2016
Хэрхэн тэвчээртэй байж болох вэ?
2016 оны арванхоёрдугаар сар


Сүмийн удирдагчдын хариулт

Хэрхэн тэвчээртэй байж болох вэ?

2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

Зураг
how to be patient

Хүлээх нь хэцүү байж болно. Хүүхдүүд, насанд хүрэгчид аль аль нь үүнийг мэддэг. Бид түргэн хоол идэж, нүд ирмэх зуур э-мэйл, текст бичиж, хүссэн киногоо тэр даруйд үзэж болдог эсвэл аар саар болон гүнзгий нухацтай асуултад алга эргүүлэхийн хооронд хариу авч болдог дэлхийд аж төрж байна. Бид хүлээх дургүй. Хүнсний дэлгүүрт хүлээж байгаа дараалал бусдынхаас удаан урагшилж байвал зарим хүний даралт ихэсдэг.

Тэвчээр буюу дур хүслээ хэсэг хугацаагаар хойш тавих гэдэг нь ховорхон тохиолдох үнэ цэнтэй зан чанар юм. Бид хүссэн юмаа яг одоо авахыг боддог. Тиймээс тэвчээр гэдэг нь таагүй, заримдаа бүр хэцүү зүйл байж болно.

Гэсэн ч бид тэвчээргүй байвал Бурханыг баярлуулж чадахгүй; төгс төгөлдөр болж чадахгүй. Үнэндээ тэвчээр гэдэг нь цэвэршүүлэн ариутгах үйл явц бөгөөд ойлголтыг гүнзгийрүүлж, аз жаргалыг нэмэгдүүлэн, ажил үйлсэд анхаарал төвлөрүүлэн, амар амгалангийн төлөөх найдварыг бий болгодог билээ.

Тэвчээр гэдэг нь зөвхөн хүлээх гэсэн үг биш юм. Тэвчээртэй байх гэдэг нь идэвхгүй, хүлцэнгүй бас айдсаасаа болж юу ч хийхгүй байна гэсэн үг биш. Тэвчээр гэдэг нь тэвчин хүлээж байхдаа үргэлж юм хийж байхыг хэлдэг. Энэ нь үр дүнг нь үзэхийг хүсэж байгаа тэр зүйлээ орхилгүй, чадах бүхнээ хийж, ажиллаж, итгэж найдан, итгэлээ хэрэгжүүлэх явдал мөн. Энэ бол зүрх сэтгэлийн хүсэл минь биелэгдэх нь хойшилсон ч гэсэн бэрхшээлийг зоригтой даван туулах явдал мөн. Тэвчээр гэдэг бол зүгээр нэг тэсвэрлэхийг биш; харин онцгой сайнаар тэсвэрлэхийг хэлдэг юм. Тэвчээртэй байх гэдэг нь эцсээ хүртэл ямар нэг зүйлд үнэнч хэвээр үлдэхийг хэлдэг. Энэ нь ирээдүйд адислагдахын төлөө тэр даруйд хүслээ хангахыг хойшлуулна гэсэн үг. Энэ нь уур уцаараа хянаж, хахир хатуу үг хэлэхгүй байна гэсэн үг. Энэ нь нүгэл хилэнц бусдыг баян болгож байгаа мэт харагдаж байвч үүнийг эсэргүүцэхийг хэлнэ.

Тэвчээртэй байх гэдэг нь өөрчилж болохгүй зүйлийг хүлээн зөвшөөрч, түүнийг зориг, нигүүлсэл, итгэлээр даван туулахыг хэлж байгаа юм. Энэ нь “бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг, Их Эзэний [бидэн дээр] ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн” (Мозая 3:19) байна гэсэн үг. Эцэст нь тэвчээртэй байх гэдэг нь өдөр бүр цаг тутамд, хэцүү байсан ч “Их Эзэний зарлигуудыг дагахдаа … тууштай бас гуйвшгүй бас хөдөлшгүй” (1 Нифай 2:10) байна гэсэн үг.

Тэвчээртэй болох үйл явц нь зарлигуудыг дагах, Тэнгэрлэг Эцэг Бурхандаа найдах, Түүнд даруухнаар, Христийнхтэй адил хайраар үйлчлэх, Аврагчид итгэх итгэл найдвараа хөгжүүлэх, хэзээ ч бүү бууж өгөх зэрэг юм. Тэвчээртэй байснаар сурах зүйлс маань бидний зан төлөвийг хөгжүүлж, амьдралыг дээшлүүлэн, аз жаргалыг нэмэх болно. Энэ нь Их Эзэн Есүс Христийн итгэлтэй шавь нар байхад тусална.