2021
Шоронд хоригдож буй хүмүүст найдвар төрүүлэх захиас
2021 оны 1-р сар


Шоронд хоригдож буй хүмүүст найдвар төрүүлэх захиас

Бурханы гэрэл таны ирээдүйн нэг хэсэг байж болно.

Зураг
man in prison cell with light shining through window

Зургийг Дэвид Грийн

Олон жилийн өмнө би шоронд очоод, Эрик гэдэг хүнтэй танилцсан юм. Тэр 17 жилийн турш шоронд хоригдож байсан. Энэ хугацаанд Эрик сүмийг ховорхон алгасдаг байв. Тэр өөр хүмүүстэй байнга хамт залбирч, олон хүнд судрын талаар сурч мэдэхэд нь тусалжээ. Намайг Эриктэй уулзах үед тэр эрүүл мэндийн ноцтой асуудалтай болсон байв. Надад түүнтэй шоронгийн эмнэлгийн өрөөнд орж уулзах боломж тохиосон юм.

Биднийг ярилцаж байхад Эрик энэ олон жил өөрийг нь дэмжиж байсан Сүмийн олон гишүүнд их талархдаг байснаа хэлсэн. Тэр Есүс Христэд итгэх итгэл, гэрчлэлээ хуваалцсан. Гэвч тэр мартагдсан, ганцаардсан мэт санагдсан олон өдрийг туулснаа аядуу зөөлнөөр хэлсэн юм. Бид удаан ярилцаж, хамтдаа залбирч, найзуудын хувьд салах ёс гүйцэтгэсэн. Хэдхэн цагийн дараа би Эрикийг нас барсныг дуулж билээ.

Эрикийн амьдралын аялал хүнд бэрх байв. Тэр эцсийн эцэст Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг болон өөрийгөө мэддэг болж, хайрладаг болсон юм. Энэ л хамгийн чухал. Мөнх амьдралд бид Есүсийг хаанаас, хэрхэн мэддэг болсон нь чухал байх болно гэж би бодохгүй байна. Бид бүгд Түүнийг олсныхоо дараа амьдралдаа юу хийсэн нь хамгийн чухал байх болов уу.

Таныг шоронд ороход хүргэсэн нөхцөл байдал, сонголтууд амьдралыг тань тодорхойлох ёсгүй. Та жижиг ч бай, том ч бай алдаа гаргасан байж болно. Та нэг эсвэл хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдсэн байж ч болно. Энэ бүхэн таны өнгөрсөн амьдрал байсан ч одоо таны ирээдүйг шийдэхгүй. Хүнд хэцүү үед ч гэсэн аз жаргалыг урих сонголтуудыг хийх хүч чадал танд бий.

Таны жинхэнэ мөн чанар

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жонс шоронд хэд хэдэн удаа айлчлан очиж байжээ. Тэр надад нэг удаа энэ түүхийг хуваалцаж байсан юм.

“Би амьдардаг газрынхаа ойролцоох шоронд анх очиж байснаа санадаг. Хэсэг хоригдолтой ярилцаж байхад тэд өөрчлөгдөж, Христ рүү ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгааг би мэдэж байсан болохоор надад яг л ариун орон зайд байгаа юм шиг санагдсан. Бид Бурханы хүүхдүүдийн хувьд тэнгэрлэг хувь заяаныхаа талаар ярилцсан.

Нэг удаа над дээр инээмсэглэн ирсэн хоёр настай ач охиныхоо талаар би тэдэнд ярив. Тэр урамтайгаар ‘Эмээ, би Бурханы охин!’ гэсэн. Тэгтэл нэг хүн ‘хэн нэгэн намайг багад Бурханы хүүхэд’ гэдгийг маань хэлсэн бол миний амьдрал хэр өөр байх байсан бол? гэж аяархан хэлэв.

Бид үүнийг амьдралынхаа эрт, орой хэзээ мэдсэнээс үл хамааран бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэдэг нь л сайн мэдээ шүү дээ” гэж Жонс эгч үргэлжлүүлэн хэлсэн юм. Оройтно гэж хэзээ ч байдаггүй. Та мартагдаагүй. Бурхан та нарыг мэднэ. Тэр та нарт хайртай. Түүний Хүү Есүс Христ бол бидний Аврагч. Тэр бид бүгдийн хүн нэг бүрийн төлөө цагаатгал хийсэн. Үүний ачаар Есүс Христ бидний амьдралыг төгс ойлгодог ба бид гэм нүглээсээ бүрэн төгс өршөөгдөж чадна. ‘Тийм ээ, тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй. … Болгоогтун, Би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн; таны хананууд миний өмнө үргэлж байх бөлгөө’ (1 Нифай 21:15–16-г үзнэ үү)” хэмээн Тэр хэлсэн.

Та болон таны таньдаг хүн бүр Бурханы хүүхэд мөн гэдэгт итгэх нь дотоод хүч чадлын эх сурвалж юм. Та энэ үнэнийг хүлээн авч, үүгээр амьдралаа удирдуулснаар агуу амар амгаланг олж, бусдад сайн сайхны үлгэр жишээ болох болно.

Дахин итгэх

Зураг
hand sending out a dove from window of prison cell

Амьдралдаа хэнд итгэж найдахаа мэдэх хэцүү байж болох ч та Тэнгэрлэг Эцэгтээ үргэлж итгэж болно. Бурхан та нарыг төгс мэднэ хэмээн сударт заадаг. Тэр танд хайртай бөгөөд танд худал хэлж чадах нь үгүй.1 Бусдад болон Бурханд итгэх нь таны хувьд хэцүү байвал үүний талаар залбир. Тэнгэрлэг Эцэгээсээ “Та надад хайртай юу? Би танд итгэж болох уу?” гэж асуугаарай. Тэгээд хариултыг нь сонс. Энэ нь амар тайван мэдрэмж юм уу тайван бодлоор ирж болно. Энэ нь шууд ирэхгүй байж болох ч, Бурхан залбирлуудад тань хариулах болно.

Та хэнд итгэж болохоо мэдэж авахаас гадна бусдын итгэл хүлээсэн хүн болох нь чухал юм. Өөрийн хохироосон хүмүүстэй итгэлцлийн харилцаагаа сэргээх нь хүн бүрд эдгэрэх боломжийг олгоно. Та хувиараа холбоо тогтоох боломжгүй байсан ч өнгөрсөн үйл явдлуудыг тэдний өнцгөөс авч үзэж, тэднийг өрөвдөж, тэдний төлөө залбирч болно. Та шинээр үүсгэж байгаа харилцаандаа итгэл даахаар хүн байх эсэхээ сонгож чадна.

Энэ нь урт удаан зам байж болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах урмын үгсэд би талархаж байна. “Үргэлжлүүлэн хайрла. Үргэлжлүүлэн оролдсоор бай. Үргэлжлүүлэн найд. Үргэлжлүүлэн итгэ. Үргэлжлүүлэн өсөж хөгж. Тэнгэр таныг өнөөдөр, маргааш, мөнхөд уухайлан дэмжих болно.”2

Хоригдож байх үеийн эцэг эх байх үүрэг

Та хоригдож байхдаа эцэг эх байж чадахгүй гэж бодоход уруу татагдаж болох юм. Ингэж бодохоос татгалзаарай. Боломжтой бол гэр бүл, үр хүүхдүүдээ дэмжих арга замуудыг ол.

Сүүлийн жилүүдэд Сүмийн удирдагчид гэр бүл дотроо бие биедээ сайн мэдээг заах нь хэчнээн чухал болохыг онцолсон. “Би гэр бүлдээ сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад нь хэрхэн тусалж чадах вэ?” гэж өөрөөсөө асуу. Санаа авч болох дөрвөн жишээг өгье.

  • Та гэр бүлийнхээ төлөө байнга залбирч болно. Залбирал бол хана, зайгаар хязгаарлагдахгүй сүнслэг ажлын хүчтэй нэг хэлбэр юм.

  • Хэрэв танд хүүхдүүдтэйгээ харилцах боломж олдвол хайраа илэрхийлэх зохистой аргыг хайж олоорой. Тэдэнд өөрийн суралцаж буй сүнслэг хичээлүүдийн тухай заагаарай.

  • Найдвартай найз нөхөдтэйгөө дахин холбогдохыг хичээ. Гэр бүлд тань сайн нөлөө үзүүлэх хүмүүстэй харилцаа холбоо тогтоо.

  • Илүү сайн болж өөрчлөгд. Өөрийгөө сайжруулж, сонголтынхоо хариуцлагыг үүрэх гэж хичээж байгаа хичээл зүтгэл бүр тань таныг илүү сайн аав, ээж болоход туслах болно.

Урагш тэмүүлэх

Өнөөгийн бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ амьдралын гол зорилго бол Есүс Христийн жишээг дагаснаар Бурхантай уулзахад бэлтгэх явдал юм хэмээн хэлсэн. “Мөн бид өдөр болгон наманчилж, Түүний хүчирхэгжүүлэгч, эдгээгч, цэвэршүүлэгч хүчийг хүлээн авснаар тэрхүү зорилгодоо хүрдэг. Ингэснээр бид урт удаан үргэлжлэх амар амгалан, баяр баясгаланг хүнд хэцүү цагт ч мэдэрч чадна”3 гэж тэр заасан.

Наманчлал бол эдгэрэлтийн хамгийн чухал хэсэг юм. Энэ нь та Бурханд хандан чин сэтгэлээсээ залбирч, буруу зүйл хийснээ хэлж, Түүнээс өршөөл гуйхаас эхэлдэг. Та сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж авч, Есүс Христийн үлгэр жишээг дагаснаар амар амгаланг мэдэрч эхэлнэ. Эдгээр мэдрэмж болон таны өөрчлөгдөж буй зан чанар таны эдгэрч эхэлж буйн нотолгоо юм.

Сүмийн удирдагчид таныг энэ замаар Бурхан руу эргэхэд тань туслахад бэлэн байгаа. Есүс Христээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгтээ эргэн ирэх нь хэзээд боломжтой байх болно. Таныг гэр бүл, нийгэм, тэр байтугай Сүмийн зарим гишүүн уучлахаас хамаагүй өмнө Бурхан уучилсан гэж санагдаж магадгүй ч бүү цөхрөөрэй. Зүгээр л урагш үргэлжлүүлэн тэмүүл. Бурханы амлалтад, Түүний цаг хугацаанд итгэ.

Бурхан эдгэрэхэд тань тусална

Донтолт, хүчирхийлэл эсвэл бусад сэтгэлийн шарх гээд аливаа төрлийн эдгэрэлт цаг хугацаа шаарддаг гэдгийг санаарай. Үе шаттайгаар эргэн хараатай болсон, нэгэн сохор хүнийг эдгээж байгаа Есүсийн түүхийг Библид өгүүлдэг. Тэр эхлээд хүмүүсийг “мод явж байна” гэж харсан. Тэгэхээр нь “Есүс дахиад гараа нүдэн дээр нь тавьж,” тэгснээр тэр эцэст нь бүх зүйлийг тод томруун харсан (Марк 8:24–25). Үүнтэй адил Есүс цусны эмгэгтэй эмэгтэйг эдгээхэд, тэрээр 12 жилийн турш эрүүл мэндийн өвчнөөс болж зовсон байв (Марк 5:25–34-ийг үзнэ үү). Эдгээр түүх бие махбодын болон сүнслэг байдал мөн сэтгэцийн хувьд эдгэрэх нь ихэвчлэн цаг хугацааны явцад тохиодог болохыг бидэнд сануулдаг. Таны санаснаар хурдан эдгэрч болохгүй байгаа юм шиг санагдвал жижиг гэлтгүй амжилтуудаа олж харахыг хичээгээрэй. Өөрт төрж буй мэдрэмжүүдийн талаар Бурханд хандан залбирч, Түүнтэй ярилц. Ингэхдээ анзаарагдаж буй аливаа өсөлтдөө талархаарай.

Та аль хэдийн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон уу, сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж авч байна уу эсвэл Сүмийн гишүүнчлэлээ сэргээн ирж байгаа эсэхээс үл хамааран бид танд анхаарал тавьдаг гэдгийг мэдээрэй. Таны өнгөрсөн амьдрал ямар ч байсан, цаашлах зам хэр хол байсан ч ирээдүй тань Бурханы гэрлээр дүүргэгдэж болно. Сайн мэдээний зам бидэнд хүч чадал өгдөг. Энэ нь биднийг тайтгаруулдаг. Энэ нь энэ амьдралд аз жаргал, мөнх амьдралд баяр баясгалан руу удирдах болно.

Таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг төгс мэдэж, хайрладаг. Тэд таныг хэзээ ч орхихгүй. Тэд таныг хэзээ ч хохироохгүй. Тэд таныг хэзээ ч мартахгүй.

Эх сурвалж

  1. Жишээ нь, Еврей 6:18; Инос 1:6; Ифер 3:12; Сургаал ба Гэрээ 62:6-г үзнэ үү.

  2. Жэффри Р.Холланд, “Маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114.

  3. Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн үг,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 6.