Судрууд
3 Нифай 11


Олон хүн Өгөөмөр нутагт нэгдэн цугларахад, Есүс Христ өөрийгөө Нифайн ард түмэнд үзүүлж, мөн тэдэнд тохинуулсан болой; мөн тэрбээр өөрийгөө тэдэнд энэ маягаар үзүүлэв.

11–26-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 11

Эцэг Өөрийн Хайрт Хүүгийн талаар гэрчлэв—Христ үзэгдэн мөн Өөрийн Цагаатгалыг тунхаглав—Хүмүүс Түүний мутар дахь мөн хөл дэх мөн хавирган талын шархны ормыг тэмтэрч үзэв—Тэд Хосанна хэмээн хашхирав—Тэрээр баптисмын маяг мөн аргыг зааварчлан өгөв—Зөрчилдөөний хандлага бол чөтгөрийнх юм—Хүмүүс итгэж, баптисм хүртэж мөн Ариун Сүнсийг хүлээн авах ёстой гэдэг нь Христийн сургаал бөлгөө. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Нифайн ард түмнээс, Өгөөмөр нутаг дахь ариун сүмийн эргэн тойронд нэгдэн цугларцгаасан их олон хүн байв; мөн тэд болсон тэрхүү агуу болон гайхамшигт өөрчлөлтийг нэг нэгэндээ заан үзүүлж, мөн гайхаж бас гайхширан нэг нэгэнтэйгээ ярьж байв.

2 Мөн үхлийнх нь талаар тэмдэг өгөгдсөн энэхүү Есүс Христийн тухай тэд түүнчлэн ярилцаж байлаа.

3 Мөнхүү улиран тохиох дор тэд тийн нэг нэгэнтэйгээ ярилцаж байхдаа тэнгэрээс ирэх мэт нэгэн дуу хоолойг сонсов; мөн тэд эргэн тойрондоо хараа бэлчээв, учир нь тэд сонссон тэр дуу хоолойг ойлгосонгүй; мөн энэ нь хатуу ширүүн дуу хоолой бус, бас чанга дуу хоолой ч бус байв; энэ нь намуухан дуу хоолой байсан хэдий ч сонссон тэдний гол руу нэвтрэн орж, иймээс үүнээс болж салгалаагүй нэг ч хэсэг тэдний биед байсангүй; тийм ээ, энэ нь чухам бодгальд нь хүртэл тэдэнд нэвтрэн орж, мөн тэдний зүрх сэтгэлийг шатах мэт болгов.

4 Мөнхүү улиран тохиох дор тэд уг дуу хоолойг дахин сонсоод мөн тэд үүнийг ойлгосонгүй.

5 Мөн дахин гурав дахь удаагаа тэд уг дуу хоолойг сонсож, мөн үүнийг сонсохоор сонороо дэлгэв; мөн тэдний харц дуу гарсан зүгт чиглэв; мөн тэд тэрхүү дуу хоолой гарч ирсэн тэнгэрийн зүг тууштайгаар харж байв.

6 Мөн болгоогтун, гурав дахь удаад нь тэд сонссон тэрхүү дуу хоолойг ойлгосон болой; мөн энэ нь тэдэнд хэлэв:

7 Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг, түүгээр би өөрийнхөө нэрийг алдаршуулсан түүнийг болгоогтун—та нар түүнийг сонсогтун.

8 Мөнхүү улиран тохиох дор, тэд ойлгоод тэнгэрийн зүг дахин хараа чиглүүлэв; мөн болгоогтун, тэд тэнгэрээс бууж ирж буй нэгэн Хүнийг үзэв; мөн тэрээр цагаан орхимжоор хувцасласан байв; мөн тэрээр бууж ирээд мөн тэдний дунд зогсов; мөн цугларсан бүгдийн харц түүн дээр тусаж, мөн тэд бүр нэг нэгэндээ ч ам нээж зүрхэлсэнгүй, мөн энэ нь ямар учиртайг мэдсэнгүй, учир нь тэдэнд үзэгдсэн нь тэнгэр элч хэмээн тэд боджээ.

9 Мөнхүү улиран тохиох дор тэр мутраа урагш сунгаад мөн хүмүүст ярьж, өгүүлсэн нь:

10 Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ.

11 Мөн болгоогтун, би бол дэлхийн гэрэл ба амь; мөн би Эцэгийн надад өгсөн гашуун аяганаас ууж, мөн эхлэлээс бүх зүйлд Эцэгийн тааллыг хүлцэж, дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ.

12 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг ярихад бүх цугласан олон газарт унав; учир нь Христ тэнгэрт дээшлэн одсоныхоо дараа тэдэнд өөрийгөө үзүүлнэ хэмээн өөрсдийнх нь дунд бошиглогдсон байсныг тэд санацгаасан аж.

13 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн тэдэнд ярьж, өгүүлсэн нь:

14 Та нар хавирган талд минь гараа хүргэж болохын тулд, мөн түүнчлэн миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч болохын тулд, би бол Израилын Бурхан, мөн бүх дэлхийн Бурхан гэдгийг, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болохын тулд босогтун мөн над дээр ирэгтүн.

15 Мөнхүү улиран тохиох дор цугласан олон урагшилж, мөн гараа түүний хавирган талд хүргэж, мөн түүний мутар дахь мөн түүний хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзэв; мөн тэд бүгдээрээ урагшилж мөн нүдээрээ үзэж мөн гараараа тэмтэрч, мөн бошиглогчдоор ирэх болно хэмээн бичиглэгдсэн тэр нь мөн болохыг гарцаагүйгээр мэдэж мөн гэрчилтлээ тэд нэг нэгээрээ урагшилж, ийн үйлдэв.

16 Мөн тэд бүгд очиж мөн өөрсдөө үзсэний дараа, тэд нэгэн дуугаар хашхирч хэлсэн нь:

17 Хосанна! Бүхний Дээд Бурханы нэр алдаршиг! Мөн тэд Есүсийн хөлд доош унаж, мөн түүнийг шүтэн бишрэв.

18 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Нифайд ярьж (учир нь Нифай цугласан олны дунд байв), мөн тэрбээр түүнд урагшлан ирэхийг зарлиглав.

19 Мөн Нифай босож мөн урагшлан очоод, мөн өөрийгөө Их Эзэний өмнө бөхийлгөн мөн түүний хөлийг үнсэв.

20 Мөн Их Эзэн түүнд босохыг зарлиглав. Мөн тэрбээр босож мөн түүний өмнө зогсов.

21 Мөн Их Эзэн түүнд хэлэв: Намайг дахин тэнгэрт дээшлэн одсоны дараа энэ хүмүүст баптисм хүртээх хүчийг би чамд өгье.

22 Мөн Их Эзэн бусад заримыг түүнчлэн дуудаж, мөн тэдэнд нэгэн адилыг хэлжээ; мөн тэрбээр тэдэнд баптисм хүртээх хүчийг өгөв. Мөн тэрбээр тэдэнд хэлсэн нь: Энэхүү маягаар та нар баптисм хүртээх болно; мөн та нарын дунд ямар ч маргалдаан байх ёсгүй.

23 Үнэнээр би та нарт хэлнэ, та нарын үгсийн дагуу нүглүүдээ наманчилж, мөн миний нэрээр баптисм хүртэхийг хүсэх хэнд боловч, энэхүү маягаар та нар тэдэнд баптисм хүртээх болно—Болгоогтун, та нар доош явж мөн усанд зогсох болно, мөн та нар миний нэрээр тэдэнд баптисм хүртээх болно.

24 Мөн эдүгээ болгоогтун, тэднийг нэрээр нь дуудаад, та нарын хэлэх тэрхүү үгс нь эдгээр болой:

25 Есүс Христээр надад эрх мэдэл өгөгдсөн учир би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен.

26 Мөн тэгээд та нар тэднийг усанд бүрэн дүрж, мөн уснаас буцаан гаргаж ирэх болно.

27 Мөн энэ маягийн дагуу миний нэрээр та нар баптисм хүртээх болно; учир нь болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнс бол нэг юм; мөн би Эцэгт буй, мөн Эцэг надад буй, мөн Эцэг бид хоёр нэг юм.

28 Мөн та нарт миний зарлигласны дагуу та нар ийн баптисм хүртээх болно. Мөн та нарын дунд өмнө нь байсан шиг ямар ч маргалдаан байх ёсгүй; бас та нарын дунд сургаалын минь заалтуудын талаар, өмнө нь байсан шиг сөргөлдөөнүүд байх ёсгүй.

29 Учир нь үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ, зөрчилдөөний хандлагатай тэр нь минийх бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрийнх болой, мөн тэрбээр хүмүүсийн зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг болой.

30 Болгоогтун, хүмүүсийн зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уурлахаар өдөөн хатгах нь миний сургаал бус; харин иймэрхүү зүйлс зогсох ёстой нь миний сургаал бөлгөө.

31 Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, би та нарт сургаалаа тунхаглах болно.

32 Мөн энэ бол миний сургаал, мөн энэ бол Эцэгийн надад өгсөн тэрхүү сургаал билээ; мөн би Эцэгийн тухай гэрчилж, мөн Эцэг миний тухай гэрчилж, мөн Ариун Сүнс нь Эцэг бид хоёрын тухай гэрчилдэг; мөн Эцэг наманчилж мөн надад итгэхийг газар газрын бүх хүнд зарлигладаг гэдгийг би гэрчилж байна.

33 Мөн надад итгэдэг мөн баптисм хүртсэн хэн боловч, мөнхүү тэр нь аврагдах болно; мөн тэд бол Бурханы хаант улсыг өвлөх тэдгээр нь юм.

34 Мөн надад итгэдэггүй, мөн баптисм хүртээгүй хэн боловч яллагдах болно.

35 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ бол миний сургаал, мөн энэ нь Эцэгээс гэдгийг би гэрчилж байна; мөн надад итгэдэг хэн боловч түүнчлэн Эцэгт итгэдэг; мөн Эцэг миний тухай түүнд гэрчлэх болно, учир нь тэрбээр түүнд галаар мөн Ариун Сүнсээр зочлох болно.

36 Мөн тийн Эцэг миний тухай гэрчлэх болно, мөн Ариун Сүнс түүнд Эцэг бид хоёрын тухай гэрчлэх болно; учир нь Эцэг, мөн Би, мөн Ариун Сүнс бол нэг юм.

37 Мөн тэрчлэн би та нарт хэлнэ, та нар наманчилж, мөн бяцхан хүүхэд мэт болж, мөн миний нэрээр баптисм хүртэх ёстой, эс бөгөөс та нар эдгээр зүйлийг яасан ч хүлээн авч чадахгүй.

38 Мөн тэрчлэн би та нарт хэлнэ, та нар наманчилж, мөн миний нэрээр баптисм хүртэж, мөн бяцхан хүүхэд мэт болох ёстой, эс бөгөөс та нар Бурханы хаант улсыг яасан ч өвлөж чадахгүй.

39 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ нь миний сургаал, мөн үүний дээр барьж босгодог хэн боловч миний хадан дээр барьж босгодог, мөн тамын хаалганууд тэднийг дийлэх нь үгүй.

40 Мөн үүнээс илүүг юм уу дутууг тунхаглах мөн түүнийг миний сургаал хэмээн тогтоох хэн боловч, тэрхүү нэгэн нь хилэнцээс ирдэг, мөн миний хадан дээр барьж босгогдоогүй байдаг; харин тэр элсэрхэг суурин дээр барьж босгодог бөгөөд үер болж мөн тэдний дээр салхи нүдэхэд, тиймийг нь хүлээн авахаар тамын хаалганууд нээлттэй байдаг.

41 Тиймийн тул, энэ хүмүүст очиж, мөн миний ярьсан үгсийг дэлхийн хязгаарууд хүртэл тунхаглагтун.