлцэнгүй мөн зүрх сэтгэлдээ даруу байхаас бусдаар, хэн ч Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхгүй; мөн хэрэв хүмүүн хүлцэнгүй мөн зүрх сэтгэлдээ даруу, мөн Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөг аваас, түүнд төгс хайр байх нь гарцаагүй; учир нь түүнд төгс хайр үгүй бол тэр хэн ч биш билээ; иймийн тул түүнд төгс хайр байх нь гарцаагүй.

45 Мөн төгс хайр бол удаан тэсвэрлэдэг, найрсаг сэтгэлтэй, мөн атаархах нь үгүй, мөн онгирч хөөрдөггүй, өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, амар өдөөн хатгагддаггүй, ямар ч хилэнцтийг боддоггүй, мөн алдаст баясахгүй, харин үнэнд баясдаг, бүх зүйлийг тэсвэрлэдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг.

46 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, хэрэв та нарт төгс хайр үгүй бол, та нар хэн ч биш, учир нь төгс хайр хэзээ ч мөхөхгүй. Иймийн тул, бүхнээс илүү агуу тэрхүү төгс хайраас зууран барь, учир нь бүх зүйл хангалтгүй байх болно—

47 Харин төгс хайр бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд гуйвшгүй байдаг; мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх болно.

48 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын тулд; та нар Бурханы хүүхдүүд болж болохын тулд; бид түүнийг байгаагаар нь харах учир, тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байхын тулд; бидэнд энэ найдвар байж болохын тулд; түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд буюу. Амен.