2016
Судлахаар мөн итгэлээр
2016 оны арванхоёрдугаар сар


Судлахаар мөн итгэлээр

Та бүхэн заахаар дамжуулан хэн нэгний амьдралд тусалж, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээс хэн нэгнийг нь Түүн рүү буцаж очих аянд өргөж дэмжсэн гэдгээ мэдсэнээр баяр баясгалан, амар амгаланг олох болтугай.

Зураг
teacher standing at a whiteboard

Ерөнхий эрх мэдэлтнүүдийн нэгэн сургалтан дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Сүмийн сургаалыг заахтай холбогдуулан “Бидний хувьд хэт болгоомжлох гэсэн ойлголт үгүй. Бид [замаасаа] гарахгүйн тулд хийж байгаа зүйлдээ сонор сэрэмжтэй хандах ёстой. Бид хуулбар бус, шинэ соргог, өөр байдалтай байхыг хичээж байхдаа Есүс Христийн сэргээгдсэн энэхүү Сүмийн үндсэн сургаалуудтай бүрэн дүүрэн зохицохгүй зүйлийг заадаг байж магадгүй. … Бид илүү сонор сэргэг байх ёстой. … Бид цамхаг дээрх харуул нь байх ёстой”1 хэмээн хэлсэн.

Сүмийн боловсролыг 21-р зуун руу хөл тавих үед та нар үнэ цэнтэй өсвөр үеийнхний амьдралд гуйвшгүй итгэл бий болгохыг хүсэж байвал та нарын хүн бүр заахад бэлдэх, хэрхэн заах, юуг заах зэрэг арга барилдаа аливаа өөрчлөлт хийхдээ сайтар бодож үзэх хэрэгтэй.

Суралцагчийг чин сэтгэлээсээ асуулт тавихад багш нь “Үүнд битгий санаа зов!” гэж хариулдаг байсан цаг өнгөрчээ. Түүнчлэн суралцагчийг үнэхээр чухал асуудал гаргаж тавихад хариулахын оронд асуудлаас бултахаар гэрчлэлээ хуваалцдаг байсан цаг өнгөрсөн. Сүм рүү дайрагчдаас суралцагчдыг хамгаалдаг байсан цаг ч мөн адил өнгөрчээ.

Багш нарт “Мөн бүгдээр итгэлгүй байгаа учраас, та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биендээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг… бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн” хэмээн энэхүү цагаа олсон, хэзээ ч өөрчлөгдөшгүй зөвлөгөөг Их Эзэн өгсөн нь аз завшаантай хэрэг билээ (C ба Г 88:118).

Таны дийлэнх суралцагч учрах саад бэрхшээлтэй тулгарахад шаардагдах итгэлтэй бус, ихэнх нь интернэтээр дамжуулан итгэл, гэр бүл, сайн мэдээний жишигт дайсагнасан хандлагатай, шашин шүтлэгээс ангид ертөнцийн муу нөлөөнд аль хэдийн автсан учраас энэ нь өнөө үед юу юунаас ч илүү чухал зүйл болж байна. Интернэт дэлхий дахинаа хүрээгээ тэлэн, бараг бүх айлд, тэр тусмаа суралцагчдын бие сэтгэл, оюун ухаан руу түрэн орж ирж байна.

Та судлах, итгэх хоёрыг нэгтгэн суралцах гэдэг нь юу болохыг зааснаар суралцагчдадаа тусалж чадна. Тэдэнд үлгэрлэн үзүүлэх замаар ур чадвар, арга барилыг ангидаа заа.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973):

“Би та нарт мэдлэгийг итгэлээр олж авна гэдэг нь амар хялбар зам биш гэдгийг сануулах гэсэн юм. Үүнийг хийхэд ихээхэн хичээл зүтгэл гарган, итгэлээр тууштай үргэлжлүүлэх шаардлагатай. …

Итгэлээр суралцах нь залхуу хүний хийдэг зүйл биш ээ. Тэр ч байтугай хүн үүнийг хийхийн тулд бүхэл бодгалиа Бурханд даатган, оюун ухааныхаа хамгийн гүнд байх бодол санаа, мэдрэмжийг Бурхантай холбосон үед л зөв холбоо үүсдэг хэмээн нэгэн хүн хэлсэн байдаг. Зөвхөн тэр үед л ‘итгэлээр олж авах мэдлэг’ хүрч ирдэг” болохыг олж харжээ.2

Итгэлээр олж авах мэдлэг нь цэвэр ариун гэрчлэлийг бий болгодог бөгөөд цэвэр ариун гэрчлэлд дараах гурван товч түүхэнд харуулсантай адил, хүний амьдралыг өөрчлөх хүч оршдог билээ.

Гурван түүх

Фоуби Картэр 1830-аад онд Огайогийн гэгээнтнүүдтэй хамт цугларахын тулд Мэйн дэх гэрээ орхин гарчээ. Тэр эмэгтэй “Найзууд маань мөн би ч гэсэн гаргасан шийдвэртээ гайхаж байсан ч дотроос минь ямар нэгэн зүйл чангааж байсан юм. Намайг гэрээ орхин явах гэж байгаад уйлан гашуудаж буй ээжийгээ би тэвчин харж чадахгүй байсан бөгөөд сүнс надтай хамт байгаагүйсэн бол эцсийн мөчид би бодлоо өөрчлөх нь гарцаагүй байлаа”3 хэмээн дурсжээ.

Фоуби бошиглогчийг даган, гэгээнтнүүдтэй хамт Огайод цугларан, улмаар Ютад очсон бөгөөд тэндээ нас барах хүртлээ итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн, Сүмийн ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын ачааг эн тэнцүү үүрэлцсэн эхнэр байсан билээ.

Коллежийн оюутан Марион Ж.Ромни (1897-1988) гэр бүлийнхээ санхүүгийн нөхцөл байдлын улмаас номлолд үйлчлэхгүй байхаар шийдсэн байв. Тэр нэгэн удаа ахлагч Мэлвин Ж.Баллардын үгийг сонсжээ. Намтар дээр нь “Түүний [Марионы] амьдрал хэсэгхэн хугацааны дараа орвонгоороо өөрчлөгдөх гэж байгааг тэр мэдсэнгүй” хэмээн бичсэн байв.

Цааш үргэлжлүүлэн “Марион анх удаа сүнслэг өдөөлтөд автах гэж ямар байдгийг бүрэн дүүрэн ойлгожээ” гэсэн байдаг. Түүний бодгаль асар хүчтэй, ирвэгнэх мэт мэдрэмжээр дүүрэв. [Тэр] шинээр дуудагдсан төлөөлөгчийн үгийг сонсож байх энэ мөчид мэдэрсэнтэй адил ямар нэг зүйлийг урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй байна. …

… Төлөөлөгчийн гэрэлтсэн царай, чин сэтгэлээсээ хуваалцсан гэрчлэл нь түүнийг номлолд явах эргэлзэхийн аргагүй хүслээр дүүргэсэн аж. … Тэр цааш сурах төлөвлөгөөгөө хойшлуулах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа.”4

Удалгүй Марион Австрали руу хүлгийн жолоо залсан бөгөөд тэндээ итгэлтэй үйлчилсэн юм. Хожим нь тэрээр хүчирхэг төлөөлөгч, Тэргүүн Зөвлөлийн гишүүн болсон билээ.

Сүүлчийн түүхийг ерөнхийлөгч Боид К.Пакэр ярьж өгсөн бөгөөд Виллиам Э.Бэррэтэд өндөр настай багш нь хэрхэн нөлөөлсөн тухай түүх юм. Норвегиос ирсэн, Сүмд хөрвөгдсөн багш нь англиар төгс ярьж чаддаггүй нэгэн байв. Багш нь хэлний хувьд хязгаарлагдмал хэдий ч ерөнхийлөгч Пакэр “Бэррэтт ахын тухай ‘Бид түүний итгэлийн галд гараа бараг дулаацуулж болохоор байдаг байв’ хэмээн нэг бус удаа гэрчил[сэн]”5 болохыг дурджээ.

Хожим Виллиам институт, семинар, Сүмийн сургуулиудын тэргүүн болжээ.

Фоуби, Марион, Виллиам нарын хувьд цэвэр ариун гэрчлэл сонссон нь тэднийг амьдралаа мөнхөд өөрчлөхөд хүргэсэн хурдасгуур болсон билээ. Энэ бүх зүйл та нарын суралцагчдад тохиолдох боломжтой. Гэхдээ өнөөгийн ертөнцийн бодит байдалд зөвхөн цэвэр ариун гэрчлэл сонсох нь хангалтгүй байж магадгүй. Фоуби, Марион, Виллиам нар сүнслэгээр өдөөгдсөн номлогч, багш, удирдагчдын өмнө сууж байхдаа цэвэр, ариун байхаас гадна порнограф, дэлхийн зүйл зэргээс хол байсан. Сүнс тэдний уян зөөлөн, цэвэр ариун зүрх сэтгэл рүү амархан нэвтрэн орж чадсан юм.

Та нарын зарим суралцагч ангидаа ирэхээсээ өмнө порнограф болоод дэлхийн зүйлсээр халдварлагдсан байдаг тул өнөө үеийн түүх үүнээс тэс ондоо билээ.

Хэдхэн үеийн өмнө залуус маань түүх, сургаал, зан үйлийн талаарх мэдээллийг зөвхөн Сүмээс хэвлэгдэн гарсан материалаас олж авдаг байв. Зөвхөн цөөн суралцагч уламжлалт бус тайлбартай учирч байлаа. Залуучууд ихэндээ сайтар хамгаалагдсан амьдралд амьдарч байсан.

Тэр үеийн сургалтын хөтөлбөр сайн байсан ч суралцагчдыг өнөөдрийн өдөрт буюу Сүмийн талаарх боломжтой бүх өнцгөөс авч үзсэн, бараг бүх мэдээллийг шууд авч болох энэ үед бэлдээгүй. Өнөөдөр тэдний зөөврийн хэрэгсэл дээрээ харж байгаа зүйл итгэлд нь хор хөнөөлтэй байх эсвэл итгэлийг нь урамшуулан дэмжих ч зүйл байж болно. Манай олон залуу сайн мэдээнээс гүүглийг илүүтэй мэдэж, сүнслэг өдөөлт гэхээс интернэттэй илүү таарамжтай байж, итгэл гэхээсээ фэйсбүктэй илүү холбоотой байна.

Зураг
man typing on a computer

Төгс эзэмших сургаал

Иймэрхүү хүндрэл, бэрхшээлтэй тэмцэхийн тулд саяхан Сүмийн боловсролын зөвлөл Төгс эзэмших сургаал нэртэй санаачилгыг гарган ажиллаж байна. Төгс эзэмших судар хөтөлбөрт үндэслэн хийгдсэн энэ шинэ санаачилга нь суралцагчдын Есүс Христэд итгэх итгэлийг бий болгон, хүчирхэгжүүлэхэд мөн сайн мэдээг амьдрал дээрээ даган, хэрэгжүүлэх ур чадварыг өсгөн нэмэгдүүлэхэд төвлөрнө. Тэд судрын болон бошиглогчдын үгсийг ашиглан, сүнслэг мэдлэг олж авахаас гадна Түүний сайн мэдээг ойлгохын тулд Христэд итгэх итгэлээр хэрхэн үйлдэхэд суралцана. Түүнчлэн тэд өдөр бүр үе тэнгийнхнээсээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсож, харж байгаа асуулт болон асуудлуудыг шийдвэрлэхэд Христийн сургаалыг мөн уг сургаалын зарчмыг хэрхэн ашиглаж болохыг мэдэж авах боломжтой болно.

Энэ нь сүнслэгээр өдөөгдсөн, цаг үеэ олсон санаачилга бөгөөд манай залуу үеийнхэнд гайхалтай нөлөөлнө. Гэхдээ Төгс эзэмших сургаал болон СБС-ийн бусад бүх сургалтын хөтөлбөрийн амжилтын ихэнх хувь манай багш нарын хичээл зүтгэлээс шалтгаална.

21-р зууны СБС-ийн багш та нарын хувьд энэ бүх саад бэрхшээлээс гадна ямар боломж, үүрэг хариуцлага байна вэ? Та Их Эзэнийг болон Түүний Сүмийг мөн суралцагчдаа хайрлах ёстой нь мэдээж. Түүнчлэн та цэвэр ариун гэрчлэлээ чин сэтгэлээсээ үргэлж хуваалцаж байх ёстой. Үүнээс гадна манай түүхэн дэх ямар ч үеэс илүү суралцагчид тань сайн мэдээнд боловсорч, бүрэн хөрвөгдөн, Есүс Христийг насан туршдаа дагана гэдэг нь юу болохыг олж мэдэхийн тулд сургаал эсвэл түүхэн нөхцөл байдал, агуулгыг судлангаа цэвэр ариун гэрчлэлтэй болсноор мөн итгэлээр суралцсанаар адислагдах хэрэгтэй. Боловсорч, бүрэн хөрвөгдөнө гэдэг нь тэд насан туршдаа “завин дээр үлдэж, зууран барих” болно гэсэн үг юм.6

Зураг
woman in Sunday School class

Та нар судруудыг болон бидний түүхийн талаарх сургаал, түүхэн нөхцөл байдал, агуулгыг ойлгохын тулд Их Эзэний удирдамжин доор “шилдэг номнууд”-аас суралцсан байх ёстой (С ба Г 88:118). “Шилдэг номнууд” гэдэгт судар, орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн сургаал, ХҮГ эрдэмтдийн хамгийн сайн бүтээлүүд орно. Та нар судлахаар мөн итгэлээр суралцахад хичээнгүйлэн гаргасан оролдлогоороо дамжуулан суралцагчдыг тань өндөрт өргөх баттай мэдээллийг болон тэднийг доош татах сургаал, түүх, зан үйлийн талаарх хагас үнэн, буруу тайлбаруудыг хооронд нь ялган танихад шаардагдах ур чадвар, хандлагыг олж авахад тэдэнд тусалж чадна.

Интернэтэд тулгуурлан, мөнхийн ач холбогдолтой асуултын хариултыг олж мэдэх үед тулгарах саад бэрхшээлийн тухай тэдэнд заа. Та нар тэдэнд “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал гүүглээс асуу” хэмээн Иаков хэлээгүй гэдгийг сануул (Иаков 1:5-ыг үзнэ үү).

Ухаантай хүмүүс сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодын эрүүл мэнд, ялангуяа амь насанд аюултай асуудлуудад онош тавихдаа интернэтэд тавигдсан мэдээлэлд тулгуурладаггүй. Үүний оронд тэд эрх бүхий эрүүл мэндийн болон улсын байгууллагаар дамжин бэлтгэгдэж, зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн мэргэжилтэнд ханддаг. Тэгсэн ч гэлээ, хашир хүмүүс хоёрдогч дүгнэлт авахаар эрэлхийлдэг билээ.

Хэрэв энэ нь сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг ухаалгаар шийдвэрлэх арга зам юм бол мөнх амьдрал дэнсэн дээр байгаа тохиолдолд үүнээс ч илүү хэрсүү хандах ёстой. Бидний сүнслэг амьдрал, ариун нандин гэр бүлийн харилцаа холбоо, хаант улс дахь гишүүнчлэлд маань ямар нэгэн зүйл заналхийлж байвал бидэнд туслах хянуур, итгэлтэй Сүмийн удирдагчдыг бид хайж олох хэрэгтэй. Шаардлага гарвал, эрдэм мэдлэгийн хувьд бэлтгэгдсэн, туршлагатай, мэргэжлийн хүмүүсээс тусламж эрэлхийлэх нь зүйтэй.

Надад өөрөө хариулж чадахааргүй асуулт гарч ирэхэд би яг үүнчлэн хийдэг. Би Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ах нараасаа мөн Сүмийн түүх, сургаалын салбарт мэргэшсэн бусад хүнээс тусламж эрэлхийлдэг.

Та нар суралцагчдынхаа гэр бүлээс гадна та нарын аль хэдийн заасан сэдвээр ямар нэгэн зүйлийг сонсож эсвэл уншихдаа тэдэнд нийцэж байгаа эсэхийг харьцуулан үзэхэд туслах түгээмэл бус эсвэл маргаантай сэдвээр зөвшөөрөгдсөн эх сурвалжийг танилцуулах хамгийн анхны хүмүүсийн дунд байх ёстой.

Сүнслэг вакцин

Бид юунаас ч илүү үнэ цэнтэй номлогчдоо номлолын талбарт илгээхийнхээ өмнө хор хөнөөл учруулж эсвэл амь насанд нь ч хүрч болох халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тэднийг вакцинжуулдаг. Үүнтэй адил суралцагчдаа дэлхий рүү илгээхийн өмнө тэднийг сайн мэдээний сургаал, судар, бидний түүх болон заримдаа буруу ташаа ойлгогдсон байдаг сэдвүүдийн тухай итгэлтэй, хянуур, зөв ойлголтоор вакцинжуул.

Түгээмэл бус эсвэл маргаантай сэдвүүдийг нэрлэвэл, олон эхнэртэй байх ёс, үзмэрч чулуу, Анхны үзэгдлийн талаарх өөр өөр түүх, Мормоны болон Абрахамын Номын орчуулгын үйл явц, хүйсийн асуудал, арьсны өнгө ба санваар эсвэл Тэнгэрлэг Эх зэрэг сэдвүүд юм.

Манай залуучуудыг вакцинжуулахад СБС-ийн багш та нарын хичээл зүтгэл ихээхэн хэрэгтэй. Энэ ойлголтыг толгойдоо хийгээд, цаг зав гарган, өөрт байгаа боломж, үүрэг хариуцлагынхаа талаар бодно уу.

Өнөөдрийн Сүмийн удирдагчид мэдээлэл олж авах хязгааргүй их боломжийг бүрэн ухамсарлаж байгаа учраас бид Сэргээлтийн талаар зөв агуулга, ойлголт өгөх зорилгоор ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Үүний хамгийн сайн жишээ бол LDS.org7 дээр тавигдсан, Сүмтэй холбоо бүхий маргаантай болон түгээмэл бус сэдвүүдээр өгөгдсөн баримт нотолгооны талаар тал талаас нь сайтар дэнслэн бодсон, баталгаатай тайлбар бүхий Сайн мэдээний сэдвээрх 11 нийтлэл юм.

Та нар эдгээр нийтлэлийн агуулгыг алганы хээ шигээ сайн мэддэг байх нь нэн чухал. Хэрэв та нарт эдгээрийн талаар асуух зүйл гарч ирвэл энэ сэдвийг судалж, ойлгосон хэн нэгнээс асууна уу. Өөрөөр хэлбэл, эдгээр сэдвээр өгөгдсөн нийтлэлийг судалж байхдаа “бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл” (С ба Г 88:118).

Түүнээс гадна та нар the Joseph Smith Papers вэбсайт,8 LDS.org-ийн Сүмийн түүхийн хэсэг болон ХҮГ итгэлтэй эрдэмтдийн өөр бусад эх сурвалжтай сайтар танилцсан байх ёстой.

Сургаал, түүхийг гүн гүнзгий бодон судалснаар сайн мэдээг ил тод болгон, сүнслэг байдлаар вакцинжуулах гэсэн хүчин чармайлтыг гал мэт дүрэлзэн шатах гэрчлэлтэй хамт нийлүүлбэл энэ нь суралцагчдадаа мэдээллийн энэ эрин үед гарч ирж болох асуултуудтай эсвэл эргэлзээ юм уу итгэлтэй холбоотой хямралыг шийдвэрлэж, эдгээрээс зайлсхийхэд туслахад хэрэглэж болох хамгийн сайн ерөндөг болох юм.

Багш та нар гагцхүү бидний түүх, сургаал, зан үйлийг илүү сайн, одоо байгаагаасаа ч илүү сайн ойлгохын тулд хичээл зүтгэл гаргасныхаа дараа суралцагчдынхаа асуултад гүн гүнзгий бодсон, хянамгай, сүнслэгээр өдөөгдсөн хариулт өгөхөд бэлтгэгдсэн байх болно.

Зураг
youth Sunday School class

Суралцагчдад тань ямар асуулт байгааг олж мэдэх нэг арга зам бол тэднийг анхааралтай сонсох явдал юм. Бүх сайн багш сайн сонсогч байх ёстой. Та нар суралцагчдаа сонсохын зэрэгцээ тэднийг ангид ирж эсвэл ганцаарчлан уулзаж, ямар ч сэдвээр асуулт тавихад урамшуулан дэмж. “Яагаад?” гэдэг нь таны суралцагчдын асуух хамгийн чухал асуулт байж болно. Ойлгоё гэсэн чин сэтгэлийн хүсэлтэйгээр асуувал “Яагаад?” гэдэг бол агуу асуулт. Энэ нь номлогчдын сонирхогчдоосоо өөрсдөөс нь асуугаасай хэмээн хүсэж байдаг тэр асуулт юм. Бид яагаад энд байгаа юм бэ? Яагаад муу зүйлс сайн хүмүүст тохиолддог юм бэ? Яагаад бид залбирах ёстой вэ? Яагаад бид Есүс Христийг дагах ёстой вэ? Ихэвчлэн яагаад гэсэн асуулт нь сүнслэг өдөөлт, илчлэлт рүү хөтөлдөг. Тэнгэрлэг Эцэгийнхээ авралын төлөвлөгөөг мэдэж байгаа учраас энэ нь “яагаад” гэсэн ихэнх асуултад хариулахад тань тусална.

Эцэст нь асуултад хариулахтай холбоотой нэгэн зүйлийг хэлье. Тэдэнд сайн мэдээ нь амьдралын хамгийн чухал гэсэн, ихэнх биш юм аа гэхэд олон асуултад хариулдаг бөгөөд зарим асуултад хариулахад шаардагдах хангалттай мэдээлэл бидэнд байхгүй учраас тэдгээрийг мөнх бус байдалд хариулах боломжгүй гэдгийг зааж өгөх нь чухал. Бид Иаковоос “Болгоогтун, Их Эзэний ажлууд агуу хийгээд гайхамшигтай юм. Түүний нууцуудын гүн нь хичнээн танигдашгүй билээ; мөн хүмүүн түүний бүхий л замуудыг олж мэдэх нь боломжгүй. Мөн түүнд илчлэгдээгүй аваас ямар ч хүмүүн түүний замуудыг үл мэднэ” гэдгийг мэдэж авдаг (Иаков 4:8; С ба Г 101:32–34-ийг үзнэ үү).

Анхааруулах үг

Одоо нэг зүйлийг анхааруулж хэлэх гэсэн юм. Та нар ихэнх суралцагчтайгаа адил өөрсдийгөө судар, сургаал, түүхийн мэргэжилтэн гэж бодох цаг үе ирж магадгүй. Сүүлийн үед хийгдсэн судалгаа нь “хүмүүс өөрсдийгөө ямар нэгэн сэдвийн талаар сайн мэддэг гэж бодохынхоо хэрээр мэддэг зүйлээсээ гадуур, тэр тусмаа худал баримт, хуурамч мэдээллийг хүртэл үнэн болгон батлах гэж оролддог” болохыг харуулсан байна.9

Хэтрүүлэн нотлох хэмээн тодорхойлсон энэхүү дүр эсгэсэн уруу таталтаас Сүмийн Боловсролын Системийн багш нар зайлсхийх ёстой. Харин үүний оронд “Би мэдэхгүй” гэж хэлэх нь тун зөв юм. Гэхдээ ингэж хэлснийхээ дараа та нар суралцагчдынхаа толгойгоо гашилган байж асуусан асуултад хамгийн сайн хариултыг өгөх үүрэгтэй (С ба Г 101:32–34-ийг үзнэ үү).

Та бүхэнд суралцагчдадаа зааж, асуултад нь хариулж байхдаа бидний сургаал, зан үйлийн талаарх итгэхийг урамшуулсан эсвэл үндэслэлгүй цуу яриа эсвэл өмнө нь өгч байсан, цаг үеэ өнгөрөөсөн ойлголт, тайлбаруудыг дамжуулан өгч болохгүй гэдгийг анхааруулах гэсэн юм. Амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судлах, Сүмд гарч буй асуудал, журам, мэдэгдлийн талаарх хамгийн сүүлийн мэдээллийг Mormonnewsroom.org, LDS.org-оос авах, худал хуурмаг, хуучинсаг эсвэл этгээд, хачин жигтэй зүйлийг заахгүйн тулд олонд нэртэй, сайтар тунгаан бодсон, итгэлтэй ХҮГ эрдэмтдийн бүтээлүүдэд хандах зэргийг дадал хэвшил болгох нь юу юунаас илүү ухаалаг алхам юм.

“Хэтрүүлэн нотлох” талаарх судалгааны зохиогчид “үнэндээ хэтрүүлэн нотлох гэсэн хандлага нь ялангуяа өөрсдийгөө мэргэжилтэн гэж боддог хүмүүсийг сайн мэддэг гэж боддог яг тэр салбартаа өөрсдийгөө илүү боловсруулан хөгжүүлэхэд саад болдог” хэмээн тэмдэглэсэн байна.10

Та нар насан туршдаа суралцагч байхаас гадна хувийнхаа амьдралд Ариун Сүнсийг хамт байлгах боломж олгодог зүйлсийг хийж байх ёстой. Эдгээр зүйлд чин сэтгэлээсээ залбирах, итгэлтэйгээр мацаг барих, судар ба амьд бошиглогчдын үгсийг тогтмол судлах, тунгаан бодох, Хүндэтгэлийн өдрийг баясгалантай өдөр болгох, ариун ёслолоос даруухнаар, Аврагчийг үргэлж дурсан санаж хүртэх, ариун сүмд боломжтой бол аль болох ойр ойрхон орж шүтэн бишрэх, эцэст нь дэлхий даяарх ядарч зүдэрсэн, ядуу болон ганцаардсан хүмүүст тусламжийн гараа сунгах зэрэг нь орно.

Та нар боломж, үүрэг хариуцлагаа зохих ёсоор биелүүлэхийн тулд номлож байгаа зүйлээ амьдрал дээрээ дагаж, хэрэгжүүлдэг байх ёстой.

Итгэлтэй хүмүүсээс буюу гэр бүлийн хүн, санваарын удирдагчид эсвэл удирдагчаасаа зөвлөгөө авч, залруулга эрэлхийлэх зориг зүрхтэй бай. Та тэднээс шавь байхаар хувьдаа чармайхдаа юун дээрээ ажиллаж, сайжруулах шаардлагатай байгаагаа асуу. Ариун Сүнсийг холдуулдаг аливаа зүйлээс зайлсхий.

Түүнчлэн өөрөө өөртэйгөө хувиараа ярилцлага тогтмол хийж, 2 Нифай 26:29–32, Aлма 5:14–30, Сургаал ба Гэрээ 121:33–46-г уншиж байхыг та нарт санал болгохыг минь зөвшөөрнө үү? Үүнийг хийх нь тулгарч болох уруу таталтыг ялган танихад бидэнд туслах болно. Хэрэв амьдралд тань өөрчлөх хэрэгтэй зүйл байвал үүнийгээ засаж залруулах шийдвэр гарга.

Хамтран ажиллагчдынхаа санаа сэдэлд эргэлзэхээр уруу татагдахаас хол бай. Үүний оронд сэтгэл зүрхнийхээ гүн рүү орон, өөрийнхөө хүсэл, сэдэл юу болохыг олж мэд. Зөвхөн энэ л нөхцөлд Аврагч зүрх сэтгэлийг тань өөрчлөн, та нарын хүсэл, сэдлийг Түүнийхтэй тааруулж чадна.

Өсөн өндийж буй залуу үеийнхэн Бурханы авра‑лын төлөвлөгөөг мэдэж, ойлгон, хүлээн зөвшөөрч, уг төлөвлөгөөнд оролцох ёстой. Төлөвлөгөөг ойлгох нь тэдэнд өөрсдийгөө Бурханы тэнгэрлэг хүү, охин гэдгээр харах боломжийг олгох бөгөөд энэ нь бараг бүх сургаал, зан үйл, зарлигийн талаар ойлгох дуран авайг тэдэнд өгөх юм.

СБС-ийн багш та нар 21-р зууны залууст төлөвлөгөөний талаар, үүнд тэнгэрлэгээр томилогдсон гэрлэлтийн сургаал, гэр бүлийн тунхагт11 тодорхойлсноор гэр бүлийн үүргийн талаар зөв зарчмуудыг заах боломж, үүрэг хариуцлагаа хүлээн авах хэрэгтэй.

Мөнхийн гэрлэлтийн тухай сургаал

Мөнхийн гэрлэлт, гэр бүлийн талаарх сургаал нь Бурханы аз жаргалын төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг болно. Энэ нь ариун сүмд лацдан холбогдсон бидний гэр бүлийг селестиел хаант улс дахь Тэнгэрлэг Эцэгийн маань мөнхийн гэр бүлийн нэгэн хэсэг болгодог юм. Энэ нь Түүний гэр бүлтэй болон сүнсний хүүхдүүдтэй шууд холбоотой учраас бид Эхлэл номоос “Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” мөн Адам эцэг, Ева эх хоёрт “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн бол” (Эхлэл 1:27–28-ыг үзнэ үү) гэснийг мэдэж авдаг.

Аз жаргалын төлөвлөгөө гэр бүлээр эхэлж, гэр бүлээр дуусдаг хэмээн хэлсэн байдаг. Үнэндээ гэр бүл нь мөнх бус байдлаас өмнөх дэлхийд эхэлсэн бөгөөд бид тэнд тэнгэрлэг эцэг эхийнхээ гэр бүлийн гишүүний хувьд амьдарч байсан билээ. Эцэст нь гэр бүлийн үүрэг амлалт, хайр энэрлийн харилцаа холбоо нь зөвхөн мөнхөд үргэлжлээд зогсохгүй, нөхөн үржихүйн замаар өсөн нэмэгдэх болно (С ба Г 131:1–4; 132:19-ийг үзнэ үү).

Энэ бүхнийг холбож байдаг гогцоо буюу Бурханы төлөвлөгөө, бидний мөнхийн хувь тавилантай хамаатай, бусад бүх зүйлийн тулах цэг нь бидний Аврагч, Есүс Христ юм. Түүний гэтэлгэгч золиослол нь хайр, энэрэл, мөнхийн гэрлэлт, гэр бүл гээд бүх зүйлийг боломжтой болгосон билээ.

Зураг
Portrait of Jesus Christ

Их Эзэн бидэнд ганц бие ямар ч хүн зөв шударга байгаа эсэхээсээ үл хамааран Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгсөн бүхнийг хүлээн авч чадахгүй хэмээн заасан байдаг. Ганц бие хүн бол тэгшитгэлийн дөнгөж тал нь бөгөөд селестиел хаант улсын дээд түвшинд амьдрах боломжгүй юм (1 Коринт 11:11; С ба Г 131:1–4-ийг үзнэ үү).

Мөнх бус байдлын зорилго бол бие махбодтой болж, сонгох эрхийг ашиглан, өмнө нь зөвхөн тэнгэрлэг эцэг эхийн гүйцэтгэдэг байсан нөхөр, эхнэр, эцэг эх байх гэсэн үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ хүлээн авснаар Бурхантай илүү адилхан болох явдал гэдгийг та нар суралцагчдадаа ойлгуулсан байх хэрэгтэй.

Зохистой хийгээд Есүс Христэд итгэж найддаг ч гэсэн хосоороо лацдан холбогдож эсвэл энэ амьдралдаа хүүхэдтэй болж чадаагүй хүмүүст ирэх амьдралд ийнхүү үйлдэх боломж олдох боломжтой болно гэдгийг бошиглогчид батлан хэлсэн байдаг.

Залуу хүмүүст Их Эзэний Сүмд хүн бүрд шүтэн бишрэх, үйлчлэх мөн ах дүүсийн хувьд сайн мэдээнд өсөж хөгжих орон зай олдоно гэдгийг заа. Тэдэнд Лихайн зааснаар, Бурханы бүх хүүхдэдээ зориулсан зорилго, найдварыг дараах байдлаар тоймлон хэлж болно. “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25) гэдгийг сануул.

Тэнгэрлэг Эцэг биднээс гэрлэлтийн талаарх Түүний тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч, “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн бол” (Эхлэл 1:28) хэмээх анхны зарлигийг зөвхөн Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд биш, харин охид хөвгүүдээс уг төлөвлөгөөнөөс тэдэнд зориулсан баяр баясгаланг олж аваасай хэмээн хүсдэг билээ.

Та нар Сүмийн боловсрол олгогчийн хувьд манай өсвөр үеийнхэнд Бурханы хүүхдүүдийн жинхэнэ баяр баясгаланг хүлээн авах боломжтой Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар тодорхой ойлголт олж авахад тусал. Тэдэнд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрч, оролцож, хамгаалахад нь тусал. Ерөнхий эрх мэдэлтнийхээ дөчин жилийн туршлагаас харахад, мөнхийн болоод тэнгэрлэг хувь тавилангаа огт ойлгодоггүй манай Сүмийн залуу болоод ахмад гишүүний тоо олон байгаад би сэтгэл зовниж явдаг.

Тиймээс хайрт багш нар минь, бид яагаад Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөний талаарх мэдлэг нь бидэнд ирдгийг асуух “яагаад” гэсэн асуултыг сургаал болон сүнслэг талаас нь тайлбарлаж өгдөг талаарх эдгээр боломжийг эрэлхийлэн, үүнд баясаж байх ёстой. Тэнгэрлэг Эцэг, Эхийн сүнсэн хүүхдүүд бидний хувьд, өмнө нь амьдарч байсан мөнх бус байдалд итгэдэг гэдгээ илэрхийлэх нь дэлхий яагаад бүтээгдсэн болохыг тайлбарлах боломжийг олгодог. Мөнх бус амьдралын нэн чухал зорилгын нэг бол гэр бүл гэж юу болохыг энэ удаа зөвхөн хүүхдийн хувьд биш, харин эцэг эхийн хувьд өөрийн биеэр үзэх явдал юм. Сургаалын болон Тэнгэрлэг Эцэгийн бидний мөнхийн аз жаргалд зориулсан төлөвлөгөөний зорилгын талаарх үндсэн ойлголтоо нандигнан хайрла, мөн тэдгээрийн талаар үргэлжлүүлэн заа.

Дүгнэлт

Тэгэхлээр энэ бүхнийг тоймлон хэлэхэд та бүхэнтэй хуваалцсан зүйл бол:

  • Суралцагчдад судлахаар мөн итгэлээр суралцахыг цэвэр ариун гэрчлэлтэй хослуулахыг заа.

  • Тэдэнд завиндаа үлдэж, чанга зууран барихыг заа.

  • Суралцагчдадаа зөөврийн хэрэгслийнхээ хэрэглээг хянаж, интернэтийн оронд Ариун Сүнстэй холбогдоход анхаарлаа илүү хандуулахыг зааж сурга.

  • Есүс Христийн сайн мэдээнээс олж авч болох авралын төлөвлөгөөний тухай үнэнээр суралцагчдаа вакцинжуул.

  • “Яагаад” гэсэн асуулт нь сайн мэдээний ойлголт руу хөтөлж болох агуу чухал асуулт гэдгийг сана.

  • Сайн мэдээний сэдвээрх нийтлэлүүдийн агуулгыг төгс эзэмш.

  • “Хэтрүүлэн нотлох” хэрэггүй бөгөөд “Би мэдэхгүй” гэж хэлэхээс бүү ай.

  • Насан туршдаа суралцагч бай.

  • Зөвлөгөө, залруулгыг итгэж найддаг хүмүүсээсээ эрэлхийл.

  • Өөрсдийн сүнслэг бэлтгэл, тууштай байдал, үр дүнгээ шалгах үүднээс хувийн ярилцлагыг тогтмол хийж байх талаар бодож үз.

  • Аз жаргалын төлөвлөгөө гэр бүлээр эхэлж, гэр бүлээр дуусдаг гэдгийг заа. Авралын төлөвлөгөөний талаар үргэлж бодож бай.

  • Гэрлэлт, гэр бүл мөнхийн баяр баясгаланг авчирдаг гэдгийг заа.

Судлахаар мөн итгэлээр суралцахыг цэвэр ариун гэрчлэлтэй хослуулах нь үнэн бөгөөд урт хугацаанд үргэлжлэх хөрвөлтийг авчирдаг гэдгийг сана. Дээрхээс гадна Их Эзэн Есүс Христийн Цагаатгалд итгэх хүчирхэг итгэл нь бидний сүнслэг хүч болон өсөлт хөгжилд юу юунаас чухал.

Та бүхэн заахаар дамжуулан хэн нэгний амьдралд тусалж, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээс хэн нэгнийг Түүн рүү буцаж очих аянд нь өргөж дэмжсэн гэдгээ мэдсэнээр баяр баясгалан, амар амгаланг олох болтугай.

Эшлэлүүд

  1. Ерөнхий эрх мэдэлтнүүдийн сургалт, Солт Лэйк хот, 1992 оны 9-р сарын 29.

  2. Харолд Б.Лий, Клайд Ж.Виллиам, хэв., The Teachings of Harold B. Lee (1996), 331.

  3. Эдвард В.Таллиж, The Women of Mormondom (1877), 411–414-ийг үзнэ үү.

  4. Ф.Бөртон Ховард, Marion G. Romney: His Life and Faith (1988), 62–64-ийг үзнэ үү.

  5. Боид K.Пакэр, “A Tribute to the Rank and File of the Church,”Ensign, 1980 оны 5-р сар, 62.

  6. М.Рассэлл Баллард, “Завиндаа үлдэж, чанга зууран барь!” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган-ыг үзнэ үү.

  7. Lds.org/topics/essays-ийг үзнэ үү.

  8. Josephsmithpapers.org-ыг үзнэ үү.

  9. Брэнт В.Вэбб, “Quest for Perfection and Eternal Life” (Бригам Янгийн Их Сургуулийн жил тутмын чуулганы хэсгийн хуралдаан, 8-р сар, 24, 2015), 10, speeches.byu.edu; Став Атир, Эмили Розэнзвэйг, Давид Даннинг, “When Knowledge Knows No Bounds: Self-Perceived Expertise Predicts Claims of Impossible Knowledge,” Psychological Science, 2015 оны 8-р сар, 1295–1303-ыг мөн үзнэ үү.

  10. Брэнт В.Вэбб, “Quest for Perfection and Eternal Life,” 10.

  11. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү.