2009
Судрын түүхүүд бидний амьдралын загвар болдог
2009 оны долдугаар сар


Судрын түүхүүд бидний амьдралын загвар болдог

Би судруудыг илүү сайн ойлгоход минь туслах судар судлах нэгэн гайхалтай загвар уруу хөтлөгдсөн юм.

Зураг
Elder Jay E. Jensen

Гэргий бид хоёр залуу байхдаа хүүхдүүдтэйгээ судар унших үедээ эдгээр ариун үгсийг бодьтойгоор амьдруулж, утга учрыг нь ойлгохын төлөө мэрийдэг байлаа. Бид заримдаа амжилт олдог ч, заримдаа чаддаггүй байв. Нэг өглөө манай хүүхдүүдийн нэг нь, “Аав аа, энэ чинь уйтгартай юм аа! Бидний уншаад байгаа юмыг би ойлгохгүй байна ш дээ” гэх нь тэр. Ийм явдал магадгүй та нарт ч тохиолдсон биз. Аз болоход би тэр цагаас хойш хувь хүний хувьд ч, гэр бүлийн хувьд ч судруудыг илүү сайн ойлгоход тусалсан судар судлах нэгэн гайхалтай загвар уруу хөтлөгдсөн билээ.

Өнгөрсөн үеийг өнөө үетэй холбох нь

Би Сүмийн семинарын хөтөлбөрт багшилснаасаа хойш хоёр жилийн дараа энэ загварыг мэдэж авсан юм. Тэр өглөө бидэнд маш чадварлаг семинар, институтийн хөтөлбөрт багш нарыг сурган дадлагажуулагч-мэргэжилтэн багш ЛеЛанд Андерсен манай хичээлд суух гэж байгаагаа мэдэгдлээ. Бид түүнийг оюутнуудад хэдэн зүйлийн тухай ярьж өгнө үү гэж урьсан юм. Хичээлийн ихэнх цагийг тухайн сэдэвт зориулах ёстой байлаа. Энэ явдал миний заадаг байсан Хуучин Гэрээний хичээл дээр болсон юм. Тэр шохой бариад Давид Голиат хоёрын түүхийг ярьж эхлэв. Тэр хэдхэн хормын дотор хүүхдүүдийн анхаарлыг бүрэн татаж чадлаа. Гэвч хамгийн чухал нь чадварлаг мастер багш ажлаа хийж, “өнгөрсөн үе өнөө үе хоёрыг холбогч гүүр” хэмээн миний нэрлэсэн санааг ашиглан судартай холбоотой загвар гаргахыг ангийн оюутнууд болон надад зааж байлаа.

Гүүрийг төсөөлөн бодоцгооё. Гүүрний нэг тал нь өнгөрсөн үед суурилан бэхлэгдсэн бөгөөд гурван хэсгээс бүрдсэн байдаг: Энэ нь (1) өнгөрсөн үеийн бошиглогчид, хүмүүс, (2) эдгээр хүмүүсийн амьдарч байсан газар, (3) мөн тэдний амьдарч байсан цаг үе.

Гүүрний нөгөө тал нь одоо үед суурилан бэхлэгдсэн зэрэгцээ орших гурван хэсгээс бүрдэнэ: Энэ нь (1) өнөө үед амьдарч байгаа би, (2) миний амьдарч байгаа газар, (3) эдүгээ миний аж төрж байгаа цаг үе юм.

Зорилго нь тэдний үе, манай үеийн хоорондох адил нийтлэг зүйлүүдийг тогтоож, тэд-тэнд-тэр үед гэсэн загвараас Би-энд-өнөө үед гэсэн загвараар холбогч гүүр барих явдал байв.

Андерсен ах Давид, Голиат хоёрын түүхийг ярихдаа хэрхэн ийм гүүр бий болгосныг авч үзье. Нэгдүгээрт, 1 Самуел 17 дээр израилчууд, филистчүүдийн хооронд бий болсон зөрчлийг онцлон заав. Голиаттай тулалдах хүнийг Изриалаас олох асуудал гарч ирснийг санууллаа. Итгэлээр дүүрэн залуу Давид сайн дураараа тулалдахаар гарч ирсэн билээ. Уг түүхэнд, тэр үетэй харьцуулахад манай өнөө үетэй адил зүйлсийн загвар байгааг Андерсен ах уг бүлгээс олж тогтоосон юм. Тэдгээр нь өнгөрсөн үеийг одоо үетэй холбосон гүүр бий болгосон юм (хүснэгт 1-ийг үз).

Хүснэгт 1 Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд Түүний хуяг дуулгаар хангасан нь (1 Самуел 17)

Шүлгүүд

Судрын өгүүлбэрүүд

Өнөө үе дэх адил нийтлэг зүйлүүд

37

“Тэр намайг чөлөөлөх болно.”

Өнөөдөр Их Эзэн биднийг чөлөөлөх болно.

39

“Сураагүй учир би [хуяг дуулгыг] өмсөн явж чадашгүй нь”.

Би ямар хуяг дуулгыг өмсөж, туршиж үзсэн билээ?

45

“Би ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна”.

Бид гэрээт хүмүүс учир Их Эзэний нэрээр ирж, очдог билээ.

46

“Бүх улс Изриалд Бурхан байна гэдгийг мэдэх болно”.

Бидний зорилго бол Израилд Бурхан бий гэдгийг бусдад мэдэхэд нь туслах явдал мөн.

Судрын түүхэн дэх өнөө үеийнхтэй адил нийтлэг зүйлсийг тогтоох нь

Бид энэ загварыг хичээл заахдаа баримталж болно. Судрын түүхэн дэх адил зүйлүүдийг тогтоох нь сүнслэг асуудал юм. Та нар судруудыг унших болон судлахдаа байнга залбирч бай. Судалж эхлэхээсээ өмнө, нэг хэсгийг судалсны дараа залбирч бай. Судлах явцдаа үе үе зогсож, сурч мэдсэн зүйлийнхээ төлөө талархал илэрхийлж бай. Илүү их гэрэл ба үнэнийг гуй. Судрын түүхүүдийг унших үедээ өнгөрсөн үеийг өнөө үетэй холбож байгаа адил нийтлэг зүйлсийг олохын төлөө залбирч бай. Би адил нийтлэг зүйлсийн ихэнхийг залбирах, судалж суралцах, тунгаан бодох болон Сүнсийг сонсох замаар олж мэддэг.

Андерсен ах Давид Голиат хоёрын шастир дахь нийтлэг дөрвөн гол өгүүлбэрүүдийг товойлгон тус бүрд нь авч үзээд, дараа нь тэдгээрийг өнөө үеийн жишээнүүдээр дүрслэн өгүүлсэн юм. Гарамгай чадварлаг багш эл дөрвөн санааг дэлгэрүүлэн авч үзэхийг харсан нь судрын түүхэн дэх адил нийтлэг зүйлсийг эрж хайх үүд хаалгыг нээж өгсөн юм.

Дараах элементүүд судрын түүхүүдэд ихэвчлэн байдаг бөгөөд манай өнөө үетэй амархан холбогдож болдог.

  1. Түүх буюу өгүүлэмж өрнөсөн байдаг.

  2. Уг түүхийн өрнөл нь эхлэл, төгсгөлтэй байдаг.

  3. Түүхэн дэх нийлэмж үгс буюу өгүүлбэрүүд нь мөнхийн үнэнийг дүрсэлсэн зарчмууд байдаг.

  4. Эдгээр нийлэмж үгс буюу өгүүлбэрүүд нь өнгөрсөн үе, өнөө үе аль алинд нь хэрэглэгдэж болох үнэнүүдийг дүрсэлсэн байдаг.

Шинэ Гэрээний нэг судрын түүхэн дэх адил нийтлэг зүйл

Семинарын багш нарт зориулж Шинэ Гэрээний нэг хичээл бичихэд намайг тусалж байх үед судрын түүхийн нэг дүрслэл санаанд минь орж ирж билээ. Аврагч үйлчлэлээ эхлэх үед Бурхантай харилцахын тулд цөлд очиж 40 өдөр, 40 шөнө мацаг барьсан билээ (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1–11-ийг үз). Түүний туулж өнгөрүүлсэн зүйл надад сүнслэг байдлын өсөлтийн жинхэнэ загвар болсон юм:

  • Тэрбээр ариун үүргээ ухамсарлаж, Бурхантай харилцахыг эрэлхийлсэн билээ.

  • Илчлэлт, гэгээрэл түүнд ирсэн юм.

  • Тэр хүнд бэрхээр соригдсон юм.

  • Тэрээр сорилтыг даван туулж, өсөн нэмэгдсэн гэрэл болон үнэнтэйгээр цааш үргэлжүүлсэн билээ.1

Энэ загвар өөр олон судрын түүхүүдэд байдаг. Жишээ нь, Лихай тусламж эрэхэд (1 Нифай 1:5-ыг үз); тусламж ирсэн (1 Нифай 1:6); тэр хүнд хэцүүгээр соригдсон юм (1 Нифай 1:19–20); тэгээд тэр гэрэл болон үнэнтэйгээр цааш явсан билээ (1 Нифай 2:1-ийг үз).

Бошиглогч Иосеф Смит мөн ийм загварыг биеэрээ туулсан юм:

  • Тэрээр Бурхантай харилцахыг эрэлхийлсэн юм (Аль сүм үнэн бэ?).

  • Тэрээр Иаков 1:5-ыг уншиж, залбирсны дараа хариу ирсэн шүү дээ.

  • Тэр хүнд хэцүүгээр соригдсон билээ.

  • Тэрээр сорилтыг даван туулж, гэрэл болон үнэнтэйгээр цааш явсан юм.

Миний амьдралд олон үйл явдал тохиолдоход би энэ загварыг дагадаг байсан нь Далын гишүүний дуудлагад маань сайн үлгэр жишээ болсон юм. 1992 оны 6-р сарын эхний долоо хоногт энэ дуудлагыг хүлээн аваад, би наймдугаар сарын 1-нээс эхлэн Төв Америкийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүнээр үйлчлэхээр анх томилогдсон билээ. Би долдугаар сард амралтынхаа үеэр олон цагийг бэлтгэлээ хангаж, дуудлагадаа тэнцэхгүй байх гэсэн мэдрэмжийг даван туулахын тулд судруудыг, ялангуяа Мормоны Номыг шимтэн уншиж, судлах, залбирах, тунгаан бодоход зориулдаг байлаа.

Матай 4:1–11 Иосеф Смитийн Орчуулга Матай 4:1–11 үндэслэгдсэн, хүснэгт 2-т харуулсан адил нийтлэг зүйлсийг би ойлгосон юм.

Хүснэгт 2 Сүнслэг байдлын өсөлтийн загвар (Матай 4-ийг үз)

Шүлгүүд

Судрын өгүүлбэрүүд

Өнөө үе дэх адил нийтлэг зүйлс

1

Аврагч ариун үүргээ ухамсарлаж, Бурхантай харилцахыг эрэлхийлсэн юм.

Би ариун үүргээ ухамсарлаж, Бурхантай харилцахыг эрэлхийлсэн билээ.

1

Тэрээр Бурхантай харилцсан юм.

Намайг судалж, мацаг барин, тунгаан бодоход гэгээрэл ирсэн юм.

3–10

Тэрээр соригдож, бэрхшээл амссан билээ.

Дуудлагадаа тэнцэхээр зохистой байж чадах болов уу гэсэн мэдрэмжээр би соригдсон юм.

11

Тэнгэр элчүүд Түүнд үйлчилсэн билээ.

Бурханлаг тусламжтайгаар цааш явахад Ариун сүнс намайг тайтгаруулж, заан, гэгээрүүлж, бэхжүүлсэн юм.

Иосеф Смитийн Орчуулга Матай 4:11 нь Матай 4:11-ээс нэлээд их ялгаатай юм. Харин сүүл хэрд “тэнгэр элч нар ирж түүнд үйлчилж эхлэв”—гэж заасан нь үнэн зарчим мөн.

Та нар ч бас амьдралаа шинжиж, сүнслэг байдлын өсөлтийн энэ загварыг биеэр туулан өнгөрүүлсэн үеийнхээ тухай тунгаан бодож болно.

Мормоны Номын нэгэн түүхэн дэх адил нийтлэг зүйл

Намайг бишопоор үйлчилж байхад ноцтой зөрчил үйлдсэн, тойргийн нэг гишүүн над дээр ирж зөвлөгөө, чиглүүлэл хүсч билээ. Сүмийн гишүүнчлэлийн эрхүүдээ алдах аюул түүнд тулгараад байсан болохоор тэр Израилын шүүгч надад гэмээ хүлээвэл, наманчлалын үйл явцад нь түүнд тусалж болох байв. Манай тойргийн энэ гишүүнд Алма 36 –гийн судрын нэгэн түүхэн дэх адил нийтлэг зүйл наманчлахад нь тусалсан юм.

Хүснэгт 3. Наманчлал ба уучлал (Алма 36-г үз)

Шүлгүүд

Судрын өгүүлбэрүүд

Өнөө үе дэх адил нийтлэг зүйлс

6

Алма Сүмийг устгахыг хүсч байв.

Энэ гишүүн нүгэл үйлдсэн юм.

6–11

Бурхан Алмаг зогсоохын тулд тэнгэр элчээ илгээв.

Сайхь гишүүн нүгэлдээ хүлэгдсэн байлаа.

11–16

Алма айдаст автан, шаналан зовж байв.

Сайхь гишүүн бас сэтгэл нь шаналан зовж, айж, гэмшин, харамсаж байлаа.

17

Алма аав нь Цагаатгалын тухай бошиглож байсныг саналаа.

Нөгөөх гишүүн аав ээж хоёр нь гэр бүлийн үдшээр Цагаатгалын тухай зааж байсныг санажээ.

18

Алма нигүүлслийн төлөө залбирсан билээ.

Нөгөөх гишүүн уучлалын төлөө залбирсан байна.

19

Алма зовлон шаналал нь үгүй болсныг мэдэв.

Сайхь гишүүн нүглийнхээ төлөө зовж шаналахгүй болсноо мэдэрсэн аж.

21–23

Алма баяр баясал, гэрэл, хүч чадал хүлээн авсан билээ.

Сайхь гишүүн бас баяр баясал, гэрэл, хүч чадал хүлээн авсан юм.

24

Алма хүмүүсийг аврахын тулд зогсолтгүй хөдөлмөрлөх болов.

Сайхь гишүүн ч бас хүмүүсийг аврахын төлөө хөдөлмөрлөж байв.

27

Алмаг хүнд сорилтынх нь үед дэмжиж тусалсан билээ.

Сайхь гишүүнийг бас хүнд сорилтынх нь үед дэмжсэн юм.

Алма уучлагдсанаасаа хойш зовлон шаналалаа мэдэрсэнгүй, бас нүгэл нь дарамт болж байгааг мэдсэнгүй. Гэтэл нөгөөх гишүүн нүглээ санасаар байв (16-р шүлэг үз). Харин тэр нүглээ санасан ч, нүглийнхээ улмаас зовж шаналахаа больсон байв. Их Эзэн бидний дахин нүгэл үйлдэхээс сэргийлэхийн тулд нүглээ мартахгүй байх ой дуртгалыг өгсөн юм. Гэвч Тэрээр сэтгэлийн зовлон шаналлыг арилгадаг билээ.

Бидний эрдэм болон тусын төлөө

Судрын түүхэн дэх адил нийтлэг зүйлүүд судруудад буюу тэдгээрийн эргэн тойрон дахь үйл явдлуудаас эхэлдэг. Та нар эдгээр түүхүүдийг уншиж, судлах үед өнгөрсөн үед ч, өнөө үед ч нэгэн адил хэрэглэгдэж болох үг, өгүүлбэр эсвэл зарчмыг олох болно. Хэрэв та нар залбирч судлахаа үргэлжлүүлбэл бусад зарчмууд ч тодорхой болно. Та нар эдгээр зарчмуудыг нэгтгэн авч үзвэл өнгөрсөн үед—тэд-тэнд-тэр үед—амьдарч байсан бошиглогчид болон хүмүүсийг манай өнөө үеийн бидэнтэй—би-энд-одоо гэсэн загвараар холбох болно. Энэ бол Нифай, “бидэнд эрдэм болон тус байж болохын тулд бүх судруудыг өөрсөдтэйгөө адилтгасан билээ” (1 Нифай 19:23) хэмээн хэлсний шалтгаан байж болох юм. Түүнээс гадна, бид үүнийг хийснээрээ Их Эзэний үгсийг эрхэмлэн нөөцөлдөг билээ (Иосеф Смит—Матай 1:37-г үз).

Эшлэл

  1. Life and Teachings of Jesus (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 1974), 41-ийг үз.

Зураг чимэглэлийг Ричард Халл

Баруун талд: Жерри Томпсоны уран зураг; Сонсож байгаа нь, Майкл Жарвис Нелсон; Иосеф Смит Библиэс мэргэн ухааныг эрсэн нь Дейл Килбөүрн

Аврагч үйлчлэлээ эхлэх үед Өөрийн биеэр туулж өнгөрүүлсэн зүйл нь надад сүнслэг байдлын үнэн загвар болсон юм. Энэ загвар нь Лихай болон Иосеф Смитэд тохиолдсон явдлуудад болон бусад олон судруудад байдаг.