Номлолын дуудлагууд
Сэтгэлийн дарамтыг хянахад туслах ерөнхий зарчмууд


Сэтгэлийн дарамтыг хянахад туслах ерөнхий зарчмууд

Энэ хэсэг нь хэт их сэтгэлийн дарамтаас урьдчилан сэргийлэх болон даван туулахад зориулсан ерөнхий зөвлөмжүүдийг багтаасан. Эдгээр зөвлөмжүүд нь бүх номлогчдод туслах болно.

Зураг
Two young elder missionaries walking on a road in Australia.

А

Сэтгэлийн дарамтад эерэгээр хариулах нь

  • Ганцаараа мөн хамтрагчтайгаа ойр ойрхон, чин сэтгэлээсээ залбир. Их Эзэнд мэдрэмж, туршлага, төлөвлөгөө болон асуудлынхаа талаар хэл. Бүх зүйлд Сүнс тантай хамт байхын төлөө гуй. Залбирч мөн судраас судлах үед ирж байгаа мэдрэмжүүдийг бичиж ав. Бүхэл өдрийн турш хүлээн авч болох удирдамжуудад сэрэмжтэй бай. Сүнсний дуу хоолойг сонсох үед нэмэлт удирдамж, тайвшрал болон тусламжийг та хүлээн авах болно. “Учир нь болгоогтун, би та нарт дахин хэлье, хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно” (2 Нифай 32:5). Хүлээн авсан сүнслэг нөлөөллүүдээ дагахын тулд Их Эзэнд чадах бүхнээ хийнэ гэсэн амлалтыг өг.

  • Бүх зүйлд Их Эзэний гарыг хүлээн зөвшөөр. Бүх хүмүүст хамгийн агуу гайхамшгийг авчрах боломж танд байна: Хувь хүмүүс болон гэр бүлүүд дэх Христийн Цагаатгалын нөлөө. Талархалтай байдаг адислалууддаа өдөр бүр анхаарлаа төвлөрүүлэх дадлага хий. Амьдрал дахь Сүнсний нөлөөг анзаарч, тэдгээрийг бич. (Моронай 10:3-ыг үзнэ үү.)

  • Тайвшруулах судруудыг олж, цээжил. Суралцах явцдаа таныг хүчирхэгжүүлэн, тайвшруулж буй судруудыг жагсааж бич. Тэднийг цээжлэн, ойр ойрхон унш.

  • Үйлчилж буй хүмүүсийнхээ хэрэгцээ, шаардлагууд дээр төвлөр. Зааж буй сонирхогч болон үйлчилж буй гишүүдээ адисалж болохын тулд юу хийж чадах талаар бод. Тэдэнд хэрхэн үйлчилж, итгэлийг нь хүчирхэгжүүлж чадах талаар сүнслэг удирдамж эрэлхийл.

  • Дуул. Дуртай хэдэн дууныхаа үгсийг цээжил. Сэтгэлийн дарамтад орсон эсвэл урам хугарсан үедээ ганцаараа эсвэл хамтрагчтайгаа дуул. “Дууллууд бидний сүнсийг өргөж, зоригжуулан, зөв шударга үйлдэл рүү хөтөлж чадна. Тэдгээр нь бидний бодгалийг тэнгэрлэг бодлуудаар дүүргэж, амар тайвны сүнсийг авчирч чадна.” (“Тэргүүн Зөвлөлийн захиас,” Дууллын ном [1985], x).

  • Юу сурснаа сана. Чи амьдралынхаа туршид өөрчлөлт болон хэцүү зүйлсийг даван туулсаар ирсэн билээ. Хувийн суралцах цагаараа хамгийн сүүлийн солилцоо болон хэт их сэтгэлийн дарамтад орж байсан туршлагаасаа юу сурч байснаа жагсааж бич (НБТ-д дасан зохицох зэрэг). Та одоо тэдгээр чадваруудаа хэрхэн ашиглаж болох вэ? “Адам бүтээгдсэнээс бүр та нар эдгээр зүйлийг хүлээн авах тэр цагийг хүртэл Их Эзэн хүмүүний үрсэд хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар сана” (Mоронай 10:3).

  • Хүчтэй чанараа ашиглан үйлчил. Хүч чадал, авьяас болон сүнслэг бэлгийнхээ жагсаалтыг гарга. Таны хүчтэй чанар бол Их Эзэний агуулахын нэг хэсэг бөгөөд үүгээр дамжуулан Тэрээр хүүхдүүдээ адисалж, хаант улсаа байгуулах болно. Номлолын тань маш чухал хэсэг нь танд өгөгдсөн бэлгүүдийг хөгжүүлж, хүчтэй чанараа бусдыг Христэд ирэхэд нь туслахад зориулах явдал юм. Та сайн хийж чаддаг зүйлс дээрээ чаддаггүй зүйлсээсээ илүү төвлөр. Бусдад үйлчилж, адислахад бэлгүүдээ хэрхэн ашиглаж, хөгжүүлж болох арга замуудыг долоо хоног бүр төлөвлө. (С ба Г 82:18—19-ийг үзнэ үү).

  • Хамтрагчтайгаа нөхөрлө. Бие биетэйгээ санаануудаа хуваалцаж, бие биедээ үйлчлэн, тусалж мөн бие биеэ уучил. Сэтгэлийн дарамтаа даван туулахад найз нар агуу эх сурвалж болдог билээ. “Энэ бол миний тушаал, би та нарыг хайрласны адил та нар мөн бие биенээ хайрла” (Иохан 15:12).

  • Өөрийн найдаж, хүлээсэн зүйлсээ шалга. Таны найдсан арга замаар бүх зүйл хийгдэнэ гэж бүү найд. Та бүх зүйлийг төгс хийхгүй. Бүх номлогчид бүрэн дуулгавартай, сайхан сэтгэлтэй байдаггүй. Мормончуудын эсрэг үзэлтнээс сонирхогчид тань буруу мэдээлэл хүлээн авч болно. Та тухайн хэлээр хэзээ ч уугуул иргэн шиг ярихгүй байж болно. Либерти шоронд байхад нь Иосеф Смитэд өгсөн Их Эзэний “Эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно. … Тиймийн тул, зам дээрээ зогсогтун” гэсэн зөвлөгөөг сана (С ба Г 122:7, 9).

  • Дасгал хий. Тогтмол дасгал нь сэтгэлийн дарамтыг хянаж зохицуулах үр дүнтэй аргуудын нэг нь юм. Танд таалагдах мөн бие махбодын хувьд сэргээх олон төрлийн үйл ажиллагаануудад оролцохоор сонго. Та хийж буй үйл ажиллагаандаа төвлөрснөөр илүү эрч хүчтэй болсноо мэдэрч, тухайн өдрийн санаа зовнилоо мартах боломжтой болно. Ямар үйл ажиллагаа сонгосноос үл хамааран, дасгал хийх нь тэсвэр хатуужилтай болгож, Их Эзэнд үйлчлэх чадварыг тань нэмэгдүүлнэ. (Миний сайн мэдээг номло,viii-ыг үзнэ үү)

  • Хянаж чадахгүй зүйлсээ хянах гэж битгий оролд. Ажилдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд та бүх хүч чармайлтаа гаргасан ч хичээл зүтгэлийн тань үр дүн нь таны хүчилж чадахгүй бусдын сонголтоос хамаарна. “Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу” (С ба Г 121:41). “Тиймийн тул, эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе, мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно” (С ба Г 123:17).

  • Амралт болон завсарлага авахын чухал ач холбогдлыг санаарай. Жишээ нь: Орой унтахаасаа өмнө тайвширч, амрахдаа тайвшруулах (баруун талыг харна уу) юм уу амьсгалын дасгал хий (зүүн талыг харна уу). Бэлтгэлийн өдрөөр амрах, хөгжилдөх, өөрийгөө чөлөөтэй байлгах төлөвлөгөө гаргаснаар ирэх долоо хоногийн турш эрч хүчтэй байх болно. Дэлгүүр явах, гэр рүүгээ захиа бичих зэрэг чухал үйл ажиллагаануудаас гадна:

    • Соёлын үйл ажиллагаанууд. Түүхэн газрууд болон музей, орон нутгийн баяр наадмын үйл ажиллагаануудад оч.

    • Нийгмийн үйл ажиллагаанууд. Спорт, тоглоом, урлаг, хоол эсвэл зөв зохистой хөгжмийн үйл ажиллагаануудад бусадтай хамт оролц.

    • Гадуур зугаалах цаг гарга. Парк мөн дархан цаазтай газруудаар аял эсвэл явган зугаалга хий.

    • Амар мөн тунгаан бод. Дуг хий, бясалга эсвэл мэдрэмжүүдээ бич.

“Мөн Есүс шавь нартаа хэлсэн нь, Та нар зэлүүд газар уруу оч, жаахан амар гэжээ: учир нь тэнд олон хүн ирж, очиж мөн тэдэнд тусдаа юм идэх зав ч байсангүй” (Марк 6:31).

“Мөн эдгээр бүх зүйлс мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг байхыг мэдэгтүн, учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй” (Moзая 4:27).

Б

“Хэт их сэтгэлийн дарамтад орсон үед” хариу үзүүлэх нь

Сэтгэлийн хэт их дарамтад орох нь та гэнэт улбар шар эсвэл улаан бүсэд очсон үед тохиолддог. Таны бие махбод эсвэл сэтгэл санаанд аюул тохиолдсон бол номлолын ерөнхийлөгчтэйгөө яаралтай холбоо барь. Бусад нөхцөл байдалд дараах зөвлөмжүүдийг дагаарай:

  • Богино хугацааны завсарлага ав. Хэрэв та сэтгэлээр унах юм уу хэт их сэтгэлийн дарамтад орсон бол богино хугацааны завсарлага ав. Хэд хэдэн удаа удаан бөгөөд гүнзгий амьсгал авч, суниаж, бие махбодын хувьд амралт ав. Бие болон оюун ухаан тань тайвширсан үед та илүү сайн бодож чадна. Хамтрагчтайгаа хамт алхаж, хоол идэх эсвэл юм ууж, хэдэн минутын турш суугаад тунгаан бод.

  • Өөртөө зөөлөн ханд. Хэн нэгэнтэй ярихдаа хэрэглэдэг байсан эелдэг, тайвшруулах үгсийг ашиглан, өөртэйгөө ярь. Хүн бүр сэтгэлээр унаж, заримдаа алдаа гаргадаг. Их Эзэн ойлгож байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэрээр таны хажууд таныг сонсож, дэмжээд сууж байгаа хэмээн төсөөл. Арчаагүй байдал, цөхрөл, хатуу ширүүн зэмлэлийн талаарх бодлууд нь Их Эзэнээс ирдэггүй гэдгийг сана.

  • Талархалдаа дахин төвлөр. Эргэн тойрондоо байгаа зүйлсийг анзаар. Таны болон дэлхийн талаарх зөв, сайн сайхан, эерэг зүйлүүд дээр хэдэн минут төвлөр. Хамгийн багадаа таван тодорхой зүйлд талархлаа илэрхийлж, залбир.

  • Тэгээд нэг алхам хий. Одоо байгаа асуудлаа тодорхойлж, үүнийг шийдвэрлэхийн тулд нэг алхам хий. “Яг одоо миний хийх хэрэгтэй зүйл бол ____” гэж өөртөө сануул. Жишээ нь: “Яг одоо миний хийх хэрэгтэй зүйл бол автобус хүлээх.” эсвэл “Яг одоо миний хийх хэрэгтэй зүйл бол энэ хаягийг олох.”

  • Өөр хэн нэгэнд тусал. Хэн нэгэнд үйлчилснээр эрч хүчээ дахин олж ав. Хүмүүс рүү инээмсэглэн, тэдэнд тусалж, үйлчлэхийг санал болго. (Миний сайн мэдээг номло, 168–169-ийг үзнэ үү.)

  • Сөрөг бодлын эсрэг ярь. Яг одоо эсвэл өнөө орой унтахынхаа өмнө өнөөдрийн бүх сөрөг бодлуудаа цаасан дээр жагсаан бичээд, тэдгээр нь хэрхэн найдвар, үнэн мөн урам зоригоор дүүрэн байж болохоор дахин бич (жишээг баруун талаас үзнэ үү).

В

Хэт их сэтгэлийн дарамтад орсон бусад номлогчдод туслах нь

  • Хэцүү байдалд байгаа номлогчдыг ажигла. Тэдэнд хэцүү байгааг ойлгож байгаа гэдгээ тэдэнд хэл. Та энэ ажлыг Их Эзэний тусламжтайгаар хийж, хамтдаа амжилтад хүрч чадна гэдгийг хэл. Тохиромжтой бол хамтрагчтайгаа хамт алхах, богино хугацаанд завсарлага авч, орчноо өөрчлөх эсвэл сэтгэлийн дарамт багатай үйл ажиллагааг сонгохыг санал болго. Тусламж эрэн, дотроо эсвэл номлогчтой хамт залбир.

  • Баптисмын гэрээгээ бод. Бид “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэж, … гашуудах тэдний хамт гашуудаж, тийм ээ тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулж, бүх цагт Бурханы гэрчлэгч болон зогсоно” хэмээн амладаг (Мозая 18:8–9). Энэхүү гэрээг (1) номлогчийн ачааг үүрэлцсэнээр, (2) тайвшрал болон өрөвч сэтгэлээр хандсанаар, (3) Бурханы хайрыг гэрчилснээр хэрэгжүүл.

  • Цөөхөн хэдэн асуулт асуу гэхдээ номлогчийг яриулах гэж бүү хүчил. “Чи сэтгэлээр унасан юм шиг санагдаж байна. Юу болсон бэ?” эсвэл “Чи надад үүний талаар яримаар байна уу?” гэх мэтээр оролдоод үз.

  • Ойлгож мөн дэмжин, урамшуулахын тулд сонс. Хэн нэгэн ойлгож байгаа гэдгийг мэдрэх хүртэл өгч байгаа зөвлөгөө болон санал болгож буй шийдлүүд нь тийм ч тустай байдаггүй. Асуулт асууж, хариултаа олоход нь түүнд тусал. Эсрэг хүйсний сонирхогч юм уу номлогчдод та зөвлөгөө өгөх үүрэг хүлээдэггүй ч бусад номлогчиддоо тусалж, дэмжин, тэднийг ойлгодог сайн сонсогч байж болно. (Миний сайн мэдээг номло, 185–186-г үзнэ үү.)

    Зураг
    Elder missionaries engaged in companion
  • Яг одоо юу шийдэх хэрэгтэй байна, түүндээ төвлөр. Том асуудлуудаас зайлсхийж, (“Надад гэрчлэл байдаг эсэхэд эргэлзэж байна” гэх мэт) яг одоо шийдэх шаардлагатай зүйлүүддээ төвлөр (“Дараагийн хичээлээ бид хэрхэн заахыг хүсч байгаагаа одоо шийдье” гэх мэт ). Тусламж санал болго (“Энэ удаа би гэрчлэлээ хуваалцья”). Эдгээр зүйлүүд дууссаны дараа том асуудлууд руу эргэн ирж, шийдэх арга замуудыг эрэлхийл (“Та гэрчлэлийг юу гэж боддог вэ? Хүн хэрхэн гэрчлэлтэй болдог вэ? Чи юу хийж үзсэн бэ? Хаанаас өөр санаанууд олж болох вэ?”) Хэрэв бид өөрсдийнхөө хийж чадах зүйлсийг хийж, үлдсэнийг нь Их Эзэнд үлдээвэл Тэр бидэнд шийдэх арга замыг олоход тусалж чадна гэдгийг номлогчид сануул.

  • Тухайн номлогчийн сайн хийдэг зүйлийг нь сануул. (“Би чиний шударга зан мөн Бурханд үйлчлэх хүслийн чинь төлөө маш баяртай байна.”)

  • Гэрчлэлээ хуваалц. Бурханы хайрын талаарх итгэл болон туслах хүсэлтэй байгаагаа хуваалц.

  • Бусдад үйлчлэхдээ мэргэн ухаантай бай. Энэ бол ариун нандин ажил юм. Итгэл хүлээхүйц байж, найдвартай байдлаа хадгалан, үргэлж хамтрагчтайгаа бай.

  • Хэрэв нөхцөл байдал сайжрахгүй бол номлолын ерөнхийлөгчдөө мэдэгд.