Номын сан
Аврал


“Аврал,” Сэдэв ба асуулт (2023)

Есүс Христ, Мариа хоёр

Сайн мэдээг судлах удирдамж

Аврал

Үхэгсдээс амилуулагдаж, Есүс Христээр дамжин нүглээс цэвэршүүлэгдэх бэлэг

Бид бүхэнд Есүс Христ хэрэгтэй. Түүний хамгийн чухал цол нэрсийн нэг нь “Аврагч” буюу “авардаг нэгэн” гэсэн утгатай. Яагаад бид аврагдах хэрэгтэй вэ? Мормоны Номын бошиглогч Абинадай: “бүх хүн төрөлхтөн … Бурхан өөрийнхөө хүмүүсийг төөрөлдсөн мөн унасан байдлаас нь гэтэлгээгүйсэн бол тэд төгсгөлгүйгээр алдагдах байсан” (Moзая 16:4) хэмээн тайлбарлажээ. Хэрэв Бурханы тусламжийг авахгүйгээр үлдвэл бид нүглийн үр дагавраас болж үүрд зовох болно. Түүнээс гадна, үхэл хүн бүр дээр байнгын нөлөөтэй байх байв.

Есүс Христийн сургаалын сайн мэдээ нь дэлхий дээр амьдарч байсан хүн бүр ямар сонголт хийснээс үл хамааран амилуулагдаж, төгс, үхэшгүй биеийг хүлээн авах явдал юм (Алма 40:23-ыг үзнэ үү). Мөн Есүс Христийн ачаар бид өршөөгдөж, нүглээсээ цэвэршиж чадна (Moзая 4:1–3; Хиламан 3:35; Сургаал ба Гэрээнүүд 20:37-г үзнэ үү).

Аврал гэж юу вэ?

Аврал нь бие махбод болон сүнсний үхлээс аврагдах бэлэг юм. Энэ нь Бурханы ач ивээлээр мөн дэлхийн Аврагч Есүс Христийн хүчээр ирдэг (Сургаал ба Гэрээнүүд 43:34-ийг үзнэ үү). Үүнд үхэгсдээс амилуулагдаж, үхэшгүй мөнхийн болох багтдаг. Зарим сударт хэрэглэсэн аврал эсвэл аврагдах гэдэг үгс мөнх амьдралыг хэлж байгаа. Мөнх амьдралыг хүлээн авна гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэн, Тэдэнтэй хамт мөнхөд байх эрхийг хүлээн авах явдал юм. Энэ бол “Бурханы бүх бэлгээс хамгийн агуу нь” (Сургаал ба Гэрээнүүд 6:13; 14:7) билээ.

Сэдвийн тойм: Аврал

Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж: Авралын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгал, Ач ивээл, Мөнх амьдрал, Нас барагсдын төлөөх төлөөлөн гүйцэтгэх ёслол

1-р хэсэг

Есүс Христ дэлхийн Аврагч мөн

Есүс Христ нифайчууд дээр айлчилсан нь

Тэнгэрлэг Эцэг биднийг аврахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн гэдгийг мэдэж авч, үүнд итгэх нь дэлхий дээрх амьдралын хамгийн агуу зорилгуудын нэг юм (Иохан 3:16–17; 2 Нифай 25:26-г үзнэ үү). Энэхүү захиасыг бошиглогчид Түүнийг төрөхөөс өмнө хэдэн мянган жилийн турш тунхагласан (Moзая 13:33–35; Хиламан 8:13–20; 3 Нифай 20:23–24; Мосе 4:1–2; 5:7–9-ийг үзнэ үү). Хожмын өдрүүдэд бошиглогч Иосеф Смит амилсан Христийн тухай гэрч, гэрчлэлээ тунхаглажээ (Сургаал ба Гэрээнүүд 76:22–24; 110:1–4-ийг үзнэ үү).

Бошиглогч Иосеф Смит: “Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэлээр наснаас хальж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээшлэн одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л эл гэрчлэлийн хавсралтууд юм” хэмээн заасан билээ.

Бодох зүйлс

  • Аврагчийн бидэнд байх хэрэгцээг дүрсэлсэн 2 Нифай 9:6–13; Сургаал ба Гэрээнүүд 76:40–42-ыг унш. Есүс Христийн Цагаатгал хэрхэн бидэнд бие махбодын болон сүнслэг байдлын үхлийн үр нөлөөг даван гарахад тусалдаг вэ?

  • Gospel Library дахь Сайн мэдээний сэдвүүдийн “Аврал”-ын тоймд, авралын хэд хэдэн чухал бүрэлдэхүүн хэсэг байдгийг заадаг. Уг нийтлэлд өгсөн авралын тодорхойлолтыг уншаад, аль нь танд хамгийн чухал болохыг эргэцүүлэн бод. Уг тодорхойлолт яагаад таны зүрх сэтгэлд ойр хүрч байна вэ? Төрсөн мэдрэмжээ өдрийн тэмдэглэлдээ бичих талаар бод.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Because of Him” (2:44) видеог үзнэ үү. Дараа нь бүлгийн гишүүдийг видеог үзэж байхдаа юу мэдэрснээ хуваалцахад урь. Есүс Христийн үйл хэргийн талаар тэд юу сурч мэдсэн бэ? Энэ мэдлэг тэдний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Та бүлгийн гишүүдийг “Түүний ачаар” гэсэн мэдэгдлүүдээр өөртөө жагсаалт гарган, боломжтой бол бүлгийнхэнтэйгээ хуваалцахад урьж болно.

  • Үхлээс аврагдах нь Есүс Христээр дамжуулан боломжтой болсон Бурханы бүх хүүхдэдээ зориулсан бэлэг юм. 2 Нифай 2:4, 2 Нифай 25:23–24-ийг хамтдаа унш. Яагаад нүглээс аврагдахыг худалдан авч болдоггүй төдийгүй Есүс Христэд итгэх итгэл дээр төвлөрөх нь чухал вэ? Бид ямар ямар арга замаар Их Эзэнд илүү их итгэлээр хандаж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Бид Есүс Христийн гэрч болон зогсох ёстой

Есүс Христ

Дэлхий дээрх олон сайн хүн Бурханыг болон Тэрээр хэрхэн тэдний амьдралыг сайжруулж болох талаар ойлгохыг эрэлхийлж байгаа билээ. Өнөөдөр Сүмийн бүх гишүүн баптисм хүртэж, Ариун Сүнсээр дамжуулан гэрчлэл хүлээн авахдаа Есүс Христийн гэрч болдог (2 Нифай 31:13, 18; Мозая 18:8–9; 3 Нифай 28:11-ийг үзнэ үү.) Бид Есүс Христийн үнэнч дагалдагч болохыг хичээснээр биднийг хүчирхэгжүүлдэг Түүний ач ивээлийг мэдэрдэг. Эцсийн эцэст Түүний ач ивээлээр л бид аврагдана (2 Нифай 25:23-ыг үзнэ үү). Бид Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахиснаар бидний төлөө Христийн үйлдсэн бүхэнд талархаж байгаагаа харуулдаг. Түүний хайр, өршөөл, авралын амлагдсан адислалуудыг хүлээн авагчдын хувьд бид өөрсдийн гэрчлэлийг уулзсан хүн бүртэйгээ хуваалцах үүрэгтэй (Лук 22:32; Мозая 18:8–9; Сургаал ба Гэрээнүүд 84:61-ийг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Аврагч таны төлөө юу хийсэн бэ? Та энэ асуултыг бодож байхдаа, ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?” захиасыг унших юм уу сонс. Эндээс та өөрийн амьдрал дахь Есүс Христийн үйл хэргийн хүчийн тухай юу мэдэж авсан бэ? Есүс Христтэй холбоотой ямар ямар хувийн туршлагаа та ерөнхийлөгч Өүксийн жагсаалтад нэмж оруулах вэ?

  • Бид 2 Нифай 25:23-аас “бид чадах бүхнээ хийсний дараа, ач ивээлээр аврагдана” гэдгийг мэдэж авдаг. Энэ агуулгын хүрээнд ашигласан “аврагдах” гэдэг үг нь бид Бурханы оршихуйд дахин амьдрахын тулд нүглээс цэвэршигдэх гэсэн утгатай. Та ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ач ивээлийн бэлэг” захиас дахь “Чадах бүхнээ хийх ёстой” дэд хэсгийг уншиж болно. “Чадах бүхнээ хийсний дараа” гэдэг нь таны амьдралд ямар утга учиртай вэ? “Бидний хийж чадах бүхэн,” Есүс Христийн Цагаатгал хоёр хоорондоо ямар холбоо хамааралтай вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Тэнгэрлэг Эцэг биднийг Есүс Христийн болон авралын амлалтын тухай гэрчлэлээ хуваалцаасай гэж хүсдэг. Сургаал ба Гэрээнүүд 18:10–17-г унш. Энэ нь Есүс Христийн сайн мэдээний захиасыг бусдад хүргэх зарим шалтгааныг тайлбарласан. Бурхан авралын адислалыг хүлээн авахад нь бусдад туслах ажилдаа биднийг Өөртэй нь нэгдэхэд урьдаг ямар ямар шалтгааныг судрын энэ хэсэгт өгсөн байна вэ? Та эсвэл таны таньдаг хүн хэзээ хэн нэгэнд сайн мэдээг хүлээн авч Бурхантай гэрээ байгуулахад нь туслахдаа баяр баясгаланг мэдэрсэн бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

  • James E. Faust, “The Atonement: Our Greatest Hope,” Ensign, Nov. 2001, 18–20

  • The Savior Understands Me” (видео), ChurchofJesusChrist.org

3-р хэсэг

Сүнсний дэлхийд авралын ажил үргэлжилдэг

Есүс Христ цугларсан олны дунд

Үхлээс гэтэлгэгдэх буюу амилуулагдах нь өөрийнх нь сонголтоос үл хамааран, амьдарч байсан бүх хүнд өгөгддөг нийтлэг бэлэг хэмээн судруудад заадаг (Үйлс 24:15-ыг үзнэ үү). Гэвч нүглийн үр дагавраас аврагдахын тулд Есүс Христэд итгэлтэй байж, наманчлах шаардлагатай. Бид мөн Бурханы хаант улсад аврагдахын тулд баптисм хүртэх ёстойг судруудаас олж мэддэг (Иохан 3:5-ыг үзнэ үү).

Гэхдээ Бурханы олон хүүхэд баптисм хүртэлгүй, тэр байтугай Есүс Христийн тухай сонсолгүй нас бардаг. Энэ хүмүүс хэрхэн аврагдаж болох вэ? Есүс Христ нас барсныхаа дараа сүнсний дэлхийд очсон гэдгийг судруудад заадаг (1 Петр 3:18–20-ийг үзнэ үү). Тэрээр сайн мэдээг тэнд номлох ажлыг зохион байгуулж, хүн бүрд сайн мэдээнээс суралцах боломжийг олгох арга замыг өгсөн. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд ариун сүмд нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх баптисм болон бусад ёслолыг гүйцэтгэн, нас барагсдын сүнсэнд Христээр дамжуулан аврагдах боломжийг өгдөг (Сургаал ба Гэрээнүүд 128:5, 18-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Нас барагсдын гэтэлгэлийн талаарх чухал илчлэлүүд Сургаал ба Гэрээнүүдэд цэдэглэгдсэн байдаг. Жишээлбэл: Сургаал ба Гэрээнүүд 138:11–32-ыг уншина уу. Энэ судрын хэсэг сүнсний дэлхийд аврагдах боломжийг олгох Бурханы ажлын талаар танд юуг зааж байна вэ?

  • Судрууд нь бидэнд бяцхан хүүхдүүд ариун бөгөөд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан ариусгагддаг бөгөөд авралыг хүлээн авахын тулд баптисм хүртэх шаардлагагүйг заадаг. Моронай 8:8–25; Сургаал ба Гэрээнүүд 74:7; 137:10-ыг уншина уу. Та судрын эдгээр хэсгээс Бурханы мөн чанарын талаар юу мэдэж авсан бэ? Энэ сургаал нь үр хүүхдээ алдах зовлонг үзсэн хувь хүн, гэр бүлүүдэд хэрхэн туслах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Сургаал ба Гэрээнүүд 128-д бошиглогч Иосеф Смит: “Бид [өөрсдийн өвөг дээдэсгүйгээр] төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй” (18-р шүлэг) хэмээн бичсэн байдаг. Түүнийг үүгээр юу хэлэх гэсэн гэж та нар бодож байна вэ? Бүлгийн гишүүдийг бодол санаагаа хуваалцахад урь. Та мөн нас барсан өвөг дээдсийнхээ талаар олж мэдэхэд эсвэл боломжтой бол нас барсан хүмүүсийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэхээр Их Эзэний өргөөнд цаг товлоход бүлгийн гишүүдийг урьж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

  • D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 9–11

  • Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 401–410

  • Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (2011), 128–135

Эх сурвалж

  1. Судруудын удирдамж, “Аврагч,” Gospel Library.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2011], 49