2021
Сүмийн түүхийг судалснаар итгэл минь хэрхэн бэхэжсэн бэ
2021 оны 1-р сар


Сүмийн түүхийг судалснаар итгэл минь хэрхэн бэхэжсэн бэ

Зураг
illustration of African woman with basket on head

ЗУРГУУДЫГ Getty Images-ээс авав

Би Өмнөд Африкт ахлах сургуульд сурдаг байхаасаа л түүх судлах дуртай байсан. Их сургуульд сурахдаа түүхээр дипломоо авсан юм. Эхлээд семинарын, дараа нь институтийн суралцагч байхдаа би бүх хичээлдээ дуртай байсан ч Сургаал ба Гэрээнээс Сүмийн түүхийг мэдэж авдаг байсан болохоор Сургаал ба Гэрээ илүү их таалагддаг байсан. Би олон жилийн турш Сүмийн түүхийн тухай, тэр бүү хэл манай түүхэн дэх хүнд сэдвүүдийн тухай номуудыг унших дуртай байлаа. Сүмийн түүхийг янз бүрийн эх сурвалжаас үргэлжлүүлэн судлах тусам итгэл минь бэхэжсэн. Энэ нь гурван арга замаар бий болсон юм.

Сүмийн түүх нь ялангуяа санваарын болон ариун сүмийн адислалуудын хязгаарлалт зэрэг өмнөх зан үйлүүдийн талаарх үзэл бодлыг надад ойлгуулдаг. Хар арьстай эрчүүдийн санваар авах эрхийг хязгаарладаг байсан цаг үе байсныг мэдээд итгэл минь ганхах шиг л болсон. Миний хайртай Сүм яаж хар арьстнуудад санваар өгөхөөс татгалзаж чадаж байна аа? Зарим хүн сургаалын эсвэл судрын гэж үзсэн тайлбаруудаа надад үзүүлэхийг оролдож байсан. Эдгээр нь эргэлзээтэй, маш ярвигтай байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам түүхэн тайлбар ойлгомжтой болж, тайтгарал өгсөн. Жишээ нь, Албан тунхаг 2-ын түүхэн танилцуулга дээр Иосеф Смит цөөн хэдэн хар арьстай эрэгтэйд санваар олгосон боловч Сүмийн удирдагчид Сүмийн түүхийн эхэн үед хар арьстай эрчүүдэд санваар хүртээхээ больсон тухай тайлбарладаг. Дараа нь энд “Сүмийн баримт бичигт энэ журмын үүсэл гарлын талаар тодорхой мэдээлэл байдаггүй”1 гэсэн чухал мэдэгдэл үлдсэн байдаг. Gospel Topics essays2 болон Сүмийн бусад гарын авлага илүү нарийн, нэмэлт түүхэн агуулгаар хангаж өгдөг.3 Эдгээр түүхэн тайлбар миний ойлголтыг гүнзгийрүүлсэн ба итгэл минь бэхэжсэн.

Сүмийн түүх намайг өмнөх үеийнхэндээ талархах сэтгэлээр ханддаг болоход тусалсан. Ялангуяа “жирийн” гишүүдийн оруулсан хувь нэмрийг авч үзэхэд үнэхээр талархууштай. Жишээ нь, Өмнөд Африк, Зимбабве, Замбиад 1950, 1960-аад оны үед баригдсан сүмийн анхны байрууд гишүүдийн хувь нэмрээр боломжтой болсон. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд илүү их золиос гаргах хэрэгтэй байв. Африкт ариун сүмтэй болоход олон арван жил шаардлагатайг мэдэж байсан тул олон гишүүн ариун сүм рүү аялах мөнгөтэй болохын тулд мөн эдгээр ариун ёслолд оролцохын тулд гэр орон, эд хөрөнгөө зарж борлуулж байв. Африк тивийн Сүм, багахан зүйлтэй боловч ихийг золиосолсон эдгээр эртний гишүүдийн итгэл дээр сүндэрлэн баригдсан юм. Тэдний цэдгийг уншаад, итгэл минь бэхжин, золиослох хүсэл маань өсөн нэмэгдсэн.

Зураг
illustration of African continent

Сүмийн түүх намайг илүү сайн цэдэг хөтлөхөд урамшуулдаг. Сүмийн удирдагчид тэмдэглэл хөтлөхөд урамшуулсаар ирсэн. Яагаад? Яагаад гэвэл, Сүмийн түүх нь Сүмийн гишүүдийн “амьдрал, итгэл, мөн … ажлуудын хэв маягийн тухай” (Сургаал ба Гэрээ 85:2-ыг үзнэ үү) цэдэг юм. Сүмийн түүхийг, тухайлбал Гэгээнтнүүд гэх мэт шинэ түүхийг унших болгондоо эдгээр боть зөвхөн Сүмийн жирийн гишүүдийн тэмдэглэл, захидал, бусад цэдгийн улмаас боломжтой болсон нь надад гүн сэтгэгдэл төрүүлдэг. Тэдний өөрсдийнх нь туулсан илэн далангүй түүхүүд намайг ирээдүйн түүхчдэд Африк дахь Сүмийн үнэн түүхийг баримтжуулахад тустай илүү сайн тэмдэглэл хөтлөхөд урамшуулсан.

Сүмийн түүхийг уншиж, цэдгээ хөтлөхийг хичээснээр өөр олон хувийн адислал ирсэн. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн зааснаар, би өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ амьдралд Их Эзэний мутрыг харж мөн санахаар адислагдсан.4 Энэ дурсамж гэрчлэлийг минь бэхжүүлж, амьдралдаа сорилт бэрхшээлтэй тулгарах чадавхыг маань нэмэгдүүлдэг. Би өөрийн тэмдэглэлийг хөтөлж, Сүмийн бусад гишүүний нягт нямбай хөтөлсөн цэдгүүдийн тухай бодохдоо Их Эзэний энэ хожмын үед Өөрийн Сүм болон хаант улсыг сэргээж буй Түүний агуу загварыг харж эхэлдэг.

Сүмийн түүхээс судалсан энэ болон бусад олон сургамж миний өөрийн сүнслэг өсөлтөд ихээр нөлөөлсөн юм. Бид энэ бүхнийг яагаад хийх болсныг би ойлгодог болсон болохоор энэ бүх сургамж надад итгэлээ хамгаалах эр зоригийг өгсөн. Бидний олон зан үйл болон итгэл үнэмшлийн түүхэн нөхцөл байдлыг мэдэж байх нь намайг илүү сайн багш, илүү сайн шавь болгосон.

Эх сурвалж

  1. Албан тунхаг 2-ын оршил хэсгийг үзнэ үү.

  2. “Race and the Priesthood,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  3. Жишээ нь, Foundations of the Restoration (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага), 2016, 26-р бүлгийг үзнэ үү.

  4. Henry B. Eyring, “O Remember, Remember,” Liahona, Nov. 2007, 66-г үзнэ үү.

ЗУРГУУДЫГ Getty Images-ээс авав