Лиахона
Тэнгэрээс хишиг болгон хүч хүртсэн нь
2025 оны 3-р сар


“Тэнгэрээс хишиг болгон хүч хүртсэн нь,” Лиахона, 2025 оны 3-р сар.

Их Эзэний өргөөний түүхэн талууд

Тэнгэрээс хишиг болгон хүч хүртсэн нь

Хожмын үеийн гэгээнтнүүдэд Их Эзэний хүч чадлыг Шинэ Гэрээний шавь нарын нэгэн адил хишгээр хүртээнэ хэмээн амласан байдаг.

Амилсан Аврагч дагалдагчдадаа зааж байгаа нь

1836 оны хавар Чарлз Рич Охайо мужийн өмнөд хэсэгт сэргээгдсэн сайн мэдээг номлох номлогчоор үйлчилж байлаа. Тэрээр Көртландын ариун сүмийг онцгойлон адисалснаас хоёр долоо хоногийн дараа, 4-р сарын 12-нд Охайогийн Көртландад ирсэндээ сэтгэл гонсгор байв.

Тэр Охайо мөрний дагуу уурын хөлөг онгоцоор аялж, дараа нь 160 км замыг явган туулсан ажээ. Тэр байгалийн тогтоц бүхий өндөрлөг газарт цэнхэр хана, улаан дээвэр нь туяаран харагдах Их Эзэний өргөөг харав. Гэвч тэр хоцорсон байлаа. Тэрээр онцгойлон адислах ёслол, онцгой ариун цугларалтын хажуугаар тэнгэрийн хүчээр хүртээх амлагдсан хишгээс өөрийгөө хоцорсон гэж бодож байв.

Сэргээгдсэн Сүм зохион байгуулагдсанаас хойш хэдхэн сарын дараа буюу 1830 оны 9-р сард Иосеф Смит Сүмийн гишүүдийг цугларахад дуудсан илчлэлтийг Есүс Христээс хүлээн авчээ (Сургаал ба Гэрээнүүд 29:7–8-ыг үзнэ үү). Хэдэн сарын дараа Их Эзэн яагаад гэдгийг нь илчилсэн юм. Гэгээнтнүүд “Охайо уруу явах” ёстой байсан ба Есүс тэнд “Би та нарт өөрийн хуулийг өгөх болно; мөн тэнд та нар тэнгэрээс хишиг болгон хүчийг хүртэх болно; Мөн тэндээс, миний хүссэн хэн боловч бүх үндэстний дунд урагш одох … болно” (Сургаал ба Гэрээнүүд 38:32–33; тодотгол нэмсэн) хэмээн тунхаглажээ. Энэ илчлэлтийг сонссон Сүмийн гишүүд үүнийг Шинэ Гэрээнд гардгийг анзаарсан байх.

Шинэ Гэрээний үеийн хишиг болгон хүч хүлээн авсан шавь нар

Лук 24 цөхөрсөн өнгө аястай эхэлдэг. Есүсийг цовдлуулсны дараа хэсэг эмэгтэй шавь нь түүний булшийг эргэн очжээ. Тэд чулуун хаалгыг өнхрүүлэн зайлуулсныг хараад, “Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй” (3-р шүлэг) гэдэг. Удалгүй тэнгэр элч нар тэдэнд “Тэр энд байхгүй, харин амилсан” (6-р шүлэг) хэмээн хэлсэн нь найдлага төрүүлсэн юм.

Хожим нь амилсан Их Эзэн шавь нартаа үзэгдэж, тэдэнд тохинуулсан. Тэрээр тэдэнд Есүс Христийн сайн мэдээг номлоход нь зориулж дэлхий даяарх Христийн шашинтнуудын мэддэгээр “Агуу үүрэг даалгавар” өгчээ. Үүнийг Есүс “бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой” (47-р шүлэг) гэж тайлбарласан юм.

Гэвч Тэр шавь нараа яаран явах ёсгүй гээд, тэдэнд “та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд” (49-р шүлэг) хэмээн зааварлажээ. Endued (эсвэл орчин үеийн англи хэлээр “хишиг хүртсэн”) гэдэг нь “хувцаслах” гэсэн утгатай грек үгийн орчуулга юм. Христийн эртний шавь нар дээрээс ирэх хүчийг өмсөх хүртлээ Иерусалимд хүлээх ёстой байсан. Дараа нь тэд дэлхий даяар Бурханы хаант улсыг байгуулах ёстой байлаа.

Есүс Христ тэнгэр өөд өргөгдсөн нь

Их Эзэн тэнгэрт өргөгдөхийнхөө өмнө шавь нартаа “та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд” (Лук 24:49) хэмээн хэлжээ.

Хишиг болгон хүч хүлээн авсан хожмын үеийн гэгээнтнүүд

Хожмын үеийн гэгээнтнүүд 1830-аад онд Охайод үүнтэй төстэй зорилготойгоор цугларчээ. Тэд “тэнгэрээс хишиг болгон хүчийг хүртэх”-ийг (Сургаал ба Гэрээнүүд 38:32) мөн Есүсийн захиасыг бүх дэлхий даяар тунхаглахыг тэсэн ядан хүлээж байлаа. Эцэст нь Их Эзэн гэгээнтнүүд “миний өргөөнд … тэнгэрээс өөрсдийн хишгийг хүлээн авах нь … зүйтэй (Сургаал ба Гэрээнүүд 105:33, тодотгол нэмсэн; мөн 11–12-р шүлэг) хэмээн тунхаглажээ. Гэсэн хэдий ч эхэн үеийн гэгээнтнүүдийн олонх нь яг юу хүлээхээ мэдэхгүй байжээ.

1835 онд Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг дуудаж, томилсноос хойш удалгүй Иосеф Смит тэдэнтэй Их Эзэний өргөөний талаар уулзжээ. Арван хоёрын “санаа зовж,” юу болохыг ойлгоогүйг Иосеф мэдэж байв. “Бэлтгэгдэж мөн бүх зүйлийг давж гарах чадвартай байж,” сайн мэдээг хүчтэйгээр заахад тэдэнд хишиг хэрэгтэй гэдгийг тэрбээр тайлбарласан. “Та нар хишиг хүртсэн үедээ” буюу төлөөлөгчид “сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хэлтэнд номлоно” хэмээн тэр тайлбарлав.

Үүнээс хойш удалгүй Иосеф Смит эртний Израилын ариун сүмийн санваартнуудыг ариулан адисалдаг ёслолуудын загварыг илчилжээ. Хишгээ хүртэхэд бэлтгэхийн тулд санваартан бүр угаалгаж, “эрт дээр үед Мосе, Аарон хоёр болон Их Эзэний өмнө зогсож байсан тэдний маягаар мөн адил тосоор” тослуулсан.

Энэ үед онцгой ариун хуралдайн үеэр хүч чадлын хишгээр сүнслэг хүч чадлыг гайхам ихээр юүлсэн юм. Сүмийн анхны хар арьстан Далын гишүүн Илайжа Эйблийн адил санваартнууд мацаг барин залбирч, Их Эзэний Зоог болох ариун ёслолоос нийтээр хүртэж байлаа. Тэд гэрчилж, бошиглож байсан бөгөөд Бурхан тэднийг хүч чадлаар адисалсан. Дараа нь хишиг хүртсэн тэд сэргээгдсэн сайн мэдээг номлож, Бурханы хаант улсыг байгуулахаар хөдөлсөн юм. Эсэргүүцэлтэй тулгарч байсан ч тэд аяллынхаа үед хамгаалагдаж, номлолдоо хүчирхэгжиж, гэр бүлүүд нь адислагдсан билээ.

Көртландад тэнгэрээс хишиг болгон хүч хүртсэн онцгой ариун хуралдайд зөвхөн эрэгтэйчүүд оролцдог байв. Түүнчлэн гэгээнтнүүд хэдхэн жилийн дотор Наувугийн ариун сүмийг барьсан юм. Тэнд Иосеф Смит өнөөдөр бидний ариун сүмийн ажлын үндэс суурь болсон ариун сүмийн ёслолуудын нэмэлт хэсгүүдийг илчилсэн байдаг. Мөн Наувуд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил хишиг хүртсэн байлаа.

Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн эгч нарт хандан ярихдаа ариун сүмийн хишгээр “хаант улсын түлхүүрүүд” “тэдэнд” “ахлагчдад өгсний” адил өгөгдөх болно хэмээн амлажээ. Хэдийгээр эмэгтэйчүүд номлолд номлогчоор дуудагдах хүртэл хэдэн арван жилийн хугацаа орсон ч эмэгтэйчүүд болон тэдний хөдөлмөр дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах ажлын салшгүй нэг хэсэг болсоор байна.

Чарлз Рич Көртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслолоос хоцорсон хэдий ч өөрийгөө болон Көртландад хоцорч ирсэн өөр хэдэн номлогчийг хишиг хүртэх ёслолоос хоцроогүйг мэдэж авсан юм. Эртний Израилын санваартнуудын загвараар (Гэтлэл 29; 40-ийг үзнэ үү), түүнийг угааж, тосолсон байна. Тэр бусадтайгаа цуглаж, мацаг барьж, залбирч, Их Эзэний зоог дээр найрласан юм.

“Бид шөнөжингөө бошиглосон” гэж Чарлз бичжээ. Түүний биеийн “хөлийн үзүүрээс толгойн орой хүртэлх хэсэгт аврал бичигдсэн хэмээн бошиглогдсон байдаг.” “Би бошиглолын сүнсээр дүүрч, тэнгэрээс хишиг болгон хүчийг хүртсэн юм.”

Тэрээр амьдралынхаа үлдсэн 47 жилийг Есүс Христийн шавийн хувьд Бурханы хаант улсыг байгуулахаар хөдөлмөрлөж өнгөрүүлсэн.

Тэр цагаас хойш дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд тэнгэрээс хишиг болгон хүч хүртэхийн тулд Их Эзэний өргөөнд очих болсон юм. Энэхүү эхэн үеийн гэгээнтнүүдтэй адил, хишиг нь биднийг Есүс Христийн шавь нарын хувьд Бурханы хаант улсыг байгуулж, Түүний нигүүлсэл, ач ивээлээр дамжуулан хэзээ нэгэн өдөр өргөмжлөл хүлээн авахад бэлтгэдэг.

Эх сурвалж

  1. Иосеф Смит, “Захиас, 1835 оны 11-р сарын 12,” 32, 33, josephsmithpapers.org; үг үсэг, цэг тэмдгийг стандартчилсан.

  2. Оливер Каудеригийн өдрийн тэмдэглэл, 1836 оны 1-р сарын 21, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк Сити; үг үсгийг стандартчилсан.

  3. Жозэф Ф.Смит, Илайжа Эйблийн тухай тэмдэглэл, огноо байхгүй [ойролцоогоор 1879], Илайжа Эйблийн намтар, тэмдэглэл 5, josephsmithpapers.org-ийг үзнэ үү.

  4. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 1:303–9-ийг жишээ болгон үзнэ үү.

  5. Иосеф Смит, “Тэмдэглэл, 281842,” 37, josephsmithpapers.org. Гурван өдрийн дараа Иосеф Смит ахлагчдад “хаант улсын түлхүүрүүдийг” хүлээн авч, “хүч болгон хишиг хүртэх” ариун сүмийн талаар номлосон юм (“Захиас, Виллард Ричардсын өгүүлсний дагуу 1842 оны 5-р сарын 1,” 94, josephsmithpapers.org).

  6. Чарлз К.Рич, өдрийн тэмдэглэл, 1836 оны 4-р сарын 12–16, Солт Лэйк Сити, Чарлз К.Ричийн цуглуулга, Сүмийн түүхийн номын сан; үг үсэг, цэг тэмдгийг стандартчилсан.