Судрууд
Моронай 6


Бүлэг 6

Наманчлагч хүмүүс баптисм хүртэж мөн гишүүд тэдэнтэй нөхөрлөцгөөдөг—Сүмийн наманчилдаг гишүүд өршөөгддөг—Цуглаанууд Ариун Сүнсний хүчээр удирдагддаг. Ойролцоогоор МЭ 401–421 он.

1 Мөн эдүгээ би баптисмын талаар ярья. Болгоогтун, ахлагч, прист мөн багш нар баптисм хүртдэг байв; мөн тэд үүнд зохистой байгаагаа үзүүлэхүйц үр жимс гаргаагүй аваас тэд баптисм хүртдэггүй байв.

2 Бас харууссан зүрх болоод гэмшсэн сэтгэлтэйгээр ирсэн тэдгээрийг, мөн тэдгээр нь бүх нүглээ үнэхээр наманчилснаа сүмд үзүүлэхээс бусдаар бол хэнийг ч тэд баптисмд хүлээж авдаггүй байв.

3 Мөн Христийн нэрийг, төгсгөл хүртэл түүнд үйлчлэх шийдвэртэйгээр өөрсдөдөө авсан тэднээс өөр хэн ч баптисмд хүлээн авагддаггүй байлаа.

4 Мөн тэд баптисмд хүлээн авагдсаны дараа, мөн Ариун Сүнсний хүчээр нөлөөлөгдөж мөн цэвэршигдсэний дараа, тэд Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологддог байв; мөн итгэлийнх нь үүсгэгч мөн төгсгөгч нь болох Христийн гавьяат үйлс дээр л зөвхөн тулгуурлан тэднийг зөв замд байлгахаар, тэднийг залбиралд үргэлж анхааралтай байлгахаар, Бурханы сайн үгээр тэжээгдэж мөн тэд дурсагдаж болохын тулд тэдний нэрс тэмдэглэгдэв.

5 Мөн сүмийнхэн мацаг барихаар мөн залбирахаар, мөн өөр хоорондоо бодгалиудынхаа сайн сайхны талаар ярихаар ойр ойрхон цугладаг байв.

6 Мөн тэд Их Эзэн Есүсийг дурсан санаж талх, дарснаас хүртэхийн тулд ойр ойрхон цугладаг байв.

7 Мөн тэдний дунд ямар ч алдас байхгүйн тулд тэд дагаж мөрдөхдөө чанд байв; мөн алдсыг үйлдсэн нь мэдэгдсэн хэнийг боловч, мөн сүмийн гурван гэрч тэднийг ахлагчдын өмнө буруутгаж, мөн хэрэв тэд наманчлахгүй, мөн нүглээ тоочихгүй аваас, тэдний нэрс арилгагдаж, мөн тэд Христийн хүмүүсийн дунд тоологддоггүй байв.

8 Харин тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо, тэд уучлагддаг байлаа.

9 Мөн тэдний цуглаанууд нь Сүнсний нөлөөний дагуу, мөн Ариун Сүнсний хүчээр Сүмээр хөтлөгддөг байв; учир нь Ариун Сүнсний хүч тэднийг номлоход, эсвээс ухуулахад, залбирахад, эсвээс гуйхад, эсвээс дуулахад удирдсан бол, үүнчлэн тэр нь хийгддэг байв.