“4. Есүс Христийн Сүмийн удирдлага ба зөвлөлүүд,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“4. Есүс Христийн Сүмийн удирдлага ба зөвлөлүүд,” Ерөнхий гарын авлагын түүвэр
4.
Есүс Христийн Сүмийн удирдлага ба зөвлөлүүд
4.0
Оршил
Сүмийн удирдагчийн хувьд таныг Аврагчийн эрх мэдэл бүхий үйлчлэгчдээр дамжуулан сүнсний өдөөлтөөр дуудсан. Та “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) Тэнгэрлэг Эцэгийн ажилд туслах онцгой эрхтэй.
4.2
Сүмийн удирдлагын зарчмууд
Дэлхий дээр тохинуулах үеэрээ Аврагч Өөрийн Сүмийн удирдлагын загварыг өгсөн. Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг биелүүлж, бусдад сайн мэдээг нь ойлгож, үүний дагуу амьдрахад туслах нь Түүний гол зорилго байв (Иохан 5:30; Мозая 15:7-г үзнэ үү).
4.2.1
Сүнслэг байдлын хувьд бэлдэх
Есүс дэлхий дээрх номлолдоо Өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлдсэн.(Лук 4:1–2-ыг үзнэ үү). Та ч бас залбирч, судраас суралцан, Түүний зарлигуудыг дуулгавартай дагаснаар Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртож, сүнслэг байдлын хувьд бэлдэх ёстой.
Удирдаж буй хүмүүсийнхээ хэрэгцээг болон Бурханы танаар хийлгэхээр дуудсан ажлыг хэрхэн гүйцэтгэж болохоо ойлгохын тулд илчлэлт эрэлхийл.
Түүнчлэн Их Эзэн сүнслэг бэлгүүдийг эрэлхийлдэг хүмүүст тэдгээр бэлгийг өгнө хэмээн амласан (Сургаал ба Гэрээ 46:8-ыг үзнэ үү).
4.2.2
Бурханы бүх хүүхдэд тохинуулах
Есүс үйлчилдэг хүмүүсээ хайрладаг байсны адилаар хайрла. Түүний хайраар дүүргэгдэж болохын тулд “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр” (Моронай 7:48) залбир.
Хувь хүмүүст хөрвөлтөө гүнзгийрүүлж, Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь тусал. Тэдэнд дараагийн ёслолоо хүртэхдээ гэрээ байгуулахад бэлтгэхэд нь тусал. Тэднийг хийсэн гэрээгээ сахиж, наманчлалаас ирдэг адислалуудыг хүртэхэд урамшуул.
4.2.3
Есүс Христийн сайн мэдээг заах
Бүх удирдагч бол багш юм. Багшийн хувьд Аврагчийн үлгэр жишээг дагахыг эрэлхийл (17-р бүлэг; Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг үзнэ үү). Үг хэл, үйлдлээрээ Есүс Христийн сургаалыг мөн Түүний сайн мэдээний зарчмуудыг заа (3 Нифай 11:32–33; Сургаал ба Гэрээ 42:12–14-ийг үзнэ үү).
Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заа (Сургаал ба Гэрээ 52:9-ийг үзнэ үү).
Хэрэв та Сүмийн хурал цуглаан, үйл ажиллагааг тэргүүлэхээр дуудагдаж эсвэл томилогдсон бол зааж байгаа зүйлс тань сэнхрүүлэхүйц, сургаалын хувьд үнэн зөв байхад анхаар (Сургаал ба Гэрээ 50:21–23-ыг үзнэ үү).
4.2.4
Зөв шударга тэргүүлэн удирдах
Тэргүүлэх албан тушаалтан бүр санваарын түлхүүр атгадаг нэгний удирдлаган доор үйлчилдэг (3.4.1-ийг үзнэ үү). Энэ бүтэц нь Их Эзэний ажлыг хийхэд зохион байгуулалттай болгож; үүрэг, хариуцлагын хүрээг нь тодорхой болгож өгдөг.
Тэргүүлэх албан тушаалтан өөр хэн нэгэнд түр тэргүүлэх үүргийг өгч болно.
Сүмийн байгууллага, хурал цуглаан, үйл ажиллагааг тэргүүлж буй удирдагч Их Эзэний зорилго биелж байгаад анхаарна. Ийн үйлдэхдээ удирдагч сайн мэдээний зарчим, Сүмийн бодлого журмыг болон Ариун Сүнсний удирдамжийг дагадаг.
Тэргүүлэн удирдах дуудлага, үүрэг даалгавар нь үүнийг хүлээн авч буй хүнийг бусдаас илүү чухал, үнэ цэнтэй болгодоггүй (Сургаал ба Гэрээ 84:109–110-ыг үзнэ үү).
Их Эзэний Сүмийн аль ч байгууллагад тэргүүлэн удирдахыг эрэлхийлэх нь зохистой бус юм (Сургаал ба Гэрээ 121:34–37-г үзнэ үү).
4.2.5
Үүрэг хүлээлгэж, хариуцлагатай байлгахад анхаарах
Аврагч Өөрийн шавь нарт утга учир бүхий үүрэг, хариуцлагуудыг өгдөг байсан (Лук 10:1-ийг үзнэ үү). Тэрээр түүнчлэн өгөгдсөн ажилдаа хариуцлагатай байх боломжийг тэдэнд өгсөн (Лук 9:10-ийг үзнэ үү).
Та удирдагчийн хувьд үүрэгт ажил хуваарилан өгснөөр тэднийг өсөж хөгжихөд нь тусалж чадна. Бүх гишүүнийг Бурханы ажлыг хийхэд оролцуулахыг хичээ.
Үүрэгт ажлыг хуваарилан өгөх нь үйлчлэлийг тань илүү үр дүнтэй болгоно. Нэн түрүүнд тавигдаж буй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ямар үүргийг даалгаж өгөх талаар Сүнсний удирдамж эрэлхийл.
4.2.6
Бусдыг удирдагч, багш болоход бэлтгэх
Сүмийн дуудлагад эсвэл үүрэгт ажлуудад хэнийг үйлчлүүлэх талаар бодож үзэхдээ залбир. Их Эзэн дуудсан хүнээ тэнцэхүйц болгоно гэдгийг сана. Юуны түрүүнд тэд үйлчлэх хүсэлтэй, Их Эзэний тусламжийг даруухан эрэлхийлдэг, зохистой байхыг хичээдэг байх нь хамгийн чухал.
4.2.7
Хурал цуглаан, хичээл, үйл ажиллагааг тодорхой зорилгоор төлөвлөх
Тодорхой зорилго бүхий хурал цуглаан, хичээл, үйл ажиллагааг төлөвлөхдөө Сүнсний удирдамж эрэлхийл. Энэхүү зорилго нь хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, Христэд илүү ойртуулан, Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой (1 болон 2-р бүлгийг үзнэ үү).
4.2.8
Хүч чармайлтаа дүгнэх
Удирдагчийн хувьд өөрийн үүрэг хариуцлага, сүнслэг өсөлт хөгжлөө байнга дүгнэж бай. Түүнчлэн удирдаж байгаа хүмүүсийнхээ өсөлт хөгжлийн талаар мөн адил бодож үз.
Удирдагчийн хувьд таны амжилт үндсэндээ Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн итгэлтэй шавь нар болоход нь туслахдаа хэрхэн чин сэтгэлээсээ зүтгэж байгаагаар тань хэмжигддэг. Сүнс танаар дамжин ажиллаж байгааг мэдрэхдээ та хийж буй ажилд тань Их Эзэн сэтгэл хангалуун байгааг мэдэх боломжтой.
4.3
Сүм дэх зөвлөлүүд
Их Эзэн Өөрийн Сүмийн удирдагчдад Түүний ажлыг гүйцэлдүүлэхийн тулд хамтдаа зөвлөлдөхийг зааварласан (Сургаал ба Гэрээ 41:2–3-ыг үзнэ үү). Зөвлөл нь гишүүддээ Бурханы хүүхдүүдийн хэрэгцээг мэдэхийг хичээж, тэдэнд хэрхэн туслахаа төлөвлөх үедээ илчлэлт хүлээн авах боломжийг олгодог.
4.4
Үр дүнтэй зөвлөлийн зарчим
4.4.1
Зөвлөлийн зорилго
Зөвлөлүүд нь гишүүдэд ёслол хүлээн авч, холбогдох гэрээгээ сахихад нь туслахад онцгой анхаардаг.
4.4.2
Зөвлөлийн хуралд бэлдэх нь
Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд болон зөвлөлүүд тогтмол уулзах хэрэгтэй. Удирдагчид зөвлөлийн хурлуудыг төлөвлөхдөө Их Эзэний удирдамжийг эрэлхийлдэг. Тэд түүнчлэн хэлэлцэх зүйлээ шийдэхдээ зөвлөлийн гишүүдийн саналыг асууна.
Удирдагчид зөвлөлийн гишүүдэд хэлэлцэх асуудлын талаар урьдаас мэдэгдэнэ. Зөвлөлийн гишүүд эдгээр асуудлын талаар бодлоо хуваалцахад бэлдэнэ.
4.4.3
Хэлэлцүүлэг ба шийдвэр
Зөвлөлийн хурлын үеэр удирдагч (эсвэл удирдагчийн томилсон хүн) авч хэлэлцэх асуудлыг тайлбарлана. Тэгээд уг удирдагч асуулт асууж, санаа эрэлхийлэн зөвлөлийн бүх гишүүнийг ярилцан хэлэлцэхийг урамшуулдаг.
Гишүүд нэг нэгнээ хүндэтгэлтэй сонсож, санаагаа хуваалцана. Тэд Их Эзэний хүслийг мэдэхийг эрэлхийлэх үед илчлэлт, эв нэгдлийн сүнсээр дүүргэгддэг.
Эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн зөвлөлд удирдагчид аль алинаас нь санаа бодлыг нь авахыг эрэлхийлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс шаардлагатай тэнцвэрт байдлыг хангах өөр өөр үзэл бодолтой байдаг.
Удирдагч зөвлөлийн хэлэлцүүлгийг хөтөлдөг. Гэхдээ тэрээр ярихаас илүү сонсох хэрэгтэй.
Хэлэлцүүлгийн дараа удирдагч авах арга хэмжээг шийдэж эсвэл нэмэлт мэдээлэл, удирдамж авахаар шийдвэр гаргахаа хойшлуулж болно.
4.4.4
Эв нэгдэл
Зөвлөлийн гишүүд Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй нэг хүсэл, нэг зорилготой болохыг эрэлхийлдэг. Тэд хэлэлцүүлэгт болон шийдвэртээ нэгдмэл байхыг хичээдэг.
4.4.5
Үйлдэл ба хариуцлага
Зөвлөлийн гишүүд ихэнх ажил хэргээ зөвлөлийн хурлын өмнө болон дараа нь явуулдаг. Хурлын үеэр тэд шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахаар сүнслэг өдөөлт авахыг эрэлхийлдэг. Зөвлөлийн удирдагч гишүүдээ эдгээр төлөвлөгөөтэй хамаатай үүрэгт ажлаа биелүүлэхэд урина.
Зөвлөлийн гишүүд үүрэгт ажлаа тайлагнана. Өсөлтөд ихэнхдээ байнгын анхаарал, шалгах үүрэгт ажил шаардана.
4.4.6
Нууцыг хадгалах
Удирдагчид хувийн мэдээллийг зөвлөлтэй хуваалцахдаа болгоомжтой хандана. Тэд ерөнхийдөө тухайн мэдээллийг хуваалцах зөвшөөрлийг гишүүнээс авдаг.
Зөвлөлийн гишүүд зөвлөлийн удирдагчийн томилсон ажлыг биелүүлэх шаардлага гарахаас бусад тохиолдолд зөвлөлөөс гадуур хувийн мэдээллийг хуваалцах ёсгүй.
Зарим асуудал нь бүхэл зөвлөлийн өмнө хэлэлцэхэд хэт эмзэг байдаг.