“Найдвар,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Найдвар
Мөнхийн амлалтууд Есүс Христээр дамжин биелнэ гэсэн итгэл
Амьдрал ихэвчлэн санаанд оромгүй, хүнд хэцүү нөхцөл байдлыг авчирдаг бөгөөд энэ нь биднийг сэтгэлээр унагаж, шантарсан, ялагдсан мэт мэдрэхэд хүргэдэг. Эдгээр цаг үед Тэнгэрлэг Эцэг биднийг хамгаалалтгүй, ганцаар орхидоггүй. Тэрээр бидэнд хүч чадал, эр зориг, аз жаргалтай ирээдүйг хүсэн хүлээхэд тусалдаг олон сүнслэг эх сурвалжийг мөн найдварын бэлгийг өгдөг (Моронай 9:25-ыг үзнэ үү).
Есүс Христийн сайн мэдээгээр амьдардаг хүмүүст найдвар нь Бурхан биднийг мэддэг бөгөөд Өөрийн хүсэл, цаг хугацааны дагуу амлагдсан адислалуудаа гүйцэлдүүлэх болно гэсэн баталгааг өгдөг. Бурханы найдварын бэлэг бидэнд мөнх бус амьдралын туршлагуудыг мөнхийн талаас нь харахад тусалдаг. Ялангуяа итгэл маань соригдох мөчид (Иеремиа 17:7-г үзнэ үү). Есүс Христ бол найдварын Бурхан бөгөөд бидэнд найдварыг элбэг дэлбэгээр хүлээн авах боломжийг олгодог (Ром 15:13-ыг үзнэ үү). Аврагчид ирэх хүмүүсийг аварч мөн авч үлдэх Түүний хүч, хайранд итгэснээр найдвар ирдэг.
Найдвар гэж юу вэ?
Найдвар бол Есүс Христэд итгэх итгэлээ бодит болгох үед ирдэг тэнгэрлэг бэлэг юм (Моронай 7:40–41-ийг үзнэ үү). Энэ нь Түүгээр дамжуулан мөнхийн амлалтууд биелэгдэх болно гэсэн найдлагын мэдрэмжийг авчирдаг. Тэр бол Бурханы бүх хүүхдийн хувьд итгэл найдвар, хүч чадлын эх сурвалж юм (Иоел 3:16-г үзнэ үү). Найдвар нь мөнх бус амьдралын хүнд хэцүү цаг үед урагш тэмүүлэх итгэлийг бидэнд өгдөг. Энэ бол Амилалтыг болон аврал, өргөмжлөлийн амлагдсан адислалуудыг баяртайгаар хүсэн хүлээх явдал мөн. Найдвар нь бусдын хэрэгцээнд анхаарлаа хандуулж, тэдэнд энэрлээр үйлчлэхэд хөтөлдөг.
Сэдвийн тойм: Найдвар
Холбогдох сайн мэдээг суралцах удирдамж: Есүс Христэд итгэх итгэл, Есүс Христийн Цагаатгал, Энэрэл, Сүнсний бэлэг, Амилалт
1-р хэсэг
Таныг Есүс Христийг дагахаар эрэлхийлэх үед Тэрээр найдварыг өгдөг
Энэ амьдралд бидэнд тулгардаг олон бэрхшээл бол Адам, Ева хоёрын уналтын үр дагавар мөн (Сургаал ба Гэрээнүүд 29:40-ийг үзнэ үү). Өвчин эмгэг, зовлон шаналал, нүгэл, үхэл хагацал бол мөнх бус амьдралын туршлагын нэгээхэн хэсэг юм. Хэрэв Есүс Христээр дамжин ирэх Цагаатгал болон Амилалт байхгүй байсан бол бид хэзээ ч эдгэрэлт, өршөөл, баяр баясгалан, мөнх амьдралыг олж чадахгүй байх байсан (2 Нифай 9:7–9-ийг үзнэ үү). Бид үүрд зовлонтой, найдваргүй байх байсан (Moзая 16:3–4-ийг үзнэ үү).
Гэвч Есүс Христ дэлхий дээр ирж, бидний амьдралд тохиолдох золгүй явдал бүрийн төлөө зовж шаналсан (Алма 7:11-ийг үзнэ үү). Тэр Өөрт нь итгэх итгэлээ үйлдэл болгож, нүглээ наманчилсан бүх хүний нүглийн шийтгэлийг үүрч гарсан (Мосе 5:9-ийг үзнэ үү). Тэрээр бидний дахин амьдрах замыг нээж өгч амилсан ба үхлийн хүлээсийг тасчсан (2 Нифай 2:6–8-ыг үзнэ үү). Тэр Өөрийг нь дагах хүн бүрд мөнх амьдралын найдварыг амладаг (Ифер 12:32-ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Бурханд итгэх итгэл нь Амилалтын болон мөнх амьдралын бодит байдалд итгэх итгэл, найдварыг төрүүлдэг. Ифер 12:4-ийг унш. Есүс Христэд итгэх итгэлээр тань дамжин ирэх найдвар таны өдөр тутмын амьдралд хэрхэн бодгальд тань зангуу болж чадах вэ?
-
Мормоны Номд Антай-Нифай-Лихайн хүмүүс сайн мэдээний захиасыг сонсож, хөрвөгдөх үедээ хүчирхэг өөрчлөлтийг мэдэрсэн. Алма 27:28-ыг унш. Найдварын бэлэг болон Есүс Христийн тухай тэдний ойлголт энэ болон ирэх амьдралын талаарх тэдний үзэл бодолд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ зарчим өөрийн тань амьдралтай хэрхэн холбогдох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Гэр бүлийн гишүүн эсвэл найзаа нас барахад хүмүүс гашууддаг. Есүс Христ бүх хүн төрөлхтний зовлон шаналал, өвдөлтийг амссан учраас бид Тэнгэрлэг Эцэгт хандан Түүний нэрээр залбирч, Түүний тайтгаруулагч тусламжийг эрэлхийлж чадна. Бидний амилалт болон мөнх амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөнд итгэх хүмүүст найдварын адислал амлагдсан байдаг. Алдаж оносон үе дэх найдварын ач холбогдлыг илүү сайн ойлгохын тулд бүлгийн гишүүдийг дараах судруудаас нэгийг сонгон уншихад урь. Үүнд: 1 Петр 1:3–5; Иаков 4:11; Алма 13:27–29; Ифер 12:32. Та мөн “Finding Hope through the Resurrection of Christ” (4:41) видеог үзэж болно. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсээ алдсан хүмүүсийг найдварын бэлэг хэрхэн тайвшруулдаг вэ? Есүс Христ танд болон таны хайртай хүмүүст амилж мөнх амьдрах боломжийг олгосон гэдэгт итгэж найддагаа та хэрхэн дүрслэх вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Сургаалт үгс 10:28; Гашуудал 3:25–26; 1 Коринт 15:19; Моронай 9:25–26
-
“The Power of Hope” (video), Gospel Library
-
Жэффри Р.Холланд ба Патришиа Т.Холланд, “Найдвараар дүүрэн ирээдүй” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2023 оны 1-р сарын 8), Gospel Library
2-р хэсэг
Есүс Христэд итгэх итгэл тань танд найдвар төрүүлэх болно
Судруудад итгэл, энэрлийн зан чанартай хамт найдварын тухай олонтоо өгүүлдэг (Моронай 7:40–44-ийг үзнэ үү). Есүс Христэд итгэх итгэлээ өсгөж, бусдад энэрэнгүй хандах бидний хүчин чармайлт итгэл найдвартай байх бидний чадавхтай шууд холбоотой (Моронай 10:20–21-ийг үзнэ үү). Итгэл, найдвар, энэрлийн ач холбогдлын талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Эдгээр гурван зан чанар нь кабелийн утаснууд шиг хоорондоо сүлжилдсэн байдаг ба амархан ялгагдахгүй байж магад. Тэд хамтдаа биднийг селестиел хаант улстай холбодог” гэж тайлбарлажээ.
Бидний наманчилж, баптисм хүртсэнээр Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авч болох адислалуудын нэг бол найдвар юм (Моронай 8:25–26-г үзнэ үү). Биднийг Есүс Христэд “гуйвшгүй итгэлтэй” байвал Тэнгэрлэг Эцэг бидэнд “найдварын төгс гэрлийг” (2 Нифай 31:19–20) олж авахад тусална хэмээн амласан байдаг. Мөн бид судруудыг судалбал илүү их найдвар хүлээн авч чадна (Ром 15:4; Иаков 4:6-г үзнэ үү).
Бодох зүйлс
-
Залуучуудад хандан ярихдаа Патришиа Холланд эгч: “Итгэл бол Бурхан байдагт итгэх итгэл, найдвар бол Түүнийг бидэнд тусална гэдэгт найдах найдвар бөгөөд энэрэл бол биднээр дамжин ажилладаг бусдыг адислах Түүний хайр, чадвар юм” хэмээн заасан. Итгэл, энэрлийн тухай суралцах нь бидэнд найдварыг илүү сайн ойлгоход хэрхэн туслах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Бүлгийн гишүүдтэй хамт ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг унш.
“Дайсан цөхрөлийг ашиглан зүрх сэтгэл, оюун ухааныг амьсгал давчдам харанхуйд хүлдэг. Цөхрөл нь биднээс гэрэл гэгээтэй, баяр баясгалантай бүхнийг салган холдуулж, амьдралын утга учрыг хоосон зүйл болгодог. …
Нөгөө талаар найдвар нь одоогийн нөхцөл байдлын маань хаяанд мандаж буй нарны цацрагтай адил юм. Найдвар хурц гэрлээрээ харанхуйг нэвт гийгүүлдэг. Энэ нь харьцангуй үзэл, төөрөгдөл, айдаст автсан дэлхийд мөнхийн үнэнийг эрэлхийлдэг хүмүүст замыг бэлтгэсэн Тэнгэрлэг Эцэгийн хайр халамжид найдвараа тавихад биднийг урамшуулан дэмжиж, сүнслэгээр нөлөөлдөг.”
Энэ дэлхийн харанхуйг нэвт харахад бидэнд туслах найдварын зан чанарыг олж авах ямар ямар арга зам байна вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Russell M. Nelson, “A More Excellent Hope,” Ensign, Feb. 1997, 60–64
-
Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25–29
Найдварын талаарх бусад эх сурвалж
-
Судар
-
Дуулал болон хүүхдийн дуу
-
Хүүхдүүдэд зориулсан эх сурвалж