2016
Их Эзэний орших орон зайг бэлдэх нь
2016 оны арванхоёрдугаар сар


Их Эзэний орших орон зайг бэлдэх нь

Би Аврагчийн дэлхий дээр төрсөн, тохинуулсан тухай түүхийг сонсох бүрдээ Түүний эргэн ирэх өдрөөр угтан авах газрыг бэлдэхэд гүйцэтгэх хувь хүн бүрийн үүрэг хариуцлагын талаар боддог.

Зураг
Salt Lake Temple during Christmastime

Гэрлийн зургийг © iStock/Thinkstock

Өнгөрсөн жил Христийн мэндэлсний баярын яг өмнөхөн надад Сүмийн гишүүн биш, Францын өндөр албан тушаалтай нэгэн эрхэмтэй оройн зоог барих завшаан тохиосон билээ. Оройн зоог Ютагийн Солт Лэйк хот дахь Иосеф Смитийн дурсгалд зориулсан байранд болсон юм.

Бид хоолоо идэхээр суухын өмнө зочдоо Ариун сүмийн талбайн гайхалтай дүр зургийг харж болох 10-р давхрын ажиглах цонх руу аваачлаа. Солт Лэйкийн ариун сүм түм буман гэрлийн дунд сүндэрлэн харагдах нь үлгэрийн юм шиг л байв. Бид тэнд үг хэлэх ч сөхөөгүй хэдэн хором зогссон юм.

Зоогийн өрөө рүү буцаж очихын өмнө нөгөө эрхэм маань “Та дэлхийн төгсгөлд итгэдэг үү?” гэж гэнэт асуулаа. Энэ асуулт Их Эзэний Хоёр дахь ирэлтийн тухай болон бид Түүнийг ирэхэд угтан авахад бэлэн байх нь ямар чухал болох талаар сүнслэг яриа өрнөх суурийг тавьсан юм.

Би дөнгөж сая бишрэн харсан ариун сүмийн талаар тунгаан бодож байтал, “Есүсийг ирэх үед Түүний оршин байх үзэсгэлэнт сайхан газар ямар ч байсан байгаа юм байна!” гэсэн гайхалтай бодол орж ирж билээ.

Судрын удирдамжинд ариун сүмийг “үгчлэн хэлбэл Их Эзэний өргөө юм”1 гэсэн байдаг. Өөр үгээр хэлбэл, энэ бол зөвхөн бэлгэ тэмдэг төдий газар биш. Энэ эрин үе дэх ариун сүмүүд нь Түүнийг махан биеэрээ ирэхэд зориулан бэлдэж, ариусгасан өргөөнүүд юм. Их Эзэн ”Ариун сүмдээ миний ирэх тэр өдөр миний гэрээт хүмүүс нэгд цугларсан байж болохын тулд” (С ба Г 42:36; онцлон бичилт нэмэв) Өөрийн Сүмийг байгуулсан хэмээн айлдсан.

Энэ нь Түүний мөнх бус байдалд даруухан гэгч ирснээс нь юутай өөр вэ. Тэр хаадын Хаан, эздийн Эзэн байсан ч “дэн буудалд … хоноглуулах өрөө байсангүй” (Лук 2:7) учраас түүнийг энгийн нэгэн малын хашаанд төрүүлж, тэжээлийн тэвшинд тавьсан билээ. Бага насандаа гэр бүл нь дарангуйлагчийн харгислалаас зугтахаар Египет рүү дүрвэсэн гээд Есүс суурин, тав тухтай гэр оронд тэр болгон амьдарч байсангүй (Матай 2:13–14-ийг үзнэ үү).

Гэр бүл нь Египетэд түр хугацаагаар амьдарч байсан цаг үеийн талаар нарийн ширийн мэдээлэл бидэнд байхгүй ч Тэр эцэг эхтэйгээ орчин үед Африк болон Ойрх Дорнодын улс доторх сөргөлдөөнөөс болж зугтан гарсан үй олон цагаачдын адил хэцүүхэн амьдарч байсан байж болох юм.

Есүс насанд хүрснийхээ дараа ч гэсэн тогтсон гэр орон байхгүй гэдгээ хэлдэг байсан. Нэгэн өдөр нэг эр Түүн дээр ирж, “Би Таныг хаа ч явсан дагая гэв.” Харин Аврагч “Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий; харин хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй” (Лук 9:57, 58) хэмээн хэлжээ.

Ах эгч нар аа, би Аврагчийн төрсөн болон дэлхий дээр тохинуулсан тухай түүхийг сонсох бүрдээ Түүнийг эргэн ирэхэд урин авчрах газруудыг бэлдэхэд гүйцэтгэх хувь хүн бүрийн үүрэг хариуцлагын талаар боддог. Бид юу хийж чадах вэ?

Ариун сүмд оч

Нэгдүгээрт, бүгдээрээ Түүнийг Өөрийнх нь гэр орон болох ариун сүмд хүлээн авахад бэлдэцгээе. Бидний дунд Аврагчийн төрж, амьдарч, дэлхий дээр тохинуулж байсан газруудад очиж үзэхийг мөрөөдөж байгаагүй хэн байх билээ? Олон хүн ихээхэн золиослол гарган, уг Ариун газарт очиж байсан. Гэхдээ хэзээ нэгэн өдөр Түүний эргэн ирэх газруудад очих нь бидэнд хэр чухал вэ? Шавь нь болох бидний Түүний Хоёр дахь ирэлтэд бэлдэж болох хамгийн шилдэг арга зам бол ариун өргөөнүүдэд нь тогтмол очиж, ариун нандин гэрээгээр дамжуулан өөрсдийгөө Түүнтэй холбох явдал юм.

Гэр орноо бэлд

Хоёрдугаарт, бид гэр орноо Их Ззэний байхыг хүсэх тийм газар болгож болно. Судруудаас бид Аврагчийг гэртээ урин, зочлон дайлсан сайхан сэтгэлтэй хүмүүсийн талаар өгүүлсэн олон түүхийг уншдаг. Тиймээс бүгдээрээ өөрсдөөсөө “Миний гэр орон Их Эзэний таалалд нийцэх болов уу?” гэж асууцгаая. Гэр орон тань Их Эзэний тухалж болох аюулгүй, амар тайван, Сүнсээр дүүрсэн газар мөн үү? Гэр орон маань том, баян тансаг байх хэрэггүй. Сайн мэдээнд төвлөрсөн, нэг нэгнээ хайрладаг мөн гэр бүлийн гишүүд, найз нөхдөөр дүүрсэн, даруухан гэр орон Түүнийг баярлуулах нь гарцаагүй.

Сонгогдсон хүмүүсийг цуглуул

Гуравдугаарт, бид Түүнд дэлхий дээрх хаант улсаа байгуулахад нь туслахын тулд гэр орноо хэсэг хугацаанд орхиод ч хамаагүй дэлхийн өнцөг булан бүрд байх Түүний сонгогдсон хүмүүсийг цуглуулах ажилд гар бие оролцож болно. Бурханы хүмүүсийн түүх бол Их Эзэний хүссэн газар руу явахад бэлэн, хүсэл эрмэлзэл бүхий гэгээнтнүүдийн түүх юм. Би Абрахам, Исаак, Иаков, Иосеф, Мосе, Лихай гээд эрт дээр үед байсан өөр олон бошиглогчийн тухай боддог. Би цагийн голчид Газар дундын тэнгисийн бүс нутгуудаар алжаалаа умартан, сайн мэдээг түгээсэн Их Эзэний төлөөлөгчдийн тухай боддог.

Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид олон мянган номлогчтой хамт Христийн захиасыг дэлхийн дөрвөн зүг найман зовхист үргэлжлүүлэн хүргэсээр байгаа билээ. Тэд тав тухтай гэр орноо орхин, Их Эзэний усан үзмийн талбайд үйлчлэхэд бэлэн байна.

Тусламж хэрэгтэй хүмүүст тусал

Их Эзэний орших газрыг бэлтгэх гайхалтай арга замын нэг бол орон гэргүй хөршдөө туслах явдал юм. Сэргээлтийн эхэн үед гэгээнтнүүдэд хоргодох газар байхгүй үе байсан. Тэдэнд Сионд очихоор аялах үедээ дайснуудынхаа тэвчээргүй, хорон үйлдлээс болж гэр орноо хүчээр орхин явах шаардлага гарч байсан юм.

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) тэдний зовлон зүдгүүрийг дараах элэг эмтрэм үгээр дүрслэн бичсэн байдаг. “Бид амар тайван гэр орноосоо дахин дахин хөөгдөн, эмэгтэйчүүд, хүүхдүүд маань өргөн уудам тал нутаг, ой шугуй, зам харгуйгаар явж, өвлийн тэсгэм хүйтнээр ч гэсэн майханд амьдарч, үхэл гээд төрөл бүрийн зовлон зүдгүүрийг туулах ёстой болсон.”2

Энэ цаг үед болсон хамгийн сэтгэл хөдлөм үйл явдал 1839 оны өвөл Иллинойн Квинси тосгонд болсон юм. Миссиссиппи мөрний эрэг дээр байрлаж байсан суурьшихаар ирсэн хүмүүс, фермерүүдээс бүрдсэн 1500 хүн энэ тосгонд тухайн үед хүндхэн нөхцөлд амьдарч байв. Хахир өвөл ид тачигнах үед Миссуригийн амбан захирагчийн алж устгах тушаалаас зугтан гарсан ойролцоогоор 5000 гаруй Сүмийн гишүүн гэнэт тэдэн дээр нүүж иржээ. Ядуу зүдүү байдал, зовлонгийн туйлд хүрсэн гэгээнтнүүд Миссиссиппийн хөлдүү мөсийг явган гатлан ирсэн байв. Квинсигийн оршин суугчид өгөөмөр сэтгэлээр тэднийг угтан авч, гэр орондоо оруулан, тарчигхан хоол хүнсээ хуваалцсан гэдэг.

Квинсигийн нэгэн оршин суугч эдгээр дүрвэгчийн талаар: “Ихэнх гэгээнтэн амьдрах гэр оронтой болтлоо гэрт маань цасан шуурганаас хоргодож байгаадаа баярлаж байсан. Олон ч шөнө шалан дээр болон дээд, доод давхарт орнуудыг хэн нэгний орон дээр гишгэлгүй явах ямар ч боломжгүйгээр шахаж байрлуулсан байдаг байв”3 хэмээн өгүүлсэн байна.

Тэднийг бодвол илүү амар тайван, элбэг хангалуун цагт амьдрахаар адислагдсан бидэнд эдгээр түүхэн тэмдэглэл чухал ач холбогдолтой. Тэдгээр нь биднийг гэр оронгүй, зовж шаналж байгаа хүмүүст туслахад үргэлж бэлэн бай гэдгийг зааж өгдөг. Дүрвэгчдийн тоо олон, цөөн мөн газрын хувьд хол, ойр байгаагаас үл хамааран амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа хүмүүст туслах олон арга зам бидэнд бий. Бид үүнийг Сүмийн хүмүүнлэгийн санд хандив өгөх замаар хийж болно. Мөн тусламж хэрэгтэй хүмүүсийг хайрлан, үйлчилдэг бусад хүнтэй хамтран ажиллаж болно. Бид бас оршин суугаа газарт маань нүүж ирсэн хүмүүстэй найзлан нөхөрлөх замаар ч хийж болно. Түүнээс гадна тойрог, салбарт маань зочлон ирсэн гадны хүмүүсийг чин сэтгэлээсээ уриалгахан хүлээн авч болно.

Дууллуудын дотроос хамгийн сайхан гэгдэх нэгэн дуулал хүнлэг сэтгэлтэй нэгэн эр үл таних хүнд орон байр гаргаж өгсөн тухай түүхийг өгүүлдэг.

“Шөнө дүл, хаа сайгүй ус болжээ

Шинэ өвлийн шуурга ойртож байна

Түүний дууг би холоос сонслоо

Тэр гэрт минь орохыг хүсэж байна.

Би зочноо дулаацуулаад, зоригжуулж, хувцасласан

Би орондоо түүнийг унтуулж,

Өөрөө газар унтсан ч сайхан байв

Едений цэцэрлэгт байна гэж зүүдлэв. …

Тэгээд энэ хоромд нүдэн дээр минь

Үл таних тэр хүн хувирлаа

Тийм ээ, гаран дээрх тэмдгийг мэднэ

Тийм ээ, Аврагч өмнө минь зогсоно

Нэрээр минь дуудаж ярилцав

‘Надаас чи ичсэнгүй’ хэмээв

Хийсэн бүгд чинь хөшөө болно

Бүү ай, надад зориулж’ хийжээ”4

Зураг
hands of the Christus statue

Би дэлхий дээрх ядууст тусламжийн гараа үргэлж сунгаж байдаг Сүмд харьяалагддаг гэдгээрээ бахархдаг. Сүмийн болон гишүүдийн өдөр бүр үзүүлдэг хайр, энэрлийн тоолж баршгүй, их бага үйлдэл бүр нь намайг даруусгадаг. Энэ Сүм Есүс Христийн Сүм бөгөөд бид Түүний үлгэр жишээг дагахыг хичээдэг учраас эдгээр үйлдэл үргэлж Сүмийн үйл хэргийн амин чухал хэсэг байсаар байх болно.

Есүс бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр цагийн голчид төрсөн. Тэр амьд бөгөөд нэгэн өдөр дэлхий дээрх хаант улсаа захирахаар алдар суунд эргэн ирнэ гэдгийг би гэрчилж байна.

Би та нарыг Түүний ариун өргөөнд тогтмол орж, гэр орондоо аюулгүй, хайраар дүүрэн, амар амгалан орчинг бий болгон, дэлхийн дөрвөн зүг найман зовхист байх Түүний сонгогдсон хүмүүсийг цуглуулахад гар бие оролцох замаар өөрсдийгөө бэлтгэхэд уриалан дуудаж байна. Түүнээс гадна та нар бидний дунд байгаа гэр оронгүй, зовж зүдэрч байгаа хүмүүст тусламжийн гараа сунгах хүсэлтэй байгаасай хэмээн би залбирч байна. Ингэж чадвал та нар зүрх сэтгэлдээ болон орон гэртээ Аврагчийг угтан авах газрыг бэлдэх бөгөөд Түүний эргэн ирэх өдөр үнэхээр гайхалтай сайхан байх болно.

Эшлэлүүд

  1. Судруудын удирдамж, “Ариун сүм”; онцлон бичилт нэмэв.

  2. Бригам Янг, Б.Х.Робэртсийн A Comprehensive History of the Church, 2:509-д.

  3. Уондл Мэйс, Ора Х.Барлоугийн The Israel Barlow Story and Mormon Mores (1968), 156; мөн 154–155-ыг үзнэ үү.

  4. “Хөөрхий зовсон бадарчин,” (Сүмийн дуулал, д. 29).