2009
Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, дуугаа өргөх нь
2009 оны долдугаар сар


Найзаас найзад

Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, дуу хоолойгоо өргөх нь

“Зөв шударгыг үйлдэгчдийн дуу нь надад хандсан залбирал бөлгөө. Мөн энэ нь тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдах болно” (С ба Г 25:12).

Зураг
Elder Michael John U. Teh

Би жаахан байхдаа, юмаа гээчихдэг байсан. Тэгээд эргэн тойрондоо баахан хайгаад олж чаддаггүй байв. Би гэр орноо хоёр, гурван удаа онгичиж, хайсан юмаа олохгүй болохоор нь тусламж хүсч Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирдаг байлаа. Тэгээд би дахин эрэхэд алга болсон юмаа олдог байв. Намайг бага байхад ийм явдал хэд хэдэн удаа болсон юм. Эдгээр явдал Тэнгэрлэг Эцэг залбирлыг минь сонсож, хариулдаг гэдэгт итгэж сурахад надад тусалсан юм.

Намайг арай том болсон үед Тэнгэрлэг Эцэг залбиралд минь хариулах тоолонд миний гэрчлэл бэхжиж байлаа. Тэнгэрлэг Эцэг чамайг хэзээ ч орхихгүй. “Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээн судрууд өгүүлдэг билээ. Хэрэв чи чин сэтгэлээсээ, үнэн санаа бодолтойгоор гуйх юм бол Тэнгэрлэг Эцэг эрж байгаа хариуг чинь чамд өгнө гэдгийг би мэднэ.

Би бага байхдаа Хүүхдийн Хэсгийн дуунуудад дуртай байсан. Би бүх үгсийг нь ойлгодоггүй байсан ч тэдгээр дуунуудыг дуулах дуртай байсан. Би өсч том болохын хэрээр дуунуудыг тогтоож, үгийг нь санадаг болсон. Тэдгээр дуунууд зөвийг сонгоход надад тусалдаг байсан. Би одоо ч гэсэн тэр дуунуудыг дуулах дуртай. “Манай Хүүхдийн Хэсгийн өнгө нь нэг, хоёр, гурав—улаан, шар, цэнхэр. Чамд бас надад зориулсан захиас өнгө бүрд бий. Өнгө бүр нь үнэний бэлгэдэл юм!”1 “Хэрэв чи дургүйцэх юм гарвал үүнийг зүгээр бүү орхи. Дургүйцэхээ больж, инээмсэглэ, тэгвэл тэр дороо алга болно” гэж дуулдаг байснаа би санаж байна.2 Мэргэн хүн, мунхаг хүн хоёрын тухай дуу бол миний өөр нэг дуртай дуу байлаа.3

Хүүхдийн Хэсгийн дуунууд миний хувьд хүч чадлын эх сурвалж байдгийг би мэднэ. Эдүгээ би Хүүхдийн Хэсгийн дуунуудыг сурч буй хүүхдүүдийг хараад баярладаг. Энэ дуунууд надад тусалсан шигээ чамд бас тусална гэдгийг би мэдэж байна.

Би бага байхдаа залбирч, Хүүхдийн Хэсгийн дуунуудыг дуулдаг байсан нь Тэнгэрлэг Эцэгийг мэдэхэд надад тусалсан юм. Би бол Бурханы хүүхэд гэдгээ мэднэ. Би үүнийг үргэлж мэддэг байсан, одоо ч мэдэж байна. Би бүр алдаа гаргалаа ч гэсэн, Тэр надад хайраар, өгөөмөр сэтгэлээр ханддаг. Чамайг ердөө ганцхан энгийн, жижигхэн зөв зүйлийг хийхэд л Тэнгэрлэг Эцэг чам дээр адислалуудыг юүлэх болно. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Тэр намайг мэддэг. Тэр надад хайртай. Би бол Түүний хүү.

Чи ч гэсэн мөн л над шиг, Тэнгэр дэх бидний Эцэгийн хүүхэд шүү дээ. Юу ч тохиолдлоо гэсэн, тэр ч байтугай бусад хүмүүс чамаас нүүр бурууллаа ч гэсэн, Тэнгэр дэх бидний Эцэг чамайг орхихгүй. Тэр чамд туслахад үргэлж бэлэн байдаг. Тэнгэрлэг Эцэг чамд хайртай шүү.

Эшлэл

  1. “Our Primary Colors,” Children’s Songbook, 258.

  2. “Smiles,” Children’s Songbook, 267.

  3. “The Wise Man and the Foolish Man,” Children’s Songbook, 281-ийг үз.

Зураг чимэглэлийг Матт Смит

Гэрэл зургуудыг Ахлагч Техийн зөвшөөрлөөр нийтлэв