Ерөнхий чуулган
Үүрд мөнхөд аз жаргалтай
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Үүрд мөнхөд аз жаргалтай

Хайртай хүмүүстэйгээ жинхэнэ мөн төгсөшгүй, мөнхийн аз жаргалтай байна гэдэг нь Бурханы аз жаргалын төлөвлөгөөний цөм юм.

Найзууд аа, хайрт ах, эгч нар аа, та бүхэн үлгэр аз жаргалтай төгсдөгт итгэдэг эсвэл итгэхийг хүсэж байсан тэр үеэ санаж байна уу?

Гэтэл амьдрал үргэлжилсээр, бид “том болдог.” Хүмүүстэй харилцахад төвөгтэй болно. Энэ дэлхий чимээ шуугиан, хөл хөдөлгөөн, дарамт ихтэй мөн дүр эсгэж, хэлбэр хөөсөн байдаг. Гэсэн ч бид “зүрхнийхээ гүнд”1 үүрд мөнхийн аз жаргал гэж байдаг мөн боломжтой гэдэгт ямар нэг байдлаар итгэдэг бас итгэхийг хүсдэг.

“Үүрд мөнхөд аз жаргалтай” байх нь үлгэрт л гардаг төсөөллийн зүйл биш юм. Хайртай хүмүүстэйгээ жинхэнэ мөн төгсөшгүй, мөнхийн аз жаргалтай байна гэдэг нь Бурханы аз жаргалын төлөвлөгөөний цөм юм. Түүний хайраар бэлтгэсэн зам бидний мөнхийн аяллыг үүрд мөнхөд аз жаргалтай болгож чадна.

Бидэнд баярлах, талархах зүйл их бий. Гэхдээ хэн ч мөн ямар ч гэр бүл төгс биш. Бидний харилцаанд хайр, нийгэмшил, хувийн зан чанар багтахаас гадна үл ойлголцол, шаналал, заримдаа гүн шарх хүртэл үүсдэг.

“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно.”2 Есүс Христэд амьдруулагдах гэдэг нь үхэшгүй мөнх байх буюу Түүний өгсөн бидний бие махбод амилах бэлэг юм. Биднийг итгэлтэй, дуулгавартай амьдрах үед, Христ дотор амьдруулагдана гэдэгт Бурхантай болон хайртай хүмүүстэйгээ хамт төгсөшгүй мөнх амьдралаар баяр баясгалантай амьдрах нь мөн багтдаг.

Гайхалтай арга замаар, Их Эзэний бошиглогч олон газарт ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг бидэнд ойртуулснаар биднийг Аврагчид улам ойртуулж байна. Бидэнд шинэ сүнслэг ойлголт, хайр, наманчлал, бие биеэ болон гэр бүлээ өршөөн уучлах талаар олж мэдэх агуу их боломж болон бэлэг өнөө цагт ч мөн мөнхөд байна.

Эздээс нь зөвшөөрөл авсны дагуу би Есүс Христ үе дамжсан зөрчилдөөнийг эдгээж, гэр бүлүүдийг нэгтгэсэн тухай3 найзуудынхаа ярьсан нандин бөгөөд ер бусын шууд сүнслэг хамааралтай хоёр түүхийг хуваалцъя. “Төгсөшгүй мөн мөнхийн,”4 “үхлийн хүлээснээс илүү хүчтэй”5 Есүс Христийн Цагаатгал бидэнд өнгөрснөө амар амгалангаар дүүргэн, ирээдүйгээ найдвараар бялхуулахад тусалж чадна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэх үедээ найз маань гэр бүлийн харилцаа “үхэл тэднийг салгах хүртэл” үргэлжилдэггүй гэдгийг нөхөртэйгөө хамт баяр хөөртэй мэдэж авчээ. Их Эзэний өргөөнд гэр бүлүүд мөнхөд нэгдэж (лацдан холбогдож) болно.

Гэхдээ найз маань аавтайгаа лацдан холбогдохыг хүсдэггүй байв. “Тэр ээжтэй маань сайхан харьцдаггүй байсан мөн хүүхдүүддээ ч сайн эцэг байж чадаагүй. Аав маань хүлээх хэрэгтэй. Би түүний өмнөөс ариун сүмийн ёслолыг гүйцэтгэж, түүнтэй мөнх амьдралд лацдан холбогдохыг огт хүсэхгүй байна” гэж тэр хэлсэн юм.

Жилийн турш тэр мацаг барьж, залбирч, Их Эзэнтэй аавынхаа тухай ихээхэн ярилцжээ. Эцэст нь найз маань бэлэн болж, аавынх нь ариун сүмийн ёслолууд гүйцэтгэгдсэн юм. Дараа нь тэр “Зүүдэнд минь аав маань цагаан хувцастай үзэгдсэн. Тэр өөрчлөгдсөн байсан. Тэр ‘Намайг хардаа. Би бүр мөсөн цэвэрхэн болсон. Миний өмнөөс ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэсэнд баярлалаа. Босоод, ариун сүм рүү эргэн яв. Ах чинь баптисм хүртэхээр хүлээж байгаа’” гэж хэлсэн тухай өгүүлсэн юм.

Найз маань “Өвөг дээдэс болон нас барсан хүмүүс маань өөрсдийнх нь өмнөөс ёслолуудыг гүйцэтгэхийг тэсэн ядан хүлээж байгаа.

Миний хувьд ариун сүм бол эдгэрэх, суралцах, Есүс Христийн Цагаатгалыг хүлээн зөвшөөрөх газар” гэж нэмж хэлж билээ.

Хоёр дахь түүх. Өөр нэг найз маань гэр бүлийн түүхээ хичээнгүйлэн судалж байлаа. Тэр элэнц өвөөгөө хэн гэдгийг мэдэхийг хүсэж байв.

Нэг өглөө эрт өрөөнд нь нэгэн хүний сүнслэг оршихуй байхыг мэдэрсэн тухайгаа найз маань хэлсэн юм. Гэр бүл нь өөрийг нь таньж, олохыг тэр хүсэж байсан төдийгүй өөрийнхөө наманчилсан гэм нүглийн төлөө шаналан, санаа зовж байв. Тэр хүн найзад маань элэнц өвөө гэж бодож байсан хүнтэйгээ ямар ч цусан төрлийн холбоогүй гэдгийг олж мэдэхэд тусалсан байлаа. “Өөрөөр хэлбэл, би элэнц өвөөгөө олж мэдсэн бөгөөд угийн бичигтээ миний элэнц өвөө гэж тэмдэглэсэн хүн элэнц өвөө минь биш байсан гэдгийг мэдсэн” гэж найз маань дурдсан юм.

Түүний гэр бүлийн угийн бичиг тодорхой болсон бөгөөд “Би эрх чөлөө, амар амгаланг мэдэрсэн. Гэр бүлийнхнээ мэдэх нь олон өөрчлөлтийг авчирсан. Муруй мөчиртэй байх нь муу мод гэсэн үг биш. Бид энэ хорвоог орхиж явахдаа хэн байх вэ гэдэг маань бид энэ дэлхийд хэрхэн ирсэн бэ гэдгээс маань илүү чухал” гэж найз минь өгүүлсэн юм.

Ариун судрууд мөн хувь хүний эдгэрэлт, амар амгалангийн түүх, тэр дундаа сүнсний ертөнц дэх амьд хүмүүстэй холбоотой ариун нандин түүх нь сургаалын таван зарчмыг онцолдог.

Нэгдүгээрт: Есүс Христ бол Бурханы гэтэлгэл, аз жаргалын төлөвлөгөөний төв төдийгүй Түүний Цагаатгалаар дамжуулан бидний сүнс, махбод нэгдэх ба “бүрэн баяслыг хүлээн авч болохын тулд дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэ[нэ].”6

Хоёрдугаарт: Цагаатгал буюу Христтэй нэг болох нь итгэлээ үйлдэл болгож, наманчлалын үр жимсийг авчрах үед ирдэг.7 Мөнх бус амьдралд ч мөнх амьдралд ч ялгаагүй. Ариун сүмийн ёслолууд дангаараа биднийг болон сүнсний ертөнц дэх хүмүүсийг өөрчилдөггүй. Гэвч эдгээр бурханлаг ёслол Их Эзэнтэй мөн бие биетэйгээ эвлэлдэн зохицоход хүргэдэг ариусгах хүч бүхий гэрээ байгуулах боломжийг олгодог.

Есүс Христийн биднийг гэх ач ивээл, өршөөл, уучлалыг мэдрэх үед бидний баяр баясал бүрэн бүтэн болдог. Мөн биднийг Түүний ач ивээл, өршөөл, уучлалын гайхамшгийг нэг нэгэндээ санал болгох үед бидний хүлээн авдаг нигүүлсэл бас бидний санал болгодог нигүүлсэл амьдралын шударга бусыг шударга болгоход тусалдаг.8

Гуравдугаарт: Бурхан биднийг төгс мэддэг, төгс хайрладаг. “Бурхан элэг доог болохгүй”9 мөн Тэр хууран мэхлэгдэх нь үгүй. Төгс нигүүлсэл, шударга ёсоор Тэр даруухан, гэмшигч тэднийг аюулгүй мутартаа тэвэрдэг.

Көртландын ариун сүмд бошиглогч Иосеф Смит өөрийн ах Алвиныг селестиел хаант улсад аврагдсаныг харсан. Түүний ах баптисмын аврах ёслолыг хүлээн авахаасаа өмнө нас барсан тул бошиглогч Иосеф Смит ихэд гайхжээ.10 Их Эзэн түүнийг тайвшруулж, “бидний хүн нэг бүр үйлийн[хээ] дагуу мөн зүрх сэтгэлийнхээ хүслийн дагуу шүүгдэх болно”11 хэмээн шалтгааныг нь тайлбарласан юм. Бидний сүнс бидний ажил үйлс мөн хүслийн дурсамжийг тээдэг.

Талархууштай нь, амьд байгаа хүмүүс мөн “наманчилдаг нас барагсад Бурханы өргөөний ёслолуудад болон [Христийн Цагаатгалд] дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно”12 гэдгийг бид мэднэ. Нүгэл үйлдэж, зөрчил гаргасан тэдэнд мөн Сүнсний дэлхийд наманчлах боломж байна.13

Эсрэгээрээ, ёс бусыг зориуд сонгосон, наманчлалыг ухамсартайгаар хойшлуулдаг эсвэл зарлигийг урьдчилан бодож эсвэл мэдсээр байж зөрчиж, амархан наманчлахаар төлөвлөж буй тэднийг Бурхан шүүх ба “[тэд] өөрсдийн бүх гэмийн тодорхой дурдатгалтай” байх болно.14 Бид мэдсээр байж бямба гарагт гэм нүгэл үйлдэж, дараа нь ням гарагт ариун ёслолоос хүртсэнээр аяндаа уучлагдана гэж бодож болохгүй. Сүнсийг дагах гэдэг нь номлолын жишиг болон зарлигуудыг дагана гэсэн үг биш гэж боддог номлогчдод бас өөр бусад хүнд хандаж хэлэхэд, тэдгээрийг дагах нь Сүнсийг урьдаг гэдгийг санаарай. Бидний хэн нь ч наманчлалаа хойшлуулах ёсгүй. Биднийг наманчилж эхлэхэд наманчлалын адислал ирж эхэлдэг.

Дөрөвдүгээрт: Өөрсдөд нь хэрэгтэй боловч өөрсдийнхөө төлөө хүлээн авч чадахгүй нас барагсдын төлөө үйлдэх ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх үед Их Эзэн Өөртэй нь илүү адил болох бурханлаг боломжийг бидэнд өгдөг. Бид “Сион уул өөд … Эзэнийх бол[ох]”16 үедээ илүү бүрэн дүүрэн, төгс болдог.15 Биднийг бусдад үйлчлэх үед Амлалтын Ариун Сүнс ёслолуудыг баталж, өгөгч, хүлээн авагч аль алиныг нь ариусгаж чадна. Өгөгч, хүлээн авагч хоёр хоёулаа Абрахам, Исаак, Иаков нарт амласан адислалуудыг цаг хугацааны явцад хүлээн авч, хувиргах гэрээ байгуулж, гүнзгийрүүлж чадна.

Тавдугаарт: Алтан дүрэмд17 заасны дагуу наманчлал болоод уучлалын ариусгах шүтэлцээ нь биднийг өөртөө хэрэгтэй мөн өөртөө хүсэж буй зүйлээ бусдад санал болгоход урьдаг.

Заримдаа өөр хэн нэгнийг уучлах хүсэл маань тэдэнд болон бидэнд наманчилж, уучлагдах болно гэдэгт итгэх боломжийг олгодог. Заримдаа наманчлах хүсэл болон уучлах боломж өөр өөр цаг хугацаанд ирдэг. Аврагч маань Бурханы өмнө бидний Зуучлагч болдог төдийгүй Өөрт нь ирэх үед биднийг өөрсөд рүүгээ болон бусад руу ойртоход тусалдаг. Ялангуяа гүн гүнзгий шархалж, гомдсон үед өөрсдөө харилцаагаа засан сайжруулж, зүрх сэтгэлээ эдгээх хэцүү эсвэл бүр боломжгүй ч байж болно. Гэвч хэзээ тэсэх, яаж орхихоо мэдэх бидний өөрийн чадамжаас илүү хүч чадал, мэргэн ухаан тэнгэрээс өгөгдөх боломжтой.

Бид ганцаараа биш гэдгээ ухаарах үедээ ганцаарддаггүй. Аврагч маань үргэлж ойлгодог.18 Бид Аврагчийн тусламжтайгаар өөрсдийн бардамнал, өвдөлт, нүглийг Бурханд тушаан өгч чадна. Ингэснээр бидний сэтгэл санаа ямар ч байсан гэсэн бид өөрсдийн харилцааг бүрэн бүтэн болгохоор Түүнд найдаж эхэлснээр илүү бүрэн дүүрэн болдог.

Юмсыг төгс харж, ойлгодог Их Эзэн өршөөн уучлах тэднийгээ уучилдаг; харин (төгс бус) бид бүгдийг уучлах хэрэгтэй. Бид Аврагч руу очих тусам, өөрсөд дээрээ төвлөрөх нь багасдаг. Бидний шүүх нь багасаж, уучлах нь нэмэгддэг. Түүний сайн үйл, нигүүлсэл, ач ивээлд19 найдах нь биднийг мөнх бус дэлхий дээр бие махбодын хамт заяагддаг зөрчил, уур хилэн, хүчирхийлэл, бусдад орхигдох болон шударга бус байдал, бие махбод, оюун санааны бэрхшээлээс ангижруулж чадна. Үүрд мөнхөд аз жаргалтай байх гэдэг нь бүх харилцаа ийм байна гэсэн үг биш юм. Гэхдээ Сатаны хүлэгдэх20 мянган жил нь биднийг мөнх амьдралд бэлтгэж байх үед хайрлаж, ойлгож, шийдвэрлэхэд хэрэгтэй цаг хугацаа, гайхалтай арга замыг өгч болох юм.

Бид нэг нэгэнтэйгээ тэнгэрлэгээр харьцаж чадна.21 Бурханы ажил мөн алдар суунд үүрд мөнхөд аз жаргалтай байх нь багтдаг.22 Мөнх амьдрал ба өргөмжлөл нь бурханлаг хүчээр дамжуулан Бурханыг болоод Есүс Христийг хаана байхаар нь мэдэхэд оршино.23

Хайрт ах, эгч нар аа, бидний Тэнгэрлэг Эцэг болох Бурхан, Түүний Хүү Есүс Христ хоёр амьд. Тэд хүн бүрд, хэл бүхэнд, бидний хүн нэг бүрд амар амгалан, баяр баясгалан, эдгэрлийг санал болгодог. Их Эзэний бошиглогч тэрхүү замыг удирдаж байна. Хожмын үеийн илчлэлт үргэлжилж байгаа. Бид Их Эзэний ариун өргөөнд Аврагчдаа улам ойртох болтугай. Бид өөрсдийн болон бүх цаг үед мөн мөнхөд, Христийн өгсөн өрөвдөх сэтгэл, үнэн, нигүүлсэлд зүрх сэтгэлээ нэгтгэснээр Тэрээр биднийг Бурханд болон бие бие рүү маань илүү ойртуулж, үүрд мөнхөд аз жаргалтай байх болтугай. Энэ нь Есүс Христ дотор боломжтой ба Түүн дотор энэ нь үнэн билээ. Би Түүний ариун нэрээр, Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.