Номлолын дуудлагууд
Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын захиас


Зураг
Есүс Христ төлөөлөгчийнхөө хөлийг угааж байгаа нь

Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын захиас

Эрхэм хүндэт номлогч оо,

Есүс Христ амилсныхаа дараа Өөрийн шавь нарт үзэгдэж, тэдэнд “бүх үндэстнийг шавиа болго (Матай 28:19-ийн зүүлт тайлбар a-г үзнэ үү), Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” (Maтай 28:19–20) хэмээн зарлигласан байдаг.

Та бүх үндэстнийг шавь болгохын тулд Есүс Христийн сайн мэдээг дэлхийд түгээх энэ агуу ажилд төлөөлөгчдөд туслахаар Бурханы сонгосон үйлчлэгчээр дамжуулан илчлэлтээр дуудагдсан.

Та номлолдоо бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэх үедээ, “Эзэн Бурханаа хайрла … [мөн] хөршөө өөр шигээ хайрла” (Сургаал ба Гэрээ 59:5-6) гэсэн хоёр агуу зарлигийг гүйцэлдүүлэхэд тусалдаг.

Үр бүтээлтэй номлогч байхын тулд та Есүс Христийн итгэлтэй шавь байх ёстой. Бид таныг Бурханы алдар суугийн төлөө авьяас, чадвараа хөгжүүлэхэд урьж байна. Есүс Христ таныг өсгөж хөгжүүлэх болно. Тэнгэрлэг Эцэг танд хайртай бөгөөд таныг хаана ч үйлчилж байсан Өөрийнх нь хүүхдүүдийг хайрлаж, адислахад танд туслах болно. Тэрээр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан жинхэнэ ёсоор “Их Эзэнд хөрвүүлэгдэхэд” (Алма 23:6) таныг болон таны үйлчилдэг хүмүүсийг хүчирхэгжүүлнэ.

Энэхүү номлогчийн жишгүүдийг Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга баталсан. Эдгээр нь таны бие бялдар, сүнслэг байдал, сэтгэл санааг хамгаалахад туслах бөгөөд таныг Есүс Христэд хэрэгтэй шавь болоход тусална.

Хэрэв танд аль нэг жишгийн талаар асуух зүйл байвал ач холбогдлыг нь ойлгоход туслахыг Их Эзэнээс залбирч байгаад асуу. Тэгээд шаардлагатай бол хамтрагч, залуу номлогч удирдагч эсвэл номлолын удирдагчдынхаа аль нэгээс тусламж хүс. Энэ жишгүүдийг хамтрагчтайгаа тогтмол судалж, дагахыг хичээ.

Бид бүрэн цагийн номлолд үйлчлэх дуудлага хүлээн авсанд тань баяр хүргэж байна. Их Эзэн Есүс Христэд үйлчлэхийн жинхэнэ амар амгалан, баяр баяслыг олоосой гэж бид залбирч байна.

Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм