Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 15

Мосегийн хууль түүгээр гүйцэлдсэнийг Есүс зарлав—Иерусалимд түүний ярьсан өөр хонинууд бол нифайчууд юм—Алдсын учир, Иерусалим дахь Их Эзэний хүмүүс Израилын тараагдсан хонины тухай мэддэггүй байв. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгээ төгсгөөд тэрбээр цугласан олны зүг хараа бэлчээн, мөн тэдэнд хэлэв: Болгоогтун, намайг Эцэгтээ дээш одохоос өмнө миний заасан зүйлүүдийг та нар сонслоо; тиймийн тул, миний эдгээр үгийг санаж мөн эдгээрийг биелүүлэх хэнийг боловч, түүнийг би эцсийн өдөр өргөмжлөх болно.

2Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг хэлээд Мосегийн хуулийн талаар өөрийг нь юу хүсч буй бол хэмээн гайхширч мөн гайхсан зарим нь тэдний дунд буйг ухаарав; учир нь хуучин зүйлүүд улирч одоод, мөн бүх зүйл шинэ болсон гэснийг тэд ойлгосонгүй.

3Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Хуучин зүйлүүд улирч одоод, мөн бүх зүйл шинэ болсон гэж би та нарт хэлсэнд бүү гайх.

4Болгоогтун, Мосед өгөгдсөн хууль гүйцэлдсэнийг би та нарт хэлнэ.

5Болгоогтун, би бол хуулийг өгсөн тэр билээ, мөн би бол Израил дахь өөрийн хүмүүстэй гэрээ хийсэн тэр билээ; тиймийн тул, хууль нь надаар гүйцэлдсэн, учир нь би уг хуулийг гүйцэлдүүлэхээр ирсэн; тиймийн тул энэ нь төгсгөл болов.

6Болгоогтун, би бошиглогчдыг устгадаггүй, учир нь надаар гүйцэлдээгүй болгон нь, үнэнээр би та нарт хэлнэ, бүгд гүйцэлдэх болно.

7Мөн би та нарт хуучин зүйлүүд улирч одсон хэмээн хэлсэн учраас, ирэх тэр зүйлүүдийн талаар яригдсан тэрнийг би устгахгүй.

8Учир нь болгоогтун, өөрийн хүмүүстэй хийсэн миний гэрээ бүгд гүйцэлдээгүй; гэвч Мосед өгөгдсөн хууль надаар төгсгөл болсон бөлгөө.

9Болгоогтун, би бол хууль, мөн гэрэл. Надад хандагтун, мөн эцсээ хүртэл тэвчигтүн, мөн та нар амьдрах болно; учир нь эцсээ хүртэл тэвчсэн түүнд би мөнх амьдрал өгөх болно.

10Болгоогтун, би та нарт зарлигууд өгсөн билээ; тиймийн тул зарлигуудыг минь дага. Мөн энэ бол хууль хийгээд бошиглогчид, учир нь тэд үнэхээр миний тухай гэрчилсэн юм.

11Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад, тэрбээр өөрийн сонгосон арван хоёрт хэлэв:

12Та нар миний шавь нар; мөн та нар Иосефын угсааны үлдэгдэл болох энэ хүмүүст гэрэл билээ.

13Мөн болгоогтун, энэ бол та нарын өвлөсөн нутаг; мөн Эцэг үүнийг та нарт өгсөн бөлгөө.

14Иерусалим дахь ах дүүст тань үүнийг хэл хэмээх зарлигийг Эцэг надад хэзээ ч өгч байгаагүй.

15Басхүү Эцэг нутгаас нь гарган удирдсан, Израилын угсааны бусад овгуудын талаар намайг тэдэнд хэл хэмээх зарлигийг Эцэг хэзээ ч надад өгч байгаагүй.

16Эцэгийн надад зарлигласнаар, өдий зэргийг би тэдэнд хэлэх ёстой:

17Энэ хорооных бус өөр хонинууд надад бий; би тэднийг түүнчлэн авчрах ёстой, мөн тэд дуу хоолойг минь сонсох болно; мөн нэг хороо, мөн нэг хоньчин байх болно.

18Мөн эдүгээ, гөжүүд мөн итгэлгүйн учир миний үгийг тэд ойлгосонгүй; тиймийн тул энэ зүйлийн талаар тэдэнд илүүг ярихгүй байхыг би Эцэгээр зарлиг болгогдсон билээ.

19Гэвч, үнэнээр, би та нарт хэлнэ, Эцэг надад зарлиг болгож, мөн би үүнийг та нарт хэлнэ, та нар тэдний дундаас алдсуудынх нь учир тусгаарлагдсан; тиймийн тул тэд та нарын тухай мэддэггүй нь тэдний алдсын учир билээ.

20Мөн бусад овгуудыг Эцэг тэднээс тусгаарласныг үнэнээр би та нарт тэрчлэн хэлье; мөн тэдний тухай тэд мэддэггүй нь өөрсдийнх нь алдсын улмаас болой.

21Мөн үнэнээр би та нарт хэлнэ, та нар бол миний тухайлан хэлсэн тэд билээ: энэ хорооных бус өөр хонинууд надад бий; би тэднийг түүнчлэн авчрах ёстой, мөн тэд дуу хоолойг минь сонсох болно; мөн нэг хороо, мөн нэг хоньчин байх болно.

22Мөн тэд намайг ойлгосонгүй, учир нь энэ бол харийнхан хэмээн тэд бодсон аж; учир нь харийнхан өөрсдийнх нь номлолоор дамжин хөрвүүлэгдэх болно гэдгийг тэд ойлгоогүй ажээ.

23Мөн тэд дуу хоолойг минь сонсох болно гэж би хэлснийг тэд ойлгоогүй байв; мөн харийнхан хэзээ ч миний дуу хоолойг сонсохгүй гэхэд тэд намайг ойлгосонгүй—Ариун Сүнсээр бус аваас би өөрийгөө тэдэнд үзүүлэхгүй гэдгийг болой.

24Гэвч болгоогтун, та нар аль аль нь миний дуу хоолойг сонссон, мөн намайг харсан; мөн та нар миний хоньд, мөн та нар надад Эцэгийн өгсөн тэдний дунд тоологддог билээ.