Өсвөр үеийнхэн
Насанд хүрэгчдийн хичээл: Цахим хэрэгслийн талаар эцэг эхчүүдэд зориулсан сургалт


Насанд хүрэгчдийн хичээл: Цахим хэрэгслийн талаар эцэг эхчүүдэд зориулсан сургалт

Дөрвөн ам бүлтэй айл

I. Оршил

Эцэг эхийн хувьд бид хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ба үүнд цахим ертөнцөд зүг чигээ аюулгүй олохыг зааж сургах багтана. Энэ хичээлээр бид цахим хэрэгслээс хамааралтай бололгүйгээр үүнд хариуцлагатай хандахад нь хүүхдүүдэд хэрхэн туслах талаар ярилцах юм. Бид цахим хэрэгслийг зорилготойгоор зөв зүйлд ашиглахад нь хүүхдүүдийг удирдан чиглүүлэхэд туслах бодит арга зам, аргачлалыг сурах болно.

II. Цахим хэрэгслийн ашиг тус, хор нөлөө

Ашиг тус

  • Сүм дэлхий даяар харилцаж, сайн мэдээг түгээхийн тулд цахим хэрэгслийг ашигладаг.

  • Цахим хэрэгсэл бидэнд дэлхийн хамтын мэдлэгээс хүртэх боломжийг олгодог ба халаасанд маань л багтчихна.

Хор нөлөө

  • Цахим хэрэгслийн хор нөлөө бол бидний цаг зав, анхаарал, боломж бололцоо, адислалуудыг дэмий үрэхэд хүргэдэг явдал юм.

  • Хэрэв бид сэрэмжтэй байхгүй бол энэ нь хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулахад хүргэж, тэр ч бүү хэл гэрээнүүд болон үнэт зүйлүүдээс маань биднийг холдуулах ямар нэг зүйлд уруу татаж мэднэ.

Филиппой 4:8

  • Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа.

Цахим хэрэгсэл ашиглаж буй гэр бүл

III. Цахим хэрэгслээс үүдэн гарах бэрхшээл

Судлаачид, шинжлэх ухааны салбарынхан болон загвар зохион бүтээгчид хүмүүсийг анхаарлаа илүү олон цагаар төвлөрүүлэхийн сацуу үүнээсээ сэтгэл ханамж авахад туслах аргачлалыг олж илрүүлжээ. Энэ нь хүнсний салбартай төстэй. Шинжлэх ухаан нь хоол хүнсийг “салахын аргагүй амттай” буюу хоолны хамгийн их таашаал өгөхүйц амтыг бий болгоход бизнесийн салбарынханд тусалсан. Цадсан байж үргэлж л дахиад идмээр санагддаг нь таны буруу гэж бодож байна уу?

Үнэндээ, тийм бас үгүй юм. Цахим хэрэгсэл өөрийн гэсэн “салахын аргагүй амттай” бөгөөд энэ нь уг амтад дурлах бидний сэтгэл хөдлөлийг болон биед буй химийн бодисуудыг өдөөдөг. Цахим хэрэгслийг ашиглахаа больж чадахгүй байгаа нь та нар өөрсдийгөө авч явах чадваргүй байна гэсэн үг үү? Аль эсвэл та нар сүнслэг байдлын хувьд сул дорой байна гэсэн үг үү? Үгүй ээ. Цахим хэрэгслийг дурлан ашиглаж байгаа нь ердийн зүйл боловч жинхэнэ асуудал нь хэрэглээгээ хянахад оршиж болох юм. Бидний анхаарлыг татахаар тэмцэлдэж буй шинжлэх ухаан, тархинд ялгарах химийн бодис, хоорондоо өрсөлдөх үйлдвэрлэгчид та нарын эсрэг зогсож байдаг бөгөөд энэ тэмцэлд бидний хүч тэнцвэргүй.

Насанд хүрэгчид ч мөн хүүхдүүдтэй адил цахим хэрэгслийн асуудалтай тулгарч болохыг ойлгох нь чухал. Бид ч бас өсвөр үеийнхэн, хүүхдүүд шиг цахим хэрэгслийн “салахын аргагүй амт”-д татагдан, цаг хугацааны баримжаагаа алдаж болно.

Цахим хэрэгслийн “салахын аргагүй амт”

  • Цахим хэрэгсэл бол дэлхийн хамтын мэдлэгт нэвтрэх боломжийг бидэнд олгодог хэрэгсэл бөгөөд үүнийг сайн сайхны төлөө ашиглаж болдог.

  • Бид цахим хэрэгсэлд хэдий чинээ их анхаарал хандуулна, цахим хэрэгсэл бүтээгчдэдээ төдий чинээ ашиг орлого олж өгч байдаг.

  • Судлаач, загвар зохион бүтээгчид биднийг цахим хэрэгслийг тогтмол ашигладаг байж, үүнээсээ сэтгэл ханамж авдаг болгохын тулд хүнсний салбарын “салахын аргагүй амт”-тай адил аргачлалыг ашигладаг.

  • Тэнгэрлэг Эцэг, бидний Аврагч хоёр нь цахим хэрэгслийг ашиглахад бидэнд тулгардаг асуудлыг мэддэг төдийгүй биднийг хүчирхэгжүүлэх болно.

2 Коринт 12:9

  • Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.

“Салахын аргагүй амт”-д автахгүй байх

  • Цахим хэрэгсэл бидний сэтгэл хөдлөлийг болон биед ялгарах химийн бодисын ялгаралтыг удирддаг өөрийн гэсэн “салахын аргагүй амттай” гэдгийг хүлээн зөвшөөр.

  • Цахим хэрэгслийг ашиглахад бэрхшээл тулгарах нь ердийн үзэгдэл. Бидний анхаарлыг татахаар тэмцэлдэж буй шинжлэх ухаан, тархинд ялгарах химийн бодис, хоорондоо өрсөлдөх үйлдвэрлэгчидтэй бид тэмцэж байна.

  • Бид өөрсдөдөө зөв асуулт тавих, төлөвлөгөө гаргах, шаардлагатай үед завсарлага авах байдлаар цахим хэрэгслийн хэрэглээгээ хянах боломжтой.

  • Үзэж буй контентоо анхаарч, гэр орондоо цахим хэрэгсэл ашиглахгүй байх газруудтай болох нь цахим хэрэгслийн “салахын аргагүй амт”-д автахгүй байхад бидэнд тусална.

Матай 26:41

  • Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм.

Эцэг эхчүүдийн хувьд бид өөрсдийн цахим хэрэгслийн хэрэглээнд сэрэмжтэй хандсанаар хүүхдүүддээ үлгэр жишээ үзүүлж чадна. Цахим хэрэгслийг хаана хязгаарлах хэрэгтэйг мэдэх мөн хэтрүүлэн хэрэглэх юм уу зүй бусаар ашиглахад хүргэх уруу таталтыг даван туулах алхмуудыг дагаснаар бид өөрсдөө болон гэр бүл дотроо цахим хэрэгслийн эрүүл хэрэглээг бий болгох боломжтой. Бид цахим хэрэгслийн хэрэглээгээ хянадаг, цахим хэрэгсэл биднийг хянадаггүй гэдгийг санаж яв.

IV. Цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах

гурван утас

A. Зорилготой байх: Цахим хэрэгслийг суралцах, бүтээхийн тулд зорилготой ашигла.

Колоссай 3:23

  • Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн.

  • “Яг одоо би цахим хэрэгслийг ямар зорилгоор ашиглаж байна вэ?,” “Хийж байгаа зүйлээ би зөв гэж мэдэрч байна уу?” гэх мэт асуултыг өөртөө тавь.

Цахим хэрэгслийг зорилготой ашиглах практик зөвлөмжүүдэд эерэг үгтэй захиас илгээх, намуун зөөлөн дуу хөгжим сонсох, өөрийн контентыг бүтээх зэрэг орно. Өөр ямар ямар хэрэглээг та нар тодорхойлж чадах вэ?

ногоон утас

Б. Төлөвлөх: Илүү сайн сонголтын төлөө урьдчилан төлөвлө.

Сургаалт үгс 16:3

  • Үйлсээ ЭЗЭНд даатга, бодол санаа чинь биелнэ.

  • “Цахим хэрэгсэл ашиглахад зориулсан миний төлөвлөгөө юу вэ?,” “Би цагаа хэр ашигладгаа Бурханд хэрхэн харуулж байна вэ?” зэрэг асуултыг өөртөө тавь.

Илүү зөв сонголтын төлөө урьдчилан төлөвлөх практик зөвлөмжүүдэд өдөр бүр дэлгэцэд зарцуулах цагтаа хязгаар тогтоох, зөвхөн ойр дотнын гэр бүл, найз нөхдөө дагаж, тэдэнтэй холбогддог байх, гэртээ цахим хэрэгсэл ашигладаггүй газартай болох, гэр бүлээрээ цахим хэрэгслээ цэнэглэх хэсэг бий болгох, шүүлтүүр ашиглах зэрэг орно. Өөр ямар ямар арга танд болон таны хүүхдүүдэд цахим хэрэгслийг ашиглах тал дээр илүү зөвийг сонгоход тусалж болох вэ?

улбар шар утас

В. Завсарлах: Шаардлагатай үед завсарлага ав.

Дуулал 46:10

  • Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн.

  • “Би буруу эсвэл ашиггүй гэдгийг нь мэдэж байгаа контентоос зайлсхийж байна уу?,” “Сүнс намайг орхиж байгааг би мэдэрсэн үү?” гэх зэрэг асуултыг өөртөө тавь.

Цахим хэрэгслээс завсарлага авах практик зөвлөмжүүдэд цахим хэрэгслээ доош тавих, холдох, хүч чадлын төлөө залбирах, хэн нэгэнтэй ярилцах зэрэг орно. Шаардлагатай үед танай гэр бүл цахим хэрэгслээс хэрхэн завсарлага авч болох вэ?

улаан утас

V. Бүлгийн хэлэлцүүлэг

Цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах практик арга замуудын талаар ярилцсан тул одоо бүгдээрээ энэ талаар бүлгээрээ хэлэлцье. Цахим хэрэгслийн талаарх туршлагаа мөн амьдрал дээрх хэрэглээгээ хэрхэн зохицуулж байгаа талаар та бүхэн хуваалцана уу.

  1. Гэртээ цахим хэрэгслийн хэрэглээгээ хянахад тулгардаг хамгийн том бэрхшээлүүд юу вэ?

  2. Цахим хэрэгслийг ашиглах тал дээр та ямар үнэт зүйлсийг хүүхдүүддээ зааж сургахыг хүсэж байна вэ?

  3. Цахим хэрэгсэл танай гэр бүлийн харилцаа, уур амьсгалд хэрхэн нөлөөлж байна вэ?

  4. Та гэр бүлээрээ цахим хэрэгслийг ямар арга замаар ашигладаг вэ? Энэ нь хамт өнгөрүүлэх цагт тань хэрхэн тус дэм болдог эсвэл хэрхэн цаг хугацаанаас тань хумсалдаг вэ?

  5. Та гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралд цахим хэрэгслийн ашиг тус, сөрөг талуудыг хэрхэн тэнцвэртэй байлгаж болох вэ?

  6. Таны хүүхдийн боловсролд цахим хэрэгсэл ямар үүрэг гүйцэтгэж байна гэж та харж байна вэ? Тэднийг үүнийг үр дүнтэй ашиглахад нь та хэрхэн анхаардаг вэ?

  7. Цахим хэрэгсэл хүүхдийн тань сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Та аливаа сөрөг үр дагаврыг багасгахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

  8. Танайх гэртээ цахим хэрэгслийн хэрэглээгээ хэрхэн хязгаарладаг вэ? Та тэр хязгаарлалтыг хэрхэн мөрдүүлдэг вэ?

  9. Та хүүхдүүддээ цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглахыг хэрхэн үлгэрлэн үзүүлдэг вэ?

  10. Гэр орондоо цахим хэрэгслийн хэрэглээг үр дүнтэй хянахад тань ямар эх сурвалж, дэмжлэг тусламж танд хэрэгтэй байдаг вэ?

  11. Цахим хэрэгсэл нь хүүхдүүдтэйгээ харилцах миний харилцаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

  12. Гэр оронд цахим хэрэгсэл ашиглахтай холбоотой ямар эрсдэлүүд байдаг вэ? Эдгээр эрсдэлийг хэрхэн бууруулж болох вэ?

  13. Та цахим хэрэгслийн хэрэглээний талаар ямар үнэт зүйлсийг хүүхдүүддээ зааж сургахыг хүсэж байна вэ? Та тэдгээр үнэт зүйлсээ хэрхэн өөрөө үлгэрлэн харуулж болох вэ?

  14. Та гэр бүлдээ өөрчлөлт, сорилт бэрхшээлүүдэд тохирохуйц цахим хэрэгслийн хэрэглээний уян хатан боловч хил хязгаарыг заасан, цогц төлөвлөгөөг хэрхэн гаргаж болох вэ?

  15. Та цахим хэрэгслийг зөвхөн цагаа сайхан өнгөрүүлэх, анхаарал сарниулах зүйл болгохын оронд үр хүүхдийнхээ суралцах, өсөж хөгжих чадварыг сайжруулах үр өгөөжтэй зэмсэг болгон хэрхэн ашиглаж болох вэ?

VI. Гэртээ цахим хэрэгслийн хэрэглээний талаар заах зөвлөмж

цахим хэрэгслүүдийн дүрс

Бидний амьдралд цахим хэрэгсэл ямар үүрэг гүйцэтгэдэг мөн энэ нь биеэ авч явах байдал, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцах замаар эхэл.

A. Цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглахын ач холбогдлыг тайлбарла

Цахим хэрэгсэл нь сайн сайхны төлөө ашиглаж болох зэмсэг байж болох ч биднийг хэрэглээгээ хянаж чадахаа болих үед хэрхэн асуудал болж болох тухай хуваалц. Хянаж чадахгүй болтлоо цахим хэрэгсэлд өөрийгөө мэдүүлэхгүйн тулд үүнийг хариуцлагатай ашиглах нь чухал гэдгийг тайлбарла.

Б. Цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах практик зөвлөмжүүдийг заа

Нийтлэлийн тэмдэглэлд жагсаасан цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах зөвлөмж бүрийг уншиж танилц (зорилготой байх, төлөвлөх, завсарлах). Зөвлөмж бүр цахим хэрэгслийн хэрэглээгээ хянахад хэрхэн тусалж болохыг тайлбарла.

В. Зарчмуудыг гэртээ хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлц

Сошиал медиад хэтэрхий их цаг зарцуулах, олон цагаар видео тоглоом тоглох гэх мэтээр цахим хэрэгсэл асуудал болж болох өөр өөр жишээний талаар ярилц.

Тэдгээр жишээнд өдөр тутмын хэрэглээний хязгаар тогтоох, цахим хэрэгсэл ашиглахгүй байх газруудтай болох, шаардлагатай үед завсарлага авах зэрэг цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах зарчмыг хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлц.

Г. Нээлттэй ярилц, хариуцлагатай байхад урамшуул

Гэр бүлтэйгээ цахим хэрэгслийн хэрэглээний талаар илэн далангүй ярилцаж, цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах тал дээр бие биедээ шаардлага тавих нь чухал гэдгийг тайлбарла.

Гэр орондоо цахим хэрэгслийг ашиглахад тавьдаг шаардлага, дүрмийг тогтоож, тэдгээрийг дагахын тулд хүн бүрийг хамтран ажиллахад урамшуулан дэмж.

E. Хяналт тавьж, шалга

Хүүхдүүд тань цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглаж байгаа эсэхийг үе үе шалга. Шаардлагатай бол тусламж хүсэж болно гэдгийг мөн хэрэг гарвал дэмжлэг тусламж, удирдамж заавар өгөхөд бэлэн гэдгээ хэл.

Е. Цахим хэрэгслийн зөв хэрэглээг үлгэрлэн үзүүл

Цахим хэрэгслийн эрүүл зөв хэрэглээг үлгэрлэн үзүүлэхэд эцэг эхчүүд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг тайлбарла. Энэ нь тэд өөрсдийн цахим хэрэгслийн хэрэглээг мэддэг, сайн үлгэр жишээ үзүүлдэг гэсэн үг юм. Эцэг эхчүүд цахим хэрэгсэлд амьдралаа удирдуулахгүйгээр ашиглах боломжтой мөн цахим хэрэгслийн хэрэглээг бусад чухал үйл ажиллагаа, харилцаа холбоо дунд тэнцвэртэй байлгах боломжтой гэдгээ хүүхдүүддээ харуулж болно.

Ж. Эергээр урамшуул

Эерэг замаар урамшуулан дэмжих нь хэрхэн сайн дадал хэвшил, биеэ авч явах байдлыг суулгаж болох талаар ярилц. Хүүхдүүдийг цахим хэрэгслийн хэрэглээгээ хянаж, хариуцлагатай ашиглахыг хичээж байгаа үед нь магтаж, урам өгөх нь чухал.

З. Гэр бүлээрээ хичээ

Гэр бүлийн бүх гишүүнийг цахим хэрэгсэлтэй эрүүл зөв харилцаа үүсгэхийн тулд хоорондоо хамтран ажиллахад урамшуул. Цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах нь хувь хүний төдийгүй гэр бүлийн хүчин чармайлт юм. Энэ нь цахим хэрэгслийн хэрэглээтэй холбоотой гэр бүлийн дүрэм, хил хязгаарыг тогтоох, гэр бүлээрээ хийж болох өөр үйл ажиллагаануудыг олох, цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглахтай холбоотой сорилт бэрхшээл, амжилтын талаар илэн далангүй, шударгаар ярилцах зэрэг орно.

З. Тэвчээртэй, ойлгоход бэлэн бай

Цахим хэрэгслийн хэрэглээтэй холбоотой дадал хэвшил, биеэ авч явах байдлаа хэрхэн өөрчлөхийг эцэг эхчүүдтэй төлөвлө. Үүнд цаг хугацаа, хүчин чармайлт шаардагддаг гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Хүүхдүүдийг цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах тал дээр ажиллаж байгаа үед нь тэвчээртэй байж, ойлгох нь чухал. Эцэг эхчүүд тэр замд нь дэмжлэг тусламж үзүүлж, удирдамж заавар өгч, цахим хэрэгсэлтэй илүү эрүүл харилцаатай болох явцад гаргасан өчүүхэн бага ч болов ялалтыг нь магтан сайшааж болно.

VII. Дүгнэлт

Цахим хэрэгсэл нь гайхамшигтай хэрэглээ ч зорилготой ашиглахгүй бол ачаа дарамт болдог. Бид цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглаж, хүүхдүүдийг мөн адил хариуцлагатай хандахад удирдан чиглүүлснээр хяналтаа алдахгүй байхад нь анхаарах боломжтой. Суралцах, хийж бүтээхэд цахим хэрэгслийг зорилготойгоор ашиглан, илүү зөв сонголтын төлөө урьдчилан төлөвлөж, шаардлагатай бол завсарлага авч байгаарай. Үнэн, зөв, цэвэр ариун, сайхан, сайшаалтай зүйлс дээр анхаарлаа хандуулахыг уриалдаг судруудыг санаж явцгаая. Ингэснээр бид хүүхдүүдэд цахим хэрэгслийг аюулгүй, эерэг зүйлсэд ашиглахад нь тусалж чадна.