2010
Бид Христийг харж чадах уу?
2010 оны Арванхоёрдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Бид Христийг харж чадах уу?

Зураг
President Dieter F. Uchtdorf

Нэг шөнө өвөө нь дөрвөн настай ач охиндоо нэгэн түүх уншиж өгч байтал ач охин нь дээшээ харж, “Өвөө, тэр оддыг хараач!” гэжээ. Хижээл эр эелдэгхэн инээмсэглэн, “Бид гэр дотор байна шүү дээ, охин минь. Энд одод байхгүй” гэв. Гэвч охин өөрийнхөөрөө зүтгэж, “Өрөөнд чинь одод байна! Хар л даа!” гэх нь тэр.

Өвөө нь дээшээ хараад ихэд гайхсан аж. Таазанд нь гялалзсан жижигхэн төмөр одод нааж тогтоосон байв. Энэ нь ихэнхдээ харагдахгүй боловч гэрэл тодорхой замаар тусах үед битүү одод гялалзах мэт харагдана. Эдгээр жижигхэн оддыг хүүхдийн нүд л олж харах ажээ. Гэвч яах аргагүй л одод байв. Тэр мөчөөс хойш өвөө энэ өрөөнд орж ирэхдээ тааз өөд хараад өмнө нь харж байгаагүй бяцхан оддыг олж хардаг байв.

Бид дуу хөгжим, гэрэл, үдэшлэг, бэлэг сэлтээр дүүрэн бас нэгэн гайхамшигтай Христийн Мэндэлсний Баяраа угтахаар бэлэн болж байв. Ихэнх хүмүүс ингэдэг л дээ. Гэвч Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авсан сүмийн гишүүд жилийн энэ сайхан үеийн гаднах гял цалыг бус харин түүний цаадах жинхэнэ үнэн ба үзэсгэлэнг хардаг байх хэрэгтэй.

Тэдний дунд, бүр дэргэд нь Аврагч мэндэлснийг Бетлехемд хэчнээн хүн мэдэж байсан бол хэмээн би боддог. Бурханы Хүү, удаан хүлээсэн амлагдсан Мессиа тэдний дунд ирсэн байлаа!

Тэнгэр элч хоньчдод юу гэж хэлснийг санаж байна уу? “Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” (Лук 2:11). Тэгэхэд нь хоньчид, “Одоо шууд Бетлехемд очьё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе” (Лук 2:11, 15) гэжээ.

Бид эртний хоньчдын нэгэн адил, “Эзэний бидэнд мэдүүлсэн зүйлийг үзэцгээе” гэж чин сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй. Бид үүнийг зүрх сэтгэлээрээ хүсэх хэрэгтэй. Израилын Ариун Нэгэнийг тэжээлийн тэвшинд, ариун сүмд, уулан дээр, бас загалмай дээр харцгаая. Энэхүү агуу баяслын мэдээний төлөө хоньчдын нэгэн адил Бурханыг алдаршуулж, Түүнд магтаал өргөе!

Зарим үед олж харахад хамгийн хэцүү зүйлс бид бүхний яг нүдний өмнө байж байдаг. Таазандаа байгаа оддыг олж хараагүй өвөөгийн адил бид заримдаа хамар дороо ил байгаа зүйлийг олж харж чаддаггүй.

Бурханы Хүүгийн ирэлтийн тухай алдар суут захиасыг сонссон бид, Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, Түүний шавь нарын хувьд Түүний замаар алхлахаар гэрээ хийсэн бид Түүнийг жинхэнэ ёсоор харахын тулд зүрх сэтгэл, оюун ухаанаа нээх ёстой.

Христийн Мэндэлсний Баяр бол олон талаараа гайхамшигтай үе юм. Энэ бол нинжин сэтгэл, энэрэл нигүүлсэл, ах дүү ёсны хайрын үе юм. Энэ бол бид амьдралынхаа талаар, үй олон адислалынхаа талаар сайтар тунгаан бодох, бусдыг уучлах бас бусдаар уучлуулах үе юм. Бас дуу хөгжим, гэрэл, үдэшлэг, бэлэг сэлтээр сэтгэл баясаж баярлах үе мөн. Гэвч энэ үеийн сэтгэл догдлом гял цал байдал хэзээ ч бидний харааг бүдэгрүүлж, Энхийн Жононг сүр жавхланд нь харахад саад болох ёсгүй.

Энэ жилийн Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэлт ой, баяр баяслын үе, Бүхнийг Чадагч бидний Бурхан дэлхийг гэтэлгэхийн тулд Төрсөн Ганц Хүү, Есүс Христийг илгээсэн тэрхүү гайхамшгийг хүлээн зөвшөөрч талархах үе болгоцгооё!

Гэрэл зураг болон чимэглэлийг Давид Стакки, Жөү Флорес

Зүүн талд: Зураг чимэглэлийг Пол Манн; хээн чимэглэлийг Жөү Флорес; Христ Иарын охиныг үхлээс босгосон нь , Грег Өүлсен © 1990; Есүс хөвгүүн Ариун сүмд, Грант Ромни Клосон © IRI; Цовдлолт, Харри Андерсен © IRI; зураг чимэглэлийг Пол Манн; Тэр амилсан, Дел Парсон; Гурван мэргэн хүн, Пол Манн