“34. Санхүү ба аудит,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“34. Санхүү ба аудит,” Ерөнхий гарын авлагын түүвэр
34.
Санхүү ба аудит
34.0
Оршил
Аравны нэг ба өргөлүүд нь Их Эзэний аврал, өргөмжлөлийн ажлыг урагшлуулах боломжийг Сүмд олгодог (1.2-ыг үзнэ үү). Эдгээр мөнгө ариун нандин юм. Тэдгээр нь Сүмийн гишүүдийн золиос, итгэлийг төлөөлдөг (Марк 12:41–44-ийг үзнэ үү).
34.2
Тойргийн санхүүгийн удирдлага
34.2.1
Бишопын зөвлөл
Бишоп тойрог дахь санхүүгийн асуудлаар дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд: Тэрээр энэ ажлын зарим хэсгийг зөвлөх, бичиг хэргийн ажилтнууддаа даалгаж болно.
Бишоп:
-
Аравны нэгээ бүрэн төлж, өргөлөө өгөөмрөөр өргөхийг гишүүдэд зааж, урамшуулна (34.3-ыг үзнэ үү).
-
Тойргийн мөнгөн хөрөнгийг зохих журмын дагуу захиран зарцуулж, бүртгэдэг байхад анхаарна (34.5-ыг үзнэ үү).
-
Санхүүгийн тайланг сар бүр хянаж, аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэсэн байхад анхаарна.
-
Байгууллагын удирдагч, бичиг хэргийн ажилтнууд Сүмийн ариун нандин сангуудын өмнө хүлээдэг үүрэг хариуцлагаа мэдэж байгаа эсэхийг хянана.
-
Тойргийн жилийн төсвийг бэлтгэж, захиран зарцуулна (34.6-г үзнэ үү).
-
Тойргийн гишүүдтэй жил бүр уулзаж аравны нэгийн мэдүүлгийг нь авна.
34.2.2
Тойргийн бичиг хэргийн ажилтан
Бишоп тойргийн санхүүгийн бүртгэл тайлангуудыг хөтлөхөд туслуулахаар тойргийн бичиг хэргийн ажилтныг эсвэл туслах бичиг хэргийн ажилтныг томилно. Бичиг хэргийн ажилтнууд Сүмийн мөнгөн хөрөнгийг хамгаалах талаарх хэрэгжиж байгаа бодлогуудыг чанд мөрдөж, Сүмийн бүртгэл тайлан үнэн зөв эсэхийг нягтална.
Бичиг хэргийн ажилтан дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:
-
Бишопын зөвлөлийн гишүүнтэй хамт хүлээн авсан аливаа мөнгөн хөрөнгийг бүртгэж, хүлээлгэн өгнө.
-
Санхүүгийн тайланг сар бүр хянаж, аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэсэн байхад анхаарна.
-
Бишопын зөвлөлд жил тутмын төсвөө боловсруулахад тусална (34.6.1, 34.6.2-ыг үзнэ үү).
-
Гишүүд өөрсдийн өргөлийн тайлантай танилцах боломжтой байхад анхаарч, шаардлагатай үед туслалцаа үзүүлнэ.
Бичиг хэргийн ажилтан нь Мелкизедек санваартай, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх ёстой.
34.3
Өргөл
34.3.1
Аравны нэг
Аравны нэг бол орлогынхоо аравны нэгийг Бурханы Сүмд хандивлах явдал юм (Сургаал ба Гэрээ 119:3–4-ийг үзнэ үү; ашиг нь орлого гэсэн үг). Орлого олдог Сүмийн бүх гишүүн аравны нэгийг төлөх ёстой.
34.3.1.2
Аравны нэгийн мэдүүлэг
Бишоп жил бүрийн сүүлийн саруудад гишүүн бүртэй уулзаж аравны нэгийн мэдүүлгийг нь авдаг.
Бүх гишүүн дараах зорилгоор бишоптой уулзаж болно. Үүнд:
-
Аравны нэг төлөгч гэсэн статусаа бишоптоо мэдэгдэх
-
Тэдний өгсөн өргөлийн бүртгэл тайлан үнэн зөв эсэхийг шалгах
Боломжтой бол нэг гэр бүлийн бүх гишүүн, хүүхдүүдийг хамтад нь оролцуулах хэрэгтэй.
34.3.2
Мацгийн өргөл
Сүмийн удирдагчид гишүүдийг мацгийн хуулиар амьдрахыг дэмждэг. Үүнд мацгийн өргөлийг өгөөмрөөр өгөх багтдаг (22.2.2-ыг үзнэ үү).
Мацгийн өргөлийн санг ашиглах удирдамж 22.5.2-т байгаа.
34.3.3
Номлогчийн сан
Тойргийн номлогчийн санд өгсөн өргөлийг тухайн тойргоос бүрэн цагийн номлолд үйлчлэх номлогчдын өргөлийн амлалтыг биелүүлэхийн тулд голчлон зориулдаг.
Номлогчийн ерөнхий санд орсон өргөлийг Сүм нийт номлогчийн ажилд ашигладаг.
34.3.7
Өргөлийг буцааж өгөх боломжгүй
Сүмд өгсөн аравны нэг болон бусад өргөл Их Эзэнийх болдог. Тэдгээрийг Түүнд зориулдаг.
Гадасны ерөнхийлөгч, бишопууд аравны нэг болон өргөлүүд өгдөг хүмүүст эдгээр өргөлийг буцааж олгодоггүйг мэдэгдэх ёстой.
34.4
Аравны нэг ба бусад өргөлийн нууцыг хадгалах
Хандивлагчийн төлсөн аравны нэг, бусад өргөлийн дүн нууц байна. Зөвхөн бишоп мөн эдгээр хандивыг хариуцах эсвэл харах эрх мэдэл бүхий хүмүүс энэ мэдээлэлд нэвтрэх эрхтэй.
34.5
Сүмийн мөнгөн хөрөнгийг хариуцах
Гадасны ерөнхийлөгч болон бишоп Сүмийн мөнгөн хөрөнгө зохих ёсоор зарцуулагдаж байгаа эсэхийг бататгана. Бишопын зөвлөлийг болон бичиг хэргийн ажилтнуудыг “Sacred Funds, Sacred Responsibilities” видеог жилд доод тал нь нэг удаа үзэхэд урамшуулж байна.
34.5.1
Хамтралын зарчим
Хамтралын зарчим нь бишопын зөвлөлийн нэг гишүүн, бичиг хэргийн ажилтны хамт эсвэл бишопын зөвлөлийн хоёр гишүүн гэсэн хоёр хүний хамтралыг хэлж байгаа бөгөөд тэд Сүмийн мөнгөн хөрөнгийг бүртгэх, зарцуулахад идэвхтэй оролцоно.
Удирдагчид нууц үгээ хамгаалж, хэзээ ч бусадтай хуваалцах ёсгүй (33.9.1.1-ийг үзнэ үү).
34.5.2
Аравны нэг ба бусад өргөлийг хүлээн авах
Их Эзэн бишопуудад гэгээнтнүүдийн аравны нэг, бусад өргөлийг хүлээн авч, бүртгэх талаар ариун итгэл хүлээлгэсэн билээ (Сургаал ба Гэрээ 42:30–33; 119-ийг үзнэ үү). Зөвхөн бишоп, түүний зөвлөхүүд аравны нэг ба бусад өргөлийг хүлээн авч болно. Ямар ч нөхцөлд тэдний эхнэр, гэр бүлийнх нь гишүүд болон бичиг хэргийн ажилтнууд эсвэл тойргийн бусад гишүүн эдгээр өргөлийг хүлээн авах ёсгүй.
34.5.3
Аравны нэгийг болон бусад өргөлийг шалгаж, бүртгэх
Хандивыг хүлээн авсан ням гарагтаа шалгаж, бүртгэх ёстой. Дугтуйг бишопын зөвлөлийн нэг гишүүн, бичиг хэргийн ажилтантай хамт эсвэл бишопын зөвлөлийн хоёр гишүүн хамтдаа нээнэ. Тэд дугтуйн дахь мөнгө нь Аравны нэг болон бусад өргөлийн маягт дээр бичсэн дүнтэй тохирч байгаа эсэхийг шалгана. Тэд хандив бүрийг зохих ёсоор бүртгэнэ. Хэрэв мөнгө, дугтуйн дээр бичсэн дүн хоёр өөр байвал тэд хандивлагчтай аль болох хурдан хугацаанд холбоо барьж, зөрүүний учрыг олно.
34.5.4
Аравны нэг ба бусад өргөлийг банканд тушаах
Бичигдсэн дүн нь хүлээн авсан мөнгөтэй тохирч байгаа эсэхийг шалгасны дараа тушаахад бэлтгэнэ.
Банканд 24 цагаар мөнгө тушаах боломжтой газарт бишопын зөвлөлийн гишүүн өөр нэг Мелкизедек санваартантай хамт дугтуйнуудыг задалж, шалгасан тэр өдөртөө мөнгийг банканд тушаана.
Банканд 24 цагаар мөнгө тушаах боломжгүй бол эсвэл ням гарагт ажилладаггүй газарт бишопын зүгээс нэг Мелкизедек санваартныг дараагийн ажлын өдөр мөнгийг банканд тушаалгахаар томилно. Тэрээр:
-
Мөнгийг тушаах хүртэл найдвартай хадгалсан эсэхийг нягтална.
-
Тушаасан огноо, мөнгөний дүн бүхий орлогын баримтыг авна.
34.5.5
Сүмийн мөнгөн хөрөнгийг хамгаалах
Сүмийн мөнгөн хөрөнгийг хариуцдаг гишүүд Сүмийн байранд мөнгийг үлдээх эсвэл цуглаан, үйл ажиллагааны үеэр гэх мэт ямар ч үед мөнгийг анхаарал сэрэмжгүй орхих ёсгүй.
34.5.7
Гадас, тойргийн төлбөрийг хянах
Тэргүүлэх албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гадас, тойргийн ямар ч зарлага гаргаж, төлбөрийг нь хийж болохгүй.
Эрх бүхий хоёр удирдагч төлбөр бүрийг батлах ёстой. Тэдний нэг нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл бишопын зөвлөлийн гишүүн байх ёстой. Хэдийгээр зөвлөхүүд төлбөрийг батлах эрхтэй байж болох ч гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп төлбөр бүрийг хянан үзэх ёстой. Удирдагчид өөртөө зориулж төлбөр батлах ёсгүй.
Бишоп өөртөө эсвэл өөрийн гэр бүлд зориулж мацгийн өргөл, бишопын захиалгын маягтыг хэрэглэхийн өмнө гадасны ерөнхийлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Бишоп гадасны ерөнхийлөгчид эсвэл түүний гэр бүлд зориулж мацгийн өргөл, бишопын захиалгын маягтыг хэрэглэхийн өмнө Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Удирдамжийг 22.5.1.2-оос үзнэ үү.
Нөхөн төлбөр авахыг хүссэн гишүүн аливаа баримт, нэхэмжлэхийн биет болон цахим хуулбарыг өгнө. Тэрээр мөн худалдан авалтын зорилго, хэмжээ, огноо зэргийг хавсаргана.
Харин санхүүг урьдчилан авах бол гишүүн төлбөрийн хүсэлтийн маягтыг, зорилго, хэмжээ, огноог бичиж илгээнэ. Төлбөр хийгдсэний дараа гишүүн (1) зарцуулсан мөнгөний баримт эсвэл нэхэмжлэхийг өгнө, (2) зарцуулаагүй мөнгийг эргүүлэн тушаана. Зарцуулаагүй мөнгийг эргүүлэн тушаах ёстой.
34.5.9
Санхүүгийн бүртгэл тайланг хөтлөх
Гадас, тойрог бүр санхүүгийн бүртгэлүүдийг шинэчлэн, үнэн зөв хөтөлж байх ёстой.
Бичиг хэргийн ажилтнууд бүртгэл тайлангуудыг ашиглах, хадгалах тухай мэдээллийг Сүмийн удирдах газар эсвэл бүсийн албаны заавруудаас үзэх ёстой. Санхүүгийн бүртгэл тайлангуудыг доод тал нь гурван жил, дээр нь тухайн жилийг нэмээд, дөрвөн жил хадгалах ёстой.
34.6
Төсөв ба зарлага
Төсөвлөсөн мөнгөний хөтөлбөр нь гадас, тойргийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх Сүмийн ерөнхий санг гаргаж өгдөг.
Ихэнх үйл ажиллагаа энгийн, зардал багатай эсвэл огт зардалгүй байх ёстой.
34.6.1
Гадас, тойргийн төсөв
Гадас, тойрог бүр жил тутмын төсвийг бэлтгэж, төсвийнхөө дагуу үйл ажиллагаа явуулна. Гадасны ерөнхийлөгч гадасны төсвийг, бишоп тойргийн төсвийг захиран зохицуулдаг.
Удирдамжийг доор жагсаав.
-
Давтагддаг зардлуудыг тооцохын тулд өмнөх жилд зарцуулсан мөнгөний тоо хэмжээг харна.
-
Байгууллагуудаас өөрсдийн төсвийн хэрэгцээг нарийвчлан тооцоолон гаргахыг хүснэ.
-
Төсөв боловсруулах батлагдсан арга барилыг ашиглан төсвийг эмхэтгэнэ.
34.6.2
Төсвийн хуваарилалт
34.6.2.1
Төсвийн хуваарилалт
Төсвийн санг гишүүдийн улирал тутмын ирц дээр үндэслэн дараах ангиллаар хуваарилна. Үүнд:
-
Ариун ёслолын цуглаан
-
Залуу эрэгтэйчүүдийн бүлэг
-
Залуу эмэгтэйчүүдийн бүлэг
-
Хүүхдийн хэсгийн 7–10 насны хүүхдүүд
-
Ганц бие залуучууд
Ирцийг цаг тухайд нь үнэн зөв мэдээлэх нь чухал (33.5.1.1-ийг үзнэ үү).
34.6.2.2
Төсвийн зохистой зарцуулалт
Гадасны ерөнхийлөгч болон бишопууд төсөвлөсөн мөнгийг ухаалаг зөв зарцуулах тал дээр анхаарна.
Бүх үйл ажиллагаа, хөтөлбөр, гарын авлага, эд материалын зардлыг гадас, тойргийн төсвөөс гаргах ёстой.
34.6.2.3
Төсвийн үлдэгдэл
Жилийн эцсийн төсвийн үлдэгдлийг зарцуулах ёсгүй. Тойргийн ашиглаагүй төсвийн үлдэгдлийг гадсанд,
34.7
Аудит
34.7.1
Гадасны аудитын хороо
Гадасны ерөнхийлөгч гадасны аудитын хороог томилно. Энэхүү хороо нь гадас, тойргийн санхүүг Сүмийн бодлого журмын дагуу явуулж байгаад анхаарна.
34.7.3
Санхүүгийн аудит
Гадасны аудиторууд гадас, тойрог, FamilySearch төвүүдийн санхүүгийн бүртгэл тайланд жилд хоёр удаа аудит явуулна.
Тухайн нэгжийн тэргүүлэх албан тушаалтан, санхүү хариуцсан бичиг хэргийн ажилтнууд аудитын үеэр асуултуудад хариулахад бэлэн байх ёстой.
34.7.5
Сүмийн мөнгийг алдах, хулгайлах, завших, зүй бусаар ашиглах
Дараах тохиолдолд гадасны ерөнхийлөгчид эсвэл гадасны аудитын хорооны даргад нэн даруй хандана. Үүнд:
-
Сүмийн мөнгөн хөрөнгө алдагдсан эсвэл хулгайлагдсан.
-
Удирдагч Сүмийн мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан эсвэл зүй бусаар зарцуулсан.