Номлолын дуудлагууд
2 Номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа


Зураг
Талх ба загас, Рөүз Долл

2

Номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа

2.0

Оршил

“Та нар өөрсдийгөө зохион байгуулж мөн хүн болгоныг ажил үүрэгт нь томил” (Сургаал ба Гэрээ 104:11) хэмээн Их Эзэн хэлсэн байдаг. Гарын авлагын энэ хэсэгт номлолын зохион байгуулалтыг тодорхойлж, танд хэрхэн хамтрагчтайгаа хамгийн сайн ажиллах, амьдрах, номлолын үйл ажиллагаанд оролцох, өдөр тутмын хуваариа төлөвлөх, бусдад Христийн цэвэр хайраар үйлчлэх талаар тайлбарладаг (Моронай 7:44–47-г үзнэ үү).

Тодруулбал, эдгээр жишигт залуу номлогч удирдагчид гэдэг нэрийг ахлах хамтрагч, эгч нарыг сургах удирдагч, бүсийн удирдагч зэрэг удирдах ажилд томилогдсон номлогчдыг нэрлэхэд ашиглана. Номлолын удирдагчид гэж санваарын түлхүүрүүдийг атгагч таны номлолын ерөнхийлөгч, түүний эхнэр хоёрыг хэлнэ.

Эдгээр жишигт бишоп, гадасны ерөнхийлөгч, тойрог, гадас гэсэн нэр томьёог бас ашигладаг. Салбарын ерөнхийлөгч, дүүргийн ерөнхийлөгч, салбарууд, гишүүн дүүргүүдэд тохирсон холбогдох удирдамжуудыг хэрэгжүүл.

2.1

Номлолын удирдлага

Ямар ч удирдах ажилд томилогдсон бай, таны хамгийн чухал үүрэг бол итгэлтэй, үнэнч номлогч байх явдал юм. Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэн Их Эзэний зөвлөгөө танд бас хамаатай ба “чамд хамгийн үнэ цэнэтэй байж болох тэр зүйл бол сүнсийг надад авчирч болохын тулд, чи … энэ [үеийнхэнд] наманчлалыг тунхаглах явдал болой” (Сургаал ба Гэрээ 15:6).

2.1.1

Номлолын удирдагчид: Таны номлолын ерөнхийлөгч ба түүний эхнэр

Таны номлолын ерөнхийлөгч, түүний эхнэр хоёр номлолын удирдагчдаар хамтдаа үйлчлэхээр Бурханаас дуудагдаж, номлолыг удирдахаар онцгойлон томилогдсон юм. Тэд хамтдаа таныг хайрлаж, танд үйлчилж, таныг номлогчийн зорилгоо биелүүлэхэд тусалж, таныг аюулгүй, аз жаргалтай байлгахад тусална.

Таны номлолын удирдагчид номлолын төлөө олон үүрэг хариуцлагыг хуваалцдаг. Тэд таныг дэмжиж, урамшуулж, таны санаа зовж буй зүйлсийг сонсож, асуултад хариулж, ахиц дэвшлийг үнэлж, зөвлөгөө өгөхөөр хамтдаа ажиллах болно. Таны номлолын ерөнхийлөгч санваарын тодорхой түлхүүрүүдийг атгадаг учраас номлол дахь олон нийтийн шүүгчийн үүрэг хүлээдэг. Бэлгийн харьцааны зөрчил болон бусад ноцтой гэм нүглийг номлолын ерөнхийлөгчдөө илчлэх хэрэгтэй (Мозая 26:29–30-ийг үзнэ үү). Түүнд шударгаар бүгдийг хэл. Тэр танд наманчлахад тань туслах болно (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022] дэх “Есүс Христ танд туслах болно” гэдгийг х. 6–9-өөс үзнэ үү).

Та номлолын ерөнхийлөгчтэй ярилцах ямар ч ярилцлагад номлолын ерөнхийлөгчийн эхнэр, ахлах номлогч эсвэл номлолын хамтрагчаа хамт орохыг урьж болно. Хэн нэгнийг урих таны шийдвэр номлолын ерөнхийлөгчийн таныг гэх хайр, санаа тавилт эсвэл бахдалыг бууруулах ёсгүй.

2.1.2

Номлолын ерөнхийлөгчийн зөвлөл

Номлолын ерөнхийлөгч тань санваарын түлхүүртэйгээр номлолыг тэргүүлдэг. Тэрээр хоёр зөвлөх бүхий номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн юм.

Номлолын ерөнхийлөгчийн зөвлөхүүд гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвлөхүүдтэй адилаар ажлыг зохион байгуулж, дэмжин тусалдаг. Номлолын ерөнхийлөгчийн зөвлөхүүд номлогчийн зохистой байдлын талаарх асуудлыг авч хэлэлцдэггүй.

2.1.3

Номлолын удирдлагын зохион байгуулалт

Номлолын ерөнхийлөгч тань ажлаа зохион байгуулахдаа илчлэлт болон санваарын түлхүүрүүдийг ашигладаг. Тэрээр залуу номлогчдыг сургагч, ахлах хамтрагч, дүүргийн удирдагч, эгч нарыг сургах удирдагч, бүсийн удирдагч, туслах болгохоор томилдог. Туслахууд, оффисын номлогчид болон бусад номлогч нь номлогчийн удирдлагын томилолт эсвэл хаана үйлчлэх бүсийн томилолтыг хийдэггүй. Гэхдээ номлолын ерөнхийлөгч номлогчийг томилохдоо өөрийн эхнэртэй болон туслахуудтайгаа зөвлөлдөж болно.

Таны номлолын удирдагч болон туслах, бүсийн удирдагч, эгч нарыг сургах удирдагч зэрэг нь номлолын удирдлагын зөвлөлийн гишүүд юм. Энэ удирдагчид номлогчдын хэрэгцээг хангах талаар зөвлөлдөж, номлолын ахиц дэвшилд болон ажлыг урагшлуулахад туслах төлөвлөгөөг гаргадаг.

2.1.4

Залуу номлогчийн удирдлагын үүрэг хариуцлага

Залуу номлогч удирдагчид бүх номлогчийн адил “[тэд] нар бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа [Бурханд] үйлчилж,” “итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах, тэвчээр, ах дүүсэг ёсны нинжин сэтгэл, бурханлаг чанар, энэрэл, даруу байдал, хичээл зүтгэлийг санагтун” (Сургаал ба Гэрээ 4:2, 6) гэх Есүс Христийн зөвлөгөөг дагадаг. Удирдлагад томилох нь тусгай сайшаал, амжилт эсвэл номлогчийн үнэ цэнийн тусгалыг илэрхийлдэггүй.

Залуу номлогч удирдагчдын хүлээх үүрэг:

  • Заах хүн олох, заах, баптисм хүртээх, нөхөрлөх;

  • Биеэ авч явах байдлын талаарх номлогчийн жишгийн дагуу үлгэр жишээ үзүүлэх (3.0-ийг үзнэ үү);

  • Бусад номлогчийг сургаж, хамтралын түр солилцоог удирдах (2.3.1-ийг үзнэ үү);

  • Номлолын удирдлагын зөвлөлийн хурлын мэдээлэл, удирдамж зэргээс удирдаж буй номлогчидтойгоо хуваалцах;

  • Бусад номлогчийг хайрлах, тэдэнтэй нөхөрлөх; Хичээл зүтгэлийнхээ үнэ цэнийг мэдэхэд нь тэдэнд туслах;

  • Бусад номлогчийн санааг зовоодог зүйлсийн талаар сонсох; Дэмжиж туслан, зөвлөгөө өгөх;

  • Болж өгвөл номлогчдыг эелдгээр, ганцаарчлан уулзаж залруулаад, дараа нь “хайраа нэмэгдүүлснээ” харуулах (Сургаал ба Гэрээ 121:41–43-ыг үзнэ үү);

  • Тухайн газар нутгийн удирдагчид болон гишүүдтэй ойртож ажиллах;

Удирдлагад томилогдсон ахлагчид болон эгч нар бүх номлогчийн адилаар Христтэй адил удирдах ёстой. Аливаа номлогчийн, тэр дундаа залуу номлогч удирдагчийн биеэ авч явах байдал зарлигуудтай болон номлогчийн жишигтэй нийцэхгүй мэт санагдвал энэ асуудлын талаар тухайн номлогчтой ярилц. Хэрэв асуудлаа шийдэж, залруулахгүй бол санаа зовж буй талаараа бусад номлогч, гишүүд, найзуудтайгаа биш, харин залуу номлогч удирдагчтайгаа эсвэл номлолын ерөнхийлөгчтэйгөө хуваалц.

Залуу номлогч удирдагчдын (сургагч, ахлах хамтрагч, дүүргийн удирдагч, эгч нарыг сургах удирдагч, бүсийн удирдагч, ерөнхийлөгчийн туслах) тодорхой томилолт, үүрэг хариуцлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7.1 дэх “Залуу номлогчийн удирдлагын үүрэг хариуцлага” хэсгээс үзнэ үү.

2.1.5

Хувийн үүрэг хариуцлага

Их Эзэнд найдаж, Сүнсийг дагаснаар “Их Эзэнд [өөрсдийн] албан тушаалд хичээнгүйлэн зүтгэж” (Иаков 1:19), сүнслэг байдлын хувьд бие дааж, “[өөрийнхөө] төлөө үйлд” (2 Нифай 2:16). Танд асуух юм уу санаа зовоосон зүйл байвал:

  • “…үүнийг оюундаа тунгаан бод…; дараа нь энэ нь зөв үү гэдгийг … надаас асуу…” (Сургаал ба Гэрээ 9:8) гэдэг сургаалыг хэрэгжүүл.

  • Хувийн илчлэлт, залбирлаар дамжуулан мөн судрууд (ялангуяа Мормоны Ном), Миний сайн мэдээг номло, амьд бошиглогчдын сургаал болон эдгээр жишиг бүтээлийг судлан, удирдамж эрэлхийл.

Эдгээр зарчмыг хэрэгжүүлсний дараа танд нэмэлт тусламж хэрэгтэй бол хамтрагч эсвэл залуу номлогч удирдагчаасаа асууна уу. Ихэнхдээ тэд асуултдаа хариулт олж, асуудлуудаа шийдэхэд тань тусалж чаддаг. Хэрэв чадахгүй бол номлолын удирдагчид, эцэг эх, гэрийнхээ санваарын удирдагчдын аль нэгд хандаарай. Сүмийн удирдах газарт хандсаны хэрэггүй. Хэрэв тэгэх юм бол таныг номлолын ерөнхийлөгч рүү тань эргүүлэн хандуулах болно.

Зохистой байдлын асуудлаар номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилц. Халдлага, хүчирхийлэл зэрэг аюулгүй байдлын талаарх санаа зовоосон яаралтай асуудлаа эсвэл бусад номлогчтой хамт шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлынхаа талаар номлолынхоо удирдагчдын хэн нэгэнтэй ярилц.

Номлолын тань явцад тулгарч буй сорилт бэрхшээл, хувийн болон гэр бүлийн асуудлаас эсвэл бүр өнгөрсөн явдлаас хүртэл болж ажилдаа төвлөрөхөд хэцүү үе танд тохиож мэднэ. Энэ нь байж болох зүйл. Та хамтрагч, залуу номлогч удирдагчидтай эсвэл номлолын удирдагчидтайгаа асуудлаа хуваалцаж, дэмжлэг авахаас бүү эргэлзээрэй.

Аврагчийн урилгыг сана. “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай. Миний хажуу талыг цоо хатгасан шархыг, мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно. Амен” (Сургаал ба Гэрээ 6:36–37).

2.2

Хамтрагчид

Их Эзэн сайн мэдээгээ номлуулахаар номлогчдыг хамтад нь дууддаг. “Тэд хоёр хоёроороо яваг, мөн ийн тэд зам зууртаа усаар баптисм хүртээн мөн усны хажууд гар тавин, цугласан болгонд номлог” (Сургаал ба Гэрээ 52:10). Та номлолынхоо турш өөр өөр хамтрагчтай ажиллах болно. Хамтрагчид:

  • Ажилдаа нэгдмэл байж, хамтдаа Есүс Христийг гэрчилнэ.

  • Бие биеийнхээ сүнслэг байдал, сэтгэл санаа, бие бялдрын сайн сайхан байдлыг дэмжинэ.

  • Бие биеэ аюулгүй байлгахыг хичээнэ.

  • Номлогчийн жишгийг сахихдаа бие биедээ хариуцлага хүлээлгэнэ.

2.2.1

Бие биеэ дэмжих

Хамтрагчид бие биедээ Христийн адил зан чанаруудаас суралцах, эзэмших, хөгжүүлэхэд нь туслах ёстой (Сургаал ба Гэрээ 4 мөн Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлэг “Би Христийнхтэй адил зан чанаруудыг хэрхэн хөгжүүлэх вэ?”-г үзнэ үү). Тэвчих, хайрлахад суралцаж, уучлалыг хэрэгжүүлж, зан чанарын ялгааг хүлээн зөвшөөрөх нь амьдралын тань туршид таныг адислах болно.

Хамтрагчдын хувьд:

  • Бие биеэ хайрлаж, хүндэлж, хүчирхэгжүүл.

  • Өдөр бүр хамтдаа суралцаж, өдрийн турш ойр ойрхон хамтдаа залбир.

  • Даруу байж, нэг нэгнийхээ давуу талыг таньж мэд.

  • Өөрт чинь хэрхэн хандахыг хүсдэг шигээ бие биедээ тийнхүү ханд.

  • Шүүмжлэл, маргаанаас зайлсхий.

  • Бусад номлогч, Сүмийн гишүүд, гэр бүл, найз нөхдөдөө бие биеийнхээ талаар сөрөг зүйл хэлэхээс зайлсхий.

Та ямар нэгэн зохисгүй зан авир, нөхцөл байдлыг анзаарвал, энэ талаар хамтрагчтайгаа ярилц. Уг асуудал шийдэгдээгүй эсвэл хамтрагч чинь дайрч давшлаад байвал номлолын ерөнхийлөгчөөс тусламж хүсэхдээ хамтрагчаа хайрлах сэтгэлтэй мөн зоригтой бай (3.9.2-ыг үзнэ үү).

2.2.2

Хамтдаа байх

Хамтрагчтайгаа байх нь бие махбодын болон сүнслэг аюул, хуурамч гүтгэлэг, ганцаардлаас хамгаалахад туслах болно. Энэхүү номлогчийн жишгийг бүх цагт, бүх газарт дага. Хэзээ ч ганцаараа бүү бай.

  • Та ариун цэврийн өрөөнд орох, номлолын удирдагчтай ярилцлагад орох эсвэл баптисмын ярилцлага хийх зэргээс бусад үед хамтрагчаа хэзээд харж, сонсох боломжтой байх ёстой (2.3.6-г үзнэ үү).

  • Та нэг өрөөнд, гэхдээ тусдаа орон дээр унтах ёстой.

  • Хувийн хийх зүйлсээ хийж, гэртээ байхдаа аливаад бодолтой хандаж өөрсдийгөө хамгаалан, биеэ авч явах байдлын талаарх номлогчийн жишгийг мөрдөөрэй (3.0-ийг үзнэ үү).

  • Ганцаараа байх цаг бүү гарга. Жишээ нь: Хамтрагчаасаа оройтож унтах юм уу эртэлж бүү бос.

  • Та хамтрагчаасаа салж, тусгаарлагдвал номлолын ерөнхийлөгчтэйгөө яаралтай холбоо барь.

2.2.3

Хэсэг дотроо ажиллах

“[Та] явж, хүч чадлаараа хөдөлмөрлөөрэй” (Иаков 5:72) мөн заахаар томилогдсон хэсэгтээ хүч чармайлтаа төвлөрүүл. Хүмүүсийн гэрээ байгуулж, гэрээгээ сахихад нь туслах боломжтой хэсгүүдэд ажлаа төвлөрүүл. Жишээ нь: Сүмийн байртай ойролцоо эсвэл итгэлтэй гишүүд амьдардаг хорооллын айлууд дээр төвлөр. Их Эзэний “Та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно” (Сургаал ба Гэрээ 84:88) хэмээх амлалтыг сана.

Та хамтрагчийн түр солилцоо (2.3.1-ийг үзнэ үү) эсвэл солилцоогоор (2.3.2-ыг үзнэ үү) томилогдсон бүсээсээ гарч болно. Хэрэв танд өөр шалтгаанаар хэсгээсээ гарах шаардлага гарвал дүүрэг дотроо хэсгээсээ гарах хүсэлтийг дүүргийн удирдагчаасаа эсвэл та дүүргээсээ гадна аялах шаардлага гарвал бүсийн удирдагчаасаа зөвшөөрөл хүс. Бүсээсээ гарахын тулд танд номлолын ерөнхийлөгчийн эсвэл төлөөлөгчийнх нь зөвшөөрөл хэрэгтэй.

Байгалийн гамшиг, халдлага, эмнэлгийн түргэн тусламж хэрэгтэй болох зэрэг яаралтай хэргээр томилогдсон хэсгээсээ гарах шаардлага гарвал эхлээд аюулгүй газраа очоод эсвэл эмнэлгийн тусламж аваад, дараа нь боломж гармагц номлолын ерөнхийлөгч эсвэл залуу номлогч удирдагч руугаа утасдаж мэдэгдээрэй.

2.2.4

Хэсгийнхээ гаднах хүмүүстэй ажиллах

Та номлолынхоо туршид өөрийн томилогдсон хэсгээс гадуур амьдардаг хүмүүстэй танилцах болно. Хэрэв тэд Есүс Христийн сайн мэдээний тухай суралцах сонирхолтой бол та дараах зүйлийг хийнэ. Үүнд:

  • Тэдэнтэй сургаалаас хуваалц.

  • Тэдэнтэй зөвшөөрөгдсөн мэдээллийн хэрэгслээр холбогд (7.5.6-г үзнэ үү).

  • Тэдний амьдардаг газрын номлогчдод хандаж, тэдний тухай мэдээллийг хариуцсан номлогчидтой нь хуваалцаарай (2.3.4-ийг үзнэ үү).

  • Тухайн хүмүүст зааж, тэднийг дэмжихэд нь амьдардаг газрынх нь номлогчдод туслахын тулд тухайн номлогчидтой номлолын ерөнхийлөгчийнхөө зөвшөөрлөөр технологи ашиглан хамтран ажилла (7.5.4-ийг үзнэ үү). Та зөвшөөрөл авсны үндсэн дээр өөрийн гэр бүл, найз нөхдийг тухайн хүмүүст заахад туслахыг урьж болно (3.9.5-ыг үзнэ үү).

Томилогдсон хэсэг эсвэл номлолынхоо доторх болон гаднах бусад номлогч эсвэл гишүүдтэй хамтран ажиллахаар болбол:

  • Сонирхож байгаа тухайн хүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд илүү ойртоход хамгийн сайнаар хэрхэн туслахыг мэдэхэд хамтдаа зөвлөлд.

  • Гишүүдийн болон бусад номлогчийн цагт хүндэтгэлтэй ханд.

  • Тухайн хүний амьдардаг газарт томилогдсон номлогчдод хичээлийг удирдан явуулах боломжийг аль болох хурдан олгож өг.

2.3

Номлогчийн ажлын үйл ажиллагаа

Номлогчид Их Эзэний ажлыг гүйцэтгэхийн тулд “хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ” (Сургаал ба Гэрээ 88:119) хэмээх зарлигийг нь биелүүлэхээр олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог. Эдгээр үйл ажиллагаанд солилцоонд болон хамтрагчийн түр солилцоонд оролцох, гишүүдтэй ажиллах, санал болгосон хүмүүстэй холбогдох, заах, зөвлөл, хурлуудад оролцох, үйлчлэх зэрэг ажил ордог. Ахлагчид баптисмын ярилцлага хийх нь бас номлогчийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.

2.3.1

Хамтрагчийн түр солилцоо

Хамтрагчийн түр солилцоонд эгч нарыг сургах удирдагч эсвэл ерөнхийлөгчийн туслах зэрэг залуу номлогч удирдагч өөр нэг номлогчтой хамтран ажилладаг. Түр солилцооны үеэр удирдагч уг номлогчид зааж, сургаж бас түүнээс суралцдаг. Удирдагч нь “[тэдний] бүх яриа, бүх залбирлууд, [тэдний] бүх ухуулгууд, мөн [тэдний] бүх үйлүүддээ” (Сургаал ба Гэрээ 108:7) нөгөө номлогчийг хүчирхэгжүүлэхээр Сургаал ба Гэрээнд байдаг Их Эзэний зөвлөгөөг дагана.

Залуу номлогч удирдагчид нь удирдаж буй номлогчидтойгоо түр солилцоогоо төлөвлөх үүрэгтэй. Эгч нар бусад эгчтэй мөн ахлагчид бусад ахлагчтай түр солигдоно.

Ихэнх номлолд залуу номлогч удирдагчид ерөнхийдөө түр солилцоо бүрд нэг удаа хамтрагчаа түр сольдог.

  • Дүүргийн удирдагчид дүүргийнхээ ахлагч нэг бүрийн түр солилцоог явуулна.

  • Бүсийн удирдагчид бүсийнхээ дүүргийн удирдагч бүртэй мөн шаардлагатай бол бусад номлогчтой түр солилцоог явуулна.

  • Эгч нарыг сургах удирдагчид томилогдсон бүс эсвэл бүсүүдийнхээ эгч нэг бүрийн түр солилцоог явуулна.

  • Ерөнхийлөгчийн туслахууд ерөнхийлөгчийн зааврын дагуу бүсийн удирдагчдын эсвэл номлолын бусад номлогчийн түр солилцоог явуулна.

  • Хамтрагчийн түр солилцоо ерөнхийдөө 24 цаг орчим үргэлжилдэг. Хамтрагчийн түр солилцоо бүрээр залуу номлогч удирдагчийн хийвэл зохих зүйлс:

    • Залуу номлогч удирдагчийн хэсэгт хамтрагчийн түр солилцоог явуулах. Заримдаа түр солилцоог зохимжтой үед номлогчийн хэсэгт бас явуулж болно.

    • Хамтрагчийн түр солилцоог урьдчилан төлөвлөх

    • Түр солилцооны үеэр хийж гүйцэтгэмээр байгаа зүйлээ номлогчтой хамт зорилго тавин, хамтран ажиллах. Номлогчийн ажлын заах хүн олох, заах, хэл сурах (хамааралтай бол), өдөр тутам төлөвлөх, нөхөрлөх зэрэг бүх хэсэгт оролц.

    • Судруудыг болон Миний сайн мэдээг номло удирдамж дээрх зарчмуудыг ашиглахад сургах

    • Номлогчдын ажиллаж, зааж байгаа хүмүүсийн талаар ярилцах

    • Номлогчид юуг сайн хийдэг болон юуг сайжруулж болох талаар тодорхой, тустай санал зөвлөгөө өгөх

    • Сайжруулах хэрэгтэй хэсгүүд дээр номлогчийн санал хүсэлтэд нээлттэй хандах

    • Номлогч бүр хамтрагчийн түр солилцооны үеэр юу сурч мэдсэнээ дүгнэн ярилцах

    • Номлолын ерөнхийлөгчид илгээдэг долоо хоног тутмын захидалдаа хамтрагчийн түр солилцооны талаар мэдээлэх зэрэг юм.

2.3.2

Солилцоо

Номлолын алба солилцооны үеэр таныг ганцаараа явахгүй байдлаар зохицуулах болно. Цөөн тохиолдолд хол ойрын зай болон бусад зүйлээс шалтгаалаад номлолын ерөнхийлөгч тань өөр удирдамж өгч мэднэ. Тийм нөхцөлд илүү анхааралтай байж, аливаад ухаантай хандан, Сүнсийг дага.

Та солигдохдоо:

  • Шууд шинэ хэсэг рүүгээ явж, шинэ хамтрагчтайгаа нэгд.

  • Солилцоогоор явж байхдаа хараа хяналтгүй орхисон зүйлээ идэж, ууж болохгүй.

  • Утасны цэнэг замд тань хангалттай хүрэлцэх эсэхийг шалга. Хэрэв та ганцаараа гурваас илүү цаг явж байгаа бол номлолын алба руу үе үе холбогд.

Таны хамтрагч солигдоод, та үлдсэн бол шинэ хамтрагчаа иртэл залуу номлогч удирдагчийн томилсон бусад номлогчтой хамт ажилла.

2.3.3

Гишүүдтэй хамт заах боломж

Та заах хүн олох, заах, баптисм хүртээх, нөхөрлөх зэрэгт хэвийн бөгөөд ердийн замаар нэгдэхэд гишүүдийг урь. Зааж буй хүмүүстэйгээ нөхөрлөхөд мөн тэднийг тойргийн болон гэр бүлийнхээ үйл ажиллагаанд оролцохыг урихад гишүүдийг уриалж, тусал. Холбоотой хувийн туршлага, гэрчлэлээс хуваалцахыг гишүүдээс хүс.

Номлогчид хамтрагчтайгаа хамт байх хэрэгтэй. Тиймээс номлогчид гишүүдтэй түр солилцоонд орохгүй. Гэсэн хэдий ч эмэгтэй гишүүд (тухайн газар нутгийн хууль дүрэмд нийцэх шаардлагатай тул 16 ба түүнээс дээш насны) хоёр ба түүнээс олон эмэгтэй номлогчийг дагалдаж, зааж болно. Эрэгтэй гишүүд (тухайн газар нутгийн хууль дүрэмд нийцэх шаардлагатай тул 16 ба түүнээс дээш насны) хоёр ба түүнээс олон номлогчийг дагалдаж, зааж болно. Гэрлэсэн хосууд эгч нартай эсвэл ахлагчидтай хамт хичээл зааж болно.

2.3.4

Санал болгосон хүн

Санал болгосон хүн гэж хэн нэгэн хүн номлогчидтой холбоо барихыг санал болгож хүссэн хүнийг хэлнэ.

Та заалгахыг санал болгосон хүмүүстэй ажиллахдаа:

  • Боломжтой бол санал болгосон хүмүүсийн мэдээллийг өгсөн номлогч, гишүүд, хувь хүнтэй холбоо барь. Тухайн хүнд хэрхэн туслах талаар зөвлөлд.

  • Санал болгосон хүнтэй аль болох хурдан буюу ерөнхийдөө 24 цагийн дотор холбоо барих гэж оролд.

  • Санал болгосон хүнд хэрхэн тусалж болох талаар сонс мөн суралц.

  • Хүссэн зүйлийг нь хүргэж өг.

  • Уг хүний хэрэгцээ, сонирхолд тохируулан заа.

  • Санал болгосон хүмүүсийн мэдээллийг өгсөн номлогч, гишүүд, хувь хүмүүстэй үргэлжлүүлэн ажилла (2.2.4-ийг үзнэ үү).

Санал болгосон хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Миний сайн мэдээг номло удирдамжийн 9-р бүлэг “Би хичээл заалгах хүмүүсийг хэрхэн олох вэ?” доторх “Гишүүн, номлогч, Сүмийн удирдах газар зэргээс ирсэн, сонирхсон хүмүүсийн мэдээлэл”-ээс үзнэ үү.

2.3.5

Хурал ба зөвлөгөөн

Номлогчид сургалт өгөх, авах болон номлолын ажлаа төлөвлөж, зохицуулахын тулд хамтдаа зөвлөлддөг. Хурал, зөвлөгөөн дээр Их Эзэний Сүнсийг урих ёстой бөгөөд энэ нь илчлэлт авах цаг байх ёстой (Сургаал ба Гэрээ 6:32-ыг үзнэ үү). Нэмж хэлэхэд, номлогчдын цугларалт танд хамтын хөдөлмөртөө бие биеэ дэмжиж, баясах боломжийг олгодог (Сургаал ба Гэрээ 43:8; 50:22-ыг үзнэ үү).

Номлогчийн хамтрагчид, залуу номлогч удирдагчид, номлолын удирдагчдын зохион байгуулдаг хурал:

  • Өдөр тутмын болон долоо хоног бүрийн төлөвлөх цаг

  • Дүүргийн зөвлөлийн хурал

  • Бүсийн чуулган

  • Номлолын удирдлагын зөвлөлийн хурал

Тухайн газар нутгийн удирдагчдын зохион байгуулдаг хурал:

  • Номлогчдын зохицуулах хурал

  • Тойргийн зөвлөлийн хурал

2.3.6

Баптисмын ярилцлага

Ахлагчид баптисмын ярилцлага явуулахдаа дараах зүйлсийг хийх ёстой. Үүнд:

  • Их Эзэний Сургаал ба Гэрээ 20:37 дээр хэлсэн зүйлийг давт.

  • Ариун Сүнсний удирдамжийг дага.

  • Миний сайн мэдээг номло удирдамжийн 12-р бүлгийн “Баптисмын ярилцлагын асуултууд” хэсэг дэх ярилцлагын асуултуудыг тавь.

  • Тухайн хүний нас, онцлогт тааруулж асуултуудыг тохируул.

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч эсвэл тойргийн номлолын удирдагчдад баптисмын ярилцлагыг урьдчилан мэдэгдээрэй.

Хэрэв баптисм хүртэх хүн өөрөө хүсвэл, эцэг эх, хань ижил, өөр насанд хүрсэн хүнийг баптисмын ярилцлагадаа хамт байхыг урьж болно. Ярилцлагад орж байгаа ханийнх нь эсвэл насанд хүрээгүй хүүхдийнх нь талаарх тухайн хүний сэтгэгдэлд мэдрэмжтэй ханд. Эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхдүүдтэй баптисмын ярилцлага хийх, зөвшөөрөл авахдаа Миний сайн мэдээг номло дээрх удирдамжийг дага (Миний сайн мэдээг номло номын 12-р бүлэг “ Би хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хэрхэн бэлтгэх вэ?” доторх “Ярилцлагыг хэрхэн хөтлөн явуулах”-ыг үзнэ үү).

Дүүргийн удирдагчид дүүрэг доторх номлогчдоор заалгасан хүмүүстэй, тэр дотроо ерөнхийлөгчийн туслахууд, бүсийн удирдагчид, эгч нарыг сургах удирдагчид зэргээр заалгасан хүмүүстэй баптисмын ярилцлага хийдэг.

Бүсийн удирдагчид бүс доторх дүүргийн удирдагчдаар заалгасан хүмүүстэй баптисмын ярилцлага хийдэг.

Хэрэв томилогдсон дүүрэг болон бүсийн удирдагчид боломжгүй байвал номлолын ерөнхийлөгч өөр ахлагчийг ярилцлага хийлгүүлэхээр томилж болно.

2.3.7

Баптисм

Баптисмын үйл ажиллагааг зохион байгуулахдаа ахлагчийн чуулгын ерөнхийлөгч эсвэл тойргийн номлолын удирдагчтай хамтран ажилла (Миний сайн мэдээг номло номын 12-р бүлэг “Би хүмүүсийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хэрхэн бэлтгэх вэ?” доторх “Баптисмын үйл ажиллагаа”-г үзнэ үү). Баптисмын үйл ажиллагаанд аль болох хурдан бэлтгэж эхэл.

2.4

Өдөр тутмын үйл ажиллагаа ба цагийн хуваарь

Номлогчийн зорилгоо биелүүлж, бусдын хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд цагийн хуваарийн дагуу төлөвлө. Сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст Их Эзэн юу амласныг санаарай. “Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” (Сургаал ба Гэрээ 18:15).

2.4.1

Өдөр тутмын ердийн үйл ажиллагаа

Дараах үйл ажиллагаануудыг өдөр тутмын цагийн хуваарьтаа оруул. Үүнд:

  • Хувийн болон хамтрагчийн мөн номлолын зорилгууд тавьж, эргэн хяна.

  • Тухайн өдрийн хуваарийг төлөвлө.

  • Хичээлээ бэлтгэ.

  • Судрууд, Миний сайн мэдээг номло, амьд бошиглогч, төлөөлөгчдийн сургаал болон бусад зөвшөөрөгдсөн материалыг судлаарай (2.4.4-ийг үзнэ үү).

  • Эрүүл мэнд эсвэл аюулгүй байдлын нэг сэдэв эсвэл технологи хэрэглээний нэг хамгаалалтын аргыг судалж үз (4.0-4.7-г үзнэ үү).

  • Заах хүмүүсийг ол.

  • Тухайн газар нутгийн удирдагчид болон гишүүдтэй хамтарч ажилла.

  • Төлөвлөсөн эсвэл төлөвлөөгүй үйл ажиллагаагаар бусдад үйлчил.

  • Хоол идэх, тухайн өдөрт бэлтгэх зэрэг хувийн хэрэгцээндээ анхаарал тавь.

2.4.2

Өдөр тутмын цагийн хуваарийн жишээ

Танай номлолын өдөр тутмын цагийн хуваарь доорх хуваарьтай төстэй байж магадгүй. Баярын өдөр, номлол дахь онцгой үйл явдал зэргээс болж номлолын ерөнхийлөгч өдөр тутмын цагийн хуваарийг өөрчилж болно.

06:30

Өдрийг эхлүүлэх

6:30–10:00

Залбирах

Дасгал хийх (30 минут)

Усанд орж, өглөөний унд уун, тухайн өдөртөө бэлдэх

Хувиараа судлах (60 минут)

Төлөвлөх (30 минут)

10:00–21:00

Хүмүүсийг хайж олох, заах, үйлчлэх*

Ѳдрийн турш цахим эсвэл цаасан тэмдэглэл хѳтлѳх

Эрүүл мэндийн эсвэл аюулгүй байдлын нэг сэдэв юм уу технологи хэрэглээний нэг хамгаалалтыг гүйлгэн харах

Хамтрагчтайгаа хамт судалж, хичээлд бэлтгэх (30 минут)

Номлолын талбарын эхний 12 долоо хоногт шинэ номлогч болон сургагчдад зориулсан нэмэлт материалуудыг судлах (танд хамааралтай бол 30–60 минут)

Хэрэв та шинэ хэл сурч байгаа бол хэлээ судал (30–60 минут). Хэрэв та англи хэлээр ярьдаггүй бол танд англи хэл сурахыг зөвлөж байна.

Өдрийн болон оройн хоол идэх (нийлээд хоёроос илүү цаг байж болохгүй).

21:00

Хичээл заах уулзалтгүй бол байр луугаа буц, хэрэв уулзалт байгаа бол 21:30 гэхэд буцаж ирэх

21:00–21:30

Өдрийн тэмдэглэлээ хөтлөөд, унтахад бэлдэн, залбирах

21:30–22:30

Орондоо орох

*Таны өдөр тутмын үйл ажиллагаа хүмүүстэй харьцахад төвлөрөх ёстой. Байрандаа удаан хугацааг өнгөрөөхөөс зайлсхийхийн тулд төлөвлөх, суралцах үйл ажиллагаагаа өдрийн туршид тараана уу. Хэрэв зай, цаг хугацааны хувьд боломжтой бол гадуур ажиллачхаад, байрандаа эргэн ирж, эдгээр хэрэгцээгээ өдрийн туршид гүйцээж болно.

Номлолын тань зөвшөөрөгдсөн хуваариар, ажиллах, амрах, дахин төвлөрөх цагийг олгоно. Сүнслэг байдал, сэтгэл санаа, бие бялдрын хувьд хангалттай амарч, шим тэжээл авч байх нь чухал юм.

2.4.3

Зорилго тавих ба төлөвлөх цаг

Хамтрагчтайгаа өдөр тутмын болон долоо хоног бүрийн ажлаа төлөвлөх цаг гарга. Зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээнд мөн ахиц гаргах, зорилго тавихад болон тухайн өдөр, долоо хоногийн төлөвлөгөөг гаргахдаа гишүүдтэй хэрхэн ажиллахад анхаарна уу (Миний сайн мэдээг номло номын 8-р бүлэг “Би цагийг хэрхэн ухаалгаар ашиглах вэ?” дээрх “Зорилго хэрхэн тавих вэ?,” “Долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргах цаг,” “Өдрийн төлөвлөгөө гаргах цаг” зэргийг үзнэ үү).

2.4.4

Судлах цаг

Хувиараа болон хамтрагчтайгаа хамт судлах цагаа судрууд (ялангуяа Мормоны Ном), Миний сайн мэдээг номло, амьд бошиглогчдын сургаалд (Gospel Library дээрээс үзэх боломжтой) болон эдгээр жишигт төвлөрөхөд зориул. Эдгээр зөвшөөрөгдсөн материал нь таны Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний мэдлэг, гэрчлэлийг хүчирхэгжүүлж, зааж байгаа хүмүүсийн тань хэрэгцээг хангахад бэлтгэж чадна.

Хэрэв та шинэ хэл сурахаар томилогдсон бол түүнийгээ өдөр бүр сурч, давт.

Та шинэ номлогч бол номлолын талбар дахь эхний 12 долоо хоногт сургагчтайгаа өдөр бүр 30-аас 60 минут илүү нэмж суралцаарай (Миний сайн мэдээг номло номын “Удиртгал: Миний сайн мэдээг номло удирдамжийг би хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглаж болох вэ?” доторх “Шинэ номлогчдод: Хамтрагчтайгаа суралцах нэмэлт цаг”-ийг үзнэ үү).

2.4.5

Айлд хооллох

Боломжтой бол танай номлолын ерөнхийлөгч болон тухайн газар нутгийн гадасны ерөнхийлөгч номлолын тань газар нутагт амьдардаг айлуудад хооллох хуваарь гаргах зааварчилгааг өгөх болно. Гишүүд болон бусад хүн хоолоор дайлах үед:

  • Тэдний хувийн нөхцөл байдал, цагт хүндэтгэлтэй ханд.

  • Тэдний дайлсан хоолонд таларх.

  • Та хоолны өмнө юм уу дараа 15–20 минутад хичээл заах, зочилж байгаа хүмүүсээ хүчирхэгжүүлэн, Сүнсээр заах чадвараа сайжруулах боломж олгохыг хүс.

Эсрэг хүйсийн хүнтэй хоол идэхэд таны хамтрагч та хоёртой адил хүйсийн насанд хүрсэн хүн хамт байх ёстой.

2.5

Бэлтгэлийн өдөр

Номлолын ерѳнхийлѳгч тань долоо хоног тутмын нэг өдрийг бэлтгэлийн өдөр болгон тогтоох болно. Бэлтгэлийн өдөр нь “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) байхад бие бялдар, сүнслэг байдал, сэтгэл зүйн хувьд сэргэх боломжийг танд олгодог. Энэ нь бас таны хамтрагч та хоёрыг дүүргийнхээ бусад номлогчтой хамт байж, үр бүтээлтэй, зугаатай үйл ажиллагаанд хамтдаа баясах боломжоор хангадаг (3.6-г үзнэ үү).

“Өөртөө байгаа хүч чадал хийгээд аргаас илүү хурдан гүйх буюу илүүгээр бүү хөдөлмөрлө” (Сургаал ба Гэрээ 10:4) мөн “та нар ядрахгүй байхын тулд; эрт босож бай, та нарын бие хийгээд оюун чинь амарч болохын тулд орондоо эрт орж бай” (Сургаал ба Гэрээ 88:124) зэрэг Их Эзэний цагаа олсон сэрэмжлүүлгүүдийг санаарай.

2.5.1

Бэлтгэлийн өдрийн үйл ажиллагаа

Бэлтгэлийн өдрийн үйл ажиллагаанд дараах (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) үйл ажиллагаанууд орно. Үүнд:

  • Гэр бүл, номлолын ерѳнхийлѳгч, найз нөхөдтэйгөө харилцах (3.9-ийг үзнэ үү)

  • Угаалга үйлдэх

  • Үсээ засуулах мөн хувьдаа бусад арчилгааг хийлгэх

  • Цэвэрлэгээ хийх

  • Дэлгүүр явах

  • Амрах

  • Зөвшөөрөгдсөн зугаатай үйл ажиллагаанд оролцох (3.6-г үзнэ үү)

2.5.2

Бэлтгэлийн өдрийн цагийн хуваарийн жишээ

Бэлтгэлийн өдрийн цагийн хуваарь дараахтай төстэй байж болно.

06:30

Өдрийг эхлүүлэх

6:30–8:00

Залбирах

Усанд орох, өглөөний унд уух, тухайн өдөртөө бэлдэх

Төлөвлөх (30 минут)

Хувиараа судлах (30 минут)

8:00–18:00

Бэлтгэлийн өдрийн үйл ажиллагаа явуулах (2.5.1-ийг үзнэ үү)

Санамж: Бэлтгэлийн өдрийн бүх үйл ажиллагаа 18:00 цагт дууссан байх ёстой.

18:00–21:00

Хүмүүсийг хайж олох, заах, үйлчлэх

21:00

Байр луугаа буцах. Хэрэв хичээл заах уулзалттай бол 21:30 гэхэд буцаж ирэх

21:00–21:30

Өдрийн тэмдэглэлээ хөтлөөд, унтахад бэлдэн, залбирах

21:30–22:30

Орондоо орох

2.6

Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаа

Хүндэтгэлийн өдөр заах хүн олох, заах, баптисм хүртээх мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай суралцахад болон тэдэнтэй илүү адилхан болоход нь бусдад туслах номлогчийнхоо зорилгыг биелүүлэхэд тус болох үйл ажиллагаануудыг төлөвлө. Сургаал ба Гэрээ 59:13–19 дэх Хүндэтгэлийн өдрийн талаарх Их Эзэний сургаалыг санаж, жинхэнэ Хүндэтгэлийн өдөр нь баяр хөөр, баяр баясгалан, талархсан зүрх сэтгэл, хөгжилтэй дүр төрх зэрэг үг хэллэгүүдийг агуулдаг болохыг тэмдэглэ.

Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаанд сүмд явах, Ерөнхий чуулган, гадасны чуулганы ням гаргийн ерөнхий хуралдаанд оролцох болон уригдсан бол тойргийн зөвлөлийн хурал гэх мэт нэмэлт хурлуудад оролцох зэрэг нь багтана. Үүнд сар бүрийн мацаг барилтад оролцох нь мөн багтана.

Их Эзэн таныг номлогчийн хувьд хичээж зүтгэхдээ, илүү сайн номлогч байхын тулд сар бүр тогтмол мацаг барихаас илүүгээр хоол ундгүй явахыг эсвэл нойроо золиослохыг хүсдэггүй. Та хааяа онцгой шалтгаанаар мацаг барьж болох ч нэг удаа барихдаа 24 цагаас илүү удаан мацаг барьж болохгүй.

2.7

Олон нийтэд үйлчлэх

Та Есүс Христтэй адилаар бусдад үйлчилснээр Түүний шавь болж сурна. “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд” (Moзая 2:17) бөгөөд хамтрагчдаа болон зааж байгаа хүмүүстээ мөн гишүүдэд болон олон нийтэд үйлчлэх боломжуудыг ол.

Та ямар ч ашиг харалгүй бусдад туслах чин хүсэлтэйгээр үйлчлэх ёстой. Үйлчлэлийн төслийн бүх дүрмийг дага (7.2-ыг үзнэ үү). Ялангуяа үйлчилж байхдаа заахгүй байх, хүүхдүүдтэй хамт ганцаараа үлдэх газарт үйлчлэхгүй байвал зохино. Хэрэв хэн нэгэн хүн таны хуваалцах мэдээг сонирхож байгаагаа илэрхийлбэл товчхон хариулаад, тэдэнтэй өөр газар, өөр цагт хуваалцахаар уулзалт товло.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.2 буюу “Үйлчлэлийн удирдамж” хэсгээс үзнэ үү.