Хүүхдүүдэд заахад ашиглах нэмэлт эх сурвалж
Хавсралт А: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Эцэг эхчүүдэд зориулав


“Хавсралт А: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Эцэг эхчүүдэд зориулав,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Хавсралт A,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Ээж, хүүхэд хоёр

Хавсралт А

Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх—Эцэг эхчүүдэд зориулав

Тэнгэрлэг Эцэг таныг хайрладаг, танд итгэдэг, чадавхыг тань мэддэг тул хүүхдүүдээ Түүний гэрээний зам буюу мөнх амь руу хөтлөх замаар алхалж, өсөж хөгжихөд нь туслах боломжийг танд олгосон (Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү). Үүнд баптисмын болон ариун сүмд байгуулдаг гэрээ гэх мэт ариун гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэхэд нь тэдэнд туслах явдал орно. Эдгээр гэрээгээр дамжуулан таны хүүхдүүд өөрсдийгөө Аврагч Есүс Христтэй баяр хөөртэйгөөр холбох болно.

Гэрээний зам дээрх энэ аялалд хүүхдүүдээ бэлтгэх олон арга зам байдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэг тэдэнд туслах хамгийн сайн арга замыг олоход танд тусална. Сүнслэг өдөөлтийг эрэлхийлэхдээ, бүх суралцах үйл явц хуваарьт хичээлийн үеэр явагддаггүй гэдгийг санаж яв. Үнэндээ, гэртээ суралцах үйл явцыг маш хүчирхэг болгодог зүйлийн нэг бол үлгэр жишээгээр мөн өдөр тутмын амьдралын явцад болж өнгөрдөг энгийн заах арга замаар дамжуулан суралцах боломж юм. Гэрээний замын талаар суралцах нь гэрээний замыг дагахтай адил насан турш үргэлжилдэг тууштай үйл явц билээ. (“Home and Family,” Teaching in the Savior’s Way [2022], 30–31-ийг үзнэ үү.)

Цаашид сүнслэгээр өдөөх зарим санааг өгье. Та Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр насан туршдаа зогсоход бэлтгэх: Хүүхдийн хэсэгт зориулав”-аас авч болно.

Баптисм ба гишүүний баталгаа

Нифай гэрээний замд “[бидний] орох ёстой хаалга” нь “наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой” (2 Нифай 31:17) гэж заасан. Хүүхдүүдээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь бэлтгэхэд туслахын тулд гаргасан таны хичээл зүтгэлийн ачаар тэд тэрхүү зам дээр хөлөө баттай тавих болно. Эдгээр хичээл зүтгэл нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлалын тухай заахаас эхэлдэг. Үүнд мөн хэрхэн долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр баптисмынхаа гэрээнүүдийг шинэчилдэг талаар заах нь орно.

Баптисм

Нифай гэрээний замд “[бидний] орох ёстой хаалга” нь “наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой” (2 Нифай 31:17) гэж заасан.

Танд туслах зарим эх сурвалж бол 2 Нифай 31; баптисмын тухай Найз сэтгүүлийн тусгай дугаар; Topics and Questions, “Baptism,” Gospel Library зэрэг юм.

  • Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн үйл явдал тохиох бүрд үүнийгээ хүүхэдтэйгээ хуваалцаарай. Итгэл бол амьдралын туршид улам бүр хүчирхэгжиж байдаг зүйл гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Таны хүүхэд баптисм хүртэхээсээ өмнө Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Хүүхэд тань буруу сонголт хийвэл наманчлалын бэлгийн талаар баяртайяа ярьж өг. Мөн та буруу сонголт хийсэн үедээ наманчлахад өөрт ирдэг баяр баясгаланг хуваалц. Есүс Христ бидний нүглийн улмаас зовж шаналж, амиа өгсөн тул бид өдөр бүр наманчилж, өршөөгдөн, өөрчлөлтийн хүчийг мэдрэх боломжтой гэдгийг гэрчил. Хүүхэд тань уучлахыг хүсэх үед чөлөөтэй, баяр хөөртэйгөөр уучил.

  • Хүүхдэдээ баптисмынхаа тухай ярьж өг. Зургаа үзүүлж, дурсамжаа хуваалцаарай. Танд ямар мэдрэмж төрж байсан, баптисмын гэрээнүүдээ сахиснаар энэ нь хэрхэн Есүс Христийг илүү сайн таньж мэдэхэд тусалсан мөн таны байгуулсан гэрээнүүд амьдралыг тань хэрхэн адисалсаар байгаа талаар ярь. Хүүхдээ асуулт тавихад урамшуул.

  • Танай гэр бүл эсвэл тойрогт баптисм болбол хүүхдээ дагуулж очин үзээрэй. Та хүүхэдтэйгээ хамт харсан, мэдэрсэн зүйлсээ ярилц. Боломжтой бол баптисм хүртэж буй хүнтэй ярилцаж, “Та энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? Та хэрхэн бэлдсэн бэ?” гэх мэтчилэн асуу.

  • Хүүхэд тань амласан зүйлээ хийж байгааг олж харах бүрд чин сэтгэлээсээ магтан сайшаа. Амлалтаа биелүүлэх нь баптисм хүртэх үедээ байгуулсан гэрээнүүдээ сахихад бэлтгэхэд тусалдаг гэдгийг онцол. Бид баптисм хүртэхдээ Бурханд ямар амлалт өгдөг вэ? Тэр бидэнд юу амладаг вэ? (Moзая 18:8–10, 13-ыг үзнэ үү.)

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж батлуулсан явдал нь таныг хэрхэн адисалсан тухай ярь. Жишээ нь: Та бусдад үйлчилж мөн бусад хүн танд үйлчилснээр та хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртсон бэ? Сүмийн гишүүний хувьд бусдад үйлчлэх, тэднийг хүчирхэгжүүлэх арга замуудын талаар бодоход нь хүүхдэдээ тусал. Мөн тэдэнд үйлчлэлээс ирдэг баяр баясгаланг таньж, мэдрэхэд тусал.

  • Та хүүхэдтэйгээ хамт ариун нандин туршлага хуримтлуулах үедээ (сүм дээр, судруудыг уншиж байхдаа эсвэл хэн нэгэнд үйлчилж байхдаа гэх мэт) өөрт төрж байгаа сүнслэг мэдрэмж, сэтгэгдлийг түүнд хэлээрэй. Хүүхдээ юу мэдэрч байгаагаа хуваалцахад урь. Сүнс хүмүүстэй ярьж болох янз бүрийн арга замыг, тэр дундаа тантай биечлэн ярьдаг арга замуудыг онцол. Хүүхдэдээ Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байгаа тэр мөчөө таньж мэдэн, тантай хуваалцахад нь тусал.

  • Gospel Library дахь “Түүнийг сонс!” цуглуулгын видеонуудаас хэдийг хамтдаа үз. Их Эзэний дуу хоолойг Түүний үйлчлэгчид хэрхэн сонсдог өөр өөр арга замын талаар ярилц. Хүүхдээрээ Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог талаар зураг зуруулах юм уу видео хийлгэ.

  • Ариун ёслолыг гэр бүлдээ ариун нандин, баяр баясгалант үйл явдал болго. Ариун ёслолын үеэр Есүс Христэд анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг тухайгаа хүүхэдтэйгээ хуваалц. Ариун ёслол тэдний хувьд ариун нандин гэдгийг харуулсан төлөвлөгөө гаргахад нь хүүхдэдээ тусал. Жишээ нь: Ариун ёслолын залбирлын үгсийг сонсох нь баптисмын гэрээг маань сануулдаг.

  • Найз сэтгүүлийн олон дугаарт хүүхдүүдийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлтгэхэд туслах нийтлэл, түүх, үйл ажиллагаанууд орсон байдаг. Унших зүйлээ хүүхдээрээ сонгуулж байгаад, хамт уншиж цагийг сайхан өнгөрүүлэх боломж олго. (Мөн Gospel Library дахь хүүхдэд зориулсан хэсгээс “Preparing for Baptism”-ийг үзнэ үү.)

Санваарын хүч чадал, эрх мэдэл, түлхүүр

Санваар бол хүүхдүүдээ адисалдаг Бурханы эрх мэдэл, хүч юм. Өнөөдөр дэлхий дээрх Бурханы санваар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байгаа. “Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд гээд гэрээгээ сахидаг Сүмийн бүх гишүүн өөрсдийг нь болон гэр бүлийг нь хүчирхэгжүүлэх Бурханы санваарын хүчийг гэр орондоо байлгахаар адислагддаг” (Gospel Library Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.6). Энэ хүч гишүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг хувийн болон гэр бүлийнхээ амьдралд хийж гүйцэтгэхэд тусална (Ерөнхий гарын авлагын 2.2-ыг үзнэ үү).

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Сүмийн дуудлагад санваартнуудын удирдлаган доор санваарын эрх мэдлээр үйлчилдэг. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд буюу Түүний хөвгүүд, охид санваарыг илүү сайн ойлгохын хэрээр адислагдана.

Бид санваарын эрх мэдлээр ёслолуудыг хүлээн авдаг. “Сүмийн зохистой эрэгтэй гишүүд санваар хүртэж, санваарын албанд томилогдсоноор санваарын эрх мэдлийг хүлээн авдаг” (Ерөнхий гарын авлага, 3.4). Санваарын албанд томилогдсон хүмүүс санваарын түлхүүрүүдийг атгадаг хэн нэгнээс санваарын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг хүлээн авдаг.

Санваарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс; Рассэлл М.Нэлсоны “Санваарын хүчний үнэ цэн” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үз мөн Ерөнхий гарын авлагын 3-р бүлгийнСанваарын зарчмууд”-ыг үзнэ үү.

  • Санваарын ёслолуудыг гэр бүлийнхээ амьдралын байнгын нэгэн хэсэг болго. Жишээлбэл: Хүүхдэдээ долоо хоног бүр ариун ёслолд сүнслэг байдлаар бэлтгэхэд нь тусал. Хүүхдээ өвчтэй байхдаа эсвэл тайтгарал, удирдамж авах хэрэгтэй үедээ санваарын адислал эрэлхийлэхэд урамшуул. Их Эзэн танай гэр бүлийг санваарын хүчээр дамжуулан адисалж буй арга замуудыг зааж сургаж заншаарай.

  • Та хамтдаа судраас уншихдаа, Бурхан Өөрийн хүчээр дамжуулан хүмүүсийг хэрхэн адисалдаг талаар ярилцах боломжийг эрэлхийл. Бурхан таныг санваараараа дамжуулан адисалсан тухай туршлагаасаа хуваалц. Санваараар дамжуулан Бурханаас хүлээн авдаг адислалуудын жишээг Ерөнхий гарын авлагын 3.2, 3.5-аас үзнэ үү.

  • Баптисм хүртсэнийхээ дараа баптисмынхаа гэрээг сахиснаар санваарын хүчийг хүлээн авч чадна гэдгийг тэдэнд заа. Хамтдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг уншина уу (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–86). Санваарын ёслолууд Бурханы хүчийг таны амьдралд хэрхэн авчирсныг хүүхдэдээ хэлж өг. Санваарын хүчээр адислагдах зарим арга замын жагсаалтыг Ерөнхий гарын авлагын 3.5-аас үзнэ үү.

  • “Их Эзэний үйлчлэгч гэж ямар хүн байдаг вэ?” гэсэн асуултын дагуу ярилц. Сургаал ба Гэрээ 121:36–42-ыг хамтдаа уншаад, хариултуудыг олж мэд. Та хүүхдээ (эсвэл өөр хэн нэгнийг) эдгээр шүлэгт заасан зарчим, зан чанаруудын аль нэгийг хэрэгжүүлж байгааг харах бүрдээ түүнд энэ талаар онцолж хэл.

  • Та эсвэл таны хүүхэд хаалганы түгжээг тайлах эсвэл машин асаахад түлхүүр ашиглах үед тэдгээр түлхүүрийг санваарын удирдагчдын атгадаг түлхүүрүүдтэй харьцуулаарай. (Санваарын түлхүүрүүдийн тодорхойлолтыг Ерөнхий гарын авлагын 3.4.1-ээс үзнэ үү). Санваарын түлхүүрүүд бидний хувьд юуг “нээж өгдөг” эсвэл “асаадаг” вэ? Түүнчлэн Гари Э.Стивэнсоны “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 13–16; “Where Are the Keys?” (видео)-г Gospel Library-аас үзнэ үү.

    2:51

    Where Are the Keys?

  • Таныг дуудлагад онцгойлон адислах үед боломжтой бол хүүхдээ байлцуул. Таныг дуудлагаа биелүүлж байгааг харах боломжийг хүүхдэдээ олго. Тэр ч байтугай танд туслах тохиромжтой арга замыг тэд хайж олж болох юм. Дуудлагадаа Их Эзэний хүчийг хэрхэн мэдэрч байгаагаа дүрслэн хэл.

Өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулах

Ариун сүмүүд бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм. Их Эзэний өргөөнд бид Есүс Христ рүү чиглүүлдэг бүх ариун нандин ёслолд оролцохдоо Тэнгэрлэг Эцэгтэй ариун гэрээнүүд байгуулдаг. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ гэрээ байгуулж, ёслолуудад оролцох, тэр дундаа тэдгээрийг энэ амьдралдаа хүлээн авч чадаагүй хүмүүст зориулсан ёслолуудад оролцох арга замыг өгсөн. Таны хүүхэд 12 нас хүрэх жилийнхээ эхэнд, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд баптисм хүртэж гишүүнээр батлуулж чадахаар хангалттай том болсон байх болно.

  • Их Эзэний өргөөнд боломжийнхоо хэрээр ойр ойрхон оч. Яагаад ариун сүм рүү явдгаа мөн ариун сүм Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойртоход тань хэрхэн тусалдаг талаар хүүхэдтэйгээ ярилц.

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуултуудыг хамтдаа уншиж, ярилц. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2020) товхимлын 36–37-р хуудсан дээр эдгээр асуулт бий. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагаар юу болдгийг хүүхдэдээ ярьж өг. Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байх нь яагаад танд чухал болохыг хуваалц.

  • Малахи 4:6-г хамтдаа унш. Таны зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ хэрхэн эргэж болох талаар ярилц. FamilySearch.org дээрээс гэр бүлийнхээ түүхийг хамтдаа судалж, өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэж аваарай. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах шаардлагатай өвөг дээдсээ хайж ол. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх танд тусалж чадна.

  • (Мөн ChurchofJesusChrist.org сайтаас “Хүүхдээ ариун сүмд гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд бэлтгэх нь” хэсгийг үзнэ үү.)

Патриархын адислал хүлээн авах

Патриархын адислал нь удирдамж, тайтгарал, сүнслэг удирдамжийн эх сурвалж болдог. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хандсан хувийн зөвлөгөөг агуулсан бөгөөд мөнхийн мөн чанар, зорилгоо ойлгоход тусалдаг. Хүүхдэдээ патриархын адислалын ач холбогдол, ариун мөн чанарын тухай заах замаар патриархын адислал хүлээн авахад бэлтгэхэд нь тусал.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл Topics and Questions дахь “Patriarchal Blessings”-ийг Gospel Library-аас; Жүли Б.Бэккийн “You Have a Noble Birthright” захиасыг 2006 оны 5-р сарын Liahona-гийн х. 106–108-аас үзнэ үү.

  • Патриархын адислал авсан туршлагаасаа хүүхэдтэйгээ хуваалц. Та үүнийг хүлээн авахад өөрийгөө хэрхэн бэлдсэн, энэ нь таныг Бурханд ойртоход хэрхэн тусалсан мөн Тэр таныг энэ адислалаар дамжуулан хэрхэн үргэлжлүүлэн адисалсаар байгаа гэх мэт зүйлсийн талаар хуваалцаж болно. Та мөн хүүхдээ патриархын адислалыг хүлээн авсан гэр бүлийнхээ бусад гишүүнтэй ярилцахад урьж болно.

  • Хамтдаа ахлагч Рандалл К.Бэннэттийн “Таны патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгээс өгсөн сүнслэг удирдамж юм” мөн ахлагч Казүхико Ямашитагийн “Патриархын адислалаа хэзээ авах вэ” зэрэг захиасыг унш (Лиахона, 2023 оны 5-р сар). Яагаад Тэнгэрлэг Эцэг биднээс патриархын адислал хүлээн авахыг хүсдэг талаар эдгээр захиаснаас сурсан зүйлсээ бие биетэйгээ хуваалц. Патриархын адислалыг хүлээн авах үйл явцын талаар мэдэхийг хүсвэл Ерөнхий гарын авлагын 18.17-г үзнэ үү.

  • Хэрэв танд патриархын адислал хүртсэн өвөг дээдэс байвал заримыг нь хүүхэдтэйгээ хамт унших нь урам зориг өгч болох юм. Нас барсан өвөг дээдсийнхээ адислалыг авахын тулд ChurchofJesusChrist.org сайт руу нэвтрэн орж, дэлгэцийн баруун дээд буланд байрлах Хэрэгслүүд дээр дарж, Патриархын адислал гэснийг сонгоно уу.

  • Хүүхэд тань патриархын адислалаа хүлээн авсны дараа, тэнд байсан гэр бүлийн гишүүдийг төрсөн мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд урин, тэдгээрийг хүүхэдтэйгээ хуваалц.

Хишиг хүлээн авах

Бурхан Өөрийн бүх хүүхдэд “тэнгэрийн хүчийг” (Сургаал ба Гэрээ 95:8) өгч, адислахыг хүсдэг. Бид ариун сүмд хишгээ нэг л удаа авдаг ч Бурхантай байгуулсан гэрээнүүд болон Түүний өгдөг сүнслэг хүч бидний амьдралыг өдөр бүр адисалдаг.

  • Гэртээ ариун сүмийн зураг тавь. Их Эзэний өргөөнд төрдөг мэдрэмжийнхээ талаар хүүхдэдээ ярьж өг. Их Эзэнийг болон Түүний өргөөг хайрлах хайр, тэнд байгуулсан гэрээнүүдийнхээ тухай байнга ярьдаг бай. Хүүхэдтэйгээ хамт ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж, гишүүний баталгааг гүйцэтгэх боломжийг хайж ол.

  • Хамтдаа temples.ChurchofJesusChrist.org-ыг судал. Хүүхдэд тань ариун сүмийн талаар асуух зүйл байвал ямар ч үед асуух боломжийг олго. Ариун сүмийн гадна юуны талаар ярьж болох тухай зааварчилгааг авахыг хүсвэл ахлагч Дэвид А.Бэднарын “Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь” захиасыг үзнэ үү (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123–127; ялангуяа “Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн суралцах хөтөлбөр ба ариун сүмийн бэлтгэл” гэсэн хэсгийг үз.)

  • Та болон таны хүүхэд бусад ёслолд (жишээ нь: ариун ёслол эсвэл эрүүл мэндийн адислал) оролцохдоо эсвэл гэрчлэхдээ уг ёслолд хамаатай бэлгэдлийн талаар цаг гарган хамтдаа ярилцаарай. Бэлгэдлүүд юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь Есүс Христийг хэрхэн гэрчилдэг вэ? Энэ нь таны хүүхдэд Есүс Христийг гэрчилдэг ариун сүмийн ёслолуудын бэлгэдлийн утгыг тунгаан бодоход тусална.

  • Мозая 18:8–10, 13 дээр тэд хэрхэн баптисмын гэрээг сахиж байгааг дүрсэлснийг анзаарахад нь хүүхдэдээ тусал. Мөн Их Эзэн тэднийг хэрхэн адисалж байгааг олж харахад нь хүүхдэдээ тусал. Хүүхдийнхээ гэрээгээ сахиж чадна гэсэн итгэлийг бэхжүүл.

  • Таны ариун сүмийн гэрээнүүд сонголтыг тань хэрхэн чиглүүлж, Есүс Христтэй илүү ойртоход тусалдаг талаар байнга нээлттэй ярилцаж бай. Та ариун сүмд байгуулдаг гэрээнүүдийг авч үзэхдээ, Ерөнхий гарын авлагын 27.2-ыг ашиглаж болно. Хэрэв та хишиг хүлээн авсан бол Есүс Христтэй байгуулсан гэрээнүүдээ санахад ариун сүмийн гармент танд хэрхэн тусалдаг талаар хүүхдэдээ ярьж өг (see “Sacred Temple Clothing” [video], Gospel Library-г үзнэ үү).

4:16

Ариун сүмийн хувцас

Номлолд үйлчлэх

Ахлагч Дэвид А.Бэднар: “Миний хайрт залуу ах нар аа, үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд хийж болох хамгийн чухал цорын ганц зүйл бол номлолд явахаасаа бүр өмнө номлогч болох явдал юм шүү. … Хамгийн чухал нь номлолд явах биш, харин номлогч болж, амьдралынхаа туршид бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх явдал юм. … Та номлолын ажилд насан туршдаа бэлтгэгдэж байгаа” гэж заасан (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 45–46). Хүүхдийн тань номлогч болж байгаа туршлага зөвхөн номлогчоор үйлчлэх хугацаанд нь биш харин мөнхөд түүнийг адислах болно.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл Рассэлл М.Нэлсоны “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь” захиасыг 2022 оны 5-р сарын Лиахонагийн х. 6–7-оос; М.Рассэлл Баллардын “Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан” захиасыг 2022 оны 5-р сарын Лиахонагийн х. 8–10-аас мөн Gospel Library дахь Номлогчийн бэлтгэл: Номлогчийн амьдралд дасан зохицох нь-ыг үзнэ үү.

  • Сайн мэдээг хүчлэхгүйгээр хэрхэн хуваалцахыг үлгэрлэн үзүүл. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын тухай болон Түүний Сүмийн гишүүний хувьд Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээнээс хүлээн авсан адислалуудынхаа талаарх мэдрэмжээ бусадтай хуваалцах боломжуудыг үргэлж эрэлхийл. Бусад хүнийг Сүмийн болон гэр бүлийн үйл ажиллагаанд хамт оролцоход урь.

  • Гэр бүлийнхэндээ номлогчидтой харилцах боломжийг эрэлхийл. Тэднийг найзууддаа заахад урь эсвэл өөрийнхөө гэрт хүмүүст тэднээр заалгах боломж олго. Номлогчдоос туршлага болон номлогчийн үйлчлэл нь хэрхэн тэднийг Есүс Христтэй илүү ойртоход тусалж байгааг асуу. Мөн номлогч болохын тулд хийсэн бэлтгэлийнх нь талаар (эсвэл хийсэн ч болоосой гэж бодож байгаа зүйлийг) асуу.

  • Хэрэв та номлолд үйлчилсэн бол туршлагаа байнга илэн далангүй хуваалцаж бай. Эсвэл номлолд үйлчилж байсан найз нөхөд, гэр бүлийнхээ гишүүдийг ярихад урь. Та мөн амьдралынхаа туршид сайн мэдээг бусадтай хуваалцаж байсан арга замынхаа талаар ярьж болно. Хүүхдэдээ сайн мэдээг хуваалцаж болох арга замуудын талаар бодоход тусал.

  • Мөн сайн мэдээний зарчмуудыг гэр бүлийнхэндээ заах боломжийг хүүхдэдээ олго. Түүнчлэн таны хүүхэд итгэл үнэмшлээ бусадтай хуваалцаж, дадлага хийж болно. Жишээлбэл: Та “Бид Мормоны Номын талаар огт сонсож байгаагүй хүнд үүнийг хэрхэн танилцуулах вэ?” эсвэл “Христэд итгэдэггүй хүнд Аврагч хэрэгтэй гэдгийг бид хэрхэн тайлбарлах вэ?” гэх мэт асуултуудын дагуу ярилцаж болно.

  • Хүүхдэдээ хүмүүстэй чөлөөтэй ярилцаж сурахад нь тусал. Харилцан яриа эхлүүлэх ямар ямар сайн арга байдаг вэ? Бусдын хэлэх үгийг сонсож, тэдний зүрх сэтгэлд юу байгааг ойлгож, амьдралыг нь адислах сайн мэдээний үнэнийг хуваалцаж сурахад нь хүүхдээ урамшуул.

  • Хүүхдэдээ бусад соёл, шашны талаар суралцах боломжийг эрж хай. Бусдын итгэл үнэмшлийн сайн сайхан, үнэн зөв зарчмуудыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болоход нь тэдэнд тусал.

Лацдан холбох ёслолыг хүлээн авах

Ариун сүмд нөхөр, эхнэр хоёр мөнхөд гэрлэдэг. Үүнийг “лацдан холболт” гэж нэрлэдэг ёслолоор гүйцэтгэдэг. Хэдийгээр энэ ёслолыг таны охин эсвэл хүүгийн хувьд олон жилийн дараа үйлдэж байж болох ч тэр хүртэл хамтдаа жижиг, энгийн, тууштай хийсэн зүйлс нь тэднийг энэхүү гайхамшигт адислалд бэлтгэхэд тусалж чадна.

  • Хамтдаа (Gospel Library) “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзнэ үү. Энэхүү тунхаг нь гэр бүлийн амьдралын аз жаргал, амжилттай гэрлэлт зэргийн талаар юу зааж байна вэ? Хүүхэдтэйгээ хамт тунхагт дурдсан зарчмуудын аль нэгийг сонгон суралц. Та энэ зарчимтай холбоотой судруудыг Судруудын удирдамжаас хайж болно. Та мөн энэ зарчмыг гэр бүлдээ бүрэн хэрэгжүүлэх зорилго тавьж болно. Зорилгодоо хүрэхээр ажиллаж байхдаа энэ зарчмыг хэрэгжүүлэх нь гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг хамтдаа ярилц.

  • Хүүхэдтэйгээ хамт ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Авран хадгалдаг тэднийг магтъя” захиасыг унш (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60–64). “Амархан хаяж, орхидог нийгэм” гэсэн хэсэг дээр ирэхдээ, гэртээ байгаа нэг удаагийн хэрэглээний болон урт хугацааны хэрэглээний бусад зүйлийг хайж ол. Аливаа зүйлийг удаан хугацаагаар хэрэглэхийг хүсэж байгаа тохиолдолд хэрхэн өөрөөр хандах талаар ярилц. Энэ нь гэрлэлт, гэр бүлийн харилцаанд хэрхэн хандах ёстой талаар бидэнд юу зөвлөж байна вэ? Аврагч бидэнд бат бөх гэрлэлт, гэр бүлийг бий болгоход хэрхэн тусалдаг тухай ерөнхийлөгч Угдорфын захиаснаас бид өөр юу сурч болох вэ?

  • Христэд төвлөрсөн мөнхийн гэрлэлт болон өсөж хөгжих арга замуудын талаар ханийнхаа хамт суралцаж буй зүйлсээ хүүхдэдээ нээлттэй ярьдаг бай. Хэрэв та ханьтайгаа ариун сүмд лацдан холбуулсан бол Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахихыг хэрхэн хичээж байгаагаа хүүхдэдээ үлгэр жишээгээрээ харуул. Хүүхдэдээ Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг харилцааныхаа төвд байлгахын тулд хэрхэн хичээж байгаагаа мөн Тэд танд хэрхэн тусалж байгааг хэл (Мөн Үлиссэс Соарэсын “Их Эзэнтэй хамтрах” гэсэн захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагаас үзнэ үү).

  • Гэр бүлийн шийдвэр гаргах шаардлагатай бол гэр бүлийн зөвлөл, хэлэлцүүлэг зохион байгуул. Гэр бүлийн бүх гишүүний санал бодлыг сонсож, үнэлж байгаагаа харуулахад анхаар. Хүн бүр санаа нийлэхгүй байсан ч эдгээр хэлэлцүүлгийг гэр бүлийн харилцаагаа эрүүл, эелдэг уур амьсгалтай байлгах боломж гэж хар. (M.Рассэлл Баллардын “Гэр бүлийн зөвлөл” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.)

  • Гэр бүлд санал зөрөх, ам мурийх зүйл гарч ирвэл тэвчээр, өрөвч сэтгэлийг харуул. Зөрчилдөөнийг Христийнхтэй адил арга замаар зохицуулах нь тэднийг хэрхэн аз жаргалтай гэр бүлтэй болоход тусалдгийг олж мэдэхэд нь хүүхдэдээ тусал. Сургаал ба Гэрээ 121:41–42-ыг хамт уншаад, эдгээр шүлэг дээрх зарчмуудыг гэрлэлтэд хэрхэн хэрэгжүүлж болох талаар ярилц.