Гарын авлагууд болон дуудлагууд
4. Есүс Христийн Сүмийн удирдлага ба зөвлөлүүд


“4. Есүс Христийн Сүмийн удирдлага ба зөвлөлүүд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2021).

“4. Есүс Христийн Сүмийн удирдлага ба зөвлөлүүд,” Ерөнхий гарын авлага.

Зураг
тойргийн зөвлөлийн хурал

4.

Есүс Христийн Сүмийн удирдлага ба зөвлөлүүд

4.0

Оршил

Сүмийн удирдагчийн хувьд таныг Аврагчийн эрх мэдэл бүхий үйлчлэгчдээр дамжуулан сүнсний өдөөлтөөр дуудсан. Та “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) Тэнгэрлэг Эцэгийн ажилд туслах онцгой эрхтэй. Та гишүүдийг өөрсдийнхөө төлөө, гэр бүлийнхнийхээ төлөө мөн бусдын төлөө Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход урамшуулан дэмжсэнээр үүнийг хийдэг (1-р бүлгийг үзнэ үү). Та Бурханы хүүхдүүдэд үйлчлэхдээ баяр баясгаланг олох болно.

Есүс Христийн жишээг даган та бусдад нэг бүрчлэн үйлчлэх болно. Мөн та Сүмийн цуглаан, үйл ажиллагаануудыг удирдлагаар хангах боломжтой байна. Түүнчлэн та зөвлөлүүдээр дамжуулан ач холбогдол бүхий үйлчлэл үзүүлж болно. Эдгээрт ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, тойргийн зөвлөлийн хурал болон бусад хурлууд багтана.

Таны үйлчлэл цаг заваа золиослохыг шаарддаг боловч өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээг үл тоомсорлон орхигдуулж болохгүй. Үүрэг хариуцлагаа тэнцвэртэй байлгаж, биелүүлэхэд туслуулахаар Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл (Мозая 4:27-г үзнэ үү).

4.1

Сүмийн удирдлагын зорилго

Сүмийн удирдагчид гишүүдийг “Есүс Христийн … үнэн дагалдагчид” (Моронай 7:48) болох замаар Бурханы ажилд оролцоход урамшуулан дэмждэг. Үүнийг хийхийн тулд, юуны өмнө удирдагчид Аврагчийн итгэлтэй шавь нар байхыг хичээх ёстой. Тэгснээр тэд Түүнд илүү ойртоход нь бусдад тусалж чадна. Тэд бусдад туслах үедээ илүү сайн шавь нар болдог (Мозая 18:26; Сургаал ба Гэрээ 31:5-ыг үзнэ үү).

4.2

Сүмийн удирдлагын зарчмууд

Дэлхий дээр тохинуулах үеэрээ Аврагч Өөрийн Сүмийн удирдлагын загварыг өгсөн. Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг биелүүлж, бусдад сайн мэдээг нь ойлгож, үүний дагуу амьдрахад туслах нь Түүний гол зорилго байв (Иохан 5:30; Мозая 15:7-г үзнэ үү). Тэрээр удирдаж байсан хүмүүсээ хайрладаг байсан ба энэ хайраа тэдэнд үйлчилснээр харуулдаг байсан (Иохан 13:3–5-ыг үзнэ үү).

Аврагч бусдад үүрэг хариуцлага өгч, өсөж хөгжих боломж олгон, тэдний чадавхыг хөгжүүлдэг байсан (Матай 10:5–8; Иохан 14:12-ыг үзнэ үү). Тэрээр тодорхой байдлаар мөн хайраар засаж залруулж, урамшуулан дэмждэг байв (Иохан 21:15–17-г үзнэ үү).

Их Эзэн “Хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг” (Сургаал ба Гэрээ 107:99) хэмээн хэлжээ. Энэ үгс нь Аврагчийн Сүмд үйлчилж, удирдах үүрэг хүлээн авсан бүх хүнд хамаатай.

Энэ бүлэг дэх зарчмуудыг хэрэгжүүлэх нь Аврагчийн Сүмд илүү үр дүнтэй удирдахад тань тусална.

4.2.1

Сүнслэг байдлын хувьд бэлдэх

Есүс дэлхий дээрх номлолдоо Өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлдсэн.(Лук 4:1–2-ыг үзнэ үү). Та ч бас залбирч, судраас суралцан, Түүний зарлигуудыг дуулгавартай дагаснаар Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртож, сүнслэг байдлын хувьд бэлдэх ёстой. Түүний бошиглогчдыг дагах нь танд сүнслэг байдлын хувьд бэлдэхэд мөн тусална (Сургаал ба Гэрээ 21:4–6-г үзнэ үү).

Удирдаж буй хүмүүсийнхээ хэрэгцээг болон Бурханы танаар хийлгэхээр дуудсан ажлыг хэрхэн гүйцэтгэж болохоо ойлгохын тулд илчлэлт эрэлхийл.

Түүнчлэн Их Эзэн сүнслэг бэлгүүдийг эрэлхийлдэг хүмүүст тэдгээр бэлгийг өгнө хэмээн амласан (Сургаал ба Гэрээ 46:8-ыг үзнэ үү). Таныг эдгээр бэлгийг хүлээн авахаар даруухнаар Тэнгэрлэг Эцэгт хандвал үйлчилж буй хүмүүсээ удирдаж, өргөн дэмжих чадварыг тань Тэрээр өсгөн нэмэгдүүлэх болно.

4.2.2

Бурханы бүх хүүхдэд тохинуулах

Есүс хүмүүст хүрч тохинуулан, ганцаардсан, итгэл найдвараа алдсан, төөрөлдсөн хүмүүсийг өргөн дэмжиж, зааж сургадаг байсан. Тэрээр хүн нэг бүрийн бурханлаг мөн чанар, мөнхийн үнэ цэнийг олж хардаг байсан.

Есүс үйлчилдэг хүмүүсээ хайрладаг байсны адилаар хайрла. Түүний хайраар дүүргэгдэж болохын тулд “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр” (Моронай 7:48) залбир. Үнэнч нөхөрлөлийг бий болго. Ганцаардсан, тайтгарал юм уу өөр бусад тусламж хэрэгтэй хүмүүст хүрч тусал. Таны хайр тэдний амьдралыг адисалж, Христэд ирэх хүсэлтэй болоход нь хүмүүст тусална.

Хувь хүмүүст хөрвөлтөө гүнзгийрүүлж, Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь тусал. Тэдэнд дараагийн ёслолоо хүртэхдээ гэрээ байгуулахад бэлтгэхэд нь тусал. Тэднийг хийсэн гэрээгээ сахиж, наманчлалаас ирдэг адислалуудыг хүртэхэд урамшуул. Тулгарах сорилт бэрхшээлээс үл хамааран, тэд бурханлаг чадавх бололцоондоо хүрэхийн тулд өсөж хөгжиж чадна гэдгээ мэдэхэд нь тэдэнд тусал.

4.2.3

Есүс Христийн сайн мэдээг заах

Бүх удирдагч бол багш юм. Багшийн хувьд Аврагчийн үлгэр жишээг дагахыг эрэлхийл (17-р бүлэг; Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг үзнэ үү). Үг хэл, үйлдлээрээ Есүс Христийн сургаалыг мөн Түүний сайн мэдээний зарчмуудыг заа (3 Нифай 11:32–33; Сургаал ба Гэрээ 42:12–14-ийг үзнэ үү). Үр дүнтэй заах нь Бурхантай харилцах харилцаагаа бэхжүүлж, сайн мэдээний дагуу амьдран, мөнх амьдрал өөд өсөж дэвжихэд хүмүүсийг өдөөдөг.

Аврагчийн арга барилаар заах нь зөвхөн ярих биш, харин Түүний адил сонсож, асуулт асуухыг багтаадаг (Матай 16:13–17-г үзнэ үү).

Үр дүнтэй багш нар бол хичээнгүй суралцагч юм. Бурханы үгийг судлахыг амьдралынхаа голлон чухалчлах зүйл болго. Сайн мэдээнээс суралцах нь насан туршийн үйл явц.

Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заа (Сургаал ба Гэрээ 52:9-ийг үзнэ үү). “Бурханы үгийн нөлөөлөх хүч хүмүүсийн оюун ухаанд … юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлд[гийг]” (Алма 31:5) сана.

Хичээлээ бэлтгэж, заахдаа Сүнсний нөлөөллийг эрэлхийл. Ариун Сүнс нь таны зааж байгаа хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаанд үнэнийг хүргэх болно (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Хэрэв та Сүмийн хурал цуглаан, үйл ажиллагааг тэргүүлэхээр дуудагдаж эсвэл томилогдсон бол зааж байгаа зүйлс тань сэнхрүүлэхүйц, сургаалын хувьд үнэн зөв байхад анхаар (Сургаал ба Гэрээ 50:21–23-ыг үзнэ үү).

4.2.4

Зөв шударга тэргүүлэн удирдах

Их Эзэн Өөрийнх нь Сүмд “ерөнхийлөгчид, эсвээс тэргүүлэх ажилтнууд гарах нь хэрэгцээ бөлгөө” Сургаал ба Гэрээ 107:21) хэмээн илчилсэн. Санваарын түлхүүр атгагч ах нар тойрог, чуулга зэрэг хариуцсан хэсгээ тэргүүлэн удирддаг.

Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги зэрэг Сүмийн бусад байгууллагыг түүнчлэн тэргүүлэх албан тушаалтан удирддаг. Санваарын түлхүүр атгагч юм уу түүний эрх мэдэл олгосон хэн нэгэн эдгээр удирдагчийг дуудаж, онцгойлон адисалж, зохих эрх мэдлийг нь олгоно (3.4.3-ыг үзнэ үү).

Тэргүүлэх албан тушаалтан бүр санваарын түлхүүр атгадаг нэгний удирдлаган доор үйлчилдэг (3.4.1-ийг үзнэ үү). Энэ бүтэц нь Их Эзэний ажлыг хийхэд зохион байгуулалттай болгож; үүрэг, хариуцлагын хүрээг нь тодорхой болгож өгдөг.

Тэргүүлэх албан тушаалтан өөр хэн нэгэнд түр тэргүүлэх үүргийг өгч болно. Жишээ нь, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч ням гаргийн Халамжийн нийгэмлэгийн ангидаа байхгүй үедээ нэгдүгээр зөвлөхөө уг цуглааныг тэргүүлэхээр томилж болно.

Сүмийн байгууллага, хурал цуглаан, үйл ажиллагааг тэргүүлж буй удирдагч Их Эзэний зорилго биелж байгаад анхаарна. Ийн үйлдэхдээ удирдагч сайн мэдээний зарчим, Сүмийн бодлого журмыг болон Ариун Сүнсний удирдамжийг дагадаг.

Тэргүүлж буй удирдагч сайхан сэтгэл, даруу зан, цэвэр хайраар үйлчлэхдээ Есүс Христийн үлгэр жишээг дагана (Иохан 13:13–15-ыг үзнэ үү). Тэргүүлэн удирдах дуудлага, үүрэг даалгавар нь үүнийг хүлээн авч буй хүнийг бусдаас илүү чухал, үнэ цэнтэй болгодоггүй (Сургаал ба Гэрээ 84:109–110-ыг үзнэ үү).

Хэрэв та тэргүүлэн удирдахаар дуудагдах юм уу томилогдсон бол “та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог” (Матай 20:27; 26–28-р шүлгийг үзнэ үү) хэмээх Аврагчийн зааврыг дага. Их Эзэний хүслийг ойлгож, Түүний ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдлийг эрэлхийлж, бусадтай зөвлөлд (Сургаал ба Гэрээ 41:2; түүнчлэн энэ гарын авлагын 4.4-ийг үзнэ үү).

Их Эзэний Сүмийн аль ч байгууллагад тэргүүлэн удирдахыг эрэлхийлэх нь зохистой бус юм (Сургаал ба Гэрээ 121:34–37-г үзнэ үү). Харин дуудагдсан ажилдаа даруу бөгөөд үнэнч үйлчлээрэй. Их Эзэний ажлыг Түүний алдар суугийн төлөө бүхнээ зориулан хийхийг хичээ (Сургаал ба Гэрээ 4:5-ыг үзнэ үү).

Зураг
Тойргийн цуглаан

4.2.5

Үүрэг хүлээлгэж, хариуцлагатай байлгахад анхаарах

Аврагч Өөрийн шавь нарт утга учир бүхий үүрэг, хариуцлагуудыг өгдөг байсан (Лук 10:1-ийг үзнэ үү). Тэрээр түүнчлэн өгөгдсөн ажилдаа хариуцлагатай байх боломжийг тэдэнд өгсөн (Лук 9:10-ийг үзнэ үү).

Та удирдагчийн хувьд үүрэгт ажил хуваарилан өгснөөр тэднийг өсөж хөгжихөд нь тусалж чадна. Энэ замаар та тэдэнд үйлчилснээс ирдэг адислалуудыг хүлээн авахад нь мөн тусалдаг. Бүх гишүүнийг Бурханы ажлыг хийхэд оролцуулахыг хичээ.

Үүрэгт ажлыг хуваарилан өгөх нь үйлчлэлийг тань илүү үр дүнтэй болгоно. Хэрэв та хэр чадлаасаа хэтрүүлэн хийхийг хичээвэл “зайлшгүй зүдэрнэ” (Гэтлэл 18:18). Нэн түрүүнд тавигдаж буй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ямар үүргийг даалгаж өгөх талаар Сүнсний удирдамж эрэлхийл.

Үүрэгт ажлаасаа бусдад даалгах нь зүгээр нэг үүрэг даалгавар өгч байгаа хэрэг биш. Үүнд түүнчлэн нөгөө хүндээ үүрэгт ажлаа хэрхэн хийхийг заах, хийнэ гэдэгт итгэж найдах ордог. Энд ихэвчлэн дараах зүйлс ордог. Үүнд:

  • Үүрэгт ажлынхаа дагуу Их Эзэнд үйлчлэхэд урихаар тухайн хүнтэй уулзана. Тухайн хүнд ажил үүргээ мөн энэ нь ямар зорилготой болохыг ойлгоход тусал.

  • Үүрэгт ажлын талаар, хэн хэн оролцох, хэзээ дуусах шаардлагатай талаар хамтдаа зөвлөлд. Тухайн хүн үүрэгт ажлаа ойлгож, өөрийн хүслээр хүлээн авсан байхад анхаар. Түүнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл.

  • Тухайн хүнийг үүрэгт ажлаа хэрхэн биелүүлэх талаар сүнслэг удирдамжийг эрэлхийлэхэд урамшуул. Найдаж байгаагаа харуулж, амжилттай байхад нь тусал. Хэрэгтэй удирдамж чиглэл болон тусламж дэмжлэг үзүүл.

  • Тухайн хүнээс үүрэгт ажлынхаа тухай үе үе тайлагнахыг хүс. Түүний хичээл зүтгэлийг үнэлж, хийсэн ажилд нь талархлаа илэрхийл.

Тохиромжтой үед дуудлага өгөхдөө 30.1.1 дахь дуудлагыг өгөх удирдамж зааврыг дагаж мөрдөнө.

4.2.6

Бусдыг удирдагч, багш болоход бэлтгэх

Их Эзэн төлөөлөгчдөө Сүмийнхээ удирдагчид болгохоор бэлдсэн. Та ч бас үүний адил бусдыг удирдагч, багш нар болоход бэлдэхэд нь тусалдаг. Их Эзэний ажил нь зөвхөн Сүмийн хөтөлбөрийг хөтлөн явуулахаас гадна хүмүүст туслахад төвлөрдөг. Эдгээр хөтөлбөр нь Сүмийн гол зорилго биш. Эдгээр нь хүмүүст өсөж хөгжихөд нь туслах зорилготой.

Сүмийн дуудлагад эсвэл үүрэгт ажлуудад хэнийг үйлчлүүлэх талаар бодож үзэхдээ залбир. Их Эзэн дуудсан хүнээ тэнцэхүйц болгоно гэдгийг сана. Юуны түрүүнд тэд үйлчлэх хүсэлтэй, Их Эзэний тусламжийг даруухан эрэлхийлдэг, зохистой байхыг хичээдэг байх нь хамгийн чухал. Дуудлага, үүрэгт ажил нь тэдэнд итгэлээ ашиглаж, шаргуу хөдөлмөрлөж, Бурхан хүчин чармайлтыг нь нэмэгдүүлж байгааг мэдрэх боломжуудыг олгосноор өсөж хөгжихөд нь тусалдаг. Дуудлагат ажлаа хийж гүйцэтгэхэд нь нэмэлт тусламж хэрэгтэй байж болох өсвөр үеийнхэн, шинэ гишүүдэд болон өөр бусад хүнд удирдамж чиглэл, тусламж дэмжлэг үзүүл.

Заримдаа нэг хүнийг удирдах албанд ахин дахин дууддаг. Энэ нь тэдэнд болон тэдний гэр бүлд хэт их дарамт үүрүүлж, бусдын боломж бололцоог хумсалж болох талтай. Бүх гишүүнд үйлчлэх, өсөж хөгжих боломж бололцоо олгохыг эрэлхийл.

Сүмийн дуудлагуудын тухай нэмэлт мэдээллийг 30-р бүлгээс үзнэ үү.

4.2.7

Хурал цуглаан, хичээл, үйл ажиллагааг тодорхой зорилгоор төлөвлөх

Тодорхой зорилго бүхий хурал цуглаан, хичээл, үйл ажиллагааг төлөвлөхдөө Их Эзэнээс сүнслэг өдөөлт эрэлхийл. Энэхүү зорилго нь хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, Христэд илүү ойртуулан, Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой (1 болон 2-р бүлгийг үзнэ үү). Төлөвлөж байхдаа 4.4.2 болон 2029-р бүлэг дэх зарчмуудыг баримтал.

4.2.8

Хүч чармайлтаа дүгнэх

Удирдагчийн хувьд өөрийн үүрэг хариуцлага, сүнслэг өсөлт хөгжлөө байнга дүгнэж бай. Түүнчлэн удирдаж байгаа хүмүүсийнхээ өсөлт хөгжлийн талаар мөн адил бодож үз.

Удирдагчийн хувьд таны амжилт үндсэндээ Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн итгэлтэй шавь нар болоход нь туслахдаа хэрхэн чин сэтгэлээсээ зүтгэж байгаагаар тань хэмжигддэг. Бүх хүн сонгох эрхтэй тул зарим нь гэрээний замаас гарахыг сонгож болох юм. Заримдаа энэ нь таны урам зоригийг мохоож болох ч Их Эзэнд хандах үед Тэрээр таныг өргөн дэмжиж, тайтгаруулах болно (Алма 26:27-г үзнэ үү). Сүнс танаар дамжин ажиллаж байгааг мэдрэхдээ та хийж буй ажилд тань Их Эзэн сэтгэл хангалуун байгааг мэдэх боломжтой.

4.3

Сүм дэх зөвлөлүүд

Тэнгэрлэг Эцэг зөвлөлүүдийг илчлэлт хүлээн авах, шийдвэр гаргах, Түүний ажлыг гүйцэлдүүлэхийн чухал хэсэг болгон байгуулсан. Зөвлөлүүд дэлхий бүтээгдэхээс өмнө байсан. Бидний нэг бүр дэлхийд ирэхээсээ өмнө эдгээр зөвлөлд оролцож байсан. (Сургаал ба Гэрээ 121:32; Абрахам 3:22–28-ыг үзнэ үү.)

Энэ загварын дагуу, Есүс Христийн Сүмийн бүх үе шат зөвлөлүүдээр удирдуулдаг. Жишээ нь, Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвлөл (5.1.1.1-ийг үзнэ үү), бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл (5.2.1-ийг үзнэ үү), гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл бүгдээрээ зөвлөлүүд юм. Гадас, тойргийн зөвлөлүүдээс гадна, Сүмийн байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөл, чуулга, анги бүр нь зөвлөл юм.

Их Эзэн Өөрийн Сүмийн удирдагчдад Түүний ажлыг гүйцэлдүүлэхийн тулд хамтдаа зөвлөлдөхийг зааварласан (Сургаал ба Гэрээ 41:2–3-ыг үзнэ үү). Зөвлөл нь гишүүддээ Бурханы хүүхдүүдийн хэрэгцээг мэдэхийг хичээж, тэдэнд хэрхэн туслахаа төлөвлөх үедээ илчлэлт хүлээн авах боломжийг олгодог.

Зураг
Хоёр эр ярилцаж байгаа нь

4.4

Үр дүнтэй зөвлөлийн зарчим

Үр дүнтэй зөвлөлийн зарим зарчмыг энэ хэсэгт тоймлов.

4.4.1

Зөвлөлийн зорилго

Зөвлөлийн гол зорилго нь хувь хүн, гэр бүлүүдийг адислах асуудлуудын талаар бурханлаг удирдамж эрэлхийлэхээр хамтдаа ажиллахад нь гишүүдэд туслах явдал юм (Сургаал ба Гэрээ 43:8–9-ийг үзнэ үү). Зөвлөлүүд нь гишүүдэд ёслол хүлээн авч, холбогдох гэрээгээ сахихад нь туслахад онцгой анхаардаг. Зөвлөлийн гишүүд түүнчлэн өөрсдийн хариуцсан ажилд Их Эзэний ажлыг төлөвлөж мөн зохицуулах талаар сүнслэг өдөөлт авахыг эрэлхийлдэг.

Хуанли төлөвлөж гаргах зэрэг удирдах ажил хэргийг зөвлөлийн хэмжээнд хэлэлцэх шаардлагагүй байж болно. Үүний ихэнхийг хурлын өмнө болон дараа нь холбоо тогтоон шийдэж болдог.

Зөвлөлийн гишүүд яаралтай тусламж хэрэгтэй байгаа хувь хүн, гэр бүлүүдэд онцгой анхаарал халамж тавьдаг. Тусламж дэмжлэгийг зохицуулахад зөвлөл тусалдаг. Эдгээр зарим хэрэгцээний талаар болон ойлгож, туслах эх сурвалжийн тухай мэдээллийг Gospel Library дахь Life Help дээрээс үзнэ үү.

4.4.2

Зөвлөлийн хуралд бэлдэх нь

Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд болон зөвлөлүүд тогтмол уулзах хэрэгтэй. Удирдагчид зөвлөлийн хурлуудыг төлөвлөхдөө Их Эзэний удирдамжийг эрэлхийлдэг. Тэд түүнчлэн хэлэлцэх зүйлээ шийдэхдээ зөвлөлийн гишүүдийн саналыг асууна.

Удирдагчид зөвлөлийн гишүүдэд хэлэлцэх асуудлын талаар урьдаас мэдэгдэнэ. Зөвлөлийн гишүүд эдгээр асуудлын талаар бодлоо хуваалцахад бэлдэнэ. Гадас, тойргийн зөвлөлийн хувьд, ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр энэхүү бэлтгэлийн ихэнхийг хийдэг.

Зөвлөлийн гишүүд хуралд оролцохдоо өөрсдийгөө сүнслэг байдлаар бэлдэнэ.

4.4.3

Хэлэлцүүлэг ба шийдвэр

Их Эзэн “бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд харин нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” (Сургаал ба Гэрээ 88:122) гэж хэлсэн. Энэ зарчим Сүмийн зөвлөлд хамаардаг.

Зөвлөлийн хурлын үеэр удирдагч (эсвэл удирдагчийн томилсон хүн) авч хэлэлцэх асуудлыг тайлбарлана. Тэгээд уг удирдагч асуулт асууж, санаа эрэлхийлэн зөвлөлийн бүх гишүүнийг ярилцан хэлэлцэхийг урамшуулдаг.

Тэрээр гишүүдийг нээлттэй, шударга ярихыг урамшуулна. Зөвлөлийн гишүүдийн янз бүрийн нөхцөл байдал, нас, туршлага, харах өнцөг нь зөвлөлийг баяжуулдаг. Гишүүд нэг нэгнээ хүндэтгэлтэй сонсож, санаагаа хуваалцана. Тэд Их Эзэний хүслийг мэдэхийг эрэлхийлэх үед илчлэлт, эв нэгдлийн сүнсээр дүүргэгддэг.

Эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн зөвлөлд удирдагчид аль алинаас нь санаа бодлыг нь авахыг эрэлхийлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс шаардлагатай тэнцвэрт байдлыг хангах өөр өөр үзэл бодолтой байдаг. Эрэгтэй, эмэгтэйчүүд нэг нэгнийхээ хувь нэмрийг үнэлж, хамтдаа ажиллах үедээ Их Эзэний үйлчлэлд илүү агуу амжилтад болон илүү сайн шийдвэрт хүрдэг.

Удирдагч зөвлөлийн хэлэлцүүлгийг хөтөлдөг. Гэхдээ тэрээр ярихаас илүү сонсох хэрэгтэй. Зөвлөлийн удирдагч өөрийн үзэл бодлыг хэт эрт хуваалцах нь бусдын ярих зүйлд саад болох хандлагатай байдаг. Шаардлагатай бол зөвлөлийн удирдагч хэлэлцүүлгийн сэдвийг эвтэйхэн буцаан чиглүүлэх хэрэгтэй.

Хэлэлцүүлгийн дараа удирдагч авах арга хэмжээг шийдэж эсвэл нэмэлт мэдээлэл, удирдамж авахаар шийдвэр гаргахаа хойшлуулж болно. Шийдвэр нь хэлэлцүүлгээр яригдаж, Сүнсээр баталгаажих ёстой. Зөвлөлийн явц нь тухайн удирдагчийн хувьдаа гаргах хамгийн сайн шийдвэрээс илүү нөлөө бүхий шийдвэр гаргахад тусалдаг. Түүнчлэн удирдагч уг асуудлыг өөр зөвлөлд шилжүүлж болно.

Заримдаа зөвлөлийн гишүүд чухал шийдвэрийн талаар тавгүй мэдрэмжтэй байж болно. Энэ үед удирдагч асуудлыг цааш нь авч үзэн, сүнслэг баталгааг болон эв нэгдлийг эрэлхийлэхээр дараагийн хурал хүртэл хүлээж болно. Зарим тохиолдолд зөвлөлийн гишүүн санаа зовсон асуудлаа удирдагчтай хувьчлан ярилцахаар уулзахыг хүсэж болно.

4.4.4

Эв нэгдэл

Их Эзэн шавь нартаа “нэг байгтун” (Сургаал ба Гэрээ 38:27) хэмээн зааварласан. Зөвлөлийн гишүүд Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй нэг хүсэл, нэг зорилготой болохыг эрэлхийлдэг. Тэд хэлэлцүүлэгт болон шийдвэртээ нэгдмэл байхыг хичээдэг.

Зөвлөлийн гишүүд зөрчилдөөн, шударга бус шүүлт, хов живээс зайлсхийх ёстой (3 Нифай 11:28–30-ийг үзнэ үү). Тэднийг эв нэгтэй ажиллах үед Тэнгэрлэг Эцэг тэдний зүтгэлийг адисална.

4.4.5

Үйлдэл ба хариуцлага

Зөвлөлийн гишүүд ихэнх ажил хэргээ зөвлөлийн хурлын өмнө болон дараа нь явуулдаг. Хурлын үеэр тэд шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахаар сүнслэг өдөөлт авахыг эрэлхийлдэг. Зөвлөлийн удирдагч гишүүдээ эдгээр төлөвлөгөөтэй хамаатай үүрэгт ажлаа биелүүлэхэд урина. Зөвлөлийн гишүүд ихэнхдээ өөрсдийн байгууллагын гишүүдээс туслахыг урьдаг. Хувь хүмүүст үүрэг хариуцлага их дарамт үзүүлэх ёсгүй.

Зөвлөлийн гишүүд үүрэгт ажлаа тайлагнана. Өсөлтөд ихэнхдээ байнгын анхаарал, шалгах үүрэгт ажил шаардана.

4.4.6

Нууцыг хадгалах

Удирдагчид хувийн мэдээллийг зөвлөлтэй хуваалцахдаа болгоомжтой хандана. Тэд ерөнхийдөө тухайн мэдээллийг хуваалцах зөвшөөрлийг гишүүнээс авдаг.

Зөвлөл нь нууцыг хадгалах хүсэлт гаргасан хүний хүслийг хүндэтгэх ёстой. Зөвлөлийн гишүүд зөвлөлийн удирдагчийн томилсон ажлыг биелүүлэх шаардлага гарахаас бусад тохиолдолд зөвлөлөөс гадуур хувийн мэдээллийг хуваалцах ёсгүй.

Зарим асуудал нь бүхэл зөвлөлийн өмнө хэлэлцэхэд хэт эмзэг байдаг. Зохистой бол удирдагч эдгээр асуудлыг зөвлөлийн хувь гишүүдтэй хувьчлан хэлэлцэнэ. Эсвэл тэд зарим асуудлыг өөр зөвлөлд шилжүүлж болно.