“28. Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслол,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“28. Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслол,” Ерөнхий гарын авлагын түүвэр.
28.
Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслол
28.0
Удиртгал
Ариун сүмд гүйцэтгэгддэг ёслолууд нь гэр бүлүүдийг мөнхөд хамт байж, Бурханы оршихуйд бүрэн баяр баясгаланг эдлэх боломжтой болгодог.
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд Түүнд эргэн очихын тулд нэг бүрчлэн наманчилж, аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахуйц зохистой байж, ёслол бүртэй холбоотой гэрээнүүдийг хүндэтгэн сахих ёстой.
Тэнгэрлэг Эцэг олон хүүхэд нь эдгээр ёслолыг мөнх бус амьдралдаа хүлээн авахгүйг мэдэж байжээ. Тэрээр ёслолуудыг хүлээн авч, Өөртэй нь гэрээ байгуулах өөр арга замыг тэдэнд бэлтгэж өгсөн. Ариун сүмд ёслолуудыг төлөөлөн гүйцэтгэж болдог. Энэ нь амьд хүн нас барсан хүний өмнөөс ёслолуудыг хүлээн авна гэсэн үг юм. Сүнсний дэлхийд байгаа нас барсан хүмүүс өөрсдийнх нь өмнөөс гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн авах эсвэл эсэргүүцэх эсэхээ сонгодог (Сургаал ба Гэрээ 138:19, 32–34, 58–59-ийг үзнэ үү).
Сүмийн гишүүдийг аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан хамаатан саднаа олж мэдэхэд урамшуулан дэмждэг. Дараа нь гишүүд нас барсан тэдгээр хамаатан садныхаа өмнөөс ёслолуудыг гүйцэтгэдэг.
Хэрэв гишүүд ариун сүмийн ажилд (28.1.1-ийг үзнэ үү) зориулан гэр бүлийн нэрсийг бэлдээгүй бол ариун сүмд ирэхэд нь ёслол гүйцэтгүүлэх хэрэгтэй байгаа нас барсан хүмүүсийн нэрсээр хангаж өгдөг.
28.1
Төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг үйлдэх ерөнхий удирдамж
Нас барах үедээ 8 эсвэл түүнээс дээш настай байсан нас барсан хүмүүсийн өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг үйлдэж болно. 28.3-т тэмдэглэснээс бусад тохиолдолд, нас барсан бүх хүнийг нас барснаас нь хойш 30 хоног өнгөрсний дараа дараах нөхцөлүүдэд төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг гүйцэтгэж болно. Үүнд:
-
Нас барсан хүний ойрын төрөл садан (салаагүй эхнэр/нөхөр, насанд хүрсэн хүүхэд, эцэг, эх эсвэл ах, эгч, дүү) нь ариун сүмийн ёслолд зориулан нэрийг нь илгээнэ.
-
Нас барсан хүний ойрын төрөл саднаас нь (салаагүй эхнэр/нөхөр, насанд хүрсэн хүүхэд, эцэг/эх эсвэл ах/эгч/дүү) ёслол гүйцэтгэх зөвшөөрөл авсан байна.
Дээрх нөхцөлүүдээс бусад тохиолдолд, ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг нас барсан хүнийг төрснөөс хойш 110 жил өнгөрсний дараа гүйцэтгэж болно.
28.1.1
Нас барсан хүмүүсийн нэрсийг ариун сүмийн ёслолд зориулан бэлтгэх
Боломжтой газруудад ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэхээс өмнө, нас барсан гэр бүлийн гишүүдийн мэдээллийг FamilySearch.org руу оруулах шаардлагатай (25.4.2-ыг үзнэ үү).
28.1.1.1
Гэр бүлийн гишүүдийн нэрсийг илгээх
Ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудад нэр илгээхдээ гишүүд ерөнхийдөө зөвхөн өөрийн төрөл садны нэрийг илгээх хэрэгтэй.
28.1.2
Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ёслолуудад хэн оролцож болох
Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй бүх гишүүн нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүний баталгаанд оролцож болно. Хүчинтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй хишиг хүртсэн гишүүд нас барагсдын төлөөх бүх ёслолд оролцож болно. 26.3-ыг үзнэ үү.
28.1.4
Төлөвлөлт
Гишүүд нас барагсдын ёслолуудыг гүйцэтгэхээсээ өмнө цаг товлох шаардлагатай байж магадгүй. Ариун сүм бүртэй холбоо барих, цаг товлох шаардлагын талаарх мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
28.2
Нас барсан хүмүүсийн төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх
Төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг гүйцэтгэхдээ, гишүүн зөвхөн өөртэйгөө адил хүйсийн нас барсан хүнийг төлөөлж болно.
28.2.1
Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах
Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй ямар ч гишүүнийг нэг эсвэл түүнээс олон баптисмын үйлчлэлд урьж болно. Энд хийгдэх зарим үйлчлэлд дараах зүйлс орж болно. Үүнд:
-
Баптисмд төлөөлөн орох
-
Төлөөлөн гүйцэтгэх баптисмд гэрчээр оролцох
-
Гишүүний баталгаа төлөөлөн хийлгэх
-
Ариун сүмийн ажилтнуудад туслах
Мелкизедек санваар атгагчдыг болон Аароны санваарын пристүүдийг нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг гүйцэтгэхэд урьж болно. Мелкизедек санваар атгагчдыг нас барагсдад гишүүний баталгаа өгөх ёслолыг гүйцэтгэхэд түүнчлэн урьж болно.
Зөвхөн хишиг хүртсэн эрэгтэйчүүдийг дараах үйлчлэлд урьж болно. Үүнд:
-
Усан сан дахь бүртгэгчээр үйлчлэх
-
Гишүүний баталгаа бүртгэгчээр үйлчлэх
28.2.2
Хишиг хүртэх (анхдагч ёслолыг оруулан)
Нас барагсдын өмнөөс хишиг хүртэх ёслолыг төлөөлөн гүйцэтгэх үед хишгийн анхдагч ёслолыг тусад нь гүйцэтгэж, бүртгэдэг (27.2-ыг үзнэ үү). Ариун сүмийн зөвшөөрлийн хүчинтэй бичигтэй, хишиг хүртсэн гишүүн бүр эдгээр ёслолыг төлөөлөн гүйцэтгэж болно.
28.2.3
Эхнэр, нөхөртэй нь мөн хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох
Нас барсан хүнийг амьд байхдаа гэрлэсэн хүнтэй нь ариун сүмд лацдан холбож болно. Нас барсан хүмүүсийг амьд эсвэл нас барсан хүүхдүүдтэй нь лацдан холбож болно. Ариун сүмийн зөвшөөрлийн хүчинтэй бичигтэй, хишиг хүртсэн гишүүн лацдан холбох ёслолыг төлөөлөн гүйцэтгэж болно.
28.3
Тусгай нөхцөл байдал
Энэ хэсэгт 28.1 дээрх удирдамжуудын зарим нь үйлчлэхгүй байж болох нөхцөлүүдийг тайлбарлана.
28.3.1
Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүд (амьгүй төрсөн эсвэл зулбасан хүүхдүүд)
Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүдэд ариун сүмийн ёслол шаардлагагүй бөгөөд ёслолыг гүйцэтгэдэггүй. Нэмэлт мэдээллийг 38.7.3-аас үзнэ үү.
28.3.2
Найман нас хүрэхээсээ өмнө нас барсан хүүхдүүд
Бяцхан хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар гэтэлгэгддэг бөгөөд “тэнгэрийн селестиел хаант улсад аврагддаг” (Сургаал ба Гэрээ 137:10). Ийм учраас найман нас хүрэхээс өмнө нас барсан хүүхдийн төлөө ариун сүмд баптисм болон хишгийн ёслол үйлдэх шаардлагагүй. Харин эцэг эхтэй нь лацдан холбох ёслолыг гэрээнд төрөөгүй мөн амьд байхдаа энэхүү ёслолыг хүлээн аваагүй хүүхдүүдэд гүйцэтгэж болно (18.1-ийг үзнэ үү).