Номлолын дуудлагууд
Оршил


Оршил

Зураг
Christ with His arm raised calling Peter and Andrew from a small fishing boat with the sail raised.

Номлогчийн хувьд та Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчлэхдээ Есүс Христийг төлөөлөхөөр дуудагдсан билээ. Аврагч танд хайртай бөгөөд амжилт гаргахад тань туслах болно. Тэрээр: “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” хэмээн амласан (С ба Г 84:88).

Итгэлээ хөгжүүлж, Их Эзэний ажлыг хийхээр гаргасан шийдвэрийнхээ дагуу үйлдсэнээр танд хэрэгтэй чадвар, бэлэг болон хүчирхэг чанаруудаа та илүү хурдан хөгжүүлэх болно. Та Түүний тусламжийг мэдэрч, Их Эзэнд үйлчлэх чадвартаа итгэх итгэл тань илүү өсөх болно.

Их Эзэний тусална гэсэн амлалт байсан хэдий ч түүхэн дэх олон агуу номлогч номлолын ажлаа хийж байхдаа хэрхэн зовж, зүдэрч байснаа бичиж үлдээсэн байдаг. Аммон болон түүний ах дүүс “өлсөж, цанган мөн ядрах мэтээр биеэрээ ч мөн оюунаараа ч аль алинаар нь ихэд зовж, мөн түүнчлэн сүнсээрээ ихэд хөдөлмөрлөв” (Алма 17:5). Зарим үед тэд гэртээ харихыг хүсэж байсан юм. “Эдүгээ бидний зүрх шантарч, мөн бараг л буцах гэж байхад, болгоогтун, Их Эзэн биднийг тайтгаруулан, мөн хэлэв: Өөрсдийн ах дүүс, леменчүүдийн дунд явагтун, мөн зовлонгуудаа тэвчээртэйгээр туул, мөн би та нарт амжилтыг өгөх болно гэсэн бөлгөө” (Алма 26:27).

Номлолын үйлчлэлд түгээмэл тохиолддог урам хугарах болон сэтгэлийн дарамтыг даван туулах нууцуудын нэг нь үйлчлэх шийдвэрээ Их Эзэнтэй шинэчлэх явдал байдаг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Англи улсад номлолоо анх эхэлсэн үеийнхээ туршлагаас хуваалцдаг байсан.

“Анх очиход надад тийм ч таатай байсангүй. Би эхний хэдэн долоо хоногт биеийн өвчин ба мэдэрч байсан эсэргүүцлээс болж шантарч байлаа. Тэгээд би аавдаа цаг хугацаа болон таны мөнгийг дэмий үрж байна гэсэн захиа бичив. Манай аав гадасны ерөнхийлөгч байсан бөгөөд ухаантай, сүнслэг хүн байв. Тэр надад богинохон захиа бичиж, “Хайрт Гордон минь, би сүүлийн захиаг чинь авлаа. Надад ганцхан зөвлөгөө байна: Өөрийгөө мартаад ажлаа хий” гэсэн байв. Тэр өглөө хамтрагч бид хоёр суралцах цагаараа “Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана, харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна” гэсэн Их Эзэний үгийг судалсан байсан юм. (Марк 8:35)

“Аврагчийн тэдгээр үгс нь өөрийгөө мартаж, ажлаа хий гэсэн зөвлөгөө бүхий аавын минь захиатай хамт бүхэл биеийн минь гүнд шингэсэн юм. Би эцгийнхээ захиаг гартаа барин, бидний амьдарч байсан Вадхам гудамжны 15-д байдаг байрныхаа унтлагын өрөөнд орж, өвдөг сөгдөн, Их Эзэнд амлалт өгсөн билээ. Би Түүний үйлчлэлийг хийхдээ өөрийгөө мартаж, бүрэн зориулахын төлөө хичээх болно хэмээн гэрээ байгуулсан юм.

1933 оны 7-р сарын тэр нэгэн өдөр бол миний шийдвэрээ гаргасан өдөр байлаа. Амьдралд минь шинэ гэрэл, зүрхэнд минь шинэ баяр баясгалан ирсэн юм. Английн манан арилсан мэт санагдаж, би нарны гэрлийг харсан. Би үүний төлөө үүрд талархалтай байж болох гайхамшигтай бөгөөд баялаг номлолын туршлагатай болсон юм” (“Сайн мэдээг Британид авчирсан нь: Хэтийн төлөвлөгөө, итгэл, зориг, үнэнийг тунхаглах нь,” Ensign,1987 оны 7-р сар, 7).

Ерөнхийлөгч Хинкли Их Эзэнд үйлчлэх шийдвэрээ шинэчилсэн болохоор шантралыг даван туулж чадсан. Тэр дараа нь “Санаа зовохын эсрэг миний мэдэх хамгийн сайн ерөндөг бол ажил. Цөхрөлд зориулсан хамгийн сайн эм бол үйлчлэл. Ядарч туйлдсаныг эмчлэх хамгийн сайн эмчилгээ бол өөрөөс чинь илүү ядарсан хэн нэгэнд туслах явдал юм” гэжээ (“Words of the Prophet: Put Your Shoulder to the Wheel,” New Era, 2000 оны 7-р сар, 7).

Энэхүү товхимлыг ашиглах нь

Номлогчийн ажилд баяр баясгалан мөн сэтгэлийн дарамт аль аль нь тохиолдож болно. Энэхүү товхимол нь сэтгэлийн дарамт мөн энэ нь танд хэрхэн нөлөөлдөг талаар болон үүнийг илүү сайн ойлгоход тань туслах болно. 1-р хуудсанд байгаа заавруудыг ашигласнаар сонгосон сэдвүүдийнхээ талаарх зөвлөгөөг олоход таныг чиглүүлнэ. Эдгээр санаанууд нь таныг хамтрагч болон бусад номлогчиддоо үйлчлэхэд мөн туслах болно.