2010
Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг Далын уламжлал
2010 оны Арванхоёрдугаар сар


Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг Далын уламжлал

Далын гишүүд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг тухайгаа хуваалцаж, Аврагчийн төрөлтийг дурсан санадаг.

Христийн Мэндэлсний Баяр гэр бүлийн гишүүн бүрд утга учиртай байхын тулд бид энэ баярыг хэрхэн тэмдэглэж болох вэ? Христийн Мэндэлсний Баярын төвд Аврагчийг хэрхэн байлгах вэ? Түүнийг болон Түүний төрөлтийг санахад ямар уламжлалууд бидэнд тусалж болох вэ?

Олон өөр улс орон, соёл заншлыг төлөөлдөг Далын гишүүд хайрладаг хүмүүстээ зориулж, эдгээр асуултуудад өөрсдөө хариулж, энэ баярыг тэмдэглэдэг арга хэлбэрээ хуваалцаж байна. Тэд Христийн Мэндэлсний Баярын зарим дуртгал, гэрчлэл, уламжлалыг хуваалцаж байна. (Тэдний төрөлх орныг хаалтанд дурдав.)

Зураг
Elder Marcos A. Aidukaitis

Ахлагч Маркос A.Айдукайтис (Бразил): Христийн Мэндэлсний Баяр бол надад болон манай гэр бүлийн хувьд жилийн өөр үед албан байдлаар эсвэл өөр ямар нэг хэлбэрээр хуваалцдаггүй ариун зүйлсийн тухай ярилцдаг онцгой үе юм. Энэ бол бие биедээ хайраа харуулж, амьдралдаа тохиолдсон зүйлсийн төлөө талархал илэрхийлэх боломж юм.

Зураг
Elder David S. Baxter

Ахлагч Дaвид С.Бахтер (Шотланд): Бид хүүхдүүдээ бага байхад Христийн Мэндэлсний Баярын урьд орой дуу, дуулал дуулж, тойргийнхоо идэвх султай гэр бүлүүдэд Христийн Мэндэлсний Баяраар түүдэг гал ноцоох гуалин бэлэглэхээр очдог байлаа. Бид Христийн Мэндэлсний Баярын урьд орой лаа асааж, энэ баярын тухай түүх уншин, гэр бүлээрээ тусгай зоог бэлтгэн идэж, дараа нь Христийн Мэндэлсний Баяраа хамтдаа тэмдэглэдэг.

Зураг
Elder Gérald Caussé

Ахлагч Жеральд Коссе (Франц): Манай гэр бүлд Христийн Мэндэлсний Баяр бол зүгээр л хамтдаа хөгжилтэй байх цаг биш гэж бид шийдсэн юм. Харин энэ бол Христ дээр анхаарал төвлөрүүлж, бусдад үйлчлэх үе юм. Бид гэр бүлийн найрал дуу байгуулаад 10 орчим жил болж байна. Бид эмнэлэг дээр мөн тэтгэвэрт гарсан ахмадуудын гэрт очиж Христийн Мэндэлсний Баярын дуу дуулдаг. Эхний үед манай найрал дуу цөөхөн хүнтэй байв. Бид бага насны хүүхдүүдээ гар дээрээ өргөх буюу хүүхдийн тэргэнд авч явдаг байлаа. Харин одоо тэд өсч том болон туршлагатай дуучид болоод байна. Бид зөвхөн Францын уламжлалт дуу, дууллуудыг төдийгүй бас Сүмийн дууллуудыг дуулдаг 44 хүнтэй найрал дуутай болж, их амжилт оллоо. Дуу дуулсны дараа хүүхдүүд гэр бүлээрээ бидний бэлтгэсэн жижигхэн бэлгүүдийг өвчтөнүүд болон өндөр настнуудад өгдөг. Бид Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ утга учрын талаар хүн бүртэй ярилцахын хамт тэдний үгийг сонсох цаг гаргахыг хичээдэг. Хүн бүрд хуваалцах зүйл өдий төдий байдаг.

Бидний айлчлал Христэд итгэгч байж, Түүний нэрийг өөр дээрээ авах талаар юу мэдэх хэрэгтэйг санах онцгой үйл явдал болдог. Христийн Мэндэлсний Баяр бол бид жилийн турш ямархуу байдалтай байвал зохихыг сайтар анхааруулан сануулагч юм.

Зураг
Elder Eduardo Gavarret

Ахлагч Эдвардо Гаваррет (Уругвай): Христийн Мэндэлсний Баяр бол бидний амьдрал дахь онцгой үе юм. Энэ үеэр бид элэгсэг дотно, элгэн халуун мэдрэмжээр үргэлж дүүрэн байдаг. Арванхоёрдугаар сар гарахад Христийн Мэндэлсний Баяр бидний хувьд амар амгалангийн болон гэр бүлээрээ хамт байх үе болдог. Бид найз нөхөддөө захидал бичдэг уламжлалтай. Гэвч Аврагчид захидал бичиж, Христийн Мэндэлсний Баярын сүлд модон дээр Түүнд өгөх бэлэг болгон тавих нь бидэнд онцгой таалагддаг.

Зураг
Elder Carlos A. Godoy

Ахлагч Карлос A.Годои (Бразил): Бид гэр бүлээрээ өөрсдийн гэрчлэлийг Мормоны Номон дээр бичиж, найз нар, төрөл садангууддаа Христийн Мэндэлсний Баярын бэлэг болгон илгээдэг. Энэ бол Христийн Мэндэлсний Баяр учраас бэлэг заавал дагалддаг. Мөн сайн мэдээг хуваалцах болон энэ баярын хамгийн чухал хэсэг бол Христ гэдгийг сануулах нь сайн арга зам мөн.

Зураг
Elder Christoffel Golden Jr.

Ахлагч Бага Кристоффел Голден (Өмнөд Африк): Бид Христийн Мэндэлсний Баярын урьд орой сайхан зоог барьж, дараа нь Аврагчийн төрөлтийн тухай Лукийн шастирыг уншдаг. Христийн Мэндэлсний Баярын өглөө ням гарагт өмсдөг хамгийн сайхан хувцсаа өмсөж, Христийн Мэндэлсний Баярын товчхон цуглаан хийдэг. Энэ цуглаанд гишүүн бус нэлээд хүмүүс, идэвх султай гишүүдийг оролцуулдаг. Дараа нь гэр бүлийн цуглаан хийдэг найз нар, гэр бүлийн бусад гишүүдээр айлчилж, Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ уур амьсгалд гэр бүлийн хэлхээ холбоогоо бэхжүүлдэг.

Зураг
Elder Donald L. Hallstrom

Ахлагч Дональд Л.Холлстром (АНУ): Бид өнгөрсөн жилүүдэд Христийн Мэндэлсний Баярын урьд орой гэрчлэлээ ер бусын сайхан, дурсгалтайгаар хуваалцаж ирлээ. Гэр бүлийн гишүүн бүрд Аврагч болон Тэнгэр дэх бидний Эцэгийн тухай санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгодог байлаа. Хайрын тэрхүү гүнзгий мэдрэмж дараа нь биднийг бие биеэ хайрладаг болгож, улмаар гэр бүлийн гишүүд хайраа чин сэтгэлээсээ илэрхийлж сурсан юм. Аав дараа нь гэр бүлдээ итгэл найдвараа илэрхийлж, итгэлдээ үнэнч үлдсэнийх нь төлөө гэр бүлийн гишүүн бүрд урам дэм өгдөг байв. Тэгээд бид гэр бүлээрээ хаалтын залбирал хийхээр хамтдаа өвдөг сөгдөнө.

Зураг
Elder Paul V. Johnson

Ахлагч Пол В.Жонсон (АНУ): Бид жил бүр гэр бүлээрээ Ханделын Мессиа-г дуулдаг уламжлалтай. Бид үүндээ их дуртай. Бидэнд бүгдэд нь хувилсан дууны үг, нот байдаг. Энэ нь дууны сайхан үгсийг Ханделын хөгжимд тохируулан дуулж, Аврагчийн үйлчлэлийг дурсан санах боломжийг бидэнд олгодог.

Зураг
Elder Yoshihiko Kikuchi

Ахлагч Юшико Кикучи (Япон): Христийн Мэндэлсний Баяраас 30 орчим хоногийн өмнө эхнэр бид хоёр Аврагчийн төрөлтийн тухай бошиглогчдын үгсийг судруудаас уншихыг хичээдэг. Хэрэв та нар 12-р сарын 25-ныг хүртэл өдөр бүр нэг түүхийн дараа нөгөө түүхийг, нэг судрын дараа өөр нэг судрыг унших юм бол Христийн Мэндэлсний Баярын уур амьсгалыг аяндаа мэдэрнэ. Үүнийг бид гэртээ хэрэгжүүлэхийг чармайдаг.

Аавынх нь зүүдэнд харагдсан модны учрын талаар тэнгэр элчийн асуултад Нифай хэрхэн хариулсныг би үргэлж санадаг. “Тийм ээ, энэ бол хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэх Бурханы хайр” (1 Нифай 11:22) гэж Нифай хэлсэн юм. Миний хувьд, Христийн Мэндэлсний Баяр бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайр юм.

Зураг
Erich W. Kopischke

Ахлагч Эрих В.Копищки (Герман): Энэ баярын үеэр манай гэр бүл бүхэлдээ үнэхээр өөрчлөгддөг. Гацуурын гишүүг чимэглэн, лаагаар цонхоо чимж, хэлхээ олон гэрэл дүүжилнэ. Хүүхдүүд Христийн Мэндэлсний Баярын чимэглэлийг өрөөндөө хийж, жигнэмэг, цагаан гаатай талх жигнэн, гацуур мод, шанцын анхилуун үнэр гэрээр дүүрэн ханхийнэ.

Христийн Мэндэлсний Баярын урьд орой бид гэр бүлийн гишүүд, найз нөхдөө гэртээ урих дуртай. Бид лаа асааж, пийшингээ галладаг. Бид өөрсдийн дуулах дуртай Христийн Мэндэлсний Баярын дуунуудтай дууны тусгай номыг бэлтгэсэн. Би найраг баян хуураа гаргаж, хамтдаа дуулах дуу буюу дууллыг хүн бүр сонгоно. Хүн бүрд онцгой мэдрэмж төрдөг.

Дараа нь бид бэлгээ задалдаг. Бага хүүхдүүд эхлээд бэлгээ задална. Бэлэг болгоныг задлахад бүгд харж, сэтгэл хөдлөлөө хуваалцана. Бэлгийг задалж дууссаны дараа хүүхдүүд бэлгээ аваад алга болоход, томчууд үлдэж, яриа хөөрөө өрнүүлнэ. Энэ нь гэр бүлийн тусгай үдэштэй адилхан санагддаг.

Зарим үед бид ганцаардаж магадгүй хүмүүсийг Христийн Мэндэлсний Баяраар урьдаг. Христийн Мэндэлсний Баяр үнэхээр онцгой сайхан баяр.

Зураг
Elder Michael John U. Teh

Ахлагч Майкл Жон Ю.Тех (Филиппин): Христийн Мэндэлсний Баяр бол миний хувьд Христ ба миний гэр бүл юм. Энэ бол миний хувьд нөхөр, эцгийн хувиар Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой харилцах харилцаагаа улам сайжруулахад шийдвэр төгс байх нэг боломж юм. Жилийн турш ариун ёслолын цуглаанд оролцох боломжтой байгаадаа би баяртай байдаг. Учир нь энэ бол гэрээнүүдээ шинэчилж, Христийн Мэндэлсний Баярыг санах үе мөн. Ариун ёслолын цуглаан бол миний хувьд долоо хоног бүр болдог Христийн Мэндэлсний Баяртай адил Аврагчийг санахад шийдвэр төгс байх үе мөн.

Зураг
Elder José A. Teixeira

Ахлагч Хосе A.Тексейра (Португаль): Манай гэр бүлийн хувьд Христийн Мэндэлсний Баярын уур амьсгалыг зөвхөн энэ баярын үед төдийгүй, жилийн турш сахин, хадгалах хамгийн сайн арга зам бол судар унших явдал мөн. Гэр бүлээрээ судар уншсанаар бид Аврагчийн тухай санаж, Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ уур амьсгалыг бий болгодог.

Миний хувьд, манай гэр бүлийн хувьд Христийн Мэндэлсний Баяр үнэхээр Есүс Христ дээр төвлөрдөг. Энэ бол өгөх, авах цаг, гэр бүлүүд уулзаж учран, эргэн тойрондоо байгаа хүмүүст хайр энэрлээ харуулах цаг мөн.

Зураг
Elder Francisco J. Viñas

Ахлагч Франциско Ж.Биньяас Викас (Испани): 1989 онд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан үед хуримтлуулсан туршлагаа та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Бид Аргентины Салта номлолд үйлчилж байхдаа Христийн Мэндэлсний Баяраас хэдхэн хоногийн өмнө, дараагийн мэдэгдэл өгөх хүртэл номлогчид орон байрнаасаа гарахгүй байх тухай заавар хүлээн авлаа. Энэ нь Нэгдсэн Улс Панамд цөмрөн орох болсонтой холбоотой байв.

12-р сарын 24-ний өглөө бид номлолын машинуудыг ачаалж номлолыг хоёр хувааж, туслахууд номлолын хойд хэсэг уруу, би найман настай хүүгийнхээ хамт номлолын өмнөд хэсэг уруу явлаа. Зорилго нь гэвэл хос номлогч бүртэй орон байраар нь очиж уулзан, хоол хүнс хүргэж өгч, Христийн Мэндэлсний Баярын захиасыг тэдэнтэй хуваалцах явдал байв. Энэ нь хүү бид хоёрын хувьд агуу туршлага болсон юм. Номлогчдын байр бүрээр орж тэдэнтэй хамт байсан маань бид хоёрт гайхалтай туршлага—Христийн Мэндэлсний Баярын сэтгэл сэргээсэн сайхан дурсамж болж үлдсэн юм.

Эхнэр хоёр охинтойгоо номлолын гэрт үлдсэн. Хүү бид хоёр 12-р сарын 25-ны өглөө эрт эргэж ирэв. Энэ бол Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр бид гэр бүлээрээ хамт байгаагүй анхны тохиолдол байсан ч бидний хувьд хамгийн дурсгалтай Христийн Мэндэлсний Баяр байлаа.

Зураг
Elder Jorge F. Zeballos

Ахлагч Хорхе Ф.Зебаллос (Чили): Есүс Христ амьд, Тэрээр бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэдэг гэрчлэл танд байгаа цагт, Түүнд хайртайгаа харуулах хамгийн сайн арга зам бол Түүний зарлигуудыг дуулгавартай дагах явдал мөн. Тиймээс миний хувьд зөвхөн Христийн Мэндэлсний Баярын үеэр биш, харин өдөр бүр Түүнийг санах хамгийн сайн арга зам бол биднээр хийлгэхээр Түүний хүсдэг бүхэнд дуулгавартай байх явдал мөн.

Зураг
Elder Claudio D. Zivic

Ахлагч Клаудио Д.Зивик (Aргентин): Надад болон манай гэр бүлийн хувьд Христийн Мэндэлсний Баяр нь бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч, Есүс Христийн төрөлтийг тэмдэглэх явдал мөн. Энэ бол Христийн Мэндэлсний Баярын урьд орой гэр бүлээрээ цуглаж, гэр бүлийн үдэш хийж, түүн дээр хүн бүр танилцуулга хийж, судар уншин, Бетлехемд мэндэлсэн бяцхан Хүүгийн онцгой үйл явдлын тухай дуу дуулдаг. Манай гэр бүлийн хувьд хамгийн чухал баяр байдаг учраас бид өдөр бүр сайн мэдээгээр амьдарснаар энэ баярын уур амьсгалыг хадгалахыг хичээдэг билээ.

Христийн Мэндэлсний Баярын чимэглэлийн гэрэл зургуудыг Жон Лук; Дэлхийн бөмбөрцөг өндөр уулсын газрын зурагт © 1993 Digital Wisdom