Гарын авлагууд болон дуудлагууд
1. Бурханы төлөвлөгөө ба Түүний аврал, өргөмжлөлийн ажилд таны гүйцэтгэх үүрэг


“1. Бурханы төлөвлөгөө ба Түүний аврал, өргөмжлөлийн ажилд таны гүйцэтгэх үүрэг,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“1. Бурханы аврал, өргөмжлөлийн ажил,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Байшин барьж буй эрчүүд

1.

Бурханы төлөвлөгөө ба Түүний аврал, өргөмжлөлийн ажилд таны гүйцэтгэх үүрэг

1.0

Оршил

Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэхээр дуудагдсан. Таны үйлчлэлд талархаж байгаагаа илэрхийлье. Та итгэлтэй үйлчилснээр бусдын амьдралыг адисалж, баяр баясгаланг мэдэрнэ.

Энэ гарын авлага Христийнхтэй адил үйлчлэлийн зарчмуудын талаар суралцаж, үүрэг хариуцлагаа ойлгоход тань тусална. Та Сүмд үзүүлэх үйлчлэлээ Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын ажилтай нийцүүлбэл хамгийн их үр дүнтэй байх болно. Энэ бүлэг дараах зүйлсийн талаар алсын хараатай болоход тань тусална. Үүнд:

  • Бурханы аз жаргалын төлөвлөгөө

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажил

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зорилго

1.1

Бурханы аз жаргалын төлөвлөгөө

Тэнгэрлэг Эцэг бүх адислалаас нь хүртэх боломжийг бидэнд олгох аз жаргалын төлөвлөгөөг өгсөн. Түүний ажил, алдар суу бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсe 1:39) явдал юм. Үхэшгүй байдал гэдэг нь амилуулагдсан бие махбодтой мөнхөд амьдрахыг хэлнэ. Мөнх амьдрал буюу өргөмжлөл бол Бурхантай адил болж, гэр бүлээрээ Түүний оршихуйд үүрд мөнх амьдрахыг хэлнэ.

Есүс Христ Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Тэнгэрлэг Эцэг биднийг хязгааргүй ихээр хайрладаг тул Өөрийн Хүүгийн цагаатгагч золиосоор дамжуулан нүгэл ба үхлээс гэтэлгэхээр Хүүгээ илгээсэн (Иохан 3:16-г үзнэ үү). Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан, дэлхий дээр төрсөн бидний хүн нэг бүрд амилуулагдан үүрд амьдрах боломж олгосон юм.

Мөнх амьдралыг хүлээн авахын тулд бид “Христэд ирэх” (Моронай 10:32) ёстой. Аврагчийн Цагаатгал бидэнд нүглээсээ цэвэршигдэн, зүрх сэтгэлээ өөрчилснөөр мөнх амьдралыг хүлээн авч, баяр баясгаланг бүрэн дүүрэн мэдрэх боломж олгодог. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ Өөр дээр нь эргэн ирэхийг сонгоосой хэмээн хүсдэг.

1.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажил

Бид Христэд ирж, бусдад мөн адил ирэхэд нь тусалснаар Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцдог. Энэ ажил нь Бурханаа хайрла, хөршөө хайрла хэмээх хоёр агуу тушаалаар удирдагддаг (Матай 22:37–39-ийг үзнэ үү).

Бурханы аврал, өргөмжлөлийн ажил нь бурханлагаар томилогдсон дөрвөн үүрэг хариуцлагад төвлөрдөг. Тэдгээрийг доор тоймлон оруулав.

Энэ гарын авлага нь Бурханы ажлын дээрх дөрвөн хэсгийг ойлгоход тань тусална.

1.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад дараах зүйлс орно. Үүнд:

  • Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох, өдөр бүр наманчлах, аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахдаа Бурхантай гэрээ байгуулах, тэдгээр гэрээгээ сахин эцсээ хүртэл тэвчих (3.5.1-ийг үзнэ үү)

  • Гэртээ болон Сүм дээр Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, заах

  • Өөрсдийн болон гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээ аль алиныг хангаж чадахуйцаар бие даасан байх.

Зураг
Нэгэн эмэгтэйд зааж буй номлогч эгч нар

1.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахад дараах зүйлс орно. Үүнд:

  • Хувь хүн, гэр бүл, олон нийтэд үйлчилж, тохинуулах

  • Тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй Сүмийн тусламж дэмжлэг зэрэг нөөц бололцоог хуваалцах

  • Бусдад бие даахад нь туслах

1.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урихад дараах зүйлс орно. Үүнд:

  • Номлогчийн ажилд оролцож, номлогчоор үйлчлэх

  • Шинэ ба эргэн ирж буй Сүмийн гишүүдэд гэрээний замаар өсөж хөгжихөд нь туслах

1.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх

Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд дараах зүйлс орно. Үүнд:

  • Өөрсдийн төлөөх ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа гэрээ байгуулах

  • Нас барсан өвөг дээдсээ хайж олон, Бурхантай гэрээ байгуулахад нь туслахын тулд тэдний өмнөөс ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэх

  • Боломжтой бол Бурханыг шүтэн биширч, Түүний хүүхдүүдийн өмнөөс ёслолуудыг гүйцэтгэхээр ариун сүмд тогтмол орох

1.3

Сүмийн зорилго

Есүс Христ хувь хүн, гэр бүлүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд туслах боломж олгохоор Өөрийн Сүмийг байгуулсан (Ефес 4:11–13-ыг мөн энэ гарын авлагын 2.2-ыг үзнэ үү). Энэхүү бурханлаг зорилгод хүрэхэд нь туслахын тулд Сүм болон удирдагчид дараах зүйлсээр хангадаг. Үүнд:

  • Санваарын эрх мэдэл ба түлхүүрүүд

  • Гэрээ ба ёслолууд

  • Бошиглолын удирдамж чиглүүлэг

  • Судрууд

  • Сайн мэдээнээс суралцахад болон заахад дэмжлэг туслалцаа үзүүлэх

  • Үйлчлэх, удирдах боломжууд

  • Үзэл бодлоороо нэгдмэл гэгээнтнүүд

1.3.1

Санваарын эрх мэдэл ба түлхүүрүүд

Бурхан санваараар дамжуулан Өөрийн аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлдэг. Бурханы ажлыг дэлхий дээр удирдан явуулахад шаардлагатай санваарын эрх мэдэл, түлхүүрүүд бошиглогч Иосеф Смитэд сэргээгдэн өгөгдсөн (Сургаал ба Гэрээ 110:11–16; 112:30-ийг мөн энэ гарын авлагын 3.1-ийг үзнэ үү). Эдгээр түлхүүрийг өнөөгийн Сүмийн удирдагчид атгадаг. Эдгээр удирдагч Бурханы ажилд туслахад бусдыг дуудаж, эрх мэдэл олгодог (Сургаал ба Гэрээ 107:8, 65–67-г үзнэ үү).

1.3.2

Гэрээ ба ёслолууд

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу бид баптисм гэх мэт аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахдаа гэрээнүүдийг байгуулдаг (Иохан 3:5, мөн энэ гарын авлагын 18-р бүлгийг үзнэ үү). Эдгээр гэрээ, ёслол нь Бурхантай илүү адил болж, Түүний оршихуйд амьдрахаар эргэн очиход нэн чухал (Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг үзнэ үү).

1.3.3

Бошиглолын удирдамж чиглүүлэг

Бурхан Өөрийн сонгосон бошиглогчдоор дамжуулан үнэнийг илчилж, сүнслэгээр өдөөгдсөн удирдамж чиглүүлэг, сэрэмжлүүлэг өгдөг (Aмос 3:7; Сургаал ба Гэрээ 1:4-ийг үзнэ үү). Энэ удирдамж чиглүүлэг нь бидэнд мөнх амьдрал руу хөтөлдөг зам дээр гарч, уг зам дээрээ үлдэхэд тусалдаг.

1.3.4

Судрууд

Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдийн удирдлага доор Сүм нь ариун судруудад агуулагддаг Бурханы үгийг олны хүртээл болгож мөн хадгалан хамгаалдаг. Судрууд нь Христийг гэрчилж, Түүний сайн мэдээг зааж, Түүнд итгэх итгэлээ үйлдэл болгоход бидэнд тусалдаг (Иаков 7:10–11; Хиламан 15:7-г үзнэ үү).

1.3.5.

Сайн мэдээнээс суралцахад болон заахад үзүүлэх дэмжлэг туслалцаа

Сүм нь хувь хүн, гэр бүлүүдийн сайн мэдээний үнэнүүдийг суралцаж, тэдгээр үнэнийг гэр бүлийнхээ гишүүдэд болон бусдад заах үүрэг хариуцлагад дэмжлэг туслалцаа үзүүлдэг (Сургаал ба Гэрээ 88:77–78, 118, мөн энэ гарын авлагын 2.2.3-ыг үзнэ үү).

1.3.6

Үйлчлэх ба удирдах боломж

Бурхан Сүмийн дуудлага, үүрэг даалгавраар дамжуулан үйлчлэх ба удирдах боломжийг гишүүдэд олгодог. Сүм нь тусламж хэрэгтэй гишүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, бусдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тогтолцоогоор хангадаг (Мозая 18:27–29-ийг үзнэ үү).

1.3.7

Үзэл бодлоороо нэгдмэл гэгээнтнүүд

Сүмийн гишүүд үзэл бодлоороо нэгдмэл гэгээнтнүүдийн хувьд Бурханыг шүтэн биширч, ариун ёслолоос хүртэн, Аврагчийг санахын тулд тогтмол цугладаг (Моронай 6:4–6; Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү). Гишүүд мөн нэг нэгнээ хайрлан халамжилж, тохинуулдаг (Ефес 2:19-ийг үзнэ үү).

Зураг
Мексикийн Тихуана ариун сүм

1.4

Бурханы ажилд таны гүйцэтгэх үүрэг

Сүмийн удирдагчийн хувьд та үйлчилдэг хүмүүстээ Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд туслахыг зааж сурган, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр дуудагдсан (1.2-ыг үзнэ үү). Бурханы ажил, Тэрээр танаар юу хийлгэхийг хүсэж байгаа тухай мөн Түүний Сүмийн зорилгын талаар тодорхой ойлголттой байх нь Христэд бодгалиудыг авчрах хүчин чармайлт дээрээ төвлөрөхөд тань тусална.

Өөрийн үйлчилдэг хүмүүсийн амьдралд Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж болохыг мэдэхээр залбиран эрэлхийл. Бурхан таныг Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан удирдан чиглүүлнэ (2 Нифай 32:5-ыг үзнэ үү). Их Эзэнтэй хамт усан үзмийн талбайд хөдөлмөрлөх нь танд агуу баяр баясгаланг авчрах болно (Иаков 5:70–72-ыг үзнэ үү).