Лиахона
Тэнгэрлэг харилцаа тогтоох арга зам
2025 оны 3-р сар


“Тэнгэрлэг харилцаа тогтоох арга зам,” Лиахона, 2025 оны 3-р сар.

Тэнгэрлэг харилцаа тогтоох арга зам

Бурхан бидэнд хандан олон янзын арга замаар ярьдаг. Энэ харилцааг тасралтгүй үргэлжлүүлэхэд бидний зүгээс хийж чадах зүйлс бий.

Залбирч буй хүн

Зургийг Дэвид Грийн

Би Ерөнхий чуулган дээр анх удаа үг хэлэхээр бэлдэж байхдаа ямар сүрдмээр ажил болохыг нь ойлгож билээ! Ерөнхий чуулган дээр үг хэлэх хүмүүст тодорхой сэдэв зааж өгдөггүй учраас би Их Эзэн надаар юу хэлүүлэхийг хүсэж байгааг өөрөө олж мэдэх хэрэгтэй байлаа.

Би залбирч, удирдамж хүлээв. Хэсэг хугацааны дараа намайг сайн мэддэг, ухаалаг эхнэр Изабэлл маань эхлэх гэж учраа олж ядан байгааг минь анзаарав.

“За, чи юутай ч бэлдэх хэрэгтэй. Ямар нэг юм бичиж эхэл!” гэж тэр хэлэв.

Тэгээд би бичиж эхэлсэн юм. Энэ явцад би зургаа, долоон сэдвээр бичиж эхэллээ. Би нэлээн хэдэн хувилбар дундаас тунгаан бодсоны дараа тэдгээрийн нэг нь тохирохуйц санагдаж, миний хэлэх ёстой сэдэв мөн гэдгийг мэдрэв. Сүнс миний оюун санааг цэгцэлж, тухайн сэдвийг би бэлдэж дуусгав.

Би 2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр бид бүгд Бурханы хүүхдүүд гэсэн сэдвийг хуваалцсан. Бурхан биднийг хайрладаг төдийгүй бидний амьдралын нарийн ширийн зүйлсийг мэдэхүйц бидэнтэй дотно байдаг. Биднийг залбирах үед Тэр сонсдог төдийгүй бидэнд хандан ярихыг хүсдэг.

Бурхан бидний хүн нэг бүртэй хэрхэн ярьдгийг олж мэдэх нь хувь хүний туршлага юм. Бидний амьдралыг адислахын тулд Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөхийг хүсдэг уг харилцааг хялбар болгох хэд хэдэн арга замыг авч үзье.

Итгэ мөн итгэлээр үйлд

Бурханыг ямар үед ярьдгийг таньж мэдэхэд итгэл, үнэмшил хэрэгтэй. Итгэл үргэлж Есүс Христ дээр бэхлэгдсэн байдаг. Бид бас Түүнд итгэх хэрэгтэй. Тэр ийн хэлсэн.

“Болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно.

Эдүгээ, энэ бол илчлэлийн суу билиг болой” (Сургаал ба Гэрээнүүд 8:2–3).

Гэвч илчлэл, тэнгэрлэг удирдамж нь сүнсний илэрхийллийг зүгээр хүлээж сууснаар ирдэггүй. Бид үйлдэх ёстой. Яг л эхнэр маань надад Ерөнхий чуулган дээр үг бэлдэх талаар хэлсэнчлэн бид заримдаа зүгээр л “эхлэх” хэрэгтэй байдаг.

Изабэлл бид хоёр Францын Лайон номлолд номлолын удирдагчаар үйлчилж байхдаа номлогч бүрийн номлол дотроо хаашаа явах, хэзээ хуваарилагдахыг шийддэг байлаа. Тусламж хүсэн залбираад, хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргавал Сүнс намайг чиглүүлнэ гэдгийг би олж мэдсэн юм. Тэгээд баталгаа ирэхэд аль номлогчийг хаашаа явуулахыг шийдвэрлэдэг байлаа.

Одоогийн дуудлагат ажлаараа би Сүм даяарх гадаснуудын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг дахин зохион байгуулах ажлаар явдаг. Хүмүүстэй ярилцаж байх үед хамтрагч бид хоёрт бодол, мэдрэмж, сэтгэгдлүүд төрдөг. Дараа нь бид хамтдаа зөвлөлдөж, залбирдаг. Эцэст нь илчлэл ирж, Их Эзэн хэнийг үйлчлүүлэхээр дуудсанаа мэдэгдэн бидэнд баталгаа өгдөг.

Энэ нь Бурханыг хэзээ ярьж байгааг анзаарч, Түүний тааллыг олж мэдэх үйл явц юм. Бид итгэж, итгэлээр үйлдэхэд бэлэн байгаагаа харуулах хэрэгтэй.

Бошиглогчийг дага

Бурханы хүүхдүүдтэйгээ ярьдаг нэг чухал арга зам бол бошиглогчдоор дамжуулан ярьдаг явдал юм. Өнөөдөр дэлхий дээр бошиглогчтой байна гэдэг бол агуу мэдээ билээ! Тэр Сүмийг удирдаж, чиглүүлэхийн тулд Бурханаас илчлэл хүлээн авдаг (Амос 3:7-г үзнэ үү). Бид бас түүний сургаалыг дагаснаар удирдамж, хамгаалалт хүлээн авч чадна. Энэ нь үргэлж амар хялбар байдаггүй ч Их Эзэн бидэнд бошиглогчийг “бүхий л тэвчээр болон итгэлтэйгээр” (Сургаал ба Гэрээнүүд 21:5) дага хэмээн зааварласан.

Жишээ нь: “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” 30 жилийн тэртээ хэвлэгдэн гарснаасаа хойш бошиглолын шинж чанартай болох нь нотлогдсон юм. Энэ нь бидний тулгарна гэж мэдээгүй олон асуудлыг шийдвэрлэж, хэрэгтэй гэж мэдээгүй ч одоо бидэнд хэрэг болох удирдамжийг өгдөг. Бошиглогчийн удирдамж бидний сонсохыг хүссэн зүйл үргэлж биш байж мэднэ. Энэ нь нийгмийн одоогийн үнэт зүйлстэй нийцэхгүй байж ч магадгүй. Энэ бүхнийг үл харгалзан бид бошиглогчийг дагаснаар адислагдаж, хамгаалагдана.

Судар уншиж буй эмэгтэй

Асуулт тавьж, хариултыг эрэлхийл

Сэргээлтийн эхэн үед Бурхан бошиглогч Иосеф Смитийн болон бусад хүний чин сэтгэлийн асуултуудад олонтоо хариулдаг байсан. Иосеф, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулахаар ажиллаж байхдаа баптисмын сургаалын талаар Аврагчийн заасан хэсэг дээр иржээ (3 Нифай 11:23–33-ыг үзнэ үү). Тэд илүү ихийг мэдэхийг хүсэж, залбирахаар ой руу явав. Удалгүй баптисч Иохан үзэгдэн, нүглүүдээсээ ангижрахын тулд усанд умбуулан гүйцэтгэх баптисмын эрх мэдлийг сэргээв.

Бас нэг удаа Иосефын эхнэр Эмма цуглааны үеэр гаанс, зажилдаг тамхи хэрэглэдэг эрчүүдийг орчноо бохирдуулан орхиж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Иосеф энэ асуудлыг Их Эзэнд танилцуулж, Бурханы хүүхдүүдэд бие махбод, сүнслэг байдлын хувьд ач тус авчрах эрүүл дадал буюу “Мэргэн ухааны үг” (Сургаал ба Гэрээнүүд 89:1) хэмээх илчлэлийг хүлээн авчээ.

Бид зөв эх сурвалжаас хариулт эрэлхийлж байгаа л бол асуулттай байх нь ЗҮГЭЭР гэдгийг эдгээр болон бусад олон жишээ бидэнд сануулдаг. Бид Их Эзэнд хандан асуух юм бол хариултуудыг нь олох болно. Заримдаа тэр даруй хариулт ирдэг. Гэсэн ч ихэнхдээ хариултууд “шат шатаар, дүрэм дүрмээр энд бяцхан мөн тэнд бяцхан[аар]”(2 Нифай 28:30) ирдэг. Бид сурч, өсөж хөгжихөд маань туслах хариултуудыг хүлээх хэрэгтэй байж болох ч Бурхан бидэнд Өөрийн таалал, арга зам, цаг хугацаанд хариулах болно.

Өмнөх туршлагуудаа сана

Бид Бурханыг өөрсөд рүүгээ хандан ярихыг хүлээх ёстой үед мэддэг зүйлс, туршлагаасаа зууран барих нь чухал юм. Үгүй бол бид тэдгээрийг алдаж болно. Яг одоо бид зүдэрч байгаагаасаа болоод Сүнстэй холбоотой өнгөрсөн туршлагууддаа эргэлзэх ёсгүй. Ийм мөчүүдэд бид оюун санаа руугаа өнгийн, Бурхантай ойр байсан үедээ мэдэрсэн зүйлсээ санах хэрэгтэй.

Нэг удаа Алма дараах дүгнэх асуултыг Зарахемла дахь хүмүүст тавьсан байдаг.

“Та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу? Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн үү?

Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, … хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч байсан бол, мөн хэрэв та нарт гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдаж байсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?” (Алма 5:14, 26).

Бид сүнслэг туршлагуудаа эргэн санаж, тэдгээрийг хойш тавихгүй байхад анхаарах ёстой. Бид өөрсдөөсөө “Одоо би тийн мэдэрч чадаж байна уу?” гэж байнга асууж байх хэрэгтэй. Бурхан ярихгүй байгаа мэт санагдах үед энэ нь биднийг хүчирхэгжүүлдэг. Мөн Түүний бидэнд хандан ярих үеүдийг бид илүү сайн ялган таньж чадна.

Холбоотой бай

Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаа бол амьтай зүйл юм. Бид тэнгэрлэг харилцаа холбоо тогтоох боломжуудыг идэвхтэй хайж мөн бий болгосноор үүнийг амьд байлгах өөрсдийн үүргийг биелүүлдэг. Бид амар амгалан, тайтгарал, удирдамж гуйн, тогтмол, чин эрмэлзэлтэйгээр залбирч болно. Бид судруудаас Түүний үгийг судалж, Сүнсний нөлөөг мэдэрч чадна. Түүнчлэн бид бошиглолын удирдамжийг дагаж чадна.

Бид хайрт Тэнгэр дэх Эцэгтэйгээ холбоотой байх юм бол Түүний гайхамшигт ажилд Түүнд туслах Түүний мутар дахь зэмсэг байж чадна. Бид хүлээн авсан ойлголт, өдөөлтөд анхаарлаа хандуулснаар Бурхан тэднийг мэддэг, хайрладаг, тэдэнд хандан ярихыг хүсдэг гэдгийг мэдрэхэд бусдад тусалж чадна.

Бурхан хүүхдүүдээ сонсож, тэдэнд хандан ярьдаг гэсэн баталгаа бол агуу адислал юм. Бурхантай байнга харилцах нь амьдралын аянаа удирдан залахад бидэнд хэрэгтэй удирдамжийг өгдөг.