Лиахона
Би хангалттай сайн байна уу?
2025 оны 3-р сар


“Би хангалттай сайн байна уу?,” Лиахона, 2025 оны 3-р сар.

Итгэлийн хөрөг

Би хангалттай сайн байна уу?

Би өөр хэв маягаар амьдарснаар итгэл, хайр, сүнслэг үнэнийг олно гэж бодож байлаа. Гэвч би олоогүй. Би тэдгээрийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс бас ариун сүмээс олсон.

Гэрийнхээ ажлын өрөөнд сууж буй эрэгтэй

Гэрэл зургийг Лэсли Нилссон

1960-аад онд намайг өсвөр насны хүүхэд байхад Вьетнамын дайн ид өрнөж байлаа. Жон Ф.Кэннэди, Бага Мартин Лютэр Кинг, Робэрт Кэннэди нар амиа алдсан байв. Би эцэг эхийнхээ эсрэг, тэр үеийн ёс заншил, байгууллагуудын эсрэг үзэл баримтлалтай байсан. Хүчирхийлэгч, шударга бус, гажуудсан энэ дэлхийд би гэрлэж, үр хүүхэдтэй болохыг хүсээгүй.

Би 11-р ангид байхдаа ахлах сургуулиа орхин, АНУ-ын Калифорниа мужийн Сан Франсиско дахь Хэйт Ашбури дүүрэгт шилжин очиж, 1969-1972 онд хиппи хэв маягаар амьдарсан юм. Би хэсэг хүнтэй хамт амьдарч, олдсон ажлаа хийж, мансууруулах бодист донтох зэргээр хий хоосон зүйл мөрөөдсөн, зугаа цэнгэлд автсан амьдралаар амьдарч байлаа.

Урт үстэй, сахалтай залуу эр

Рэнди өсвөр насандаа амьдралд нь аз жаргалтай ирээдүй байхгүй гэж боддог байв. “Би эцэг эхийнхээ эсрэг, тэр үеийн ёс заншил, байгууллагуудын эсрэг үзэл баримтлалтай байсан” гэж тэр ярьдаг.

Үүний хажуугаар би итгэл, хайр, сүнслэг үнэнийг эрэлхийлж байлаа. Би бясалгал үйлдэж, янз бүрийн шашин судлан, тэдгээрээс үнэн, үнэ цэнтэй гэж санагдсан бүх зүйлийг нь онцолж хардаг байв. Гэвч миний бүхий л эрэл хайгуул уур бухимдлаар төгсөв. Миний ах Жон эрэл хайгуулын минь талаар мэдээд, надад Мормоны Ном илгээсэн юм.

Өмнө нь Сүмд нэгдсэн байсан Жон “Чи үүнийг унших хэрэгтэй” гэж бичсэн байлаа.

Би шатахуун түгээх газар ажиллаж байгаад ажил дээрээ Мормоны Ном уншсанаасаа болж халагдахдаа “Энэ ч хэрэггүй ном шив дээ” гэж бодсон юм. Би тэр номыг хаяв.

Түүний дараа удалгүй Жон Бригам Янгийн Их Сургуулийн дууны хамтлагтай Сан Франсискогийн Бэй дүүрэгт ирэх гэж байгаагаа надад хэллээ.

Тэр “Чамтай уулзмаар байна” гээд, Калифорнийн Өүкланд ариун сүмд уулзахыг санал болгов.

Би Бэй дүүргээр шөнө машинаар явахдаа тэр ариун сүмийг байнга хардаг байсан. Надад сүнслэг мэдрэмж төрүүлдэг байсан тул би хаягийг нь уншингаа дотор нь орж үзэхийг хүссэн. Нэгэн өглөө Жон бид хоёр ариун сүмийн гадаа эрт уулзав. Биднийг уулзсаны дараа тэр хамт яваа хүмүүсийнх нь ариун сүмд орох цаг болсон байгааг хэллээ.

“Рэнди, чи ариун сүмд орж болохгүй” гэж Жон хэлэв.

“Би хиппи гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ би дорнын шашныг судалсан бас цагаан хоолтон. Дээр нь бүх зүйлээ хуваалцдаг бүлгэмтэй амьдардаг. Надад бас 20 доллар байгаа. Ороход ямар үнэтэй байдаг вэ?” гэж би асуусан.

“Үүнээс ч илүү зүйл шаардлагатай. Чи хангалттай сайн хүн болоогүй байна” гэж Жон хариулав.

Тэр үед би өөрийгөө оюунлаг байдал, гүн ухаан, сүнслэг байдлын хувьд боловсорсон хүн гэж боддог байлаа. Яагаад би хангалттай сайн биш гэж?

Найдвараар дүүрсэн нь

Олон жилийн турш аав, ээж хоёр маань намайг хаана байгааг мэдэхгүй амьдарсан юм. Тэд надад хамгийн чанартай боловсрол олгохыг хичээсэн сайн хүмүүс байсан тул миний сонголтуудад урам хугарсан нь ойлгомжтой. Аавыг өвдөхөд ээж минь намайг Вашингтон Ди Си дахь гэртээ эргэж ирэхийг ятгав. Намайг тэнд очиход Жон надад Вашингтон Ди Си ариун сүмийг барьж буй барилгын багт ажил олж өгөв.

Би мэдээгүй ч тэр намайг буцаж ирсэн номлогчдын багтай хамт ажиллуулахаар зохицуулсан байсан. Багийн ахлах ажилтан Жон Хауэлл дандаа ажлаа эхлэхийн өмнө залбирахыг багийн нэг гишүүнээс хүсдэг байсан ба би ийм зүйлийг өмнө нь хамт ажиллаж байсан аль ч хамт олноосоо харж байгаагүй учир ихэд гайхаж билээ.

Нэг өдөр биднийг ариун сүмийн хүнд хаалгануудын нэгийг суурилуулж байх үед хаалга хуруун дээр минь унаад, хурууг минь няцлах шахсан. Жон ахлах яаран ирж, хурууг минь харснаа ариулсан тос авчруулан, надад адислал өглөө. Миний хуруу маш хурдан эдгэрч, эмчид үзүүлэх ч шаардлагагүй болсон.

Бас нэг удаа надад сахлын хутга өгөөд, бетон шалан дээрх товгор хэсгүүдийг хусаж арилга гэж хэлэв.

“Яагаад? Хивс дэвсэхгүй юм уу?” гэж би багийн нэг гишүүнээс асуулаа.

“Рэнди, чи үүнийг хэний гэр болохыг мэдэхгүй байгаа байх. Тийм үү? Бид үүнийг Төгс Нэгэнд зориулан төгс болгож байна” гэж тэр хариулсан юм.

Дэлхий эрээ цээргүй байдал, хорсол, үзэн ядалт, айдаст автаж байсан тэр үед хамт ажиллаж байсан уг залуусын үлгэр жишээ, заасан зүйлс намайг найдвараар дүүргэсэн юм. Багийн гишүүдийг итгэл үнэмшлээ надтай хуваалцахад би тэднийг шударга, чин сэтгэлээсээ ярьж байгааг мэдсэн. Тэд амьдралынхаа хоёр жилийг бусдад үйлчлэхэд зориулсан бөгөөд өөдрөг үзлээр аливаад ханддаг байсан. Тэдний сургаал үнэн байгаасай гэж би хүссэн. Би эрэлхийлж байсан гэгээрлээ олж авч байгаагаа мөн Их Эзэн намайг сүнслэг байдлын хувьд бэлтгэж байгааг мэдэрсэн.

Жон Хауэлл надад бүрэн цагийн номлогчидтой уулзахыг санал болгов. Үүний оронд би ахаараа, түүний нэг найз болон буцаж ирсэн нэг номлогчоор заалгахыг сонгосон юм. Тэднийг надад заах үед би сурч мэдсэн зүйл маань үнэн гэдгийг нотлох гадны, няцаахын аргагүй нотолгоог хүсэж байлаа. Энэ нотолгоогүйгээр би цаашид ярилцахыг хүсээгүй юм.

Тэднээс үнэнийг яаж мэдсэнийг нь асуухад тэд: “Бид уншиж, залбирч мөн Ариун Сүнсний гэрчлэлийг мэдэрсэн” гэж хариулсан. Тэд надад яг тийм гэрчлэл хэрэгтэй гэж хэлсэн.

Тэр шөнө би гэрийнхээ ойролцоох ойн цоорхой руу очлоо. Би хэр удаан залбирснаа санахгүй байгаа ч туйлын их хүсэл өвөртлөн залбирсан. “Мормоны Ном Бурханы үг мөн үү? Та болон Таны хүү Иосеф Смитэд үзэгдсэн үү? Энэ Есүс Христийн үнэн Сүм мөн үү? Би гишүүн болоход хангалттай сайн хүн үү?” гэсэн дөрвөн асуултыг би Бурханд дахин дахин тавьсан.

Асуулт бүрийн хариулт бодгальд минь “Тийм” гэж дөрвөнтөө шивнэн ирсэн юм. Эдгээр шивнээ амар тайван, эрхэм дээд мэдрэмжтэй хамт ирсэн.

Би толгойгоо бөхийлгөн, нүдэндээ нулимстайгаар өвдөг сөгдөн, “Хэрэв энэ нь Таны надад өгөх хариулт юм бол, би үүнийг хүлээн авч, Таны надад илчилснээр Танд болон энэхүү сайн мэдээнд амьдралаа бүрэн дүүрэн зориулах болно” гэж дуу алдаж билээ. Намайг эзэмдсэн бодол, мэдрэмж, үнэнийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Тэр орой миний хүлээн авсан гэрчлэл няцаахын аргагүй байсан ба тэр үеийнх шигээ одоо ч хүчтэй хэвээр байдаг. Тэр залбирлаас хойш Бурхан тэдгээр хариултыг мянга мянган гайхамшигт, бодит аргаар баталсан.

Зохиогчийн залуу нас

“Сүм бол гайхамшиг юм” гэж баптисм хүртсэнээсээ хойш сарын дараа зураг дээр байгаа Рэнди хэлэв. “Сүм дэх амьдрал минь гайхамшигтай байсаар ирсэн” гэж тэр хэлдэг.

Миний дотор дүрэлзсэн гал

1974 онд баптисм хүртсэнийхээ дараахан би ах Жонтойгоо хамт Солт Лэйк Ситид болсон Ерөнхий чуулганд анх удаа оролцсон юм. Тэр чуулганаас гурван долоо хоногийн өмнө Нью-Йорк хотод манай нагац эгчтэй уулзсан Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Боид К.Пакэр (1924–2015) ням гаргийн өглөө хэлсэн үгийнхээ үеэр Жон бид хоёрын талаар дурдсанд би их гайхаж билээ.

Ахлагч Пакэр миний авга эгчийн хэлсэн үгийг эш татан, “Манай хоёр ач дүү танай Сүмд нэгдлээ. Энэ нь тэдний амьдралыг өөрчилсөнд би итгэж ч чадахгүй байна” гэжээ.

Энэхүү агуу өөрчлөлтөөс болж (Алма 5:14-ийг үзнэ үү) хуваалцахыг хүссэн нэгэн гал миний дотор дүрэлзсэн. Удалгүй би бүрэн цагийн номлогч болж Айдаход очлоо. Номлол минь дундаа орж байх үеэр миний хамгийн агуу баатар, хамгийн сайн найз болсон аав минь өөд болсон юм. Ээж маань номлолын ерөнхийлөгч рүү утасдаж, намайг гэртээ ирж үдэлтийн үг хэлэхийг хүсэв. Номлолын ерөнхийлөгчийг надад явах эсэхээ өөрөө шийд гэж хэлэхэд би түүнд 24 цагийн турш залбирч, мацаг барьсны дараа шийдвэрээ гаргахыг хүсэж байгаагаа хэлэв.

Тэр шөнө би нэгэн зүүд зүүдлэв. Аав минь надад үзэгдэв. Түүнтэй халуун дотно, чухал яриа өрнүүлэх үеэр тэр надад “Хүү минь, номлолдоо үлд” гэж хэлсэн юм.

Би аавынхаа зөвлөгөөг даган номлолдоо үлдсэн.

Залуу номлогч

Хөрвөгдсөнийх нь дараа тохиосон том өөрчлөлтийн улмаас Рэнди “дотроо дүрэлзсэн галыг” бүрэн цагийн номлогчийн хувиар хуваалцахыг хүссэн юм.

Номлолоосоо буугаад зургаан сарын дараа би ээжийгээ эцсийн амьсгалаа хураах үед гараас нь атгаж байсан. Олон арван жил өнгөрсний дараа миний эхнэр Лиза нэг хуучин хайрцаг дотроос эцэг эхийн маань захидлыг олсон юм. Аав энэ захидлыг номлолын минь үеэр надад бичсэн ч илгээхээсээ өмнө нас барсан байв. Тэр захидалд:

“Бидний зүрх сэтгэл чамайг хайрлах хайраар дүүрэн байсан, одоо ч хайрласаар байгаа, үргэлж хайрлах болно. Бүх зүйл үргэлж төгс байгаагүй ч амьдрал ийм л байдаг. … Христ: ‘Намайг дага, тэгвэл бүх зүйл амархан байх болно’ гэж хэлээгүй. Тэр: “Загалмайгаа авч, Намайг дага” [Матай 16:24] гэж хэлсэн. Тэр загалмайг үүрч явсан ч бид бүгдэд өргөс нь оногдсон юм. Тэнгэрт бидний эзлэх байр суурь өөрсдийн өргөсийг хэрхэн хүлээн авахаас шалтгаална. Хүүдээ маш их хайртай шүү!” гэсэн байв.

Миний хайж байсан зүйл

Би өсөж томрох насандаа эцэг эхдээ хатуу ширүүн ханддаг байсан ч тэдний хайранд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Би Сүмийг олж мэдсэн цагаасаа эхлэн тэдэнд талархаж, тэднийг хүндлэхийн тулд шаргуу хичээсээр ирсэн.

Вашингтон ариун сүмийг засварт орж хаагдахаас хоёр долоо хоногийн өмнө би аав, ээж хоёртойгоо хөшигний цаана мөнхөд гарснаас нь хойш 42 жилийн дараа буюу 2018 оны 2-р сарын 17-нд лацдан холбуулсан юм. Ууган хүү Виллиам маань аавыг төлөөлөн, Лиза ээжийг минь төлөөлөн ёслолд оролцсон. Өмнө нь бие биетэйгээ лацдан холбуулсан аав, ээж хоёр маань сүнсээрээ хамт байгааг би мэдэрсэн.

Биднийг хайртай хүмүүстэй маань үүрд холбодог утсыг бид ариун сүмд олж авдаг. Би үүнд итгэдэг.

Би залуу байхдаа гэрлэхийг бас хүүхэдтэй болохыг хүсдэггүй байлаа. Гэвч өнөөдөр эхнэр, хүүхдүүд, ач зээ нар минь миний хамгийн агуу эрдэнэ болсон. Сүм бол гайхамшиг бөгөөд Сүм дэх миний амьдрал гайхамшигтай байсаар ирсэн. “Энэ бүхнийг өөрийн биеэр туулаагүй байсан бол би итгэхгүй байх байсан” гэж би Иосеф Смитийн адилаар хэлмээр байна.

50 жилийн өмнө би Вашингтон Ди Си ариун сүмд барилгачнаар ажиллаж байлаа. Амьдрал минь аз жаргалтай өрнөхгүй гэдэгт би итгэж байсан. Харин өнөөдөр уг ариун сүмд би Их Эзэнийг дагах, Түүнээс эдгэрэл олж авах, ёслолуудыг нь хүлээн авах, Түүнтэй адил болохыг хичээн чармайх Түүний урилгыг хүлээн авсан ёслолын ажилтнаар үйлчилж байна.

Хамтдаа зогсоод инээмсэглэж буй эхнэр, нөхөр хоёр

50 жилийн өмнө Вашингтон Ди Си ариун сүмийг барилцаж байсан Рэнди одоо эхнэрийнхээ хамт энэ ариун сүмд үйлчилдэг.

Гэрэл зургийг Лэсли Нилссон

Сэргээгдсэн Сүм бол онол, гүн ухаан эсвэл зүгээр нэг хүмүүсийн цугларалт эсвэл соёл биш юм. Энэ бол бидний Их Эзэн Есүс Христийн үнэн Сүм.

Би хайж байсан зүйлээ Сан Франсискод олно гэж бодож байлаа. Гэвч би олоогүй. Үүнийгээ би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс мөн “Сэргээлтийн үнэт эрдэнэ” болсон Их Эзэний өргөөнөөс олсон билээ.