Англи хэл сурах
Түгээмэл асуудаг асуултууд


“Түгээмэл асуудаг асуултууд,” EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)

“Түгээмэл асуудаг асуултууд,” EnglishConnect-ийн багш нарт зориулав

Түгээмэл асуудаг асуултууд

EnglishConnect-ийн талаарх зарим нийтлэг асуултыг доор оруулав. Суралцагчид, багш нар, удирдагчдад зориулсан нэмэлт түгээмэл асуудаг асуултуудыг englishconnect.org/help хаягаар хайж олох боломжтой.

EnglishConnect-ийн багш болоход би багшлах туршлагатай байх хэрэгтэй юу?

Би хэлийг нь мэдэхгүй бол суралцагчдад хэрхэн заах вэ?

Ярианы бүлгийнхэнтэй бид төрөлх хэлээрээ ярьж болох уу?

Олон хэлний бүлэгт би хэрхэн заах вэ?

Англи хэлээр өдөр бүр дадлага хийхэд би суралцагчдад хэрхэн туслах вэ?

Би EnglishConnect бүлгийг хэрхэн зохион байгуулах вэ?

EnglishConnect бүлгийн уулзалт хэр удаан үргэлжилдэг вэ?

Манай бүлэг хэр олон удаа цуглах ёстой вэ?

Би бүлгийн уулзалтад нэгээс олон хичээл зааж болох уу?

EnglishConnect-ийн аль түвшинд суралцагч орох ёстойг би хэрхэн мэдэх вэ?

EnglishConnect 3 гэж юу вэ?

Аль хэдийн эхэлчихсэн байгаа бүлэгт шинээр орж ирж байгаа суралцагчид би хэрхэн туслах вэ?

Суралцагч бүлгийн уулзалтыг тасалсан эсвэл ирэхээ больсон тохиолдолд яах вэ?

Бүлэгт бусдаасаа илүү хоцрогдож буй суралцагчдыг би хэрхэн дэмжих вэ?

Бусдаасаа илүү хурдан суралцаж буй суралцагчдыг би хэрхэн дэмжих вэ?

Англиар ярих чадварын хувьд өөр өөр суралцагчдыг би хэрхэн дэмжих вэ?

Суралцагч дүрмийн талаар асуулт асуух үед би юу хийх вэ?

Би дуудлага засах ёстой юу?

Би EnglishConnect бүлэгтээ хэрхэн бүртгүүлж, түүнийг хэрхэн удирдах вэ?

Суралцагчид EnglishConnect-ийн гэрчилгээг хэрхэн авах вэ?

EnglishConnect-ийн багш болоход би багшлах туршлагатай байх хэрэгтэй юу?

EnglishConnect-ийн багш болохын тулд танд багшлах туршлага шаардлагагүй. Магадгүй, та өмнө нь хэзээ ч англи хэл зааж байгаагүй бөгөөд яаж эхлэхээ мэдэхгүй байгаа байх. Тийм байж болно. EnglishConnect-ийн хичээлүүдийг таныг амжилттай байхад туслах үүднээс хэл заах зарчмууд, сүнслэг зарчмуудыг ашиглан сайтар бодож, ихээхэн анхаарал хандуулан боловсруулсан болно. Та мэргэжилтэн байх албагүй. Та асуулт бүрийн хариултыг мэдэх шаардлагагүй. Таны үүрэг бол дадлага хийх боломжийг олгох замаар хэлээ сурахыг дэмжих явдал юм. Та дүрэм заах эсвэл англи хэлний талаарх бүх зүйлийг ойлгох шаардлагагүй. Үүний оронд суралцагчид англиар ярьж, алдаанаасаа суралцах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулаарай.

Би хэлийг нь мэдэхгүй бол суралцагчдад хэрхэн заах вэ?

Зөвхөн англи хэлийг ашиглан англи хэл заах нь дэлхий даяар нийтлэг байдаг. Үнэн хэрэгтээ, энэ нь суралцагчид англи хэлээр сонсож, ашиглах боломжийг нэмэгдүүлдэг учраас адислал байж болох юм. Энгийн англи хэлээр ярихаа бүү мартаарай. Дүрслэл, гар дохио, биеийн хэлэмжийг ашиглан суралцагчдад үгсийн сангийн шинэ үг, загварыг ойлгоход нь туслаарай. Та фото зураг харуулах, зураг зурах эсвэл жүжиглэх боломжтой. Та суралцагчдад EnglishConnect 1 Суралцагчдад зориулав эсвэл EnglishConnect 2 Суралцагчдад зориулав дээрх орчуулсан эх сурвалжийг зааж өгөх эсвэл онлайн толь бичиг ашиглах боломжтой. Энэ нь мөн суралцагчдад хэрхэн бэлэн байгаа эх сурвалжийг ашиглан хариулт олохыг зааж өгөх болно. Урт тайлбар хийхээс зайлсхийгээрэй. Үүний оронд юу хийхийг нь харуулах замаар суралцагчдад энгийн байдлаар харуулаарай.

Та хамтдаа сурч байгаа гэдгээ санаарай. Суралцагчдыг Их Эзэнд хандаж дэмжлэг авахад байнга уриарай. Тэдний багшийн хувьд та итгэл үнэмшил, хичээл зүтгэлийн үлгэр жишээ байж чадна. Суралцагчидтай англиар ярих нь итгэлээр үйлдэж буй явдал юм. Таныг англиар ярихдаа итгэлээр үйлдэх үед Их Эзэн таныг болон суралцагчдыг адислах болно.

Ярианы бүлгийнхэнтэй бид төрөлх хэлээрээ ярьж болох уу?

Ярианы бүлэгт англиар ярихад анхаарах үедээ та суралцагчдад хамгийн сайн туслах болно. Та үүнийг үлгэр жишээгээр харуулж болно. Зөвхөн англиар ярихын тулд чадах бүхнээ хийгээрэй. Энгийн үг, богино өгүүлбэр ашигла. Удаан ярьж, үг хэллэгүүдийг ойр ойрхон давтаж хэлээрэй. Самбарт түлхүүр үг, үг хэллэгийг бичээрэй. Та мөн үзүүлэн ашиглах, зураг зурах эсвэл жүжиглэх боломжтой. Урт тайлбар хийх, хэлэх бүх зүйлээ орчуулахаас зайлсхийгээрэй. Хэрэв та эх хэлээ ашиглах ёстой бол эхлээд зөвшөөрөл хүсээд, эх хэлээ аль болох бага ашиглаж, дараа нь англиар үргэлжлүүлэн ярина уу. Суралцагчдыг аль болох англиар ярьж, алдаа гаргахаас айхгүй байхыг хөхиүлэн дэмжээрэй. Амжилтад хүрэхэд нь тусалж, тэдний хичээл зүтгэл бүрийг сайшаан магт. Суралцагчдад илүү их тусламж хэрэгтэй бол тэднийг эх хэл дээрээ материал хайж олох боломжтой суралцагчийн гарын авлага руу чиглүүлээрэй. Та суралцагчдад хийж үзээд суралцахад нь туслахад анхаарснаар эх хэлээ ашиглах шаардлага улам багасна.

Олон хэлний бүлэгт би хэрхэн заах вэ?

Англи хэл нь тухайн бүлгийн нийтлэг хэл учраас олон хэлний бүлэгт хичээл заах нь англиар ярихыг дэмжих гайхалтай боломж юм. Багшийн хувьд суралцагчийн гарын авлагын англи хэл дээрх хувилбарыг ашиглана уу. Хэрэв бэлэн байгаа бол суралцагчдад суралцагчийн гарын авлагыг эх хэл дээрээ ашиглахад нь туслаарай. Ингэснээр тэд орчуулгаас тус хүртэх боломжтой. Боломжтой бол суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, эх хэл дээрээ суралцах зарчмын талаар ярилцаарай. Гэхдээ хэнийг ч хасаагүй эсэхээ нягтлаарай. Хэрэв бүлэгт тухайлсан нэг хэлээр ярьдаг зөвхөн ганц хүн байвал энгийн англи хэлээр суралцах зарчмын талаар бүлгээрээ ярилцаарай. Тэгвэл бүгдийг оролцуулах болно.

Англи хэлээр өдөр бүр дадлага хийхэд би суралцагчдад хэрхэн туслах вэ?

Англи хэл сурахын тулд суралцагчид өдөр бүр дадлага хийх дадал хэвшүүлэх шаардлагатай. Англи хэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа оруулах энгийн аргуудыг олж, энэ дадлыг суулгахад суралцагчдыг хөхиүлэн дэмжээрэй (“Өдөр тутмын дадлага” хэсгийг харна уу). Жишээ нь, суралцагчид англи хэл дээр шоу үзэх эсвэл хөгжим сонсохыг сонгож болно. Та суралцагчийн гарын авлагын танилцуулга хэсэг дэх “Personal Study Tracker”-ийн ард байгаа өдөр тутмын сургалтыг сайжруулах санаануудын жагсаалтыг ашиглахад суралцагчдыг хөхиүлэн дэмжиж болно. Энэ жагсаалтыг ашиглан, суралцагчдыг өдөр бүр дадлага хийх утга учиртай бүтээлч арга замыг олоход урамшуулаарай.

Бүлгийн уулзалтын үеэр суралцагчдыг англи хэлийг өдөр бүр судалж, дадлагажуулахад урьж, тэдний хичээл зүтгэлийг үргэлжлүүлэн анхаараарай. Өдөр тутам дадлага хийхдээ хийсэн тодорхой зүйлээ хуваалцахыг та цөөн хэдэн суралцагчаас хүсэж болно. Та бүлгийн суралцагчдад зориулж, бүлгийн чаат гэх мэт онлайн орон зайг үүсгэх талаар бодож үзэж болно. Удирдагчтайгаа зөвлөлдөж, бүлгийн мессежээр эсвэл өөр арга замаар дамжуулан долоо хоногийн турш холбоотой байхад бүлэгт туслах тохирох арга замуудыг олоорой. Та суралцагчдыг зорилгодоо хүрэхийн тулд ажиллахад нь дэмжиж болно. Гэхдээ тэд эцсийн дүндээ өөрсдөө суралцах үүрэгтэй гэдгийг санаарай.

Би EnglishConnect бүлгийг хэрхэн зохион байгуулах вэ?

Орон нутгийн Сүмийн удирдлагатай зөвлөлдөж, EnglishConnect бүлгүүдийг зохион байгуулах, ажиллуулах талаар шийдвэр гаргаарай. Бүлэг бүрд насанд хүрсэн хоёр багш томилох нь хамгийн сайн. Байршил, цагийн хуваарь, суралцах хурдын талаар сонголт хийхдээ та суралцагчдын хэрэгцээ, орон нутгийн чадамжийг харгалзан үзээрэй.

EnglishConnect бүлгийн уулзалт хэр удаан үргэлжилдэг вэ?

EnglishConnect-ийн хичээлүүд 60-90 минут үргэлжлэх хугацаатай байж болно. Үйл ажиллагаа бүрийн жагсаалтад заасан цагийн хязгаарыг дагаж мөрдөөрэй. Аливаа үйл ажиллагааг бүү хас; бүлгийн богино хугацааны уулзалтад санал болгож буй хамгийн бага цагийг л ашиглах ба хэрэв цаг боломжтой гэвэл санал болгосон илүү урт хугацааг ашиглаарай.

Жич: Хөтөлбөрт хяналт тавьж буй хүмүүстэй зөвлөлдөж, эдгээр шийдвэрийг гаргахдаа суралцагчдын хэрэгцээ, орон нутгийн чадамжийг харгалзан үзээрэй.

Манай бүлэг хэр олон удаа цуглах ёстой вэ?

Ерөнхийдөө, бүлгүүд долоо хоногт нэг удаа цуглана. Хэрэв хүсвэл бүлгүүд илүү олон удаа цуглаж болно. Бүлгийн уулзалт хамгийн үр дүнтэй байхын тулд суралцагчид “Personal Study” хэсгийг дуусгахад уулзалтуудын хооронд хангалттай цагтай байх шаардлагатай.

EnglishConnect 1 болон 2 тус бүр 25 хичээлтэй. Хэрэв бүлгүүд долоо хоногт нэг удаа цугларвал нэг түвшнийг дуусгахад зургаан сар шаардлагатай болно. Бүлгүүд долоо хоногт хоёр удаа цуглавал гурван сар болно. Хэрэв хүсвэл хөтөлбөрийг жижиг хэсгүүдэд эсвэл модулиудад хувааж болно. Жишээлбэл, та 1-3-р хэсгийг дуусгахад ердөө гурван сарын туршид долоо хоногт нэг удаа цугладаг бүлгийг сонгож болно. Энэ аргыг ашиглах нь суралцагчдад тууштай байхад туслах боломжтой.

Жич: 1-р хэсгээс эхлээгүй бүлгийн цуглааныг товлохдоо бүлгийнхээ хичээлийн хуваарийг 1-р хичээлээс эхлүүлэх талаар бодож үзээрэй. Энэ нь суралцагчдыг гарын авлагыг хэрхэн ашиглах талаар чиглүүлэхэд тусална. Хөтөлбөрт хяналт тавьж буй хүмүүстэй зөвлөлдөж, эдгээр шийдвэрийг гаргахдаа суралцагчдын хэрэгцээ, орон нутгийн чадамжийг харгалзан үзээрэй.

Би бүлгийн уулзалтад нэгээс олон хичээл зааж болох уу?

Хэрэв хүсвэл бүлгийн уулзалтын үеэр бүлгүүд нэгээс олон хичээлийг хамруулах боломжтой. Бүлгийн уулзалт хамгийн үр дүнтэй байхын тулд суралцагчид бүлгийн уулзалт болохоос өмнө хичээл бүрийн “Personal Study” хэсгийг дуусгахад хангалттай цагтай байх шаардлагатай.

Хичээлийн хуваарь, хурдын талаар нэмэлт мэдээлэл авах бол “Манай бүлэг хэр олон удаа цуглах ёстой вэ?”-г үзнэ үү.

EnglishConnect-ийн аль түвшинд суралцагч орох ёстойг би хэрхэн мэдэх вэ?

EnglishConnect 1 нь тухайн хүний эх хэлээр бичиг үсэг мэддэг байх, англи цагаан толгой болон англи хэлний анхан шатны үгсийг унших чадвартай байхыг шаарддаг. EnglishConnect 2 нь англи хэлээр анхан шатны өгүүлбэр хэлж, анхан шатны асуултуудад англиар хариулж чадах суралцагчдад зориулагдсан. Суралцагч EnglishConnect 1 эсвэл EnglishConnect 2-ын алинд нь орох хэрэгтэйг шийдэхийн тулд та хавсралт Б дэх ярианы ур чадварын ярилцлагыг ашиглаж болно.

EnglishConnect 3 нь суралцагчдад англи хэлний академик чадварыг хөгжүүлэхэд тусалдаг дунд шатны сургалт юм. EnglishConnect 3-т орохын тулд суралцагчид хүсэлт гаргаж, түвшин тогтоох шалгалтад тэнцсэн оноо авах ёстой. Суралцагчид englishconnect.org/join хаягаар хүсэлт гаргах боломжтой.

EnglishConnect 3 гэж юу вэ?

EnglishConnect нь оролцогчдод ахиц дэвшил гаргахад туслах олон түвшинтэй. EnglishConnect 1 ба 2 нь суралцагчдад Англи хэлний анхан шатны чадвараа хөгжүүлэхэд тусална. EnglishConnect 3 нь суралцагчдад англи хэлний академик чадварыг хөгжүүлэхэд тусалдаг дунд шатны сургалт юм. Энэ нь суралцагчдыг BYU–Pathway Worldwide-д бэлтгэхэд тусалдаг. (BYU–Pathway Worldwide-н талаарх нэмэлт мэдээллийг byupathway.org хаягаар авна уу.)

EnglishConnect 3 нь виртуалаар эсвэл орон нутгийн цуглааны байранд болдог харилцан ярианы цугларалт бүхий зардал багатай, онлайн сургалт юм. EnglishConnect 3 нь сонсох, ярих, унших, бичих чиглэлээр ганцаарчилсан санал хүсэлт бүхий онлайн сургалтын нөөцийг багтаасан байдаг. Суралцагчид сургалтын явцад өөрийн хурдцаараа ахих боломжтой. Суралцагчид EnglishConnect 3-ыг зорилгодоо хүртлээ хүссэнээрээ аль болох олон удаа давтаж болно. EnglishConnect 3-ыг дуусгаснаар суралцагчдад BYU–Pathway Worldwide-д хүсэлт гаргахдаа англи хэлний үнэлгээг давах боломжийг олгодог.

EnglishConnect 3-т бэлтгэхийн тулд суралцагчид дасгал ажлын номын үйл ажиллагаа, ялангуяа унших, бичих үйл ажиллагааг оруулаад EnglishConnect 1 болон 2-ыг дуусгах ёстой. EnglishConnect 2-ын суралцагчдыг englishconnect.org/join хаягаар EnglishConnect 3-т хүсэлт гаргахыг хөхиүлэн дэмжээрэй.

EnglishConnect 3-ыг орон нутгийн удирдагчид болон Сүмийн үйлчлэлийн номлогчидтой хамтран BYU–Pathway Worldwide-р дамжуулан санал болгодог. Сонирхсон удирдагчид өөрсдийн байршилд EnglishConnect 3-ыг явуулахын тулд тухайн нутгийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.

Аль хэдийн эхэлчихсэн байгаа бүлэгт шинээр орж ирж байгаа суралцагчид би хэрхэн туслах вэ?

Хичээлүүдийг шинэ суралцагчид EnglishConnect бүлэгт хүссэн үедээ орох боломжтой байхаар боловсруулсан болно. Бүлэг аль хэдийн эхэлсний дараа суралцагч нэгдэхийг хүсвэл тэднийг угтан аваад, EnglishConnect 1 Суралцагчдад зориулав эсвэл EnglishConnect 2 Суралцагчдад зориулав-аар хангаж, (эсвэл Сайн мэдээний номын санд байгаа гарын авлагатай хэрхэн ажиллах талаар тэдэнд үзүүлээрэй), тэднийг оролцоход нь туслаарай. Шинэ суралцагчдад дараагийн хичээлд хэрхэн бэлдэхийг харуулж өгснөөр бүлэгтэй нэгтгэхэд та эсвэл өөр суралцагч туслах боломжтой. Мөн суралцагчид илүү их дадлага хийх шаардлагатай бол түвшинг давтахыг сонгож болно.

Суралцагч бүлгийн уулзалтыг тасалсан эсвэл ирэхээ больсон тохиолдолд яах вэ?

Заримдаа суралцагчдад бүлгийн ажиллагаанд оролцоход хүндрэлтэй болгодог сорилт тулгардаг бөгөөд тэд ихэвчлэн ичиж зовсон эсвэл айснаасаа болж дахин ирэх эсэхдээ эргэлздэг. Тэд хэт их хоцорсон, гүйцэж чадахгүй гэж боддог байж магадгүй. Хэчнээн хоцорсон байсан ч тасалсан суралцагчидтай холбогдож, дараагийн хичээлд ирэхэд уриарай. Дэмжиж, урам зориг өгөөрэй. EnglishConnect нь суралцагчид ямар ч үед дахин нэгдэх боломжтой байхаар зохиогдсон гэдгийг тэдэнд итгүүлээрэй. Суралцагчид бүлэгт хамрагдаж, дараагийн хичээлдээ бэлдсэнээрээ дахин эхлэх боломжтой. Ирээгүй суралцагчтай холбоо барьж, дэмжлэг үзүүлэхийн тулд бүлгийн нэг буюу хэд хэдэн гишүүнийг урих талаар бодож үзээрэй.

Жич: Тухайн хүний бичгээр өгсөн зөвшөөрөлгүйг холбоо барих мэдээллийг нь бүү хуваалц.

Бүлэгт бусдаасаа илүү хоцрогдолтой суралцаж буй суралцагчдыг би хэрхэн дэмжих вэ?

Тухайн хэлийг ойлгож, ярихад зарим суралцагчийн хувьд илүү их цаг хугацаа шаардлагатай. Эдгээр суралцагч харилцан ярианы бүлэг бүрд оролцохоосоо өмнө “Personal Study” хэсгийг дуусгах явдлаас хамгийн их үр ашиг хүртэнэ. Тэднийг бүлэг цуглахаас өмнө үгсийн сан болон өгүүлбэрийн загварын дасгал хийхэд уриарай. Хичээлийн үеэр эдгээр суралцагчийг урамшуулж, дэмжлэг өгч чадах өөр суралцагчтай хос болгоорой. Бүх суралцагчийг чадах чинээгээрээ ихийг хийж, алдаа дутагдлыг сургалтын үйл явцын нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрөхийг хөхиүлэн дэмжээрэй. Та мөн үйл ажиллагааг хянаж, давтахыг сонгож болно. Ярианы дараагийн бүлэгт оролцохоосоо өмнө бүх суралцагч “Personal Study” хэсгийг дуусгах нь тэдний ахиц дэвшилд амин чухал гэдгийг сануулаарай.

Бусдаасаа илүү хурдан суралцаж буй суралцагчдыг би хэрхэн дэмжих вэ?

Та суралцагчидтай харилцаж байхдаа зарим нь сайн ойлгож, дасгал хийх үйл ажиллагааг хялбархан дуусгаж чадаж байгааг анзаарч магадгүй. Эдгээр суралцагчийг илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулах эсвэл ижил үйл ажиллагааг өөр нөхцөл байдалд хийх замаар гүнзгийрүүлэхэд сорьж үзэх талаар бодолцоорой. Жишээлбэл, суралцагчид хэн нэгэнтэй уулзах дасгал хийх үед тэднээс шинэ найзтай эсвэл шинэ даргатай уулзах дадлага хийхийг хүсээрэй. Эдгээр суралцагч мөн хоцорч буй суралцагчдыг дэмжсэнээр англи хэлний мэдлэгээ бататгах боломжтой. Бүх суралцагч үе тэнгийнхэндээ зааж, англи хэл дээрх үгсийн сан, загвараар дадлага хийхэд бусдад тусалснаар тус хүртэх боломжтой.

Англиар ярих чадварын хувьд өөр өөр суралцагчдыг би хэрхэн дэмжих вэ?

Англиар ярих чадварын янз бүрийн түвшний суралцагчидтай байх нь хэвийн зүйл бөгөөд энэ нь тэдний хувьд бие биедээ туслах боломж юм. Бие биедээ туслах нь нөхөрлөх, өсөж хөгжихийг дэмжих боломжтой. Хүн бүрд бусдад өгөх зүйл гэж байдаг. Жишээ нь, зарим суралцагч алдаа гаргахад бэлэн байдаг тул бусдад өөртөө итгэлтэй болоход нь туслах боломжтой байж магадгүй. Суралцагчдыг өөр өөр аргаар хоёр хоёроор нь болгоорой. Та суралцагчдыг ижил түвшний хэн нэгэнтэй хос болгож, тэдний чадварыг хамтад нь ахиулахад туслах боломжтой. Эсвэл та суралцагчдыг өөр түвшний хэн нэгэнтэй хос болгож болно. Арай доод түвшний суралцагч санал хүсэлт, дэмжлэгээс ашиг тус хүртэх болно. Арай дээд түвшний суралцагч үе тэнгийнхэндээ зааж, англиар тайлбарлахаас ашиг тус хүртэх болно. Англиар ярих чадварын хувьд янз бүрийн түвшний суралцагчид бүхий бүлэгт байх нь хэвийн зүйл бөгөөд суралцагчдын хувьд бие биедээ туслахаас ашиг тус хүртэх гайхалтай боломж байж болно гэдгийг санаарай.

Суралцагч дүрмийн талаар асуулт асуух үед би юу хийх вэ?

Дүрмийн зааварчилгааг урт хугацаанд өгөхөд эсвэл дүрэм журмын талаар ярихад их цаг зарцуулахын оронд суралцагчдад загварыг дахин зааж өгөөрэй. Суралцагчид загварыг дагаснаар олон алдаанаас зайлсхийх болно. Хэлний талаар ярихын оронд уг хэлээр ярьж давтах нь сурах илүү үр дүнтэй арга юм. Дүрмийн талаарх аливаа тайлбар энгийн, товч бөгөөд үйлдлээр харуулахуйц байх хэрэгтэй. Хэрэв та зарчим зааж байгаа бол жишээ өгүүлбэрүүдийг хэлж өгөн, суралцагчдыг зарчим хэрэгжүүлэх дасгал хийхэд уриарай. Суралцагчид англи хэл сонсож, дасгал хийснээр хамгийн их ашиг тус хүртдэг.

Би дуудлага засах ёстой юу?

Дуудлага засахад их цаг бүү зарцуулаарай. Ойлгомжтой байх нь төгс дуудлагатай байхаас илүү чухал гэдгийг суралцагчдад сануулаарай. Бие даан суралцах хугацаандаа дуудлагын дасгал хийхэд суралцагчдыг хөхиүлэн дэмжээрэй. Ингэснээр тэд өөрсдийн хурдаар дасгал хийх боломжтой. Суралцагчид дуудлагадаа хэт их санаа зовдог бол харилцан ярианы дасгал хийхдээ эргэлзэж магадгүй гэдгийг анхаараарай. Онлайнаар englishconnect.org/learner/resources хаягаар дуудлагын модулийг ашиглахад суралцагчдыг хөхиүлэн дэмжээрэй.

Би EnglishConnect бүлэгтээ хэрхэн бүртгүүлж, түүнийг хэрхэн удирдах вэ?

QuickReg (quickreg.englishconnect.org) хэрэгслийг ашиглан, EnglishConnect бүлгээ бүртгүүлээд удирдаарай. QuickReg нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс гаргасан бүлгийн бүртгэлийн хэрэгсэл юм. Та QuickReg-г дараахад ашиглах боломжтой:

  • Бүлэг үүсгэх: Бүлгийнхээ өдөр, цаг, байршлыг сонгох.

  • Бүлгийг удирдах: Оролцогчийн мэдээллийг харж, бүлгийн мэдээллийг шинэчлэх.

  • Хүмүүсийг оролцоход урих: Таны бүлгийг онлайнаар englishconnect.org/join дээр жагсаах болно. Та хүмүүсийг бүлэгтээ бүртгүүлэхийг урих холбоосыг хуваалцах боломжтой.

  • Гэрчилгээ гардуулах: Бүлгийнхээ төгсгөлд та гэрчилгээнд хандаж ороод, хэвлэж авах боломжтой.

Суралцагчид EnglishConnect-ийн гэрчилгээг хэрхэн авах вэ?

EnglishConnect 1 болон 2: Бүлгийн хаалтын хэсэгт суралцагчид сургалтад хамрагдсаныг батлах гэрчилгээ авах боломжтой. Удирдагчид, мэргэжилтнүүд эсвэл багш нар гэрчилгээг гардуулж өгнө. EnglishConnect-ийн гэрчилгээ гардуулахыг зарим улс зөвшөөрдөггүй байж магадгүй. Гэрчилгээ олгохоос өмнө орон нутгийн хууль тогтоомжийн шаардлагыг шалгаж үзнэ үү (englishconnect.org/leader/approved-locations-ыг үзнэ үү).

Жич: Гэрчилгээ хэсэг рүү нэвтэрч орох, түүнийг гардуулахын тулд таны бүлэг QuickReg хэрэгсэлд quickreg.englishconnect.org хаягаар бүртгүүлсэн байх ёстой. (Энэхүү Түгээмэл асуудаг асуултуудын хэсгээс “EnglishConnect бүлгээ би хэрхэн бүртгүүлж, удирдах вэ?”-г үзнэ үү.)

EnglishConnect 3: Суралцагчид сургалтын шаардлагатай түвшингээ дуусгасан үедээ төгсөлтийн гэрчилгээ авах боломжтой. EnglishConnect 3-ыг дуусгаснаар суралцагчдад BYU–Pathway Worldwide-д хүсэлт гаргахдаа англи хэлний үнэлгээг давах боломжийг олгодог.