Ерөнхий чуулган
Түүгээр төгөлдөржигтүн
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Түүгээр төгөлдөржигтүн

Бурханы ач ивээлээр л бид төгс болох боломжтой.

Бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёр биднийг аврах мөн өөрчлөх хүчтэй. Тэд биднийг Өөрсөдтэйгөө адил болоход тусалж чадна.

Хэдэн жилийн өмнө бага ач хөвгүүдийн маань нэг Ааронд эрүүл мэндийн асуудал гарсан юм. Тэр ядарч сульдан, арьсан дээр нь хөхрөлт үүсэж, нэг л эрүүл биш байв. Эмнэлгийн шинжилгээгээр тэр хүнд хэлбэрийн апластик цус багадалттай гэж оношлогдсон бөгөөд энэ нь түүний ясны чөмөг цусны улаан, цагаан эс болон ялтсан эсүүдээ үйлдвэрлэж чадахгүй болсон гэсэн үг юм. Эмчилгээ хийлгэж, даруй эдгээхгүй бол түүний цус зохих ёсоор бүлэгнэж халдвартай тэмцэж чадахгүй; бэртэх, унах төдийд амь насанд нь аюул учрах хэмжээнд хүрсэн байв.

Аюулыг даван гарахын тулд Аарон хэсэг хугацаанд тогтмол ялтсан эс болон цус сэлбүүлдэг байлаа. Эмч нар өвчнийг эдгээх цор ганц арга бол ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа бөгөөд төрсөн ах дүүсийнх нь нэг донор болбол амжилттай болох магадлал өндөр байна гэдгийг тайлбарлав. Ах дүүсийн хэн нэгнийх нь цус хамгийн сайн тохирсон тохиолдолд шилжүүлэн суулгах хагалгаагаар амь насыг нь аварч болох байв. Дөрвөн дүү нь шинжилгээнд хамрагдсанаар Максвэллын цус төгс тохирно гэж үзсэн юм.

Донор төгс таарсан ч гэсэн ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа ноцтой эрсдэл дагуулдаг. Максвэллаас ясны чөмөгний үүдэл эс авахаас өмнө Ааронд химийн болон туяа эмчилгээ хавсран хийж, түүний өвчилсөн ясны чөмгийг устгах ёстой байв. Үүний улмаас Аароны дархлаа муудсан тул тэр эмнэлэгт хэдэн долоо хоног, дараа нь гэртээ хэдэн сар тусгай дэглэм, хориглосон заалтуудыг мөрдөн, эмийн эмчилгээ хийлгэж, тусгаарлагдах шаардлагатай байсан.

Хагалгаанаас хүлээж байсан үр дүн нь Аароны бие донорын эсийг эсэргүүцэлгүй хүлээж авах, цаашлаад Максвэллын эс Аароны биед шаардлагатай хэмжээний улаан, цагаан эсүүдийг болон ялтсан эсүүдийг үйлдвэрлэж эхлэх явдал байв. Амжилттай болсон донорын хагалгаагаар бие махбодод жинхэнэ өөрчлөлт гардаг. Нэг гайхмаар зүйл нь, хэрвээ Аарон гэмт хэрэгт холбогдож, хэргийн газар цусаа үлдээвэл цагдаа нар дүү Максвэллыг нь баривчлах боломжтой гэж эмч тайлбарласан. Энэ бүхэн Аароны цус Максвэллын шилжүүлэн суулгасан эсээс эх авч, Максвэллын ДНХ-г агуулж байгаатай холбоотой бөгөөд насан туршдаа байдал ийм байхаар байв.

Дүүгийнхээ цусаар аврагдсан Аароноос үүдэн, Есүс Христийн цагаатгагч цусны талаар болон Түүний Цагаатгалын бидэнд үзүүлэх нөлөөний талаар олон бодол төрсөн. Би өнөөдөр өөрсдөөр маань дамжуулан гайхамшгуудыг үйлдэхийг Их Эзэнд зөвшөөрснөөр бий болдог хувиршгүй, амьдрал бэлэглэгч өөрчлөлтийг онцолж яримаар байна.1

Ааронд өөрөө өвчнөө даван туулах хүч байгаагүй. Түүний бие амьдралаа тэтгэхэд шаардлагатай цусны эсээ үйлдвэрлэж чадахгүй болсон байсан. Тэр өөрөө юу ч хийсэн ясны чөмгөө эдгээж чадахааргүй байв. Аарон өөрийгөө эдгээж чадаагүйтэй адил бид өөрсдийгөө аварч чадахгүй. Бид хэчнээн чадварлаг, боловсролтой, ухаалаг, хүчирхэг байлаа ч өөрсдийгөө гэм нүглээс цэвэрлэх, бие махбодоо мөнх бус болгон хувиргах эсвэл өөрөө өөрийгөө өргөмжлөх боломжгүй. Энэ нь зөвхөн Аврагч Есүс Христийн мөн Түүний хязгааргүй Цагаатгалын ачаар боломжтой юм. “Хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй.”2 Түүний цагаатгагч цусаар бид цэвэршигдэж мөн ариусгагддаг билээ.3

Аарон өөрийгөө эдгээж чадахгүй ч чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай болгохын тулд эмч нарын хүссэн бүхнийг; хэцүү, шантармаар байсан ч хийхэд бэлэн байх хэрэгтэй байсан. Бид өөрсдийгөө аварч чадахгүй ч Их Эзэний хүсэлд захирагдаж, гэрээнүүдээ сахиснаар бидний гэтэлгэлийн зам дардан байх болно.4 Аароны цусны эсүүдийг өөрчилсөн ДНХ-ийн гайхалтай үйл явцтай адил, бидний зүрх сэтгэл өөрчлөгдөж,5 Түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээн авч,6 Христ дотор шинэ бүтээлүүд болж7 чадна.

Зарахемлагийн хүмүүст Алма хөрвөгдсөн өмнөх үеийнхнийг нь сануулсан. Алма эцгийнхээ талаар “өөрийнх нь итгэлийн дагуу түүний зүрх сэтгэлд хүчит өөрчлөлт бий болгогдсон”8 хэмээн тайлбарлаад, дараа нь, “Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?”9 хэмээн асуусан. Хүмүүс өөрсдөө зүрх сэтгэлээ өөрчлөөгүй, харин Их Эзэн бодит өөрчлөлтийг хийсэн юм. Алма үүнийг тодруулж, “Болгоогтун, тэрээр тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн”10 гэв. Тэд “өөрсдийгөө даруусган мөн үнэн болоод амьд Бурханд найдлагаа тавьсан бөлгөө … [мөн] эцсийг хүртэл итгэлтэй байсан … [мөн] тэд аврагдав.”11 Хүмүүс зүрх сэтгэлээ нээж, итгэлээ хөгжүүлэхэд бэлэн байсан ба Их Эзэн тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ямар агуу хүчит өөрчлөлт билээ! Өөрчлөгдөхөөс өмнөх болон дараах Алма хэмээх энэ хоёр хүний зүрх сэтгэлийг мөн амьдралд нь гарсан өөрчлөлтүүдийг бодоод үзээрэй.12

Бид гайхамшигт хувь тавилантай Бурханы хүүхдүүд билээ. Бид Түүнтэй адил болохын тулд өөрчлөгдөж мөн “баяр хөөрийн бүрэн байдлыг”13 хүлээн авч чадна. Нөгөө талаас Сатан биднийг өөрийн адил зовлонт болгохыг хүсдэг.14 Бид хэнийг дагана, түүнийгээ сонгох эрхтэй.15 Бид Сатаныг дагаснаар түүнд хүч өгдөг16 бол харин Бурханыг дагасан үед Тэр бидэнд хүч өгдөг.

Аврагч бидэнд “төгс бол”17 хэмээн заасан бөгөөд энэ нь сүрдмээр санагдаж болно. Би өөрийнхөө дутагдлыг маш тод хардаг. Бас төгс байдалд хүрэхэд хол байгаа гэсэн гашуун үнэнийг мэддэг. Бид өөрсдийгөө төгс болгох ёстой гэж боддог ч ийм байх боломжгүй. Өөртөө туслах бүх номыг авч, заавар бүрийг ягштал дагаад ч төгс төгөлдөр болохгүй. Төгс болох цорын ганц зам, цорын ганц нэр өгөгдсөн. Бид бол “…шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон хүмүүс юм.” “[Тэрээр] өөрийнхөө цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалыг хийсэн. …”18 Бурханы ач ивээлээр л бид төгс болох боломжтой.

Манай бяцхан ач хүү Аарон шилжүүлэн суулгахтай холбоотой бүхий л эмнэлгийн үйл явцыг ойлгоод, өөрөө хийх ёстой гэвэл ямар хэцүү байх байсныг та нар төсөөлж чадах уу? Биднийг төгс болгох гайхамшигт үйл явцад зөвхөн Аврагчийн л хийж чадах зүйлийг бид өөрсдөө хийх гэж санасны ч хэрэггүй.

Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, … мөн хэрэв та нар бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно19 хэмээн Моронай өөрийн цэдгийг төгсгөжээ. Хэчнээн сайхан тайтгаруулам, хүчирхэг үнэн бэ! Түүний ач ивээл надад, бас танд хангалттай. Түүний ач ивээл “зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдэд”20 хангалттай.

Аароных шиг эмчилгээ хийлгэсэн үед үр дүн нь үргэлж тодорхой бус байдаг. Үнэндээ Аароны эхний шилжүүлэн суулгах хагалгаанд хүндрэл гарсны улмаас тэр хоёр дахь удаагаа орох шаардлагатай болсон. Талархууштай нь, зүрх сэтгэлийн сүнслэг өөрчлөлтийн ачаар, бидэнд ийм зүйл тохиох болов уу гэж бид эргэлзэх шаардлагагүй. Бид “аврах чадал бүхий түүний гавьяанд … бүрэн дүүрнээр даатган,21 Түүний хүслийн дагуу амьдарснаар Аврагчийн цусаар цэвэршин, эцэстээ Түүгээр төгөлдөржих нь 100 хувийн баталгаатай зүйл юм. Тэр “үнэний Бурхан мөн худал хэлж [эс чадна].”22

Өөрчлөгдөх үйл явцад цаг хугацаа шаардлагатай бөгөөд энэ амьдралын дараа ч бүрэн дуусахгүй нь тодорхой. Гэсэн хэдий ч энэ амлалт баттай биелнэ. Бурханы амлалтууд биелэх нь хол мэт санагдавч бид эдгээрийг биелнэ гэж мэдэж,23 дуртайяа хүлээн авдаг.

Аароны эрүүл мэндэд гарсан гайхалтай өөрчлөлт манай гэр бүлд агуу баяр хөөр авчирсан. Зүрх сэтгэлд хүчит өөрчлөлт гарах үед тэнгэрт болох агуу баяр хөөрийг төсөөлөөрэй.

Бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёр бидэнд хайртай. Тэд биднийг өөрчилж мөн төгс болгох нигүүлсэнгүй сэтгэлээ үзүүлсэн. Тэд үүнийг хийхийг хүсдэг. Энэ нь Тэдний ажил хийгээд сүр жавхлангийн цөм хэсэг юм.24 Биднийг Тэдэн рүү итгэлээр очиход Тэд үүнийг хийх хүчтэй гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.