2012
Их Эзэний замаар удирдах нь
2012 оны нэгдүгээр сар


Сүмд үйлчилсэн нь

Их Эзэний замаар удирдах нь

Бид ямар дуудлагатай нь хамаагүй, Их Эзэний замаар үйлчилж, удирдсан үед өөрсдөө ч адислагдаж, өрөөл бусдыг ч адислах болно.

Жонс ах хүүтэйгээ Виллямынхны гэр бүлд гэрийн багшаар томилогдоод сар бүр тэднийд очдог болжээ. Виллямын охин Ким гэрийн багш нар нь өөрийнх нь төлөө анхаарал халамж тавьж байгааг тэдний айлчлалтаас мэдсэн гэнэ. Тэр охин сайн мэдээний тухай олон асуулт асуудаг байсан бөгөөд тэдэнтэй ярилцахдаа дуртай байлаа.

Нэг зун Ким өөрт нь гэрчлэл байгаа эсэхийг мэдэх гэж чармайж байсан үед Жонс ах болон өөр нэг Мелкизедек санваартан Залуу Эмэгтэйчүүдийн аялал зугаалганд хамт хариуцаж явахаар болжээ. Аялал зугаалгын үеэр гэрийн багштайгаа хамт байсан нь маш сайхан байлаа хэмээн Ким хожим нь дурсчээ. Жонс ах өөр нэг Мелкизедек санваартны хамт зугаалгын үеэр өөрийнх нь хүсэлтээр түүнд санваарын адислал өгсөн үед Аврагчийн тухай гэрчлэлтэй болсон гэж тэр гэр бүлдээ ярьсан ажээ.

Гэрийн багш нар нь Виллямын гэр бүлийн жинхэнэ анд найзууд болсон гэнэ. Тэдний нөлөө Ким, түүний эцэг эх болон Их Эзэний хувьд чухал учир холбогдолтой байлаа.

Удирдлага ба дуудлага

Өнөөгийн дэлхийд хүний хувийн өсөлт хөгжилт, амжилт бүтээлийг хэр зэрэг өндөр албан тушаал хашдаг эсвэл хэр зэрэг их цалин авдгаар нь хэмжих явдал нийтлэг болжээ. Бид ажил албан тушаалыг нийгэмд оруулдаг тухайн хүний хувь нэмрийн чухал үзүүлэлт гэж үзэх нь олонтаа тохиолддог. Сүнслэг байдлын өсөлт хөгжилтөө хэрхэн хэмжихийг мэдэхийн төлөө олон хүн хичээн чармайдаг нь гайхмаар зүйл биш.

Олон Хожмын Үеийн Гэгээнтэн Сүмд удирдах албан тушаалуудад дуудагддаггүй учраас өөрсдийн өсөлт хөгжилтийн талаар эргэлздэг тухай би сонссон. Гэвч бидний өсөлт хөгжилтийг удирдлагын дуудлагуудаар хэмжиж болно гэж үү?

Хэрэг дээрээ бол удирдах арга барилд дуудлага шаардлагагүй юм. Зарим хүмүүс дуудлага буюу албан тушаалгүйгээр жинхэнэ удирдлагын үлгэр жишээг харуулж, сэтгэл санааг өргөн, урам дэм хайрлагч нөлөө үзүүлдэг. Сургаал ба Гэрээний 121-р хэсэгт удирдлагын тухай чухал сургамжийг заасан байдаг:

“Тэд бага ч гэсэн эрх мэдэлтэй боллоо хэмээн өөрсдөө бодмогцоо тэр даруй шударга бусаар эзэгнэж эхлэх болно гэдэг нь бараг бүх хүний мөн чанар хийгээд авир төрх юм гэдгийг бид гашуун туршлагаар мэдэж авлаа.

Иймээс олон нь дуудагддаг хэдий ч, цөөхөн нь сонгогддог болой.

Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу;

Нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ нь зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг буюу” (шүлэг 39–42)

Удирдлагыг хүмүүст юу хийхийг нь хэлж өгөхтэй хольж хутгах нь нийтлэг тохиолддог. Энэ нь буруугаар нөлөөлөхөд хөтөлж болно. “Би ингэж хэлж байгаа учраас” (Би санваартан учраас, эсвэл санваарын эрх мэдлээр дуудагдсан учраас) чи үүнийг хийх ёстой гэж хэлэх нь зохимжгүй. Хэсэг 121 дэх нэг чухал сургамж бол жинхэнэ удирдагч хүн удирдамж өгдөггүй, харин албан тушаалынх нь улмаас хүмүүс түүнийг зүгээр л дагахыг хүсэн хүлээдэг нь 121-р хэсэг дэх чухал сургамж юм. Ийнхүү, санваартны удирдлага нь урилга юм. Цэвэр мэдлэг, чин сэтгэлийн хайр дээр үндэслэсэн найрсаг урилга нь “Би ингэж хэлж байгаа учраас” гэсэн үгсээс илүү агуу үр дүнтэй байх болно.

Тушаал буулгадаг удирдагчид их зүйлийг хийлгэж чаддаг нь үнэн л дээ. Гэвч тэд Их Эзэний илчилсэн арга замаар удирдаж чаддаггүй. Түүнчлэн тэд удирдаж байгаа хүмүүсийнх нь дунд байх ёстой бие даах чадвар, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлдэггүй.

Жинхэнэ удирдлага

Шүлэг 41, 42-т дуудлага буюу эрх мэдэл бүхий албан тушаалыг хүч буюу зохих нөлөө үзүүлэх арга зам гэж үзээгүй байна. Харин үүний оронд жинхэнэ удирдагчийн хүч буюу нөлөө нь сэнхрүүлэл, тэсвэр хатуужил, эелдэг дөлгөөн зан, чин сэтгэлийн хайр, нинжин сэтгэл, цэвэр мэдлэгээр дамжин илэрдэг. Жинхэнэ удирдагчийн эдгээр чанаруудыг дуудлага буюу албан тушаалаас хамааралгүйгээр бүх хүмүүс харуулж чадна.

Удирдлагын дуудлагууд нь унадаг дугуйны дасгалын дугуйтай маш төстэй юм. Дасгалын дугуй нь тэнцвэрээ олж суран, дугуйгаар итгэлтэй явж сурах боломжийг хүүхдэд олгодог. Удирдлагын дуудлага нь бусдыг хайрлах, тэвчээртэй байх, цэвэр мэдлэг болон нинжин сэтгэлээр дамжуулан сэнхрүүлэхэд хүмүүсийг сургадаг билээ. Хүний зан төлөвийг албадах аливаа оролдлого нь Сүнсийг үгүй болгож, үр нөлөөг нь бууруулдгийг тэд бас мэднэ.

Бид дуудлагаас чөлөөлөгдсөний дараа дуудлагатай байсан үедээ хэрхэн өсч хөгжин, юу сурч мэдсэнээ ойлгох болно. Дуудлага нь нөлөөлөх хүч болоогүй тохиолдолд бид бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилж сурсан уу? Бид сайн хүмүүс болсон учраас бусдад нөлөөлөх хүчтэйгээр үйлчилж сурсан уу?

Их Эзэн биднийг бүхэл амьдралын туршид дахин давтан уриалан дуудах болно. Тэрбээр бидний зүрх сэтгэлийг мэддэг. Түүнд бидний хүн нэг бүрийн ур чадвар, мэдлэг, Сүнсийг мэдрэх чадвар хэрэгтэй болсон үед Тэрбээр биднийг дууддаг. Түүний дуу хоолойг сонсох бидний хүсэл болон Тэр биднийг хайрладгийн адилаар Түүнийг бид хэрхэн хайрладгийн дагуу Тэрбээр биднийг дуудах болно.

Бид Их Эзэний замаар бусдад хэрхэн сайн нөлөө үзүүлэхийг сурсан тохиолдолд өөрсдийн үлгэр жишээгээр бусдыг өргөн дэмждэг хүмүүс болно. Бусдад сайн нөлөө үзүүлэхэд дуудлага анхдагч шалтгаан болж чадахгүй. Гэсэн хэдий ч, биднээс хүссэн үед бид Сүмийн дуудлагадаа сайн үйлчлэх ёстой.

Бид Ням гарагийн хичээл болон залуучуудын хөтөлбөрүүдэд, эсвэл гэрийн болон айлчлагч багшаар, тэр ч байтугай, бишоп эсвэл Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчөөр үйлчиллээ гэхэд бусдад үйлчилсэн бидний үйлчлэл Аврагчийг хайрлах бидний хайрын илрэл байх болно. Бид ямар дуудлагатай нь хамаагүй, Их Эзэний замаар үйлчилж, удирдсан үед өөрсдөө ч адислагдаж, өрөөл бусдыг ч адислах болно.

Гэрэл зураг чимэглэлийг хуулбарлаж болохгүй