Ерөнхий чуулган
Их Эзэнтэй хамтрах
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Их Эзэнтэй хамтрах

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ мөнх бус болон мөнх амьдралын аль алинд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондын бүрэн хамтран ажиллах зарчмыг тунхагладаг.

Гэрлээд хэдхэн сарын дараа хайрт эхнэр минь хөгжим тоглож сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнийг баярлуулахын тулд би хайртдаа чин сэтгэлийн гэнэтийн бэлэг барихаар шийдэв. Би хөгжмийн зэмсгийн дэлгүүрт очоод, түүнд бэлэглэхээр төгөлдөр хуур худалдаж авлаа. Би гоёхон туузаар чимсэн хайрцагт худалдан авалтын баримтаа хийгээд түүнд өгөхдөө хайраар дүүрэн, дэндүү анхаарал халамжтай нөхөртөө хязгааргүй баярласан сэтгэлээ илэрхийлнэ дээ хэмээн догдолж байв.

Тэрээр жижигхэн хайрцгийг онгойлгон, дотор нь байгаа баримтыг үзээд, хайр дүүрэн харцаар намайг харж, “Хайрт минь, чи үнэхээр гайхалтай шүү! Гэхдээ би нэг зүйл асууя. Энэ бэлэг үү эсвэл өр үү?” гэсэн юм. Тэгээд бид энэхүү гэнэтийн бэлгийн талаар хамтдаа зөвлөлдсөний эцэст буцаахаар шийдсэн. Шинээр гэрлэсэн олон хосын нэгэн адил бид оюутны амьдралд таарсан төсвөөр амьдарч байв. Энэ туршлага надад гэрлэлтийн харилцаан дахь бүрэн хамтран ажиллах зарчмын ач холбогдлыг болон түүнийг хэрэгжүүлэх нь эхнэр бид хоёрт нэг зүрх сэтгэл, нэг оюунтай байхад хэрхэн нэмэр болохыг ойлгоход тусалсан юм.1

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ мөнх бус болон мөнх амьдралын аль алинд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондын бүрэн хамтран ажиллах зарчмыг тунхагладаг. Тус бүрдээ тодорхой шинж чанар, тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэг хариуцлагатай хэдий ч эмэгтэй, эрэгтэй хүн Бурханы хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөнд эн тэнцүү, амин чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.2 Энэ нь Их Эзэн “хүн ганцаараа байх нь сайн биш; иймийн тул [Тэрээр] түүнд тохирох туслагчийг буй болгоё”3 хэмээн тунхаглах үед, бүр анхнаасаа тодорхой байсан.

Их Эзэний төлөвлөгөөнд “туслагч” гэдэг нь бүрэн хамтран ажиллахаар Адамтай мөр зэрэгцэн алхах хамтрагч юм.4 Үнэндээ, Ева бол Адамын амьдрал дахь тэнгэрлэг адислал байсан. Ева өөрийн бурханлаг мөн чанар, сүнслэг шинж чанараар дамжуулан бүх хүн төрөлхтөнд зориулсан Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд Адамыг өөртэйгөө хамтран ажиллахад урамшуулсан.5

Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлдэг хоёр үндсэн зарчмыг авч үзье. Эхний зарчим бол “Бид Бурханы хувьд бүгд адил”6 хэмээх зарчим юм. Сайн мэдээний сургаалын дагуу, эмэгтэй, эрэгтэй хүний ялгаа нь Бурханы Өөрийн охид, хөвгүүдэд өгсөн мөнхийн амлалтыг үгүйсгэдэггүй. Мөнх амьдралд селестиел алдар сууд өргөмжлөгдөх боломж нь нэг хүнд нөгөөгөөс илүү өгөгдөнө гэж үгүй.7 Аврагч Бурханы хүүхдүүд болох бид бүгдийг “түүнд ирж, Түүний сайн сайхнаас хүртэхэд урьдаг бөгөөд түүнд ирэх хэнээс ч татгалздаггүй.”8 Тиймээс энэ утгаараа бид Бурханы өмнө бүгд адил гэсэн үг юм.

Эхнэр, нөхөр хоёр уг зарчмыг ойлгож, үүнийг хэрэгжүүлбэл өөрсдийгөө гэр бүлийнхээ тэргүүн эсвэл тэргүүн хатагтай гэж үздэггүй. Гэрлэлтийн харилцаанд давуу болон дутуу байдал гэж үгүй бөгөөд хэн нь ч бусдаасаа түрүүлж эсвэл хоцорч алхдаггүй. Тэд Бурханы бурханлаг үр удмын хувиар зэрэгцэн алхдаг. Тэд бодол, хүсэл, зорилгоороо юуны өмнө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой нэг болж,9 гэр бүл гэх нэгжийг хамтдаа удирдаж, чиглүүлдэг.

Эрх тэгш хамтын ажиллагаанд, “хайр бол эзэмшил биш харин оролцоо бөгөөд … бидний хүн төрөлхтний дуудлага болох хамтын бүтээлийн нэг хэсэг”10 юм. “Жинхэнэ оролцоотойгоор эхнэр, нөхөр хоёр ‘үүрдийн эзэгнэлийн’ илүү үр дүнтэй зохицолд нэгтгэгддэг бөгөөд энэ нь ‘албадлагын арга хэрэгсэлгүйгээр’ сүнслэг амьдралтайгаар тэдэн рүү болон тэдний үр удам руу ‘үүрд мөн мөнхөд урсах болно.’”11

Хоёр дахь чухал зарчим бол Аврагчийн Уулан дээрх номлолд заасан Алтан дүрэм болох “Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд”12 хэмээх зарчим юм. Энэ зарчим нь харилцан туслах, харилцан үйлчлэх, эв нэгдэлтэй, нэг нэгнээсээ хамааралтай байх хандлагыг илэрхийлдэг бөгөөд “Чи хөршөө өөрийн адил хайрла”13 хэмээх хоёр дахь агуу зарлиг дээр суурилдаг. Энэ нь тэсвэр тэвчээр, эелдэг зөөлөн, номхон дөлгөөн, найрсаг байдал зэрэг Христийнхтэй адил зан чанартай нэгдэн нийлдэг.

Тус зарчмын хэрэгжилтийг илүү сайн ойлгохын тулд, бидний анхны эцэг эх болох Адам, Ева хоёрын хооронд Бурханы тогтоосон ариун бөгөөд мөнхийн холбоог харж болно. Тэд нэг махбод14 болсноор хүндэтгэл, талархал, хайраар хамтдаа алхаж, мөнх байдалд хүрэх аялалдаа өөрсдийгөө умартан, бие биеийнхээ сайн сайхныг эрэлхийлэх боломжийг олгосон эв нэгдлийн үндсийг тавьсан.

Эдгээр шинж чанар нь өдгөө бидний нэгдмэл гэрлэлтэд зориулан бий болгохоор хичээж байгаа зүйл юм. Ариун сүмд лацдан холбогдсоноор эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээн дэх гэрлэлтийн ариун жаягт ордог. Санваарын энэхүү жаягийн дагуу өөрсдийн байгуулсан гэрээг сахин амьдрах үед тэдэнд гэр бүлийн асуудлаа удирдах мөнхийн адислал, бурханлаг хүч өгөгддөг. Энэ мөчөөс эхлэн тэд ялангуяа гэр бүлээ өсгөн хүмүүжүүлэх, тэргүүлэх зэрэг бурханлагаар томилогдсон үүрэг хариуцлагатай холбоотой асуудал дээр бие биеэсээ харилцан хамааралтайгаар, Их Эзэнтэй бүрэн хамт урагшилдаг.15 Өсгөн хүмүүжүүлэх, тэргүүлэх зэрэг нь харилцан уялдаа хамааралтай үүрэг хариуцлагууд бөгөөд энэ нь эцэг эхчүүд “харилцан бие биедээ адил тэгш туслах[ын]”16 сацуу гэр орноо хамтдаа тэнцвэртэй удирдах ёстой гэсэн үг юм.

“Өсгөн хүмүүжүүлэх гэдэг нь хайраар дүүрэн орчинд гэр бүлийн гишүүдээ “сайн мэдээний үнэнд суралцаж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлтэй болоход нь” туслах замаар тэжээн тэтгэх, зааж сургах, дэмжиж туслах гэсэн утгатай.” Тэргүүлэх гэдэг нь “гэр бүлийн гишүүдээ Бурханы оршихуй руу эргүүлэн удирдахад туслах үүрэг хариуцлага юм. Үүнийг эелдэг зөөлөн, номхон дөлгөөн, цэвэр ариун хайраар үйлчилж, зааж сургаснаар гүйцэтгэдэг.” Үүнд мөн “гэр бүлийн гишүүдийг тогтмол залбирч, сайн мэдээнээс суралцахад мөн бишрэл шүтлэгийн бусад тал дээр удирдан залах явдал бас багтдаг. Эцэг эхчүүд Есүс Христийн үлгэр жишээг дагаж, “[энэ хоёр агуу] үүрэг хариуцлагыг биелүүлэхэд”17 хамтран ажилладаг.

Гэр бүл дэх засаглал нь патриархын хэв маягийг дагадаг тул Сүм дэх санваарын удирдлагаас зарим талаараа ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй.18 Патриархын хэв маяг нь эхнэр, нөхөр хоёр гэр бүл дэх ариун нандин үүргээ биелүүлэх шууд хариуцлагыг Бурханы өмнө хүлээдэг гэсэн үг юм. Энэ нь бүрэн хамтран ажиллахыг болон зөв шударга ёсны зарчим бүрийг хүсэл эрмэлзэлтэйгээр дагаж мөрдөх, хариуцлагатай байхыг шаарддаг бөгөөд хайр, бие биедээ харилцан тусалдаг орчинд хөгжих боломжийг олгодог.19 Эдгээр онцгой үүрэг хариуцлагад шатлан захирах ёс хэмээх ойлголт байхгүй бөгөөд эрх мэдлийг хэтрүүлэн, зүй бусаар ашиглах явдлын ямар ч хэлбэрийг зөвшөөрдөггүй.

Еденийн цэцэрлэгээс гарсны дараа Адам, Ева хоёрт тохиолдсон үйл явдал нь гэр бүлээ өсгөн хүмүүжүүлж, тэргүүлэхдээ эцэг, эх хоёр хэрхэн харилцан хамааралтай байх талаарх ойлголтыг гайхалтайгаар харуулсан. Мосегийн номд зааснаар, тэд гэр бүлийнхээ бие махбодын хэрэгцээг хангахын тулд духныхаа хөлсийг дуслуулан байж газар боловсруулахаар хамтдаа ажилласан;20 тэд дэлхий дээр хүүхдүүд төрүүлсэн,21 тэд хамтдаа Их Эзэний нэрийг дуудаж, “Еденийн Цэцэрлэг уруу хөтлөх замаас” Түүний дуу хоолойг сонссон22 мөн Их Эзэний тэдэнд өгсөн зарлигийг хүлээн авч, тэдгээрийг дуулгавартай дагахын тулд хамтдаа хичээсэн.23 Тэгээд тэд “[эдгээр] бүх зүйлийг хөвгүүд болоод охиддоо мэдүүл[сэн]”24 ба хэрэгцээнийхээ дагуу “Бурханыг дуудахаа зогс[оогоогүй].”25

Хайрт ах, эгч нар аа, өсгөн хүмүүжүүлж, тэргүүлэх гэдэг нь өндөр шаардлага бүхий хориг бус харин боломж юм. Нэг хүн ямар нэг зүйлийг хариуцан хариуцлага хүлээдэг ч үүнийг хийдэг цорын ганц хүн биш байж болно. Хайраар дүүрэн эцэг эхчүүд эдгээр хоёр том үүрэг хариуцлагыг сайн ойлгож чадвал хүүхдүүдийнхээ бие махбод, сэтгэл санааны сайн сайхан байдлыг хамгаалж, халамжлахын төлөө хамтдаа зүтгэх болно. Тэд мөн Их Эзэний Өөрийн бошиглогчдод илчилсэн тэрхүү сайн үгээр хүүхдүүдээ тэтгэж, өнөөгийн сүнслэг аюулуудыг даван туулахад тусалдаг.

Эхнэр, нөхөр хоёр бурханлагаар томилогдсон үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ бие биеэ дэмждэг ч “хувь хүн тахир дутуу болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно.”26 Заримдаа эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь түр болон тогтмол хугацаанд дээрх хоёр үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэг хүлээдэг.

Би саяхан яг ийм нөхцөл байдал тохиолдсон эгч, ах хоёртой уулзсан юм. Ганц бие эцэг эхийн хувьд тэр хоёр хоёул гэр бүлийнхээ хүрээнд, Их Эзэнтэй хамтрах хамтын ажиллагаандаа хүүхдүүдийнхээ сүнслэг болон материаллаг халамжид өөрсдийгөө бүрэн зориулахаар шийджээ. Тэд салалтаасаа үл хамааран Их Эзэнтэй байгуулсан ариун сүмийн гэрээнүүдээ болон Түүний мөнхийн амлалтуудыг мартаагүй байсан юм. Тэд хоёул сорилт бэрхшээлүүдээ даван туулж, гэрээний зам дээр алхахаар үргэлжлүүлэн хичээх явцдаа Их Эзэний тусламжийг бүх зүйлд эрэлхийлсээр ирсэн байв. Тэд Их Эзэн зөвхөн энэ амьдралд төдийгүй үүрд мөнхөд тэдний хэрэгцээг хангана гэдэгт найддаг. Амьдралд нь хэцүү нөхцөл байдал тохиолдож байсан ч аль аль нь хүүхдүүдээ эелдэг зөөлөн, номхон дөлгөөн, цэвэр хайраар өсгөн хүмүүжүүлж байсан. Миний мэдэж байгаагаар, энэ ганц бие эцэг, эх хоёр тэдэнд тохиолдсон гай зовлонд Бурханыг буруутгахын оронд найдварын төгс гэрэлтэйгээр мөн тэдэнд хадгалсан Их Эзэний адислалуудыг итгэлтэйгээр хүсэн хүлээж байгаа.27

Ах, эгч нар аа, Аврагч Тэнгэрлэг Эцэгтэй зорилго, сургаалаар нэгдмэл байхын төгс жишээг үзүүлсэн. Тэрээр шавь нарынхаа өмнөөс “Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, … Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд”28 хэмээн залбирсан.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хувьд биднийг жинхэнэ бөгөөд эрх тэгш хамтын ажиллагааны хүрээнд нэгдэж ажилласнаар гэрлэлтийн харилцаан дахь тэнгэрлэг үүрэг хариуцлагаа биелүүлэх үед бидэнд Аврагчийн заасан эв нэгдэл байх болно гэдгийг би та нарт гэрчилж байна. Би та бүхэнд зүрх сэтгэл “эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэг[дэж],”29 мөнх амьдралд хүрэх аялалдаа илүү их баяр хөөрийг олохын сацуу нэг нэгэндээ мөн бие биетэйгээ хамтран үйлчлэх бидний хүчин чармайлт арвин ихээр үржих болно30 гэдгийг Христийн нэрээр амлаж байна. Би эдгээр үнэнийг Аврагч Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Мосе 7:18-ыг үзнэ үү.

  2. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзнэ үү.

  3. Мосе 3:18; мөн Эхлэл 2:18-ыг үзнэ үү.

  4. “Их Эзэн эхнэр хүнд эр хүний туслагч (туслагч гэдэг нь эрх тэгш гэсэн утгатай) буюу бүрэн хамтран ажиллах эрх тэгш хамтрагч байх хувь заяаг олгожээ (Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter [2015], 224).

  5. Мосе 3:18–24; 4:12; 5:10–12-ыг үзнэ үү.

  6. Ром 2:11;1 Нифай 17:35; 2 Нифай 26:33-ыг үзнэ үү.

  7. Мозая 2:41-ийг үзнэ үү.

  8. 2 Нифай 26:33

  9. Судруудын удирдамж дахь “Эв нэгдэл”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

  10. Madeleine L’Engle, The Irrational Season (1977), 48.

  11. Брүс К.Хэйфэн, Мари К.Хэйфэн, “Crossing Thresholds and Becoming Equal Partners,” Ensign, 2007 оны 8-р сар, 30 мөн Сургаал ба Гэрээ 121:45–46-г үзнэ үү.

  12. Лук 6:31 мөн Матай 7:12-ыг үзнэ үү.

  13. Марк 12:31

  14. Эхлэл 2:23–24-ийг үзнэ үү.

  15. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзнэ үү.

  16. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org.

  17. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 2.1.3, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  18. Сургаал ба Гэрээ 107:21–26; мөн Ерөнхий гарын авлага, 4.2.4-ийг үзнэ үү.

  19. Dallin H. Oaks, “Priesthood Authority in the Family and the Church,” Liahona, Nov. 2005, 24–27; Ezra Taft Benson, “What I Hope You Will Teach Your Children about the Temple,” Tambuli, Apr./May 1986, 1–6.

  20. Мосе 5:1-ийг үзнэ үү.

  21. Мосе 5:2-ыг үзнэ үү.

  22. Мосе 5:4

  23. Мосе 5:5-ыг үзнэ үү.

  24. Moсe 5:12

  25. Moсe 5:16

  26. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org.

  27. 2 Нифай 31:20-ийг үзнэ үү.

  28. Иохан 17:21–22

  29. Мозая 18:21

  30. Хэнри Б.Айринг, “Зүрх сэтгэлээрээ нэгдмэл байх,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78–81-ийг үзнэ үү.