2010
Та нар тэнгэр элчүүд шиг байлаа
2010 оны Арванхоёрдугаар сар


Та нар тэнгэр элчүүд шиг байлаа

Хейди Виндиш Фернандез, Орегон, АНУ

“Свонсеагийн найрал хөгжим, Уэльсийн Найрал дууны тоглосон Ханделын Мессиа” үзүүлэнг уншаад зүрх сэтгэл хөөрөн баяслаа.

Би Уэльсийн Свонсеад номлолд ирээд зургаан сар болж байлаа. Христийн Мэндэлсний Баярын үеэр шинэ номлогчид гэрээ санах нь олонтоо тохиолддог болохоор би ч бас гэрээ санаж байлаа. Баярын үеэр бидэнд гэр бүлийн олон уламжлал тогтсон ч миний дуртай зүйл бол Ханделын Мессиаг сонсох явдал байв. Ээж олон ийм тоглолтонд бадралт баг бишгүүр тоглодог байв. Би суугаад, анхааралтай сонсож, хөгжмийн увдисыг мэдэрдэг байлаа.

Би номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр манай бүс дэх номлогчдод зориулан билет худалдаж авав. Тоглолт болдог орой хүйтэн байсан учир бидний хэдэн хүн дулаан хувцаслаж концертын танхим уруу алхлаа. Сүнслэг нөлөө бүхий ариун хөгжмийг бид бүгд мэдрэхийн төлөө би чимээгүйхэн залбирлаа.

Бид хожимдож ирсэн байлаа. Биднийг ирэхэд тоглолт аль хэдийн эхэлчихсэн байв. Завсарлах хүртэл биднийг дотогш орохыг зөвшөөрсөнгүй! Би хаалганы завсраар хөгжмийг сонсоод нулимсаа барьж чадсангүй.

Хаалгач миний гутарсныг харсан юм болов уу, биднийг орууллаа. Дуулахад саад болохгүйн тулд завсарлах хүртэл ар талд зогсож бай гэж тэр бидэнд хэллээ. Хаалга зөөлхөн онгойход бид чимээгүйхэн дотогш орлоо.

Танхимд алхан орсон нь тэнгэрт алхан орох шиг санагдаж билээ. Амар амгалан, баяр баяслын мэдрэмж цээжинд багтаж ядан байв. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Хүмүүс арагшаа эргэн бидэн уруу зааж, биднийг ширтэн харж байхыг анзаарав. Бид танхимд дуу чимээ гаргалгүй орсон болохоор хүмүүсийн анхаарлыг татах юу хийснээ мэдсэнгүй. Завсарламагц бид суудлаа олж суулаа.

Магтуу дуу эхлэхэд хөгжим санаа сэтгэлийг минь бүрэн эзэмдэв. “Халлелуяа” магтуу дууны үед “Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ” хэмээн сопрано хоолойгоор дуулахад би уйлж гарлаа. Миний дэргэд сууж байсан номлогчид бас хөгжмийн хүчийг мэдэрч, нулимсаа арчих алчуур гарган ирж байв. Энэ туршлага үргэлж санагдах зүйл болж бидэнд үлдсэн юм. Гэвч үнэхээр санаанаас гарах аргагүй агшин тоглолт дуусахад болсон юм.

Биднийг байрнаас гарах үед хүмүүс шивнэлдэн, бидний зүг зааж байсан ч биднийг гадаа гартал хэн ч, юу ч хэлсэнгүй. Тэгтэл нэг эрэгтэй бидэн уруу ойртож ирээд, “Та нар байсан юм уу! Энэ чинь та нар байсан юм уу!” гэв.

Бид юу болоод байгааг тайлбарлахыг хүлээж байлаа.

“Тоглолтын эхний хэсэгт танхимд өөрчлөлт гарч, Христ ороод ирсэн юм шиг хүчтэй мэдрэмж бидэнд төрсөн” гэж нөгөөх хүн хэллээ. Тиймээс юу тэр өөрчлөлтийг бий болгосныг мэдэхийн тулд бид арагшаа эргэж харсан. Тэгээд бид танхимын ар талд тэнгэр элчүүд шиг улаа бутран харагдах долоон хүнийг харлаа. Та нар танхимд орж ирэхдээ үнэхээр Ариун Сүнсийг авчирсан шүү. Та нар Христийг төлөөлж, үнэхээр тэнгэр элчүүд шиг байлаа.”

Түүнийг ингэж ярихад би номлогчийн нэрийн шошгоо хараад нэрийн минь доод талд тодруулсан үсгээр “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэж бичсэнийг уншлаа. Тэр орой би Мессиагийн төлөөлөгч болсондоо, олон мянган хүмүүсийн өмнө Түүний тухай чимээгүйхэн гэрчилснээрээ даруусгагдсан байлаа.