“38. Сүмийн бодлого журам ба удирдамж,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“38. Сүмийн бодлого журам ба удирдамж,” Ерөнхий гарын авлагын түүвэр
38.
Сүмийн бодлого журам ба удирдамж
38.1
Сүмд оролцох
Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүүхдүүдийг хайрладаг. “Бурханд бүгд адил” бөгөөд Тэрээр бүгдийг “өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг” (2 Нифай 26:33) урьдаг.
38.1.1
Сүмийн цуглаануудад суух
Бүх хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун ёслолын мөн ням гаргийн бусад цуглаанд болон олон нийтийн арга хэмжээнд чөлөөтэй оролцож болно. Тэргүүлэх албан тушаалтан нь ирсэн бүх хүнийг уг ариун цуглаанд хүндэтгэлтэй оролцож байгаа эсэхийг анхаарах үүрэгтэй.
Оролцож байгаа хүмүүс цуглааны шүтлэг бишрэлд эсвэл өөр бусад зорилгод нийцэхгүй эмх замбараагүй байдал үүсгэх, анхаарал сарниулах зүйлс хийхээс зайлсхийх ёстой. Сүмийн өөр өөр цуглаан, арга хэмжээн дээр биеэ авч явах байдалд тавигддаг бүх шаардлагыг хүндлэх ёстой. Үүний тулд хайр дурлалаа олны өмнө хэт ил харуулах, анхаарал хэт татсан байдлаар хувцаслахаас зайлсхийх шаардлагатай. Үүнд мөн Аврагч дээр төвлөрсөн цуглааны зорилгоос анхаарлыг хөндийрүүлэхүйц улс төрийн мэдэгдэл хийх эсвэл бэлгийн чиг хандлага, хүний бусад зан чанарын талаар ярих зэрэг нь ордог.
Зохисгүй үйлдэл гаргавал бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч хайрын сүнсээр ганцаарчлан зөвлөгөө өгнө. Тэрээр үйл ажиллагааны үеэр зохисгүй зан авир гаргасан хүнийг Тэнгэрлэг Эцэг ба Аврагчийг шүтэн бишрэхэд анхаарлаа онцгойлон хандуулж байгаа хүн бүрд ариун нандин орчныг хадгалан үлдэхэд уриална.
Сүмийн цуглааны байрууд нь Сүмийн бодлого журмын дагуу хувийн өмч хэвээр үлдэнэ. Эдгээр удирдамжийг дагах хүсэлгүй хүмүүст Сүмийн цуглаан, арга хэмжээнд оролцохгүй байхыг эелдэг байдлаар хүснэ.
38.2
Ёслол, адислалын бодлого журам
Ёслол, адислалуудын талаарх ерөнхий мэдээлэл 18-р бүлэгт бий. Ариун сүмийн ёслолуудын талаарх мэдээлэл 27, 28-р бүлэгт бий. Бишопууд асуулт байвал гадасны ерөнхийлөгчтэй холбоо барьж болно. Гадасны ерөнхийлөгчид асуулт байвал Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй холбоо барьж болно.
38.3
Иргэний гэрлэлт
Сүмийн удирдагчид гишүүдийг ариун сүмийн гэрлэлтэд тавьдаг шаардлагыг хангаж, ариун сүмд гэрлэж, лацдан холбогдохыг урамшуулан дэмждэг. Сүмийн удирдагчид орон нутгийн хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд иргэний гэрлэлтийг гүйцэтгэж болно.
Гэрлэлт гүйцэтгэж байгаа улс орны хуулиудад нийцүүлэн иргэний гэрлэлтийг гүйцэтгэх ёстой.
38.3.1
Иргэний гэрлэлтийг хэн гүйцэтгэж болох
Орон нутгийн хуулиар зөвшөөрсөн бол Сүмийн дараах дуудлагуудад үйлчилж буй хүмүүс иргэний гэрлэлтийн ёслолыг үйлдэж болно. Үүнд:
-
Номлолын ерөнхийлөгч
-
Гадасны ерөнхийлөгч
-
Дүүргийн ерөнхийлөгч
-
Бишоп
-
Салбарын ерөнхийлөгч
Эдгээр албан тушаалтан зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын иргэний гэрлэлтийг гүйцэтгэж болно. Дараах нөхцөлүүд бүгд хангагдсан байх ёстой. Үүнд:
-
Сүйт бүсгүй эсвэл сүйт залуу нь Сүмийн гишүүн эсвэл баптисмын өдөр товлосон байх
-
Сүйт бүсгүй эсвэл сүйт залуугийн аль нэгийнх нь гишүүнчлэлийн бүртгэл уг албан тушаалтны тэргүүлдэг Сүмийн нэгжид байдаг эсвэл баптисмын дараа байхаар бол
-
Сүмийн албан тушаалтан нь гэрлэлт болох газар иргэний гэрлэлтийг гүйцэтгэх хуулийн дагуух эрхтэй.
38.3.4
Сүмийн байранд болох иргэний гэрлэлт
Сүмийн ердийн үйл ажиллагааны хуваарийг тасалдуулахгүй бол хуримын ёслолыг Сүмийн байранд үйлдэж болно. Хуримыг Хүндэтгэлийн өдөр эсвэл даваа гаргийн орой хийхгүй. Сүмийн байранд явуулах гэрлэх ёслол нь энгийн бөгөөд хүндэтгэлтэй байх ёстой. Хөгжим нь ариун нандин, хүндэтгэлтэй, баяр хөөртэй байх ёстой.
Гэрлэлтийг ариун ёслолын танхим, соёлын танхимд эсвэл тохиромжтой бусад өрөө танхимд гүйцэтгэж болно. Гэрлэлтийн ёслолыг гүйцэтгэхдээ, цуглааны байрыг зохистой ашиглах журмыг баримтална.
38.3.6
Иргэний гэрлэлтийн ёслол
Сүмийн албан тушаалтан иргэний гэрлэлтийг гүйцэтгэхийн тулд гэрлэж буй хосод хандан, “Баруун гараа барилцана уу” гэж хэлнэ. Тэгээд тэрээр “[сүйт залуугийн овог нэр, сүйт бүсгүйн овог нэр], та хоёр Бурханы болон эдгээр гэрчийн өмнө гэрээ байгуулах гэж буйн тэмдэг болгон баруун гараа барилцлаа” гэж хэлнэ. (Гэрлэж буй хос гэрчүүдийг урьдчилан сонгож эсвэл санал болгож болно.)
Албан тушаалтан дараа нь сүйт залууд хандан, “[сүйт залуугийн овог нэр], та [сүйт бүсгүйн овог нэр]-ийг хууль ёсны эхнэрээ болгон авч, түүний амьдралын хань, хууль ёсоор хуримласан нөхрийнх нь хувьд өөрийн чөлөөт хүсэл, сонголтоор өөр хэнтэй ч биш, зөвхөн түүнтэй нэгдэн нийлж, гэрлэлтийн ариун байдалд хамаарах бүх хууль, хариуцлага үүргийг сахин, амьдралынхаа туршид түүнийг хайрлаж, хүндлэн, энэрч явна гэдгээ ёслол төгөлдөр амлаж байна уу?” гэж асууна.
Сүйт залуу “Тийм ээ” эсвэл “Би амлаж байна” гэж хариулна.
Сүмийн албан тушаалтан дараа нь сүйт бүсгүйд хандан, “[сүйт бүсгүйн овог нэр], та [сүйт залуугийн овог нэр]-ийг хууль ёсны нөхрөө болгон авч, түүний амьдралын хань, хууль ёсоор хуримласан эхнэрийнх нь хувьд өөрийн чөлөөт хүсэл, сонголтоор өөр хэнтэй ч биш, зөвхөн түүнтэй нэгдэн нийлж, гэрлэлтийн ариун байдалд хамаарах бүх хууль, хариуцлага үүргийг сахин, амьдралынхаа туршид түүнийг хайрлаж, хүндлэн, энэрч явна гэдгээ ёслол төгөлдөр амлаж байна уу?” гэж асууна.
Сүйт бүсгүй “Тийм” эсвэл “Би амлаж байна” гэж хариулна.
Сүмийн албан тушаалтан дараа нь гэрлэж буй хосод хандан, “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ахлагчийн хувьд өөртөө олгогдсон эрх мэдлийн дагуу [сүйт залуугийн нэр], [сүйт бүсгүйн нэр] та хоёрыг мөнх бус амьдралын тань туршид хуулийн дагуу, хууль ёсоор хуримласан эхнэр, нөхөр болгон зарлаж байна” гэж хэлнэ.
(Сүмийн удирдах албан тушаалтнаар үйлчлээгүй, цэргийн шашны төлөөлөгчийн хэлэх үг: “Миний бие [цэргийн ангийн эсвэл иргэний байгууллагын] цэргийн шашны төлөөлөгчийн хувьд, өөрт олгогдсон хууль ёсны эрх мэдлийн дагуу [сүйт залуугийн нэр], [сүйт бүсгүйн нэр] та хоёрыг мөнх бус амьдралын тань туршид хуулийн дагуу, хууль ёсоор хуримласан эхнэр, нөхөр болгон зарлаж байна”.)
Бурхан та хоёрын холбоог үр удмаараа баяр баясгалан, аз жаргалтай, урт удаан амьдралаар адислах болтугай. Мөн Тэрээр та хоёрыг өгсөн амлалтаа ариунаар сахихаар адислах болтугай. Эдгээр адислалыг би Их Эзэн Есүс Христийн нэрээр та хоёрт үлдээж байна, амен.
Тухайн газрын уламжлалд нийцэж байвал эхнэр, нөхрийн хувьд бие биеэ үнсэхийг урьж болно.
38.4
Лацдан холбох бодлого журам
Ариун сүмийн лацдан холбох ёслол нь уг ёслолыг хүлээн авахдаа байгуулсан гэрээгээ сахихыг хичээсэн гишүүдийн гэр бүлийг мөнхөд холбодог. Лацдан холбох ёслолд:
-
Эхнэр, нөхөр хоёрыг лацдан холбох,
-
Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох орно.
Гэрээгээ сахидаг хүмүүс лацдан холболтоор өгөгдсөн хувь хүний адислалуудаа авч үлдэнэ. Тухайн хүний эхнэр/нөхөр нь гэрээгээ зөрчсөн эсвэл гэрлэлтээ салгуулсан ч тэрээр адислалуудаа авч үлдэнэ.
Эцэг эхтэйгээ лацдан холбуулсан итгэлтэй эсвэл гэрээнд төрсөн хүүхдүүд эцэг эхтэйгээ мөнхөд хамт байх адислалаа авч үлддэг. Эцэг эх нь гэрлэлтийн лацдан холболтоо хүчингүй болгож, Сүмийн гишүүнчлэлээс хасагдаж эсвэл татгалзсан байсан ч энэ нь үнэн зөв байна.
Лацдан холбох бодлого журмын талаар асуулт гишүүдэд байгаа бол бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй. Бишопт асуулт байвал гадасны ерөнхийлөгчтэйгөө холбоо барина. Гадасны ерөнхийлөгчид асуулт байвал ариун сүмийн дүүрэг дэх ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл, эсвэл Тэргүүн зөвлөлийн албатай холбоо барьж болно.
38.5
Ариун сүмийн хувцас ба гармент
38.5.1
Ариун сүмийн хувцас
Ариун сүмд хишиг хүртэх, лацдан холбох ёслолын үеэр Сүмийн гишүүд цагаан хувцас өмсдөг. Эмэгтэйчүүд урт эсвэл гарынх нь дөрөвний гурвыг халхалсан урт ханцуйтай даашинз (эсвэл банзал, урт эсвэл гарын дөрөвний гурвыг халхалсан урт ханцуйтай цамц), оймс, нимгэн оймс, гутал эсвэл углааш зэрэг цагаан хувцас өмсдөг.
Эрэгтэйчүүд урт ханцуйтай цамц, зангиа, өмд, оймс, гутал эсвэл углааш зэрэг цагаан хувцас өмсдөг.
Хишиг хүртэх, лацдан холбох ёслолын үеэр гишүүд цагаан хувцасныхаа дээгүүр ёслолын нэмэлт хувцас өмсөнө.
38.5.2
Ариун сүмийн хувцас, гарментыг авах
Тойрог, гадасны удирдагчид хишиг хүртсэн гишүүдийг өөрийн гэсэн ариун сүмийн хувцас худалдан авахыг урамшуулдаг. Ариун сүмийн хувцас, гарментыг Сүмийн хангамжийн төв эсвэл store.ChurchofJesusChrist.org-оос худалдан авч болдог. Гадас, тойргийн бичиг хэргийн ажилтнууд хувцас захиалахад нь гишүүдэд тусалж болно.
38.5.5
Гарментыг өмсөх ба арчлах
Хишиг хүртсэн гишүүд амьдралынхаа туршид ариун сүмийн гарментыг өмсөх гэрээ байгуулдаг.
Ариун сүмийн гармент нь ариун сүмд байгуулсан гэрээнүүдийг сануулдаг бөгөөд амьдралынхаа туршид зохистой өмсөх үед энэ нь уруу таталт, хилэнцийн эсрэг хамгаалалт болдог. Гарментыг хувцасны дотуур өмсөх ёстой. Гарментыг өмссөн үед явуулж болох үйл ажиллагааны үеэр үүнийг тайлах ёсгүй ба үүнийг мөн янз бүрийн хувцасны загварт тохируулан өөрчлөх ёсгүй. Хишиг хүртсэн гишүүд гармент өмсөхтэй холбоотой хувийн асуултынхаа хариултыг Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэн авбал зохино.
Гармент өмсөх нь ариун нандин онцгой эрх ба Аврагч Есүс Христийг дагах хувь хүний дотоод амлалтын гадаад илрэл юм.
Ариун сүмийн гарментын дотуур эсвэл гадуур өөр дотуур хувцас өмсөх эсэх нь хувь хүний сонголт юм.
26.3.3-ыг үзнэ үү.
38.5.7
Гармент ба ариун сүмийн ёслолын хувцсыг устгах
Гишүүд элэгдэж хуучирсан ариун сүмийн гарментыг устгахын тулд тэмдгүүдийг хайчилж аван устгах ёстой. Дараа нь үлдсэн материалыг гармент гэж мэдэгдэх аргагүй болгон хэсэглэж хайчилна. Үлдсэн даавууг хаяж болно.
Хэрэглэж болохуйц гармент, ариун сүмийн хувцсыг ариун сүмийн хишиг хүртсэн зохистой бусад гишүүнд өгч болно.
38.5.8
Ариун сүмийн оршуулгын хувцас
Боломжтой бол хишиг хүртсэн, нас барсан гишүүдийг ариун сүмийн хувцас өмсгөн оршуулж эсвэл чандарлах ёстой. Соёлын ёс заншлаас эсвэл оршуулгын зан үйлээс шалтгаалан ариун сүмийн хувцас өмсгөх нь зохисгүй эсвэл хүндрэлтэй бол хувцсыг эвхэж, хайрцган дотор цогцсын хажууд тавьж болно.
Эрэгтэй хүний биед ариун сүмийн гармент, урт ханцуйтай цамц, зангиа, өмд, оймс, гутал юм уу углааш зэрэг цагаан хувцас өмсгөнө. Эмэгтэй хүний биед ариун сүмийн гармент, урт ханцуйтай эсвэл гарын дөрөвний гурвыг халхалсан ханцуйтай даашинз (эсвэл банзал ба урт ханцуйтай эсвэл гарын дөрөвний гурвыг халхалсан ханцуйтай цамц), оймс, нимгэн оймс, цагаан гутал юм уу углааш зэрэг цагаан хувцас өмсгөнө.
Ариун сүмийн ёслолын хувцсыг хишиг хүртэх зааврын дагуу өмсгөнө. Нөмрөгийг баруун мөрөн дээр нь өмсгөж, бүсэлхийний зүүн талд уяаг зангидна. Хормогчийг бүсэлхийд уяна. Бүсийг бүсэлхийгээ тойруулан, зүүн ташаан дээр нь цэцэглэн зангидна. Эрэгтэй хүний малгайг хайрцгийг хаах цаг болтол биеийнх нь хажууд тавина. Дараа нь зүүн чихнийх нь дээр бүчийг байхаар байрлуулж өмсгөнө. Эмэгтэй хүний гивлүүрийг толгойнх нь доор, дэрэн дээр дэлгэн тавьж болно. Оршуулах эсвэл чандарлахын өмнө эмэгтэйн нүүрэн дээр гивлүүрийг тавих эсэхийг гэр бүлийнхэн нь шийднэ.
38.6
Ёс суртахууны асуудалтай холбоотой бодлого журам
38.6.1
Үр хөндөлт
“Чи … хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй” (Сургаал ба Гэрээ 59:6) хэмээн Их Эзэн зарлигласан. Сүм хувийн болон нийгмийн тав тухтай байдлыг хангахын төлөө өөрийн хүслээр үр хөндүүлэхийг эсэргүүцдэг. Гишүүд үр хөндөлтөд оролцох, гүйцэтгэх, зохион байгуулах, зардлыг төлөх юм уу зөвшөөрөл өгч, дэмжиж болохгүй. Зөвхөн дараах тохиолдлуудад үр хөндүүлж болно. Үүнд:
-
Хүчин эсвэл цус ойртолтоос үүдэлтэй жирэмслэлт
-
Эхийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулна гэж мэргэжлийн эмч тодорхойлсон
-
Төрснийхөө дараа хүүхэд амьд мэнд үлдэх боломжгүй, үр хөврөл нь ноцтой гажигтайг мэргэжлийн эмч тодорхойлсон
Гэхдээ эдгээр нөхцөлд ч үр хөндөлтийг шууд зөвтгөдөггүй. Үр хөндөлт нь хамгийн ноцтой асуудал юм. Үүнийг зөвхөн хариуцлага хүлээх хүн залбирлаар дамжуулан баталгаа хүлээн авсны дараа л шийдэх ёстой. Гишүүд энэ явцын хүрээнд бишоптойгоо зөвлөлдөнө.
38.6.2
Хүчирхийлэл
Хүчирхийлэл бол бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон санхүүгийн замаар хохирол учруулж, бусадтай хүний ёсноос гадуур харьцах эсвэл дорд үзэх явдал юм. Сүм хүчирхийллийн аливаа хэлбэрийг үл тэвчих байр суурийг баримталдаг. Эхнэр, нөхөр, хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүнтэй эсвэл өөр хэн нэгэнтэй хүчирхийлэн харьцдаг хүмүүс Бурханы болон хүмүүний хуулийг зөрчдөг.
Бүх гишүүн, ялангуяа эцэг эх, удирдагчдад хүүхдүүдийг болон бусдыг хүчирхийллээс хамгаалахын тулд сонор сэрэмжтэй, хичээнгүй байж, чадах бүхнээ хийхийг урамшуулдаг. Хэрэв гишүүд хүчирхийллийн талаар олж мэдвэл, үүнийг иргэний байгууллагуудад мэдэгдэж мөн бишоптойгоо зөвлөлдөх хэрэгтэй. Сүмийн гишүүд хүчирхийллийн талаарх мэдээлэлд нухацтай хандаж, хэрхэвч тоохгүй өнгөрүүлж болохгүй.
Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг насанд хүрсэн бүх хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалтыг авч дуусгасан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Тэд сургалтад гурван жил тутамд нэг удаа давтан хамрагдах ёстой.
Хүчирхийлэлд өртөхөд Сүмийн удирдагчид хамгийн түрүүнд хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах, эмзэг бүлгийн хүмүүсийг дараа дараагийн хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй. Удирдагчид тухайн хүнийг хүчирхийлэл үйлдэгддэг, аюултай гэр орон, нөхцөл байдалд үлдэхийг нь дэмжих ёсгүй.
38.6.2.1
Хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас
Зарим улсад гадасны ерөнхийлөгч мөн бишопт хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх тусгай утсыг Сүмээс гаргаж өгдөг. Эдгээр удирдагч хувь хүн хүчирхийлэлд өртсөн байж болох эсвэл өртөх аюултай нөхцөлд байгаа тохиолдол бүрийн талаар тусламж үзүүлэх утсаар нэн даруй холбогдох ёстой. Түүнчлэн хүүхэд оролцуулсан порнограф үзэж, худалдан авч эсвэл тарааж байгаа гишүүний талаар мэдсэн бол туслах утсаар холбогдох ёстой.
Тусламж үзүүлэх утас байдаггүй орнуудад хүчирхийллийн талаар мэдсэн бишоп гадасны ерөнхийлөгчтэйгөө холбоо барих ёстой. Гадасны ерөнхийлөгч нь бүсийн албаны хуулийн зөвлөхөөс удирдамж заавар авна.
38.6.2.2
Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд зөвлөгөө авах
Хүчирхийлэлд өртсөн хохирогч хүнд гэмтэл авсан байдаг. Гадасны ерөнхийлөгч, мөн бишоп үүнд чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, бусдын зовлонг ойлгох талаас хандана. Тэд хүчирхийллийн хортой үр дагаврыг даван гарахад нь хохирогчдод туслахын тулд сүнслэг зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Заримдаа хохирогчид ичиж, өөрсдийгөө буруутгадаг. Хохирогчид гэм буруугүй. Удирдагчид Бурханы хайрыг мөн Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар ирдэг эдгэрэлтийг ойлгоход нь тэдэнд болон гэр бүлийнхэнд нь тусална (Алма 15:8; 3 Нифай 17:9-ийг үзнэ үү).
Гадасны ерөнхийлөгч мөн бишоп хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг наманчилж, түрэмгий зан авираасаа салахад туслах ёстой. Хэрэв насанд хүрсэн хүн хүүхдэд бэлгийн харьцааны гэм нүгэл үйлдсэн бол энэ зан авирыг өөрчлөх амаргүй байж магад. Наманчлах үйл явц маш удаан үргэлжлэх магадлалтай. 38.6.2.3-ыг үзнэ үү.
Хохирогч, хүчирхийлэгч, тэдний гэр бүлийнхэнд Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байж болно. Мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.
38.6.2.3
Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэх
Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэх нь маш ноцтой гэм нүгэл юм (Лук 17:2-ыг үзнэ үү). Энд хэрэглэсэн хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэх гэсэн нэр томьёонд дараах зүйлс орно. Үүнд:
-
Бие махбодын хүчирхийлэл: Бие махбодод нь хэрцгий хандаж, хүнд гэмтэл учруулах. Зарим нь далд гэмтэл байдаг.
-
Бэлгийн хүчирхийлэл эсвэл мөлжлөг: Хүүхэд, өсвөр насны хүүхэдтэй бэлгийн замаар аливаа харилцаанд орсон эсвэл ийн харьцах боломжийг бусдад өгч, туслах. Энд ашигласнаар, насаар ойролцоо насанд хүрээгүй хоёр хүүхэд өөрсдийн хүслээр бэлгийн харьцаанд орсон бол үүнийг бэлгийн хүчирхийлэлд тооцохгүй.
-
Сэтгэл санааны хүчирхийлэл: Үг, үйлдлээрээ хүүхэд, өсвөр үеийнхний өөрийгөө хүндлэх хүндлэл, үнэлэх үнэлэмжийг ноцтой хохироох. Үүнд удаа дараа болон байнга хэл амаар доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулах, басамжлан доромжлох, дорд үзсэн байдлаар шүүмжлэх зэрэг ордог. Үүнд мөн үл тоох, тоомсорлохгүй байх явдал ордог.
-
Хүүхэд оролцуулсан порнограф: 38.6.6-г үзнэ үү.
Хэрэв бишоп, гадасны ерөнхийлөгч хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлсэн гэмт хэргийн талаар мэдсэн эсвэл сэжиглэж байгаа бол 38.6.2.1 дэх удирдамж зааврыг цаг алдалгүй дагана. Тэр мөн цаашид дараа дараагийн хүчирхийллээс хамгаалахад туслах арга хэмжээ авна.
Насанд хүрсэн гишүүн энэ хэсэгт дүрсэлсэн байдлаар хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлсэн бол Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж, бүртгэлд нь тэмдэглэгээ хийх шаардлагатай. Мөн 38.6.2.5-ыг үзнэ үү.
38.6.2.4
Эхнэр, нөхрөө эсвэл насанд хүрсэн өөр хүнийг хүчирхийлэх
Ихэвчлэн хүчирхийллийн бүх тохиолдлыг ганцхан тодорхойлолтод багтаах боломжгүй. Харин хүчирхийллийн хэлбэрийн ноцтой байдлын хүрээ их өргөн байдаг. Энэ хүрээ нь хааяа хурц үгээр доромжлохоос эхлэн ноцтой гэмтэл учруулах гээд янз бүр байдаг.
Хэрэв эхнэр, нөхрөө эсвэл насанд хүрсэн өөр хүнийг хүчирхийлсэн гэмт хэргийн талаар бишоп, гадасны ерөнхийлөгч нь мэдсэн бол 38.6.2.1 дэх удирдамж зааврыг цаг алдалгүй дагана. Тэр мөн цаашид дараа дараагийн хүчирхийллээс хамгаалахад туслах арга хэмжээ авна.
Удирдагчид нь хүчирхийллийн асуудлыг хувиараа зөвлөгөө өгөх аль эсвэл гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэх нь дээр эсэхийг Сүнсний удирдамж эрэлхийлэн шийднэ. Тэд мөн дээд түвшний санваарын удирдагчидтайгаа энэ байдлын талаар зөвлөлдөж болно. Гэхдээ эхнэр, нөхрийн эсвэл насанд хүрсэн өөр хүний эсрэг хүчирхийлэл доор дурдсан түвшинд очсон бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай.
-
Бие махбодын хүчирхийлэл: Бие махбодод харгис хэрцгий байдлаар хүнд гэмтэл учруулах. Зарим нь далд гэмтэл байдаг.
-
Бэлгийн хүчирхийлэл: 38.6.18.3-т тодорхойлон дурдсан нөхцөл байдлуудыг үзнэ үү.
-
Сэтгэл санааны хүчирхийлэл: Үг, үйлдлээрээ хувь хүний өөрийгөө хүндлэх хүндлэл, үнэлэх үнэлэмжийг ноцтой хохироох. Үүнд удаа дараа, байнга хэл амаар доромжлох, хэлсэн үгийг нь мушгиж гуйвуулах, басамжлан доромжлох, дорд үзсэн байдлаар шүүмжлэх гэх зэрэг ордог.
-
Санхүүгийн хүчирхийлэл: Хэн нэгнийг санхүүгийн хувьд ашиглах. Үүнд хувь хүний өмч хөрөнгө, мөнгө төгрөг болон өөр бусад үнэт эдлэлийг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашиглах нь орно. Мөн хэн нэгний санхүүгийн эрх мэдлийг өөртөө хуурамчаар авах явдал багтана. Түүнчлэн санхүүгийн эрх мэдлээр далайлган шахаанд оруулах явдал энд орно.
38.6.2.5
Сүмийн дуудлага, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг ба гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ хийх
Бусдыг хүчирхийлсэн гишүүдэд Сүмийн дуудлага өгч болохгүй бөгөөд наманчилж, Сүмийн гишүүнчлэлийн хязгаарлалтыг нь цуцлах хүртэл ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгож болохгүй.
Хэрэв аливаа хүн хүүхэд, өсвөр үеийнхнийг бэлгийн замаар эсвэл бие махбод, сэтгэл санаагаар ноцтой хүчирхийлсэн бол уг хүний гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ хийнэ. Түүнд хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах ямар ч дуудлага, ажил үүрэг даалгаж болохгүй. Үүнд мөн өсвөр үеийн болон бага насны хүүхэдтэй гэр бүлийн гэрт очиж тохинуулах үүрэгт ажил өгөхгүй байх нь орно. Түүнчлэн тохинуулах хамтрагчаар өсвөр үеийнхнийг хуваарилахгүй байх явдал орно. Тэргүүн зөвлөлөөс тэмдэглэгээг арилгах зөвшөөрөл өгөх хүртэл дээрх хязгаарлалт хүчинтэй хэвээр байна.
38.6.2.6
Гадасны ба тойргийн зөвлөлүүд
Бишопын болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд гадас, тойргийн зөвлөлийн хурлаар хүчирхийллээс сэргийлэх, хүчирхийлэлд хариу арга хэмжээ авах талаарх Сүмийн бодлого журам, удирдамжийг тогтмол авч үзнэ. Удирдагчид ба зөвлөлийн гишүүд энэхүү эмзэг сэдвийн талаар зааж, ярилцахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ.
Зөвлөлийн гишүүд нь түүнчлэн хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах сургалтыг авч дуусгасан байх ёстой (38.6.2-ыг үзнэ үү).
38.6.2.7
Хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн асуудал
Хэрэв гишүүний хүчирхийлсэн үйлдлүүд холбогдох хуулийг зөрчсөн бол үйлдсэн хэргээ хууль хяналтын байгууллагын ажилтанд эсвэл төрийн зохих эрх мэдэлтний өмнө хүлээхийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь гишүүнээс шаардах хэрэгтэй.
Сүмийн удирдагчид ба гишүүд хүчирхийллийг иргэний эрх бүхий байгууллагад мэдээлэх хуулийн өмнө хүлээсэн бүх үүргээ биелүүлэх ёстой.
38.6.4
Жирэмслэлтээс хамгаалах
Бурханы сүнсэн хүүхдүүдийг мөнх бус бие махбодтой болгохын тулд хүүхдүүд төрүүлж, улмаар тэднийг өсгөн хүмүүжүүлэх хариуцлагыг хүлээх нь гэрлэсэн хосын хувьд онцгой боломж юм (2.1.3-ыг үзнэ үү). Хэзээ, хэдэн хүүхэдтэй болох шийдвэр нь нэн хувийн шинжтэй буюу хувь хүний асуудал юм. Үүнийг тухайн гэр бүлийн хос ба Их Эзэн шийдвэрлэх ёстой.
38.6.5
Ариун явдал ба үнэнч байдал
Их Эзэний ариун явдлын хууль бол:
-
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орохгүй байх,
-
гэрлэлтдээ үнэнч байх явдал юм.
Эхнэр, нөхрийн хоорондох бие махбодын дотно харьцаа гайхалтай сайхан, нандин байх учиртай. Энэ бол үр хүүхэдтэй болох, эхнэр, нөхөр хоёрын бие биедээ хайраа илэрхийлэх Бурханаар томилогдсон арга зам юм.
38.6.6
Хүүхэд оролцуулсан порнограф
Сүм аль ч хэлбэрийн, хүүхэд оролцуулсан порнографыг зэмлэн буруушаадаг. Хэрэв бишоп, гадасны ерөнхийлөгч нь гишүүнийг хүүхэд оролцуулсан порнографтай холбогдсон талаар мэдвэл 38.6.2.1 дэх удирдамж зааврыг цаг алдалгүй дагана.
38.6.8
Эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх
Сүм нь эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэхийг зэмлэн буруушаадаг.
38.6.10
Цус ойртолт
Сүм цус ойртолтын аль ч хэлбэрийг зэмлэн буруушаадаг. Энд ашигласан цус ойртолт гэсэн нэр томьёог дараах харилцаанд ашиглана. Үүнд:
-
Эцэг эх, хүүхдийн хооронд
-
Өвөө эмээ ба ач зээгийн хооронд
-
Ах, эгч, дүүсийн хооронд
-
Нагац, авга ах эгч ба ач зээ дүү нарын хооронд.
Энд орсон хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, зээ дүү болон ач дүү гэдэгт төрсөн, үрчилсэн, хойд эсвэл өсгөж тэжээсэн хүмүүсийн харилцаа орно.
Насанд хүрээгүй хүүхэд цус ойртолтын хохирогч болсон бол бишоп, гадасны ерөнхийлөгч нь Сүмийн хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас байгаа улсад уг утсаар холбогдоно (38.6.2.1-ийг үзнэ үү). Бусад улсад гадасны ерөнхийлөгч нь бүсийн албаны хуулийн зөвлөхөөс удирдамж заавар авах хэрэгтэй. Түүнчлэн түүнийг бүсийн албан дахь Гэр бүлийн үйлчлэлийн ажилтан эсвэл халамж, бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежерээс зөвлөгөө авахад урамшуулдаг.
Гишүүн цус ойртолтод оролцсон бол түүнийг Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулж, бүртгэлд нь тэмдэглэгээ хийх шаардлагатай. Цус ойртолтын бараг бүх тохиолдолд тухайн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасах шаардлагатай.
Хэрэв насанд хүрээгүй хүүхэд цус ойртох хэрэг үйлдсэн бол гадасны ерөнхийлөгч Тэргүүн зөвлөлийн албатай холбоо барьж, удирдамж заавар авна.
Цус ойртолтын хохирогчид сэтгэл санааны гүн цохилтод орох нь олонтоо. Удирдагчид чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, бусдын зовлонг ойлгох талаас хандана. Тэд хүчирхийллийн хортой үр дагаврыг даван гарахад нь туслахын тулд сүнслэг дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгнө.
Заримдаа хохирогч ичиж, өөрийгөө буруутгадаг. Хохирогчид гэм буруугүй. Удирдагчид Бурханы хайрыг, Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар ирдэг эдгэрэлтийг ойлгоход нь тэдэнд болон гэр бүлийнхэнд нь тусална (Алма 15:8; 3 Нифай 17:9-ийг үзнэ үү).
Хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байж болно. Мэдээллийг 38.6.18.2-оос үзнэ үү.
38.6.12
Хар дом
Хар дом нь харанхуйд төвлөрдөг бөгөөд худал хуурмаг руу хөтөлдөг. Энэ нь Христэд итгэх итгэлийг устгадаг.
Хар домд Сатаныг шүтэн бишрэх явдал ордог. Үүнд түүнчлэн Есүс Христийн сайн мэдээтэй нийцэхгүй, харшлах нууцлаг үйл ажиллагаа багтдаг. Эдгээр үйл ажиллагаанд мэргэ, хараал, Бурханы санваарын хүчийг дуурайсан эдгээх зан үйл (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) ордог (Моронай 7:11–17-г үзнэ үү).
Сүмийн гишүүд аливаа хэлбэрээр Сатаныг шүтэн бишрэх, ямар нэг хэлбэрээр хар домд оролцох ёсгүй. Тэд яриандаа эсвэл Сүмийн цуглаан дээр ийм харанхуй зүйл дээр төвлөрөх ёсгүй.
38.6.13
Порнограф
Сүм аль ч хэлбэрийн порнографыг зэмлэн буруушаадаг. Аль ч төрлийн порнографыг хэрэглэх нь хувь хүн, гэр бүл, нийгмийн амьдралыг гэмтээн бусниулдаг. Энэ нь мөн Их Эзэний Сүнсийг холдуулдаг. Гишүүд бүх төрлийн порнографын материалаас зайлсхийж, эдгээрийг үйлдвэрлэх, тараах, ашиглахыг эсэргүүцэх ёстой.
Хувийн зөвлөгөө өгч, гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт тавих нь порнограф үзсэн явдлаа наманчлахад нь хувь хүнд туслахад ихэвчлэн хангалттай. Ихэвчлэн энэ тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулдаггүй. Гэхдээ гишүүн нь порнографыг тасралтгүй үзэж, өөрийгөө татаж авч чадахгүй байсан нь гэрлэлт, гэр бүлд нь асар их хор учруулсан тохиолдолд зөвлөлийн хурлаар оруулах зайлшгүй шаардлагатай байж болох юм (38.6.5-ыг үзнэ үү). Гишүүн нь хүүхэд оролцуулсан порнограф бүтээж, хуваалцаж, эзэмшиж эсвэл ахин дахин үзсэн бол зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай (38.6.6-г үзнэ үү).
38.6.14
Ялгаварлан гадуурхах явдал
Бүх хүн Бурханы хүүхэд юм. Бүгд ах, эгч, дүүс бөгөөд Түүний тэнгэрлэг гэр бүлийн нэг хэсэг билээ (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзнэ үү). Бурхан “нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээсэн” (Үйлс 17:26) Түүнд “бүгд адил” (2 Нифай 26:33). Хүн бүр “түүний хувьд нэг нь бусдын адил эрхэм болой” (Иаков 2:21).
Ялгаварлан гадуурхах явдал нь Бурханы илчлэгдсэн үгтэй нийцдэггүй. Бурханы тааллыг олох эсвэл алдах нь хүний арьсны өнгө, бусад шинж чанараас биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг.
Сүм бүх хүнийг аливаа бүлэг, хувь хүнийг ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээ хаяхад уриалдаг. Сүмийн гишүүд Бурханы бүх хүүхдийг хүндлэх үзлийг идэвхтэй сурталчлах хэрэгтэй. Бусдыг хайрла хэмээсэн Аврагчийн зарлигийг гишүүд дагадаг (Матай 22:35–39-ийг үзнэ үү). Тэд аливаа ялгаварлан гадуурхах хандлагыг эсэргүүцэн, бүх хүнд сайн сайхныг хүсдэг хүмүүс байхыг хичээдэг. Үүнд арьсны өнгө, яс үндэс, үндэс угсаа, овог омог, хүйс, нас, хөгжлийн бэрхшээл, нийгэм, эдийн засгийн статус, шашинд итгэдэг, итгэдэггүй, бэлгийн чиг хандлагаас үүдэлтэй ялгаварлан гадуурхал зэрэг нь багтдаг.
38.6.15
Ижил хүйсийн хүнд сэтгэл татагдах ба ижил хүйстний биеэ авч явах байдал
Сүм нь ижил хүйсийн хүнд татагддаг хүмүүст гэр бүлийнхнийг нь болон гишүүдийг болгоомжтой, хайрлан, хүндэлж хандахад урамшуулан дэмждэг. Сүм мөн эелдэг байх, бусдыг үл гадуурхах, бусдыг хайрлах, бүх хүнд хүндэтгэлтэй хандах тухай Сүмийн сургаалыг тусгасан ойлголтыг нийгмийн өргөн хүрээнд сурталчилдаг. Ижил хүйсийн хүнд сэтгэл татагдах тухай үзэлд Сүм аливаа нэг байр суурь баримталдаггүй.
Бурханы зарлигууд ижил эсвэл эсрэг хүйсийн хүнтэй үйлдэх ариун явдлын хуулийг зөрчсөн бүх үйлдлийг хориглодог. Сүмийн удирдагчид ариун явдлын хуулийг зөрчсөн хүмүүст зөвлөгөө өгдөг. Удирдагчид тэдэнд Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгал, наманчлах үйл явц, дэлхий дээрх амьдралын зорилгын тухай тодорхой ойлголттой болоход нь тусална.
Ижил хүйстэндээ татагдах нь нүгэл биш юм. Ийм мэдрэмжийг мэдэрсэн ч зорьж үйлдэл болгодоггүй гишүүд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө, мөн Сүмийн сургаалын дагуу амьдарч байгаа. Их Эзэний зарлигуудын дагуу амьдрахаар зорьж буй тэднийг удирдагчид дэмжиж, урам хайрладаг. Ийм мэдрэмжтэй гишүүд зохистой байвал Сүмийн дуудлага болон ариун сүмийн зөвшөөрлийн бичиг эзэмшиж, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч болно. Эрэгтэй гишүүд санваар хүлээн авч, ашиглаж болно.
Гэрээгээ сахидаг бүх гишүүн нөхцөл байдал нь энэ амьдралд мөнхийн гэрлэлтэд орж, эцэг эх байх боломж олгосон эсэхээс үл хамааран мөнх амьдралд амлагдсан бүх адислалыг хүртэнэ (Мозая 2:41-ийг үзнэ үү).
38.6.16
Ижил хүйстний гэрлэлт
Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлт нь судрууд дээр суурилсан сургаалын зарчмын хувьд, Бурханы хүүхдүүдийн мөнхийн хувь тавилангийн төлөөх Бурханы төлөвлөгөөнд нэн чухал үүрэгтэйг Сүм нотолдог. Түүнчлэн Сүм нь гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хоорондох хууль ёсны нэгдэл мөн гэсэн Бурханы хуулийг бататгадаг.
38.6.17
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол
Хүүхдүүддээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгохын төлөө эцэг эхчүүд үндсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Эцэг эхчүүд эрүүл, зөв шударга бэлгийн хандлагын талаар хүүхдүүдтэйгээ илэн далангүй, тодорхой, байнга ярилцдаг байх хэрэгтэй.
38.6.18
Бэлгийн хүчирхийлэл, хүчин болон бэлгийн дарамтын бусад хэлбэр
Сүм бэлгийн хүчирхийллийг зэмлэн буруушаадаг. Энд хэрэглэсэн бэлгийн хүчирхийлэл гэсэн нэр томьёо нь өөр хүнийг хүсээгүй байхад бэлгийн замаар хүчирхийлэхийг хэлж байгаа болно. Хууль ёсны зөвшөөрөл өгөөгүй эсвэл өгөх боломжгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь бэлгийн хүчирхийлэлд тооцогддог. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэл нь эхнэр, нөхрийн харилцаанд эсвэл болзож байгаа хүмүүсийн хооронд болж болно. Хүүхэд, өсвөр үеийнхний эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээллийг 38.6.2.3-аас үзнэ үү.
Бэлгийн хүчирхийлэл нь бэлгийн замаар хүчирхийлэх гэсэн дарамт шахалтаас авхуулаад хүчин, өөр бусад бэлгийн дарамт зэрэг өргөн хүрээг хамардаг. Үүнд бие махбод, хэл амаар болон бусад хэлбэрээр дарамтлах нь орж болно. Бэлгийн хүчирхийлэл, хүчин болон өөр бусад бэлгийн дарамтад өртсөн гишүүдэд зөвлөх тухай удирдамжийг 38.6.18.2 дээрээс үзнэ үү.
Хэрэв гишүүд бэлгийн хүчирхийллийн талаар олж мэдвэл хохирогчдыг болон бусдыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авна. Үүнд иргэний байгууллагад мэдэгдэх, бишоп, гадасны ерөнхийлөгчийг сэрэмжлүүлэх явдал орно. Хэрэв хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол гишүүд 38.6.2 дахь удирдамж зааврыг дагана.
38.6.18.2
Бэлгийн хүчирхийлэл, хүчин болон өөр бусад бэлгийн дарамтад өртөж хохирсон хүмүүст зөвлөх
Бэлгийн хүчирхийлэл, хүчин, өөр бусад бэлгийн дарамтад өртөж хохирсон хүмүүс ихэвчлэн сэтгэл санааны гүн цохилтод ордог. Тэд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчид үүний талаар хуваалцах үед тэрээр чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, бусдыг ойлгох талаас хандах ёстой. Тэрээр хүчирхийллийн хортой үр дагаврыг даван туулахад нь туслахын тулд сүнслэг зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн боломжтой газарт тэр Сүмийн хүчирхийллийн асуудалд тусламж үзүүлэх утас руу залгаж, удирдамж заавар авна.
Заримдаа хохирогчид ичиж, өөрсдийгөө буруутгадаг. Хохирогчид гэм буруугүй. Удирдагчид хохирогчдыг буруутгадаггүй. Тэд Бурханы хайрыг, Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар ирдэг эдгэрэлтийг ойлгоход нь хохирогчид болон гэр бүлийнхэнд нь тусална (Алма 15:8; 3 Нифай 17:9-ийг үзнэ үү).
Гишүүд хүчирхийлэл, дарамтын талаар мэдээлэл хуваалцаж болох ч удирдагчид нарийн ширийн мэдээлэл авахад анхаарлаа хэт төвлөрүүлэх ёсгүй. Энэ нь хохирогчдод хор хөнөөлтэй байж болно.
Хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд Сүмийн удирдагчдын сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байж болно. Мэдээллийг 31.3.6-аас үзнэ үү.
38.6.18.3
Гишүүнчлэлийн зөвлөл
Хэн нэгэнд бэлгийн дарамт үзүүлсэн эсвэл хүчирхийлсэн хүнийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай байж болно. Хэрэв гишүүн хүчин үйлдсэн эсвэл бусад хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлтэй холбогдож ял авсан бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай.
38.6.20
Амиа хорлох
Мөнх бус амьдрал бол Бурханаас өгсөн нандин бэлэг бөгөөд үүнийг эрхэмлэн, хамгаалж байх хэрэгтэй. Сүм амиа хорлохоос сэргийлэхийг бүхий л талаас дэмждэг.
Амиа хорлох талаар бодож байсан ихэнх хүн бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг зовлон шаналлаасаа ангижрахыг хүсдэг. Ийм хүмүүст гэр бүл, Сүмийн удирдагч, мэргэжлийн хүмүүсийн хайр халамж, тусламж, дэмжлэг хэрэгтэй байдаг.
Хэрэв гишүүн амиа хорлохоор завдаж буй эсвэл амиа хорлох оролдлого хийсэн бол бишоп шашны удирдагчийн хувьд тусламж дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн тэр гишүүнд цаг алдалгүй мэргэжлийн туслалцаа авахад тусална.
Хайртай хүмүүс, удирдагчид, мэргэжлийн хүмүүс бүхий л чадлаараа туслахыг хичээсэн ч заримдаа амиа хорлохоос нь сэргийлж чаддаггүй. Энэ нь хайртай хүмүүсийнх нь болон бусдын зүрх сэтгэлийг гүн шархлуулж, сэтгэлийн зовлон шаналал, хариултгүй асуултуудыг тэдэнд үлдээдэг. Удирдагчид гэр бүлийнхэнд нь зөвлөгөө өгч, тайтгаруулах хэрэгтэй. Тэд хайр халамж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Хүн амиа хорлох нь буруу. Гэхдээ зөвхөн Бурхан л уг хүний бодол, үйлдэл, хариуцлага хүлээх чадварыг шүүх боломжтой (1 Самуел 16:7; Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү).
Хайртай хүн нь амиа хорлон одсон хүмүүс Есүс Христ ба Түүний Цагаатгалаар найдвар, эдгэрэлтийг олж авч чадна.
38.6.23
Хүйсээ солиулсан хүмүүс
Хүйсээ солиулсан хүмүүс хүнд хэцүү бэрхшээлтэй тулгардаг. Өөрсдийгөө трансжендэр гэж үздэг гишүүн, гишүүн бус хүмүүст болон тэдний гэр бүл, найз нөхдөд болгоомжтой, эелдэг, өрөвч сэтгэлээр мөн Христийнхтэй адил харамгүй хайраар хандах ёстой. Бүх хүн Сүмийн ариун ёслолын болон Ням гаргийн бусад цуглаан, олон нийтийн арга хэмжээнд чөлөөтэй оролцож болно (38.1.1-ийг үзнэ үү).
Хүйс бол Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний нэн чухал хэсэг юм. Гэр бүлийн тунхагт орсон хүйс гэсэн нэр томьёо нь төрсөн биологийн хүйс гэсэн утгатай. Зарим хүний биологийн хүйс ба хүйсийн баримжаа хоорондоо таардаггүй. Үүний үр дүнд тэд өөрсдийгөө трансжендэр хэмээн үзэж болох юм. Трансжендэр гэж үздэг хүмүүсийн өрнүүлж буй хөдөлгөөнд Сүм ямар нэг байр суурь баримталдаггүй.
Сүмийн ихэнх үйл ажиллагаа, санваарын зарим ёслолыг хүйсээр ялгаварладаггүй. 38.2.8.9-т тоймлосноор, трансжендэр хүмүүс баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно. Тэд бас ариун ёслолоос хүртэж, санваарын адислал авч болно. Гэхдээ тэд зөвхөн төрсөн биологийн хүйсээрээ санваарт томилогдож, ариун сүмийн ёслол хүлээн авч болно.
Өөрийн сонголтоор эмнэлгийн болон мэс заслын аргаар төрсөн биологийн хүйсээ эсрэг хүйсээр өөрчлөн шилжилт хийх буюу (“хүйсээ солиулах”)-ыг удирдагчид дэмждэггүй. Удирдагчид ийм үйлдэл нь Сүмийн гишүүнчлэлийг хязгаарлах шалтгаан болно гэдгийг анхааруулдаг.
Удирдагчид мөн нийгмийн харилцааны хувьд шилжилт хийхийг дэмждэггүй. Нийгмийн харилцааны хувьд шилжилт хийхэд төрөлх биологийн хүйсийнхээ эсрэг хүйсээр хувцаслаж, үс зүсээ янзлах, нэрээ өөрчлөх, өөрийгөө танилцуулах зэрэг нь ордог. Удирдагчид нийгмийн харилцааны хувьд шилжилт хийж байгаа хүмүүст шилжилтийнх нь явцад Сүмийн гишүүнчлэлийн хязгаарлалт хийгдэнэ гэдгийг анхааруулна.
Хязгаарлалтад санваар хүлээн авах ба ашиглах, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах болон ашиглах мөн Сүмийн зарим дуудлага хүлээн авахыг нь хязгаарлах гэх зэрэг орно. Хэдийгээр Сүмийн гишүүнчлэлийн зарим давуу эрхийг хязгаарлах ч тэднийг Сүмийн үйл ажиллагаанд оролцохыг урамшуулан дэмжинэ.
Хэрэв гишүүн дуудах нэрээ эсвэл төлөөний нэрээ солихоор шийдсэн бол хүссэн нэрийг нь гишүүнчлэлийн бүртгэлийнх нь дуудах нэр гэсэн талбарт тэмдэглэж болно. Тойрогт нь тухайн хүнийг хүссэн нэрээр нь дуудна.
Нөхцөл байдал нэгж тус бүр, хүн бүрээс шалтгаалан өөр өөр байна. Гишүүд, удирдагчид хамтдаа мөн Их Эзэнтэй зөвлөлдөнө. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл хувь хүний нөхцөл байдлыг авч үзэхдээ болгоомжтой хандахад нь орон нутгийн удирдагчдад тусална. Бишоп гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. Гадасны болон номлолын ерөнхийлөгч Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвлөгөө авахыг эрэлхийлэх ёстой (32.6.3-ыг үзнэ үү).
38.7
Эмчилгээ, эрүүл мэндтэй холбоотой бодлого журам
38.7.2
Оршуулах ба цогцос чандарлах
Нас барсан хүний гэр бүл цогцсыг нь оршуулах эсвэл чандарлах эсэхээ шийддэг. Тэд хувь хүний хүслийг хүндэтгэн авч үздэг.
Зарим оронд цогцос чандарлахыг хуулиар шаарддаг. Зарим тохиолдолд, оршуулах нь гэр бүлийнх нь хувьд бодит шаардлагад нийцэхгүй, өндөр үнэтэй байдаг. Ямар ч тохиолдолд цогцост хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Амилалтын хүч үргэлж хамаарна гэдэгт гишүүд итгэлтэй байх хэрэгтэй (Алма 11:42–45-ыг үзнэ үү).
Боломжтой бол хишиг хүртсэн гишүүний цогцсыг оршуулахад эсвэл чандарлахад ариун сүмийн ёслолын хувцсыг нь өмсгөсөн байх хэрэгтэй (38.5.8-ыг үзнэ үү).
38.7.3
Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүд (амьгүй төрсөн эсвэл зулбасан хүүхдүүд)
Эцэг эх нь дурсан санах ёслол эсвэл оршуулгын ёслол хийх эсэхийг шийдэж болно.
Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүдэд ариун сүмийн ёслол шаардлагагүй бөгөөд ёслолыг гүйцэтгэдэггүй. Энэ нь эдгээр хүүхдийн мөнх амьдралд гэр бүлийнхээ нэгэн хэсэг байх боломжийг үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Эцэг эхийг Их Эзэнд итгэж, Түүнээс тайтгарал эрэлхийлэхэд урамшуулдаг.
38.7.4
Зовуурьгүй үхүүлэх (эвтанази)
Мөнх бус амьдрал нь Бурханаас өгсөн ариун нандин бэлэг юм. Эдгэршгүй өвчин юм уу бусад нөхцөл байдлаас болж өвдөж зовж байгаа хүний амьдралыг зориудаар зогсоохыг зовуурьгүй үхүүлэх хэмээн нэрлэдэг. Зовуурьгүй үхүүлэхэд оролцсон, үүний дотор амиа авахад нь хэн нэгэнд тусалсан хүнийг Бурханы зарлигуудыг зөрчсөн гэж үздэг бөгөөд орон нутгийн хуулийг зөрчсөн байж болох юм.
Амьдралынх төгсгөлд амьдралыг нь тэтгэж буй аппаратыг хэрэглэхээ болих буюу салгахыг зовуурьгүй үхүүлсэнд тооцдоггүй (38.7.11-ийг үзнэ үү).
38.7.5
ХДХВ-ийн халдвар ба ДОХ
ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус)-ээр халдварласан эсвэл ДОХ-той (Дархлал хомсдолын олдмол хам шинжтэй) гишүүдийг Сүмийн цуглаан, үйл ажиллагаанд дуртайяа оруулах хэрэгтэй. Тэднийг оролцуулах нь бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй.
38.7.8
Эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ
Эмнэлгийн тусламж авч, итгэлээ үйлдэл болгож, санваарын адислалуудыг хүлээн авах нь нэгдэн Их Эзэний тааллын дагуу эдгэрэхэд нөлөөлдөг.
Гишүүд ёс зүй эсвэл хууль эрх зүйн хувьд эргэлзээтэй эмчилгээ, эрүүл мэндийн арга барилыг ашиглаж эсвэл сурталчилж болохгүй. Эрүүл мэндийн асуудалтай гишүүд өөрсдийн улс оронд ажилладаг зөвшөөрөлтэй, мэргэжлийн чадварлаг эмч нараас зөвлөгөө авах хэрэгтэй.
38.7.9
Эмчилгээний марихуан
Сүм эмчилгээний бус зорилгоор марихуан ашиглахыг дэмждэггүй. 38.7.14-ийг үзнэ үү.
38.7.11
Амьдралыг уртасгах (амьсгалын аппарат залгах)
Гишүүд үндэслэлгүй арга хэрэгслээр мөнх бус амьдралыг сунгах шаардлагагүй. Эдгээр шийдвэрийг боломжтой бол уг хүн өөрөө эсвэл гэр бүлийн гишүүд нь гаргавал зохино. Тэд залбирлаар дамжуулан мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, залбирлаар дамжуулан тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй.
38.7.13
Вакцинжуулалт
Эрүүл мэндийн чадварлаг мэргэжилтнүүдийн гаргасан вакцин нь эрүүл мэндийг хамгаалж, амь насыг авардаг. Сүмийн гишүүдийг вакцин хийлгэн өөрсдийгөө болон хүүхдүүдээ мөн орон нутгаа хамгаалахад урамшуулан дэмждэг.
Эцсийн эцэст, хувь хүмүүс вакцин хийлгэх шийдвэрийг өөрсдөө гаргах үүрэгтэй. Хэрэв асуудал байвал гишүүд эрүүл мэндийн чадварлаг мэргэжилтнүүдтэй зөвлөлдөхөөс гадна Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй.
38.7.14
Мэргэн ухааны үг ба эрүүл дадал хэвшил
Мэргэн ухааны үг бол Бурханы зарлиг юм. Бошиглогчид Сургаал ба Гэрээ 89 дээрх сургаалд тамхи, хүчтэй ундаа (согтууруулах), халуун ундаа (цай ба кофе) зэргийг хэрэглэхгүй байх явдал ордгийг тодорхойлсон.
Мэргэн ухааны үгэнд дурдаагүй эсвэл Сүмийн удирдагчдын онцгойлон дурдаагүй хор хөнөөлтэй өөр бодис, дадал хэвшил байдаг. Гишүүд өөрсдийн бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны эрүүл мэндэд тустай шийдвэрийг мэргэн, эрүүл саруул ухаанаар залбирч гаргах хэрэгтэй.
38.8
Удирдлагын бодлого журам
38.8.1
Хүүхэд үрчилж авах ба асран хүмүүжүүлэх
Хүүхдүүдийг үрчилж авах мөн асран хүмүүжүүлэх нь хүүхдүүд, гэр бүлүүдийг адисалж чадна. Хайраар дүүрэн, мөнхийн гэр бүлүүд нь хүүхэд үрчилж авах явдлаар бий болж чадна. Гэр бүлд хүүхэд нь төрсөн, үрчилж авсан аль нь ч байсан адилхан эрхэм үнэт адислал юм.
Хүүхдүүд үрчилж авахыг эсвэл асран хүмүүжүүлэхийг эрэлхийлж буй гишүүд хамрагдах улс орон, засаг захиргааны холбогдох бүх хууль тогтоомжийг дагах ёстой.
38.8.4
Ерөнхий эрх мэдэлтэн, Ерөнхий албан тушаалтан ба Бүсийн далуудын гарын үсэг ба гэрэл зураг
Сүмийн гишүүд ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтан эсвэл Бүсийн далуудын гарын үсгийг авахыг эрэлхийлэх ёсгүй. Ийн үйлдэх нь тэдний ариун дуудлагын мөн цуглааны сүнслэг байдлыг алдагдуулдаг. Энэ нь бас бусад гишүүнтэй мэндлэхэд саад болдог.
Гишүүд ариун ёслолын танхимд ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтан, Бүсийн далуудын гэрэл зургийг авч болохгүй.
38.8.7
Сүмийн сэтгүүл
Сүмийн сэтгүүлүүд:
-
Найз сэтгүүл нь хүүхдүүдэд зориулагдсан.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл нь өсвөр үеийнхэнд зориулагдсан.
-
Лиахона сэтгүүл нь насанд хүрэгчдэд зориулагдсан юм.
Тэргүүн зөвлөл Сүмийн сэтгүүлүүдийг уншихад бүх гишүүнийг урамшуулан дэмждэг. Сэтгүүлүүд нь гишүүдэд Есүс Христийн сайн мэдээг судалж, амьд бошиглогчдын сургаалаас суралцан, дэлхий даяарх Сүмийн гэр бүлтэйгээ холбоотой гэдгээ мэдэрч, зовлон бэрхшээлээ итгэлээр туулан, Бурханд илүү ойртоход тусалж болно.
38.8.8
Сүмийн нэр, нэр бичиглэл ба ялгах тэмдэг
Сүмийн нэр, нэр бичиглэл болон ялгах тэмдэг нь Сүмийн гол таних тэмдгүүд юм.
Нэр бичиглэл ба ялгах тэмдэг. Сүмийн нэр бичиглэл ба ялгах тэмдгийг (дээрх зургийг үзнэ үү) зөвхөн Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвшөөрлөөр ашиглаж болно. Эдгээрийг гоёл чимэглэлийн маягаар ашиглаж болохгүй. Түүнчлэн хувийн болон арилжаа, сурталчилгааны зориулалтаар хэрэглэж болохгүй.
38.8.10
Компьютер
Сүмийн цуглааны байруудад ашиглагддаг компьютер болон компьютерын программыг Сүмийн удирдах газар эсвэл бүсийн албанаас хангаж мөн хянадаг. Удирдагчид болон гишүүд Сүмийн зорилгыг, үүнд гэр бүлийн түүхийн ажлыг дэмжихийн тулд эдгээр эх сурвалжийг ашиглана.
Эдгээр компьютер дээрх бүх программын лицензийг Сүм зөв зохистойгоор авсан байх ёстой.
38.8.12
Cургалтын материал
Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад нь гишүүдэд туслахын тулд Сүмээс материалаар хангадаг. Үүнд судар, Ерөнхий чуулганы үгс, сэтгүүл, гарын авлага, ном болон бусад эх сурвалж багтана. Удирдагчид судруудыг болон бусад эх сурвалжийг гэр орондоо сайн мэдээнээс суралцахын тулд хэрэгцээний дагуу ашиглахыг гишүүддээ уриалдаг.
38.8.14
Хувцаслалт ба гадаад төрх
Сүмийн гишүүдийг зөв зохистой хувцаслалт, гадаад үзэмжээ сонгохдоо биеэ хүндлэн дээдэлж байгаагаа харуулахыг урамшуулан дэмждэг. Соёл уламжлал, нөхцөл байдлаас хамааран зохистой хувцаслалт нь өөр өөр байдаг.
38.8.16
Мацгийн өдөр
Гишүүд хэзээ ч мацаг барьж болно. Гэхдээ ерөнхийдөө сарын эхний Хүндэтгэлийн өдрөөр тэд мацаг барьдаг.
Мацаг гэж 24 цагийн турш хоол, ундгүйгээр явж (бие махбодын хувьд боломжтой бол), мацгийн өргөлөө өгөөмөр өгөхийг хэлдэг. Мацгийн өргөл нь тусламж хэрэгтэй хүмүүст туслалцаа үзүүлэхэд хэрэглэгддэг өргөл юм (22.2.2-ыг үзнэ үү).
Заримдаа сарын эхний Хүндэтгэлийн өдөр Сүм эсвэл орон нутгийг хамарсан цуглааныг явуулдаг. Энэ тохиолдолд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл аль Хүндэтгэлийн өдрийг мацгийн өдөр болгохоо шийдвэрлэнэ.
38.8.17
Мөрийтэй тоглоом ба хонжворт сугалаа
Сүм аль ч хэлбэрийн мөрийтэй тоглоомыг эсэргүүцэж, үүний эсрэг зөвлөдөг. Үүнд спортын багийн төлөө мөрий тавих, засгийн газраас санхүүжүүлсэн хонжворт сугалаа багтана.
38.8.19
Цагаачлал
Эх орондоо үлддэг гишүүдэд тэндээ Сүмийг хүчирхэгжүүлэн бэхжүүлэх боломж олонтоо гардаг. Гэхдээ өөр улс руу цагаачлах нь хувийн сонголт юм.
Өөр улс руу нүүж байгаа гишүүд холбогдох бүх хуулийг дагах хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 58:21-ийг үзнэ үү).
Номлогчид бусдын цагаачлалыг тэтгэх санал гаргах ёсгүй.
38.8.22
Улс үндэстний хууль
Сүмийн гишүүд оршин суудаг төдийгүй аялж очсон улс орныхоо хуулийг дуулгавартай дагаж, хүндэлж, дэмжих ёстой (Сургаал ба Гэрээ 58:21–22, Итгэлийн тунхаг 1:12-ыг үзнэ үү). Үүнд шашин сурталчлахыг хориглодог хуулиуд мөн орно.
38.8.25
Гишүүд Сүмийн удирдах газартай харилцах
Сүмийн гишүүдийг сургаалын талаарх асуулт, хувийн асуудал, хүсэлтийн талаар ерөнхий эрх мэдэлтнүүд рүү утасдаж, э-мэйл явуулж, захидал бичихийг дэмждэггүй. Гишүүдийг сүнслэг удирдамж эрэлхийлэх үедээ Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгч зэрэг орон нутгийн удирдагчидтайгаа холбоо барихыг урамшуулдаг (31.3-ыг үзнэ үү).
38.8.27
Тусгай хэрэгцээт гишүүд
Удирдагчид ба гишүүд өөрсдийн нэгжийн хил хязгаар дотор амьдардаг бүх хүний хэрэгцээг авч үзэхийг урамшуулан дэмждэг. Тусгай хэрэгцээт гишүүд үнэ цэнтэй бөгөөд утга учиртай арга замаар хувь нэмэр оруулах боломжтой. Хөгжлийн бэрхшээл нь оюуны, нийгмийн, сэтгэл санааны эсвэл биеийн байж болно.
38.8.29
Бусад шашин
Бусад шашинд сүнслэг нөлөө бүхий, хүнлэг, олны хүндэтгэл хүлээсэн олон зүйл байдаг. Номлогч нар, мөн бусад гишүүн бусдын итгэл бишрэл, уламжлалд мэдрэмж, хүндэтгэлтэй хандах ёстой.
38.8.30
Улс төр, иргэний үйл ажиллагаа
Сүмийн гишүүдийг улс төр, төр засгийн үйл хэрэгт оролцохыг уриалдаг. Олон улс орны хувьд, үүнд дараах нь багтаж болно.
-
Санал өгөх
-
Улс төрийн намд элсэж, үйлчлэх
-
Санхүүгийн дэмжлэгээр хангах
-
Намын албан тушаалтан, сонгуульд оролцогчидтой холбоо барих
-
Орон нутгийн болон төр засгийн албанд сонгогдож эсвэл томилогдон ажиллах
Нийгмээ амьдрах, гэр бүл өсгөхөд ая тухтай орчин болгоход туслах сайн сайхан зорилго, хөдөлгөөнд оролцохыг гишүүдэд уриалдаг.
Сүмийн орон нутгийн удирдагчид гишүүдийг улс төрийн асуудлуудад оролцуулахаар зохион байгуулах ёсгүй. Бас удирдагчид гишүүдэд хэрхэн оролцоход нь нөлөөлөхийг оролдох ёсгүй.
Сүмийг аливаа улс төрийн нам, тэдний байр суурь эсвэл нэр дэвшигчийг дэмждэг хэмээн ташаа ойлгож болох мэдээлэл өгөх юм уу үйлдэл хийхээс удирдагчид болон гишүүд зайлсхийх ёстой.
38.8.31
Гишүүдийн хувийн мэдээлэл
Сүмийн удирдагчид гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Сүмийн бүртгэл тайлан, лавлах, эдгээртэй адил төстэй материалыг хувийн, арилжааны эсвэл улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй.
38.8.35
Дүрвэгчид
Сүмийн гишүүд тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах (Мозая 4:26-г үзнэ үү) үүрэг хариуцлагынхаа нэг хэсэг болгон эдгээр дүрвэгчийг орон нутгийнхаа гишүүд болгон угтан авахын тулд өөрсдийн цаг зав, авьяас, нөхөрлөлийг санал болгож байна.
38.8.36
Сүмээс мөнгөн тусламж дэмжлэг авах хүсэлтүүд
Тусламж хэрэгтэй байгаа гишүүдийг Сүмийн удирдах албатай холбоо барих эсвэл Сүмийн бусад удирдагч, гишүүдээс мөнгө хүсэхийн оронд бишоптойгоо ярихыг дэмждэг.