“Хэрхэн гэрээнүүд маань бидэнд Бурханы хүчийг олж авахад тусалдаг вэ?,” Лиахона, 2025 оны 3-р сар.
Гэрээт эмэгтэйчүүд
Хэрхэн гэрээнүүд маань бидэнд Бурханы хүчийг олж авахад тусалдаг вэ?
Гэрээт эмэгтэйчүүдийн хувьд Бурханы хүч биднийг өөрчилж, хүчирхэгжүүлж, бидэнд итгэл өгдөг.
Гэрэл зургийг Коннор Жонсон
Бидний хүн нэг бүр тэнгэрт орших Бурхантай ариун нандин гэрээнүүд байгуулах боломжтой. Бид санваарын ёслолуудыг хүлээн авахдаа эдгээр гэрээг байгуулдаг. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн хүчийг бидэнд адислал болгон өгдөг.
Бурханы хүчийг ашиглах тухай өгсөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах бошиглолын удирдамжийг эргэн санавал: “Санваарын ёслолуудад оролцдог, мөн Бурхантай гэрээ байгуулдаг мөн сахидаг эрэгтэй, эмэгтэй хүн бүр Бурханы хүчийг шууд авах боломжтой.” Бурханы хүчийг ийнхүү шууд ашиглах боломж нь Түүний хүүхдүүдтэйгээ өгөөмрөөр хуваалцдаг бэлэг юм.
Санваарын ёслолуудаар дамжуулан байгуулдаг гэрээнүүдийг сахиснаар урсан орж ирдэг энэ хүчийг та нар өдөр тутмын амьдралдаа хэрхэн анзаардаг вэ? Гэрээт эмэгтэй энэхүү тэнгэрлэг хүчийг хэрхэн олж авдаг вэ?
Бурханы хүчээр хишиг хүртэх гэдэг нь юу гэсэн үг болохыг өөрөө мэдэж авахаар сүнслэг байдлаа хүчирхэгжүүлэх үйлсэд тань миний нэгэн жишээ тусална гэж би найдаж байна.
Нэг өдөр би бэр Эмигээсээ “Доттигийн төлөө залбираарай” гэсэн мессеж хүлээн авав.
Миний ач охин Дотти урьд шөнө нь унтаагүй байлаа. Шөнөжингөө Эми түүнийг сахиж хоносон бөгөөд Доттиг халуурч байсныг хэлэв. Эми түүнд эм өгсөн ч Дотти халуун нь буухгүй, унтаж чадахгүй байсан аж. Миний хүү Коннор ажлынхаа томилолтоор явсан байсан ба дараагийн хоёр өдөр гэртээ ирэх боломжгүй байлаа.
Арайхийн өглөө болоход Эми Доттигийн уруул цэнхэр өнгөтэй болсон байгааг анзаарсан аж. Түүний гар ч мөн адил цэнхэр өнгөтэй, хүйтэн болсон байлаа. Эмид “Доттиг хүүхдийн эмчид үзүүл” гэсэн мэдрэмж шууд төржээ. Тэр энэ өдөөлтийг даган, хүүхдийн эмнэлэг рүү утасдахад тэд Доттиг шууд хүлээн авна гэв.
Аз болоход, уг хүүхдийн эмнэлэг ээжийн маань гэрийн замын эсрэг талд байдаг байлаа. Эмид манай ээжийн гэрийн хажуугаар машинтайгаа өнгөрөх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөв. Ээж маань хашаандаа юм хийж байсан бөгөөд Доттиг хүүхдийн эмчид үзүүлэх хойгуур тэрээр Доттигийн дөрвөн настай эгч Голдиг харж үлдэхдээ баяртай байв. Энэ нь Доттиг эмнэлэгт үзүүлэхийн зэрэгцээ Голдиг хараа хяналттай үлдээх гэсэн түүний хүсэлд хариулт болсон юм.
Хүүхдийн эмч Доттигийн уушги үрэвссэн байгааг илрүүлсэн бөгөөд хэдэн хоногийн өмнө усанд орох үедээ ус залгиснаас болсон байх гэв. Доттид антибиотик эмчилгээ хийж, амьсгалын замыг нь чөлөөтэй байлгаж чөлөөтэй амьсгалуулахын тулд тэр өдрийн турш ээж нь гар дээрээ тэвэрч өнжжээ.
Би гэртээ харих замдаа хоол аваад очих уу гэж түүнд хэлэв. Эмиг тэгье гэж хэлсэнд би баярласан. Нойргүй хоносныхоо дараа Эми өвчтэй нялх хүүхдээ халамжлах, Голдиг хараа хяналттай үлдээх зэрэг стрессийг хэрхэн зохицуулсныг нь хараад би гайхсан.
Савласан хоол аваад тэдний гэрт орохдоо би Эмиг охидынхоо хамт тайван байгааг олж харав. Эми эрч хүчээр дүүрэн бас царай нь гэрэлтэж байлаа. Тэр тайван байж, тэр байтугай өвдсөн Доттиг ганцаараа асран дахин нэг шөнийг өнгөрүүлсэн юм. Тэр айгаагүй. Харин тэр өөртөө итгэлтэй байсан. Сэтгэлд багтамгүй амар амгалан гэж чухам энэ байлаа. Би зүгээр л тухайн мөчид тэрхүү амар тайван байдалд талархахыг хүсэж байв.
Эми Бурхантай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн сахихыг хичээж, Түүний хүчирхэгжүүлэх хүч чадлаар адислагдсан юм. Эми Сүнсний өдөөлтийг даган Доттиг асарсан. Мөн тэвчээр, хайр, бүх зүйл сайхан болно гэсэн амар тайвны баталгаагаар дамжуулан Их Эзэний хүч түүнд гэр бүлийнхээ асуудлыг шийдвэрлэх тэнхээг өгсөн.
Энэ бол ариун нандин гэрээгээр болон Аврагчийн цагаатгагч золиослолын ачаар бидэнд боломжтой болсон Бурханы хүч чадлаас ирдэг адислал юм. Энэ хүч биднийг өөрчилж, хүчирхэгжүүлж, тайвшруулж мөн бидэнд итгэл өгч, амар тайвныг авчирч, түүнчлэн эмэгтэй хүний хувьд тэнгэрээс даалгасан үүрэг хариуцлагаа биелүүлэх чадварыг маань нэмэгдүүлдэг.