2009
Ганын анхдагчууд
2009 оны долдугаар сар


Ганын анхдагчууд

Бригам Янгийн Их Сургуулийн урлагийн салбарын оюутан ГейЛинн Рибейра Гана дахь анхдагч Гэгээнтнүүдийн гайхалтай түүхийг сонсоод дүрслэх урлагийн бакалаврын зэрэг хамгаалах ажлаараа тэдний хөрөг зургийг бүтээхийг хүсчээ. Тэрээр 2005 оны намар үүнийгээ хийх арга замыг бодож эхэлжээ. Үүний үр дүнд ГейЛинн Рибейра болон урлагийн салбарын гурван оюутан—Жесси Бушнелл, Эммалий Глаузер Павелл, Анжела Нелсон 2006 оны тав, зургадугаар сарыг Ганад өнгөрүүлэх боломжтой тэтгэлэгт хамрагдсан ажээ. БЯИС-ийн факультетийн гишүүн Ричард Халл төслийг хянах болсон аж. Энэ тав зөвхөн анхдагч Гэгээнтнүүдийн төдийгүй бас шинэ гишүүдийн түүх болон имижийг (дүр төрх) цуглуулжээ. Цуглуулсан асар их мэдээлэл нь аяллын дараа уран зураг болгон үүнийгээ БЯИС-ийн Ф. Ларсены нэрэмжит Уран зургийн Галлерейд 2007 оны аравдугаар сар хүртэл тавьсан гэнэ. Урлагийн зарим бүтээлийг доор харуулав.

Зураг
Stand Alone—For Something, Adjoa

1. Зөвхөн нэг л зүйлийн төлөө тэмц, Адхоа Анжела Нелсон

“Бид гэртээ эсвэл хүмүүсийн дунд байхдаа гишүүн гэдгээ мэдрэх нь сайхан байдаг” гэж эмч болохоор сурч буй Адхоа Амоа-Ампа хэлэв. “Гэвч жинхэнэ Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэй ганцаараа байсан ч өөрийгөө гишүүн гэж нэрлэж болно. Сүмийг заримдаа буруу ойлгох нь байдаг. Тийм учраас миний хувьд үнэний үлгэр жишээ байх нь чухал юм.

Зураг
Joseph William Billy Johnson: Holiness to the Lord

2. Жозеф Виллям Билли Жонсон: Ариусалтыг Их Эзэн Танаа, Эммалий Глаузер Павелл

“Талархал, хайр түүнээс ундардаг” гэж Кейп Көүстийн Жонсон ахын тухай зураач бичжээ. “Тэр сайн мэдээг 14 жил заасан хүн. 1978 онд номлогчдыг ирэхэд мянга гаруй хүн баптисм хүртэхэд бэлэн болоод байсан гэнэ. Тэр бол амьдрал ахуй, санаа сэтгэлээ Бурханд бүрэн зориулдаг хүн юм. Христийнхтэй адил хайр, энэрлийн зан чанарыг хүмүүн биеийнхээ нэг хэсэг болгохын төлөө хичээн чармайхад тэр надад сүнслэгээр нөлөөлсөн хүн билээ.

Зураг
Bitner Johnson: Grandson of the Patriarch

3. Витнер Жонсон: Патриархын ач хүү, Жесси Бушнелл

Ерөнхийлөгч Гордон Витнер Хинклийн нэрийг авсан Витнер Жонсон бол Бригам Жонсоны хүү, Жозеф Виллям Билли Жонсоны ач хүү юм.

Зураг
Busua Morning

4. Бусуагийн өглөө, ГейЛинн Рибейра

Зураг
Bring Up Your Children in Light and Truth

5. Хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүл, ГейЛинн Рибейра

Бишоп Кофи Сосю эхнэр Кумасийн Линдатай хамт гэр бүлийн тогтмол залбирал, судар судлах болон гэр бүлийн үдшээр дамжуулан гэр бүлээ бэхжүүлж байна.

Зураг
Dr. Emmanuel Kissi—He Raised the Woman Up

6. Доктор Эммануел Кисси—“Тэрбээр энэ эмэгтэйг хөл дээр нь босгосон юм” Жесси Бушнелл

1983 онд маш ядуу эмэгтэй тураалдаа хүрч тамирдсан хүүхдийнхээ хамт Хожмын Үеийн Гэгээнтэн эмч Эммануел Кисси дээр тусламж гуйн иржээ. Доктор Киссид хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүст зориулж Сүмээс илгээсэн хүнсний зүйл байжээ. Тэр эмэгтэйд цагаан будаа, эрдэнэ шиш, вандуй, ургамлын тосыг өгсөн аж. Эмэгтэй баярласандаа эмчийн өмнө шалан дээр унасан гэнэ. Доктор Кисси эмэгтэйг өргөн босгож, хэлсэн нь: “Энэ хүнс Бурханаас танд илгээгдсэн юм. Та бүх талархлаа Түүнд илэрхийлэх хэрэгтэй”.

Зураг
Sisters in Zion, Emma Boateng

7. Сионы эгч нар, Эмма Боатенг, Анжела Нелсон

“Энэ нь бид удаан хугацаанд алдсан эгчээ олсонтой адил байлаа” гэж буцаж ирсэн номлогч Эмма Боатенгийн тухай зураач Анжела Нелсон бичжээ. “Тэр Кумасид бидний хөтөч байсан бөгөөд тэр номлогч түүний тухайд өндөр сэтгэгдэлтэй байдаг байжээ. Эмма сэтгүүлзүйгээр сурч, институтэд яван, болзооны талаар бодож санан, сайн мэдээг амьдрал ахуйнхаа төвд байлгахыг хичээдэг байв. Биднийг залуу насанд хүрэгчид байхад тохиолддог байсан тэр л туршлагыг тэрээр биеэрээ туулсан ажээ”.

Зураг
Bishop Kofi Sosu and His Father: Forgiveness of Father and Son

8. Бишоп Кофи Сосю ба Түүний Эцэг: Эцэг Хүү хоёрын уучлал, Эммалий Глаузер Павелл

Кофи номлолынхоо дараа гэртээ харихыг хүссэн ч, аав нь түүнийг хүлээж авахгүй гэжээ. Түүнд хаашаа ч хамаагүй яваад өгмөөр санагдсан гэнэ. Аав нь түүнийг ирэхийг хараад “Зогс” гэж хэлэхэд тэр зогсов.

“Чи хэн бэ?” гэж аав нь асуув.

“Хүү чинь байна”.

“Миний хүү гэв үү?”

“Тийм ээ, хүү чинь. Би Кофи байна”. Тэр аавынхаа хацрыг даган урсах нулимсыг харжээ. Аав нь босч хүүгээ тэврэв.

“Ай, хүү минь, хүү минь. Аавыгаа уучлаарай. Чи зөв юм хийснийг би мэднэ. Би чамайг хүүгээ гэж хүлээн авлаа.”

Зураг
William and Charlotte Acquah: One Heart and One Mind

9. Виллям Аквиа, Шарлотт Аквиа хоёр: Нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаан, Эммалий Глаузер

Виллям, Шарлотт хоёр бол (30 жил сүмийн гишүүн) олон жилийн хүнд бэрхшээл, баяр баяслыг хамтдаа туулж, сайн мэдээнд өсч хөгжсөн хүмүүс юм. Энэ бүхний эцэст тэд Бурхантай бас бие биетэйгээ нэг болж байна. Тэд бие биедээ хайртайгаа харуулахын тулд хөтлөлцөн явдаг. Виллям энэхүү хайрыг, хэрхэн залбирахыг, бас тэр бол Бурханы хүүхэд гэдгээ хэрхэн мэдэхийг гэр бүлийн хос ахмад номлогчдоос сурсан ажээ.

Зураг
Baptism Beach

10. Баптисм гүйцэтгэдэг наран шарлагын газарт, Жесси Бушнелл

Энэхүү нам тайван наран шарлагын газар бол Ганын олон зуун хүний баптисм гүйцэтгэдэг талбар байсаар байна.

Зураг
Theodora Acquah: Third-Generation Daughter

11. Теодора Аквиа: Гурав дахь үеийн гишүүн охин, Жесси Бушнелл

Теодора бол Сүмд элсэж, хүүхдүүд, ач зээ нартаа сайн мэдээг заасан эмээгийнхээ ачаар Кейп Көүст гурав дахь үеийн Хожмын Үеийн Гэгээнтэн болсон ажээ. Теодорагийн эмээ өөртөө хожмын үеийн шинэ гэгээнтний хувьд цуглааны байрыг цэвэрлэж, шал угаах, хувинтай ус авчрах, сүмийн цуглаанаас өмнө бүх юмыг жин тан болгосон байх үүргийг хүлээсэн гэнэ.

Зураг
How Firm a Foundation, Kaku Family

12. Бат бөх суурь, Какугийн гэр бүл, Анжела Нелсон

“Каку ах, эгч хоёр Кейп Көүст дэх гэртээ биднийг урихад яг л Юта дахь өөрийнхөө гэр рүү явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн шүү” гэж зураач Анжела Нелсон бичжээ. “Үймээн шуугиантай хоолны дараа бүх хүүхдүүд аав, ээжийнхээ дэргэд цуглаж, судраа нээдэг тэр үед би дуртай. Энэ гэр бүлтэй хамт байж, хүүхдүүд нь эцэг эхээсээ удирдамж хүлээн өөдөөс нь ширтэж байсныг харснаа, хүүхдүүдийнхээ асуултанд хариулах гэж эцэг эх нь судруудаа эргүүлж байсныг би хэзээ ч мартахгүй”.

Зураг
Hannah

13. Ханна, Ричард Халл

Кумасийн Хожмын Үеийн Гэгээнтэн Ханна Бафугийн энэ хөргийн тухай зураач өгүүлсэн нь: “Би түүний хувь хүний өөдрөг, цог золбоотой зан чанарыг дүрслэхийг хичээсэн”.

Зураг
Preparing Dinner, Emma Boateng

14. Хоол хийж байгаа нь, Эмма Боатенг, Анжела Нелсон

“Хоол хийж байгаа нь бүжиг харж байгаа юм шиг байлаа. Тэд бие биетэйгээ тун эвтэй юм” хэмээн Анжела Нелсон Боатенгийнхан кассава хэмээх ургамлын үндсээр фуфу гэдэг африк хоол хэрхэн хийснийг дүрсэлжээ. “Нэг хүн савааг өндөрт өргөн падхийлгэн чанга цохиход нөгөө нь дахиад цохихоос өмнө амжиж бяцарсан кассаваг түргэн цуглуулж авна. Тэдний өдөр тутмын амьдралд, зарлигуудыг хичээнгүйлэн сахихад бас тогтсон хэмнэл байх юм. Энд цаг хугацааг эд юмс олж авахад биш, харин төрөл төрөгсдөдөө зориулах, найз нөхөд, гэр бүлдээ туслахад хуваарилсан байдаг. Хүмүүс нь аливаа зүйлд, ялангуяа гэрчлэлдээ бат бөх, туйлбартай байх хүсэл эрмэлзэлтэйг би харсан билээ.