2016
Бурхантай уулзахаар бэлтгэ
2016 оны арванхоёрдугаар сар


Аврагчийн арга барилаар заах нь

Бурхантай уулзахаар бэлтгэ

Ням гаргийн хичээл нь бид бүхнийг Бурхантай уулзахаар бэлтгэхэд туслах чухал үүрэг гүйцэтгэдэг. Та үүнд ач холбогдол өгч байна уу?

Зураг
scripture study

Мормоны Номон дээр Амюлек Есүс Христийн Цагаатгалын тухай хүчирхэг сургаал айлддаг (Aлмa 34-ийг үзнэ үү). Энэ бүлгийн гайхалтай шүлгүүдийн дунд “энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе” (Aлмa 34:32) хэмээн Амюлекийн хэлсэн нэг мөр миний анхаарлыг татдаг.

Бид энэ амьдралын зорилго бол “Бурхантай уулзахаар бэлтгэх үе” гэдэгт итгэдэг учраас “Би Тэнгэрлэг Эцэгтэй уулзах тэр гайхалтай цаг мөчид өөрийгөө бэлтгэхийн тулд сар, долоо хоног, өдөр бүр юу хийж байна вэ?” гэж өөрсдөөсөө асууж болно. Би өөрт олгогдсон үнэт цагаа хэрхэн ашиглаж болох вэ?

Бид хэрхэн бэлдэх вэ?

Бид олон арга замаар өөрт олгогдсон цагаа Бурхантай уулзахад бэлтгэхэд ашиглаж болно. Долоо хоног бүрийн хувьд ариун ёслолоос хүртэн, Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн гэрээгээ шинэчилж, хайрын болон Түүний Хүү, Есүс Христийн Цагаатгалын үр дүнд боломжтой болсон найдварын талаар эргэцүүлэн бодоход зарцуулдаг цаг мөч хамгийн чухал гэдэгтэй бид санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн Ням гаргийн ангид зарцуулдаг нэг цаг өөрсдийгөө бэлтгэхэд бидний бодож байснаас хавьгүй чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт би итгэдэг. Гэхдээ бид энэ боломжийг ашиглахын тулд эхлээд Ням гаргийн ангид хэрхэн хандаж байгаа хандлагаа авч үзэх нь зүйтэй болов уу.

Ням гаргийн ангийн зорилго бол “заах, суралцах, нөхөрлөх үйл явцаар дамжуулан хувь хүн, гэр бүлүүдийн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг бэхжүүлэхэд”1 оршино. Хөрвөлтийн эдгээр чухал хэсэг нь Бурхантай уулзахаар бэлтгэхэд гаргах бидний хүчин чармайлтад нэн чухал. Сүмийн багш нар “Аврагчийн арга барилаар заах нь” товхимол болон багшийн зөвлөлийн хурлаар дамжуулан заах ур чадвараа сайжруулахаар ажиллаж байгаад бид баярлаж байна.

Гэвч зөвхөн заах арга барилаа сайжруулах нь хангалтгүй. Бид бас Аврагчийн арга барилаар суралцахын тулд хичээл зүтгэл гаргах ёстой. Тэрээр бидэнд “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” суралцах С ба Г 109:7) хэрэгтэй хэмээн хэлсэн. Итгэл бол үйлдлийн зарчим юм. Бид мэдэхийг хүсэж байвал үйлдэх ёстой (Иохан 7:17-г үзнэ үү).

Ням гаргийн ангиуд маань долоо хоногийн явцад хичээлдээ бэлдэхийн тулд судраас судалж, амьдралдаа хэрэгжүүлж байхдаа олж авсан туршлага, мэдэрсэн сүнсний өдөөлтөө чөлөөтэй хуваалцах боломжтой газрыг бидэнд гаргаж өгснөөр энэ маягийн заах, суралцах арга барилыг сайшаан дэмжих боломжтой. Учир нь бид “бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд … бие биендээ хичээнгүйлэн заа[даг]” (С ба Г 88:77, 122).

Хүндэтгэлийн өдрийг баясгалант өдөр хэмээн нэрлэ

Саяхан Тэргүүн Зөвлөл бидний хүн нэг бүрийг Хүндэтгэлийн өдрийг “баясгалант өдөр гэж нэрлэ” (Исаиа 58:13) хэмээн уриалсан. Ням гаргийн гурван цагийн туршлага энэ зорилгыг биелүүлэхэд бидэнд тусална.

Үүнтэй холбогдуулан би та нараас “Яагаад бид Ням гаргийн ангийн олгодог боломжуудыг заримдаа бүрэн ашигладаггүй вэ?” гэж асууя.

Сүүлийн үед би Ням гаргийн ангийн цагийг зааланд уулзацгаах, тойргийн удирдагчдын хувьд ярилцлага зохион байгуулах, гадасны удирдагчдын хувьд тойргийн удирдагчдадаа сургалт өгөх, өсвөр үеийнхний удирдагчид хөтөлбөртэй холбоотой асуудлаа хэлэлцэх гээд өөр зүйлээр нөхөж байгаа олон “сонголтыг” олж харсан.

Бага хугацаанд олон зүйл амжуулж хийх хэрэгтэй байгаа учраас яагаад удирдагчид маань Ням гаргийн ангийн цагийг өөр зүйл хийхэд ашигладаг болохыг би ойлгож байна. Гэхдээ тойргийн удирдагчид ганцхан цагт зав гарган сууж, сүргийнхээ гишүүдтэй сайн мэдээний хэлэлцүүлэгт оролцох нь оролцож байгаа бүгдэд ямар сайхан адислал болно гээч!

Та нарт “Ням гаргийн ангийг үл тоох” хандлагын өөр олон жишээ байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ямар шалтгаантайгаас үл хамааран, бидний ихэнхэд заримдаа Ням гаргийн ангиас хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэсэн мэдрэмж төрж байсан. Ням гаргийн ангийн туршлага маань багшаас гадна бидний хувийн бэлтгэл, оролцооноос ихээхэн хамааралтай болохыг би олж мэдсэн юм. Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр: “Бид судраас суралцан, ангидаа илүү сайн бэлтгэлтэй ирж, ангийн ярилцлагад оролцон, асуулт тавьж, ариун нандин сэтгэгдлээ тэмдэглэх болгондоо Бурхантай илүү адил болж, Түүний мэдэрдэг баяр баяслыг мэдрэх чадвараа өсгөн нэмэгдүүлж байдаг”2 хэмээн бичсэн байдаг.

Ням гаргийн ангид бэлдэж, цагийг нь хайрла

Би та нарыг Ням гаргийн ангид бэлдэж, цагийг нь хайрлахын тулд чадах бүхнээ хийхэд урьж байна. Тойрог, салбарын гишүүн бүр, ялангуяа удирдагчид долоо хоног бүр энэ чухал цагийг Бурхантай уулзахад бэлтгэхэд ашигласнаас ирэх гайхалтай адислалаас хүртэх ёстой.

Эшлэлүүд

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 12.1.

  2. Тэд Р.Каллистэр, “Суралцахуйн баяр баясгалан,” Лиахона, 2016 оны 10-р сар, 14.